Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/02322

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022       05         17   

                         101/ШШ2022/02322

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Баянмонгол 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Л.Б,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 тоот хаягт оршин суух, М.У нарт холбогдох, 

 

2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э, Л.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, М.У нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Хариуцагч Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч М.У, түүний өмгөөлөгч Д.А,

Гэрч М.Э, Б.Э, О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Б нь нэхэмжлэгч Ж.Э-ын хууль ёсны эзэмшилд хамаарах Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, зусланд байрлах 653 м.кв талбай бүхий, дуусаагүй барилгатай газрыг 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Ж.Э-ын оролцоогүйгээр хуурамчаар үйлдэж, гарын үсгийг нь дууриалган зурж, нотариатчаар гэрчлүүлэн улмаар уг хуурамчаар үйлдсэн хэлцэлд үндэслэн Л.Б өөртөө шилжүүлэн авсан байна.

Тодруулбал, Ж.Э-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон нэгж талбарын 0 дугаар бүхий 656 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар олгосон №0 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлэн авч, Л.Б-д олгосон 0 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан зэрэг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд үндэслэн иргэн Ж.Э-ын газар эзэмших эрхэд ноцтойгоор халдсан хууль бус үйл ажиллагаа болсон.

2013 оны зун Ж.Э нь өөрийн найз н.А гэдэг хүнд өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдах боломж байгаа эсэхийг судлуулахаар газрын гэрчилгээг эх хувиар нь, холбогдох бичиг баримтын хамт өгсөн. Гэтэл 2019 онд хөрш айлууд нь танай газар дээр хүмүүс байшин барих гэж байна гэж мэдэгдэхээр нь н.А-ыг сурагласан боловч нас барсан болохыг мэдсэн. Тэгээд газрын албанаас лавлахад түүний нэрээр гэрээнд гарын үсэг зурж, өргөдөл бичээд эзэмших эрхийг Л.Б өөртөө шилжүүлсэн байсан.

Ж.Э-ын тухайд Л.Б-ийг танихгүй, түүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх талаар тохиролцоо хийж байгаагүй болно.

Л.Б-ийн энэхүү хууль бус үйл ажиллагааг нотлох баримтуудыг холбогдох байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгтэй гаргуулан авч уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор нэхэмжлэлд хавсаргасан.

Үүнээс үзэхэд хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Ж.Э-ын гарын үсгийг дууриалган зурж нотариатаар гэрчлүүлж үйлдсэн хуурамч хэлцэл болох “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” бол Иргэний хуулийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн” хэлцлийн шинжийг, мөн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийн шинжийг тус тус хангаж байх тул тус хуулийн 56.4 дэхь хэсэгт зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Л.Б зохих журмын дагуу хэлцэл хийсэн гэх боловч хэнтэй хэлцэл хийснээ тайлбарлаж чадахгүй байх ба н.А-д төлөөлөх эрх олгосон баримт байхгүй байна.  

Л.Б-д холбогдох, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагатай, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулан авсан баримтаар, хүчин төгөлдөр бус байх маргаан бүхий хэлцлээр олж авсан газар эзэмших эрхийг Л.Б нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.У-д 3,000,000 төгрөгөөр шилжүүлсэн болох нь тодорхой болсон.

Дээрх газар эзэмших эрхийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б нь Б.У-д “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн байх тул тэдний хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж  үзэж байгаа тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна.

Хариуцагч М.У нь зарын дагуу хэд хэдэн газраас нэгийг нь сонгож авснаараа өөрийгөө шударга эзэмшигч гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газарт буй дуусаагүй барилга хэнийх гэдгийг шалгах ёстой гэж үзэж байна. 

Дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор Ж.Э-ын газар эзэмших эрхийг хууль зөрчиж шилжүүлэн аваад түүнийгээ бусдад шилжүүлсэн үйл баримт шүүхийн журмаар тогтоогдож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэнэ гэж үзэж байна.

Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, зусланд байрлах 653 м.кв талбай бүхий, дуусаагүй барилгатай газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон Ж.Э болон Л.Б нарын хооронд  байгуулагдсан гэх 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Л.Б болон М.У нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох тус шүүхэд хянагдаж буй хэрэгт доорх тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаагүй, Иргэний хуулийн 56.1.1-д заасан ёсоор 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, Иргэний хуулийн 56.1.8 “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн”, ..зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ... үндэслэлээр хэлцлийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75.2.1 ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ... гэсэн заалттай зөрчилдөж байна.

Л.Б-ийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо зусланд байрлах 653 м.кв талбай бүхий газрын “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэжээ. Тухайн үед би энэ хүмүүсийг огт таньдаггүй байсан эдгээр хүмүүс ямар газартай, ямар бичиг баримттайг мэдэх бололцоогүй.

Ж.Э-ын эхнэр Н.Э гэх хүн тухайн үед нөхрийг нь төлөөлөх итгэмжлэлтэй хүнийг дагуулж ирээд хэлцэл хийн, нотариатаар уг хэлцлийг батлуулаад төлбөрийг нь төлсөн хуульд нийцсэн хэлцэл мөн гэж төрийн байгууллагууд холбогдох гэрээ, гэрчилгээ олгосон. Үүнээс хойш нэхэмжлэгч Ж.Э шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 5 жил, 10 сар, 11 хоног болсон байна.

Улс орон даяар хүмүүсийг залилан хийж бусдыг хохироож, иргэн, хуулийн этгээдүүдэд хохирол учруулж байдаг ийм хүмүүст хууль эрх зүй, төрийг үйлчилгээг үзүүлж байхдаа онцгой анхаарч байхгүй бол нэхэмжлэгч Ж.Э шиг итгэмжилсэн хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг далимдуулж жудаггүй аашилж болдгийг анхаарах хэрэгтэй байна.

Энэ хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй, шүүхийн харьяалал зөрчөөд байна. Учир нь тэрээр бичиг баримтаа н.А-д өгөөд алдчихсан байсан юм бол энэ талаар эзэн, холбогдогчоо тодорхойлоод холбогдох газарт нь хандаж шалгуулаад харьяалалын шүүхэд хандах байсан.

Түүний газрын гэрчилгээг Л.Б аваад өөрийнх нь гарын үсгийг дуурайлгаад зурчихсан зүйл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 189-т заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулагдсан байтал гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгааг зөвшөөрөхгүй.

Уг хэлцэлд зурагдсан гарын үсэг Ж.Э-ынх биш гээд маргадаг, гэтэл түүний гэрчилгээг Л.Б олж авах боломжгүй байсан, тэрээр өөрөө н.А-д өгсөн гэж байна, Л.Б хууран мэхлээгүй, эрхийн доголдолтой гэснийг мэдэх боломжгүй байсан.

Нотариат болон газрын албанаас ирүүлсэн баримт дах гарын үсгийг Л.Б хэрхэн яаж дуурайлган зурсан болохыг тогтоосон зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Э-ыг өөрөө гэрээ байгуулахаар нотариатч дээр очсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.    

 Иймд Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.У, өмгөөлөгч Д.А нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 

2018.05.31-ний өдөр зарын дагуу Л.Б-тэй уулзаж, газрыг үзээд зохих ёсоор гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлж, газрын албанд холбогдох хүсэлт, гэрээг  өгснөөр эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үед 3 газар үзүүлсэн, эдгээрээс 1 газарт нь дутуу баригдсан байшин байсан, үүнийг аваагүй, хажуу дахь огт барилга, байшингүй газрыг сонгож авсан. Энэхүү газрыг 2018 онд худалдаж аваад 150 гаруй сая төгрөгийн үнэ бүхий байшин барьсан.

Шүүгчийн захирамжийн дагуу энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож эхлэхэд н.А гэдэг хүн яригдаж байсан ба Л.Б-ийг гэрээнд гарын үсгийг хуурамчаар, дуурайлгаж зурсан гэж байсан. Гэтэл Ж.Э өөрөө зөвшөөрөөд газрын гэрчилгээгээ н.А-д өгсөн болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гээд заасан байна.

Гэтэл Ж.Э эзэмших эрх авснаас хойш газраа ашигласан болох нь тодорхойгүй байхаас гадна 2013.09.13-ны өдрөөс хойш эрх шилжсэнээс хойш даруй шаардлага гаргаагүй, 6 жилийн хойно 2019.06.24-ний өдөр шүүхэд хандсан байна. Үүнээс үзэхэд тэрээр шаардах эрх үүссэнээс хойш даруй 6 жилийн дараа шүүхэд хандсан байна.

Уг газрыг эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас Л.Б-д олгосон байтал газар дээрх дуусаагүй барилга хэнийх болохыг шалгаагүй гэдэг үндэслэлгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамжаас үзэхэд энэхүү газар нь өөр хүнийх болох нь тогтоогдож байна.

Энэхүү газар эрхийн маргаантай байсан гэдгийг бид мэдэх боломжгүй, Л.Б-д эзэмших эрх олгосон гэрчилгээтэй байсан, харин бид байшингаа бариад дууссаны дараа ийм маргаантай байдлыг үүсгэсэн болохыг мэдсэн.

Өөрөөр хэлбэл маргаж буй газрыг М.У шударгаар олж авсан шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй юм.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б болон М.У нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Э-аас Ч.А-т олгосон итгэмжлэл, өргөдөл, гомдол бүртгэл-хяналтын картын маягт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээний хуулбар, Л.Б-ээс Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд 2013.08.14-ний өдөр гаргасан өргөдөл, Ж.Э-аас Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд 2013.08.13-ны өдөр гаргасан өргөдөл, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээний хуулбар, Ж.Э, Л.Б нарын 2013.08.13-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Л.Б, Ж.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Э-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-12, 146/ зэрэг баримтуудыг,

Хариуцагч нараас: хариу тайлбар, Л.Б-ээс Б.Н-д олгосон итгэмжлэл, М.У-ын иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үззүүлэх гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000 дугаартай гэрчилгээ, Ж.Б, П.Э нарын 2013.08.13-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Ж.Б-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.04.28-ны өдрийн 182/ШЗ2020/04303 дугаартай захирамж /хх-ийн 23-24, 136, 160, 181, 32-33 2хх-ийн 106-107/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн архивын газрын 2019.11.25-ны өдрийн 04/669 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон Ж.Э-т эзэмшүүлж байсан, нэгж талбарын 0 дугаар бүхий 656 м.кв газрын хувийн хэрэг дэх нийт баримт бичгийн хуулбарыг, нэгж талбарын 0 дугаар бүхий 656 м.кв газрыг анх эзэмшүүлсэн үеэс одоог хүртэл хугацааны дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаа болон хувийн хэрэг дэх бүхийл баримтыг, нотариатч Б.Э №1083 бүртгэлийн дугаарт “гэрээний үнэн зөв”-ийг гэрчилсэн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний хувь, бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийн хуулбарыг, Ж.Э-ын Монгол улсын хилээр орсон гарсантай холбоотой лавлагааг, 2021.04.22-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газрын эзэмших эрхийг 2013.08.13-ны өдрийн гэрээгээр хариуцагч Л.Б-д шилжүүлэхдээ гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0 дугаартай гэрчилгээг эх хувиар нь хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримтыг, 2021.12.06-ны өдрийн 3148 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 37, 44-47, 50-55, 69-105, 180, 2хх-ийн 1-11, 54-69 88-101/ тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч М.Э, Б.Э, О.М нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Эн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь хариуцагч Л.Б, Б.У нарт холбогдуулан

- 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”,

- 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

1. Ж.Э болон Л.Б нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар ”Газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах, бусдын нэр дээр шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэн нэгж талбарын 0 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 хаягт байрлах, 653 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, эзэмших эрх бүхий №0 дугаартай гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Э-т,

- мөн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар “Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөх, нэр шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дээрх нэгж талбарын дугаар бүхий, дээрх газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий №0 дугаар гэрчилгээг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Л.Б-д,

- 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/271 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дээрх газрыг 15 жилийн хугацаатай, эзэмших эрх бүхий №000 дугаар гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.У-д тус тус олгосон болох нь тогтоогдсон.

 

/1хх 69-70, 79-80,85-86,88/

 

- 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр эрх шилжүүлэгч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хаягт байршилтай, 653 м.кв талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авагч Л.Б-д үнэ төлбөргүй шилжүүлэх,

- 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр эрх шилжүүлэгч Л.Б нь дээрх газрыг эрх шилжүүлэн авагч М.У-д 3,000,000 төгрөгөөр шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан нь хэрэгт авагджээ.

/1хх 84, 101/

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Ж.Э-ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, түүнийг байлцуулахгүйгээр гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, ийнхүү хуурамчаар үйлдсэн гэрээг үндэслэн Л.Б нь уг эрхийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр газар эзэмших эрхийг М.У-д шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Л.Б нь эрх шилжүүлэгч Ж.Э гэрээнд өөрөө гарын үсэг зурсан, энэхүү гарын үсгийг дуурайлгаж, хуурамчаар зурсан болохыг тогтоосон зүйлгүй, хуульд заасны дагуу гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, түүний гэрээ байгуулахад оролцсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1. Монголын нотариатчдын танхимд байх нотариатч Э-ийн гэх “Монголын нотариатчдын танхим, Гэрээ№6, 2013 он 08-09 сар” гэсэн дэвтрийн 08 дугаар сарын 13-ны өдрийн 1083 дугаартай бүртгэлийн “Гарын үсэг” гэсэн баганад зурагдсан гарын үсэг болон 2013.08.13 гэсэн огноотой, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын “Гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн “Шилжүүлэгч” гэсний дор зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн 2019.01.24 гэсэн огноотой Улаанбаатар Паласе ХХК “Кассын орлогын ордер №” гэсэн баримт, огноо тодорхойгүй “УБ” паласын “Рояал” танхимын таазанд /хэрэглэж б/сан/ гэрэл байрлуулах тохиролцоо” гэсэн баримт дээрх Ж.Э-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загварууд болон Ж.Э-ын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3148 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр:

1. ”Монголын нотариатчдын танхим, Бүртгэлийн дэвтэр, Гэрээ№6, 2013 он 08-09 сар” гэсэн дэвтрийн 08/13 гэсэн огноотой 1083 бүртгэлийн дугаартай “Гарын үсэг” гэсэн багананд зурагдсан гарын үсэг нь Ж.Э-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй байна.

2. 2013.08.13 гэсэн огноотой, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын “Гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн “Шилжүүлэгч”гэсний дор зурагдсан гарын үсэг нь Ж.Э-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

/2хх 1-11,88-101/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний шилжүүлэгч гэсний дор зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Ж.Э-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй талаар тусгажээ. 

 

Дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт нь гэрээний эрх шилжүүлэн авагч Л.Б нь эрх шилжүүлэгч Ж.Э-ын гарын үсгийг дуурайлган зурсан, ийнхүү хуурамчаар зурсан гарын үсэг бүхий гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, ийнхүү гэрчлүүлсэн гэрээний үндсэн дээр түүний газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх үйл баримтыг тогтоосон гэж үзэхээргүй байна. 

 

Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч М.Э, О.М нар нэхэмжлэгч Ж.Э гэрээ байгуулахаар нотариатч дээр өөрийн биеэр ирсэн гэж, гэрч Б.Э нь гэрээний оролцогч Ж.Э, Л.Б нарын иргэний үнэмлэх, газрын гэрчилгээний эх хувийг шалгасны үндсэн дээр талуудыг өөрсдийг нь оролцуулан гэрээг баталсан гэж тус тус мэдүүлсэн.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т: “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”; 56.1.8-т: “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э болон Л.Б нарын хооронд байгуулагдсан, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хариуцагч Л.Б нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Ж.Э-ын зөвшөөрөлгүй, түүний гарын үсгийг дууриалган зурж, хуурамчаар үйлдсэн, ийнхүү үйлдсэн гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч Л.Б-д холбогдох, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э-тай байгуулсан, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Л.Б болон М.У нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Л.Б болон М.У нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч М.У эс зөвшөөрч маргаж байна.

 

Тэрээр татгалзлынхаа үндэслэлийг эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон, газар эзэмших эрхтэй этгээд Л.Б-ээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэн авсан тул шударга эзэмшигч гэж тайлбарлажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Л.Б болон М.У нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдах үед Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаар бүхий, 653 м.кв газрыг, 5 жилийн хугацаатай, эзэмших эрх бүхий №0 дугаар гэрчилгээ 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Л.Б-д олгогдсон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх гэрчилгээг үндэслэн Л.Б болон М.У нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн дээрх газрыг эзэмших эрхийг М.У-д олгосон, үүний үндсэн дээр түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн №000 дугаар бүхий гэрчилгээ олгон, үүнийг улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э болон Л.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг мөн хуулийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх ба эдгээр байдлаас дүгнэхэд Л.Б болон М.У нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж үзэв.

 

Учир нь М.У-ыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх газрыг эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авах үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй №0 дугаар гэрчилгээг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Л.Б-д олгосон байсан, тэрээр уг газрыг эзэмших эрхтэй байжээ.

 

Л.Б-ийн эзэмших эрх бүхий газрыг 3,000,000 төгрөгөөр үнэлэн эрхийг шилжүүлэн авсан М.У нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар уг газрыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж Л.Б-ийг үзэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар хууль ёсоор газар эзэмших эрхийг олж авсан М.У-ын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  Л.Б-тэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаардах эрх нэхэмжлэгч Ж.Э-т үүсэхгүй гэж үзэв.

 

Иймд М.У-д холбогдох, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б-тэй байгуулсан, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Б, М.У нарт холбогдох,

-2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э болон Л.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”,  

-2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б болон Б.У нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 62,950 төгрөг, нийт 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/17794 дүгээр захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ