Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/03640

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/03640

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

хххххххххххххххххххх тоотод оршин суух, Я-н Нгийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх, Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

Цалин 4.725.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ш сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнжаргал нь харуул Я.Нг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тул Я.Н Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрээр Я.Нг Ш сууц өмчлөгчдийн холбооны харуулын ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1.215.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Я.Нд олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрээр Я.Нд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1.215.000 төгрөгийг олгосон.

Хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хариуцагч нь Я.Нг ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргах үед ажилд нь аваагүй байсан ба сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Я.Нг ажилд авсан гэх тушаалыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөн байсан. Шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дуудсан бөгөөд энэ өдрөөс хойш Я.Н2 удаа гараанд гарсан.

Хэдийгээр ажилд авсан тушаал гаргасан ч шүүхдэлцсэн зэргээс цаашид ажиллахад хүндрэлтэй байна гэж байсан ба ажил олгогчтойгоо ярилцаад Я.Н2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байгаа. Тэрээр 1 удаагийн гараанд 45.000 төгрөгийн цалин авдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 105 удаагийн гарааны 4.725.000 төгрөгийг хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нь бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Цэрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Я.Нгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Я.Н нь Ш сууц өмчлөгчдийн холбоонд харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Я.Н нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 444 тоот магадлал, Улсын Дээд Шүүх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоолоороо тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи зохицуулалтаас харвал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор байхаар хуульчилжээ.

Я.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан бөгөөд уг өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэх бөгөөд ийнхүү шаардлага гаргасны дагуу түүнийг ажилд эргүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж улмаар Улсын дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ.

Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш ажилтан эрх нь үргэлжлэн зөрчигдсөөр байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах зохицуулалтын дагуу Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш гурван сарын дотор гаргах ёстой байсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Я.Н нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 сарын дараа, талуудын хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш 4 сарын дараа шаардлага гаргаж буй явдал юм.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 4.725.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Я.Н ... Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 4.725.000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо ... Улсын дээд Шүүхийн тогтоол гарсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Я.Нг Ш СӨХ-ийн харуулын ажилд нь эгүүлэн тогтоож,

2017.09.25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017.12.15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт буюу 27 удаа гарах ээлжийн /1 гараа 45.000 төгрөг/ 1.215.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг Ш СӨХ-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрт хариуцагч Ш СӨХ давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 5-15 дугаар тал/

 

Хариуцагч Ш СӨХ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч Я.Н нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1350 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгон мөн өдрийн 14881 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 16-18 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1350 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 14881 тоот шүүгчийн захирамжаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрийг хариуцагч Ш СӨХ биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Я.Н 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан ба тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцож олгох үүрэгтэй бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа хамаарна.

Хариуцагч Ш СӨХ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Я.Нд ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Я.Н нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 105 удаагийн гараанд 4.725.000 төгрөгийн цалин авах байсан ба тэрээр 1 удаагийн гараанд 45.000. төгрөгийн цалин авдаг болох нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрээр тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Я.Нд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.725.000 төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ш СӨХ-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалган шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Я.Нгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.725.000 төгрөгийг хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч Я.Нд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ш сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 90.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос 90.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН