Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00297

 

З.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Бд холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014.4.26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж,  М.Бд 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн. Зээл, алданги шаардсан нэхэмжлэлийг гаргасан ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.2.12-ны өдрийн шүүхийн шийдвэрээр  2014.4.26-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэх, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн.

 

Дээрх шийдвэрлэсэн нэхэмжлэлд гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулах шаардлага гаргаагүй тул 7 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг шүүх шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Иймд  З.Наас  М.Бд шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Нотариатын үйлчилгээний хураамжид 6 000 төгрөгийг мөн гаргуулна гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, 2014 оны 4 сараас эхлэн өөрийн түрээсийн лангууг З.Нд ашиглуулсны хөлсөнд авсан төлбөр бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч тухайн түрээсийн лангууг ашиглан бусдад давхар түрээслэх зэргээр ашиг орлого олсон. Иймд нэхэмжлэгчийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь түрээсийн эрхтэй лангууг аваад давхар түрээслэсэн, мөн зодоон хийсний улмаас хураалгасан.Нэхэмжлэгчээс шалтгаалж лангуу хураагдсан учир 7 000 000 төгрөгийг буцааж өгөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бгаас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 7 000 000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч түрээсийн эрх худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байхад шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч М.Бд холбогдуулан “шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр, хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн үр дагаврыг арилгуулж,хэлцлээр  шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 1-4, 34/

 

Талууд 2014 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр зээлийн гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэнд маргаагүй. /хх-1-4, 34, 76-79/

 

Дээрх гэрээг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг  тогтоож, “зээлийн гэрээний  харилцаа үүсээгүй”, “ зээлийн гэрээний үүрэгт 11 620 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй “ гэж дүгнэж  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-14-16/

 

Тухайн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл 7 000 000 төгрөг, 8 сарын хугацааны хүү 1 120 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийт 11 620 000 төгрөг шаардсаныг шүүхээс “зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах  буюу шилжүүлсэн 7 000 000 төгрөгөө буцаан гаргуулах шаардлага  гаргахад саад болохгүй юм. Нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь гэрээний үүрэг шаардах эрхгүй гэсэн агуулга бүхий байх бөгөөд гэрээний үүрэг, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах нь хууль зүйн хувьд хоёр өөр шаардлага юм. Түүнчлэн өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэл, одоо шүүхэд гаргасан нэхэмжлэл хоёрын шаардлагууд нь өөр байхаас гадна үндэслэлүүд нь мөн өөр байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд үр дагаврыг арилгуулах эрх нь талуудад хуулиар нээлттэй байдаг бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна./хх-ийн 1- 4, 14-16/

 

Зохигчид дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн 7 000 000 төгрөгийг буцааж өгөх нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна. /хх-1-4, 34, 54, 77/

 

Хариуцагч М.Б нь “үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, 7 000 000 төгрөгийг зүгээр аваагүй, лангуугаа ашиглуулсан. Хэрэв 7 000 000 төгрөгийг өгөхөд хүрвэл, нэхэмжлэгч лангууны үйл ажиллагааг буцаагаад хэвийн болгож, хүлээлгэн өгөх хэрэгтэй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан лангуугаа авна” гэсэн тайлбар гаргасан ч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Лангуу зохигчдын өмчлөлийн зүйл биш бөгөөд “И” ХХК-нд хураагдсан, хэлцлийн дагуу харилцан буцаагдах зүйл биш болох нь тогтоогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дэх хэсэгт заасныг баримталж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Анхан шатны шүүх хариуцагчаас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой биш болжээ. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотойгоос  илүү хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос гарах үр дагаврыг арилгахад чиглэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хураамж гэх 6 000 төгрөгийн шаардлагаа багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.5” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД