Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00515

 

Я.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ШШ” СӨХ-дхолбогдох,

Цалин 4 725 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тогоодулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “ШШ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнжаргал нь харуул Я.Н-г ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тул Я.Н Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрээр Я.Н-г “ШШ” СӨХ-ны харуулын ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 215 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Я.Н-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Я.Н-д 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1 215 000 төгрөгийг олгосон. Хариуцагч “ШШ” СӨХ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь Я.Н-г ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргах үед ажилд нь аваагүй байсан ба сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Я.Н-г ажилд авсан гэх тушаалыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөн байсан. Шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дуудсан бөгөөд энэ өдрөөс хойш Я.Н  2 удаа гараанд гарсан. Хэдийгээр ажилд авсан тушаал гаргасан ч шүүхдэлцсэн зэргээс цаашид ажиллахад хүндрэлтэй байна гэж байсан ба ажил олгогчтойгоо ярилцаад Я.Н  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байгаа. Тэрээр 1 удаагийн гараанд 45 000 төгрөгийн цалин авдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 105 удаагийн гарааны 4 725 000 төгрөгийг хариуцагч “ШШ” СӨХ-с гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Я.Н нь “ШШ” СӨХ-д харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Я.Н нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 444 тоот магадлал, Улсын Дээд шүүх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоолоороо тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрхи зохицуулалтаас харвал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор байхаар хуульчилжээ. Я.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан бөгөөд уг өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэх бөгөөд ийнхүү шаардлага гаргасны дагуу түүнийг ажилд эргүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж улмаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш ажилтан эрх нь үргэлжлэн зөрчигдсөөр байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш гурван сарын дотор гаргах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Я.Н нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 сарын дараа, талуудын хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш 4 сарын дараа шаардлага гаргаж буй явдал юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Я.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Я.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 725 000 төгрөгийг хариуцагч “ШШ” СӨХ-оос гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Н-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ШШ” СӨХ-ны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШШ” СӨХ-оос 90 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Я.Н нь "ШШ" СӨХ-д харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Я.Н нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 тоот шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00444 тоот магадлал, Улсын Дээд шүүх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гээд 128.1.5-д "энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан" гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд 129.1-д "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харвал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор байхаар хуульчилжээ. Я.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан бөгөөд уг өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэх бөгөөд ийнхүү шаардлага гаргасны дагуу түүнийг ажилд эргүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 тоот шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж улмаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш ажилтан эрх нь үргэлжлэн зөрчигдсөөр байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан "эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах” зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш 3 сарын дотор гаргах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Я.Н нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 сарын дараа, талуудын хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш 4 сарын дараа шаардлага гаргаж буй явдал юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасантай нийцэхгүй байна. Хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч бид Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан гэдгийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн тиймээс 2018 оны 10 дугаар сарын 15 буюу 3 сар болохоос өмнө амжиж гомдлоо шүүхэд гаргасан гэж тайлбарлаж маргасан. Хариуцагч хугацаа хэтрүүлснээ ийнхүү хүлээн зөвшөөрч Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарсныг мэдээгүй гэж тайлбарлаж байхад шүүх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэж үүнээс хойш гомдол гаргах хугацааг тоолон нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн өдрөөс эхлэн өөрийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг мэдэх боломжтой бөгөөд цалин хөлс нэхэмжлэх хуульд заасан хугацаа тоологдож байгааг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч “ШШ” СӨХ-д холбогдуулан цалин 4 725 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Я.Н нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс “ШШ” СӨХ-д харуулаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00444 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 дугаар тогтоолоор Я.Н-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 215 000 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 5-15 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ШШ” СӨХ нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлээгүй байна.      

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/14881 дугаар захирамжаар хангаж, мөн шүүхийн гүйцэтгэх хуудас гаргажээ. /хх-ийн 16-17 дугаар тал/ Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас дахин цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн тул тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 3 сарын хугацааг шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолсныг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Я.Н-ийн нэг өдрийн гарааны цалинг 45 000 төгрөгийг, ажлын 105 хоногоор тооцож 4 725 000 төгрөгийг хариуцагч “ШШ” СӨХ-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-ийн 5-8 дугаар тал/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                    

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                               ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                 Г.ДАВААДОРЖ