Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01351

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Ж.Э-ын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э-ын хариуцагч Л.Б, М.У нарт холбогдуулан гаргасан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э, Л.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, М.У нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагч М.У, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.Б нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ж.Э-ын оролцоогүйгээр хуурамчаар үйлдэж, гарын үсгийг нь дууриалган зурж, нотариатчаар гэрчлүүлэн түүний эзэмшлийн ............. 653 м.кв талбайтай дуусаагүй барилгатай газрыг шилжүүлэн авсан. ............. шийдвэрээр Ж.Э-т нэгж талбарын 18640331882224 дугаар бүхий 656 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар олгосон №0214087 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлэн авч, Л.Бд олгосон 000475155 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авч хүчин төгөлдөр бус байх хэлцэлд үндэслэн иргэн Ж.Э-ын газар эзэмших эрхэд ноцтойгоор халдсан хууль бус үйл ажиллагаа болсон. Ж.Э нь 2013 оны зун найз н.А-доо өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдах боломж байгаа эсэхийг судлуулахаар газрын гэрчилгээгээ эх хувиар, холбогдох бичиг баримтын хамт өгсөн. Гэтэл 2019 онд хөрш айлууд нь танай газар дээр хүмүүс байшин барих гэж байна гэж мэдэгдэж н.Аыг сурагласан боловч нас барсан болохыг мэдсэн. Энэ талаар газрын албанаас лавлахад түүний нэрээр гэрээнд гарын үсэг зурж, өргөдөл бичээд газрын эзэмших эрхийг Л.Б нэр дээрээ шилжүүлсэн байсан. Ж.Э нь  Л.Бийг танихгүй, түүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх талаар тохиролцоо хийж байгаагүй. Л.Б нь Ж.Э-ын гарын үсгийг дууриалган зурж нотариатаар гэрчлүүлж үйлдсэн хуурамч хэлцэл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцлийн шинжийг хангаж байх тул мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно. Л.Б нь зохих журмын дагуу хэлцэл хийсэн гэх боловч хэнтэй хэлцэл хийсэн болохоо тайлбарлаж чадаагүй, н.Аод төлөөлөх эрх олгосон баримт байхгүй. Л.Б нь уг газар эзэмших эрхийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.Уд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 3,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно. М.У нь зарын дагуу хэд хэдэн газраас нэгийг нь сонгож авснаараа өөрийгөө шударга эзэмшигч гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газарт байгаа дуусаагүй барилга хэнийх гэдгийг шалгах ёстой гэж үзэж байна. Уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор Ж.Э-ын газар эзэмших эрхийг хууль зөрчиж шилжүүлэн авч түүнийгээ бусдад шилжүүлсэн үйл баримт шүүхийн журмаар тогтоогдож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэнэ гэж үзэж байна. Иймд ............. 653 м.кв талбайтай дуусаагүй барилгатай газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон Ж.Э, Л.Б нарын хооронд байгуулагдсан гэх 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Л.Б, М.У нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.Бийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаагүй, Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэлээр хэлцлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 75.2.1-д заасантай зөрчилдөж байна. Л.Б нь тухайн үед эдгээр хүмүүсийг таньдаггүй байсан, ямар газар, ямар бичиг баримттай болохыг мэдэх боломжгүй. Ж.Э-ын эхнэр Н.Э нь тухайн үед нөхрийг нь төлөөлөх итгэмжлэлтэй хүнийг дагуулж ирээд хэлцэл хийж нотариатаар батлуулан төлбөр төлсөн нь хуульд нийцсэн хэлцэл мөн. Төрийн байгууллагууд холбогдох гэрээ, гэрчилгээг олгосон. Уг цаг хугацаанаас хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил, 10 сар, 11 хоног өнгөрсөн байна.  Ж.Э-ын итгэмжилсэн этгээд нь нас барсныг далимдуулж жудаггүй аашилж байгааг анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй, шүүхийн харьяалал зөрчсөн. н.Аод бичиг баримтаа өгч алдчихсан байсан бол холбогдох этгээдийг нь тодорхойлж холбогдох газарт нь хандаж шалгуулан, харьяалалын шүүхэд хандах байсан. Газрын гэрчилгээг Л.Б авч өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурчихсан гэх зүйл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулсан байтал гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгааг зөвшөөрөхгүй. Газрын гэрчилгээг Л.Б олж авах боломжгүй, нэхэмжлэгч н.Аод өгсөн гэдэг. Л.Б нь хууран мэхлээгүй, эрхийн доголдолтой гэснийг мэдэх боломжгүй байсан. Нотариат болон газрын албанаас ирүүлсэн баримтад гарын үсгийг Л.Б хэрхэн яаж дуурайлган зурсан болохыг тогтоосон зүйл байхгүй. Ж.Э гэрээ байгуулахаар нотариатч дээр очсон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч М.Уын татгалзал, тайлбарын агуулга:  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарын дагуу Л.Бтэй уулзаж, газрыг нь үзээд гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд газрын албанд гэрээ болон хүсэлтийг өгснөөр эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан. Тухайн үед 3 газар үзүүлсэн ба үүнээс 1 газарт нь дутуу баригдсан байшин байсан. Огт барилга, байшингүй газрыг сонгож авсан. Газрыг худалдаж аваад 150 гаруй сая төгрөгийн үнэ бүхий байшин барьсан. Ж.Э өөрөө зөвшөөрч газрын гэрчилгээгээ н.Аод өгсөн нь тогтоогддог, газар эзэмших эрх авснаас хойш газраа ашигласан нь тодорхойгүй. 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш буюу эрх шилжсэнээс хойш даруй шаардлага гаргаагүй, 6 жилийн дараа шүүхэд хандсан. Газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас Л.Бд олгосон байтал газар дээрх дуусаагүй барилга хэнийх болохыг шалгаагүй гэдэг нь үндэслэлгүй. Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамжаас үзэхэд энэхүү газар нь өөр хүнийх болох нь тогтоогддог. Газар нь эрхийн маргаантай байсан гэдгийг мэдэх боломжгүй, Л.Бд эзэмших эрх олгосон гэрчилгээтэй байсан. Байшингаа бариад дууссаны дараа ийм маргаан үүсгэснийг мэдсэн. М.У нь уг газрыг шударгаар олж авсан шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Б, М.У нарт холбогдох 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Э болон Л.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Б болон Б.У нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 62,950 төгрөг, нийт 133,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний эрх шилжүүлэгч Ж.Э-ын талд зурагдсан гарын үсэг, мөн тухайн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Б.Э-ийн бүртгэлийн дэвтрийн Ж.Э нэрийн харгалзах хэсэгт зурагдсан гарын үсэг Ж.Э-ын гарын үсэгтэй тохирохгүй гэж дүгнэсэн. Хариуцагч талууд уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилуулахад шинжээчдийн баг Ж.Э-ын гарын үсэгтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон түүнийг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт Ж.Э гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон байхад, тухайн хэлцлийн оролцогч бус хэлцлийг гэрчлэх үед нотариатчийн ажлын өрөөнд байгаагүй ажлын өрөөнд нотариатын үйл ажиллагааны нууцлалд хамаарах мэдээллийг олж авах эрхгүй иргэдийг гэрчээр асуусан тэмдэглэлийг үндэслэн, олон зуун үйлдэл хийсний хувьд нарийн санахгүй гэж тайлбарлаж байсан нотариатчийн үндэслэл, эх сурвалжгүй мэдүүлгийг илүү ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв гэх байдлаар дүгнэж маргааныг шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Ж.Э гэрээ болон бүртгэлийн дэвтрийн аль алинд гарын үсэг зураагүй болох нь мэргэжлийн шинжээчдийн хоёр удаагийн дүгнэлтээр тогтоогдсон байхад үүнийг гагцхүү Л.Б зурсан гэх нөхцөл байдал тухайн дүгнэлтээр илрээгүй шалтгаанаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн нь нэг талаас шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдийг бүхэлд нь ач холбогдолгүй болгож, цаашид энэ төрлийн маргаанд гарын үсгийн шинжилгээ хийлгэх ямар ч ач холбогдолгүй болох хууль хэрэглээний үр дагаврыг бий болгохоос гадна Иргэний хуулийн 42.2, 43.2.1. 196.1.2, 42.2.3, 109.2, Нотариатын тухай хуулийн 26.3, зааврын 3.6 дахь хэсэгт заасан хууль тогтоомжийн шаардлага, хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байх боломжийг бий болгохоор байна. Хариуцагч тал тухайн гэрээ, бүртгэлийн дэвтэрт Ж.Э өөрөө гарын үсэг зурсан гэдэг татгалзлын үндэслэл, тайлбараа нотлохоор дахин шинжээч томилуулж тухайн үндэслэл, тайлбар нь нотлогдоогүй, няцаагдсан болохыг, талуудын мэтгэлцээн, мэтгэлцээний явцад бий болсон үйл баримтыг шүүх хянан үзэх нь ач холбогдолтой. М.Уын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ санаатай зөрчсөн. Тэрээр тухайн маргаж буй газар нь Ж.Э-ын гэр бүл, садан төрлийн хүмүүсийн олон тооны дуусаагүй барилга бүхий, зэргэлдээ газрууд байсан, дуусаагүй барилга бүхий газрыг шилжүүлэн авахдаа барилгыг шилжүүлэн аваагүй, барилгын эзнийг тодруулаагүй асуудлыг асуухад “би барилгагүй газрыг нь сонгож авсан” гэж тайлбарласан боловч гэрчийн мэдүүлэг болон кадастрын зургаар тус тус тухайн газар дээр барилга байсан болох нь тодорхой болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн газар дээр барилга баригдсан тэмдэглэл бүхий кадастрын зургийн талаар ямар нэгэн үнэлэлт тусгагдаагүй, М.Уыг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгддэг. Энэ талаар М.У тайлбар өгөхгүй зайлсхийж, шүүх хурал зөвлөлдөхөөр завсарламагц танхимыг орхин шийдвэр танилцуулах үе шатанд эргэж ирээгүй.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сансрын зургийг кадастрын зураглалтай давхцуулж он дарааллаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Л.Уын тайлбарын агуулга: шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан үзээд өөрийн дотоод итгэл үнэмшилээр шийдвэр гаргасан нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Ж.Э-ын гарын үсэг биш гэдгийг тогтоосон мэтээр буруу ойлгосон байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг хуульчилсан. Эхний дүгнэлтийг гаргахдаа Ж.Э өөрөө Монгол Улсад байгаагүй үед харьцангуй чөлөөт загвар нь байхгүй байхад дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар гарын үсгийн шинжилгээний 3 төрлийн загвар байх ёстой. Гэтэл нэг ч загвар байхгүй байсан тухай хэлж гомдол гаргахад дахин томилуулах хүсэлт гаргасан. Ж.Э Монгол Улсад байхгүй байхад Д шуудангаар авчирч дахин дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар Ж.Э шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн хажууд 2 хуудас баримтыг өөрийн биеэр бичих ёстой байтал Д шудангаар аваад дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ дотоод итгэл үнэмшлээр үнэлсэн. Нөхцөл байдлыг сайн мэдэх 2 талаас ирсэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үнэн зөв. Иймд гомдол гаргагчийн хуулийн үндэслэлгүй гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ж.Э, Л.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Л.Б, М.У нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч Л.Б, М.У нар эс зөвшөөрч маргажээ.

3. ................, нэгж талбарын 18640331882224 дугаар бүхий 653 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Э Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамж, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр,  /1хх69, 80/

хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Ж.Э-ын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанд гаргасан уг газрын эзэмшлийг Л.Бд шилжүүлэх хүсэлт, газрын эзэмшлийг Л.Бд шилжүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Л.Бтэй байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр,  /1хх79, 82-84, 96-97/

хариуцагч Л.У нь Л.Бтэй 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулсан иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр тус тус эзэмшиж байна. /1хх88-90, 101/

 4. Нэхэмжлэгчийн “Л.Б нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Ж.Э-ын гарын үсгийг дуурайлган зурж, нотариатаар гэрчлүүлсэн, түүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг Ж.Э-ынх биш ” гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 720 дугаар дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчдийн 3148 дугаар дүгнэлтээр “нотариатч Э-ийн гэх Монголын нотариатчдын танхим, гэрээ №6, 2013 оны 08-09 сар гэсэн дэвтрийн 08 сарын 13-ны өдрийн 1083 дугаартай бүртгэлийн “Гарын үсэг” гэсэн баганад зурагдсан гарын үсэг болон 2013.08.13 гэсэн огноотой, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтын гэрээ байгуулсан гэсэн хэсгийн “Шилжүүлэгч” гэсний дор зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн 2019.01.24 гэсэн огноотой УП ХХК “Кассын орлогын ордер №” гэсэн баримт, огноо тодорхойгүй “УП Рояал” танхимын таазанд /хэрэглэж байсан/ гэрэл байрлуулах тохиролцоо” гэсэн баримт дээрх Ж.Э-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загварууд болон Ж.Э-ын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэж тус тус дүгнэжээ.  /2хх1-11, 88-101/

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийн талаар “шинжээч эхний дүгнэлтийг Ж.Эыг Монгол Улсад байгаагүй үед харьцангуй чөлөөт загвар  байхгүй байхад гаргасан. Дахин дүгнэлт гаргахдаа Ж.Э Монгол Улсад байхгүй байхад Д шуудангаар ирүүлсэн 2 хуудас баримтыг үндэслэж гаргасан” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Ж.Э нь шинжээчийн дүгнэлт гарах үед Монгол Улсад байгаагүй, гарын үсгийн харьцангуй чөлөөт загварт ирүүлсэн 7 хуудас баримтын 3 хуудас баримтыг Бүгд Найрамдах Франц улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч баталгаажуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжилгээнд ирүүлсэн нэмэлт баримтуудад эрх бүхий байгууллагын тэмдэг дарагдаагүй байх тул дээрх шинжээчдийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь зөв. /1хх196-202, 226-238/  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэл боловч дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар “2 удаагийн шинжээчийн дүгнэлт нь гэрээний эрх шилжүүлэн авагч Л.Б эрх шилжүүлэгч Ж.Э-ын гарын үсгийг дуурайлган зурсан, хуурамчаар зурсан гарын үсэг бүхий гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, ийнхүү гэрчлүүлсэн гэрээний үндсэн дээр түүний газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх үйл баримтыг тогтоосон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэлцлийг гэрчилсэн нотариатч Б.Э “... Э.Э нь өөрөө иргэний үнэмлэхийг авчираад би түүнийг нь шалгаж үзээд гэрээг баталсан, гэрээг батлахдаа иргэний үнэмлэхийг заавал шалгаж үздэг” гэж, гэрч М.Э “... Л.Б надад зуслангийн газар мэдэж байгаарай гэж хэлсэн, тэгээд н.А газар байна, авах уу гэсэн, тэгээд энэ талаар Л.Бд хэлсэн, 100 айлын нотариат дээр очсон, гэрээ байгуулах үед н.А, гадаа байгаа н.М, нотариатч н.Э, Л.Б хүүгийн хамт, Ж.Э, бас нэг эмэгтэй байсан, хэлцэлд Ж.Э гарын үсэг зурсан ..,” гэж, гэрч О.М “... тухайн үед гэрээ байгуулах гэж байхад би хамт явсан, тэгээд нотариатч дээр очсон, тухайн үед яг хэн гарын үсэг зурсныг би хараагүй, Ж.Э нотариатын өрөө рүү орсон ...,” гэж мэдүүлсэн байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан үзэж өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр дүгнэлт өгнө.  /2хх128-132/

Түүнчлэн, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Э, Л.Б нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Хариуцагч М.У нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Бтэй хэлцэл хийх үед маргаан бүхий газрыг Л.Б эзэмшиж байсан, тэрээр Л.Бийг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэн худалдан авч, эзэмшигчээр бүртгэгдсэн тул түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1  дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэх тул эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

Маргаан бүхий газар дээр барилгын суурь байсан эсэх нь хариуцагч Л.Уын газар эзэмших эрхэд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                              А.МӨНХЗУЛ