Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2019/00568

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, О.Сы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын төвд үйл ажиллагаа явуулдаг, Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Г.Д/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.С, хариуцагч байгууллагын эрхлэгч Г.Д, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1). Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус төвийн эрхлэгчид даалгах,

2). Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7 дугаар сард их эмчээр ажилласан цалин 819165 төгрөг гаргуулахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Ажилд томилох тухай 07 тоот тушаалаар тус төвийн их эмчийн ажилд томилогдож ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Их эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын алдаа дутагдал гаргаагүй, ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй болно. Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д ажлаас чөлөөлөгдөх үед тус сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаартай захирамжаар намайг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба энэ хугацаанд их эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Г.Д 2019 оны 6 дугаар сарын сүүлээр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилогдсон бөгөөд түүнээс хойш миний бие их эмчийн ажил, үүргийг гүйцэтгэж ирсэн боловч миний 7 дугаар сарын цалинг эрхлэгч олгоогүй байна. Байгууллагын ажилчдын 7 дугаар сарын цалин олгогдсоны дараа энэ талаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс тодруулахад чамайг их эмчээр цаашид ажиллуулахгүй" гэж татгалзсан. Гэхдээ намайг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, намайг урьд ажилд томилсон тушаал болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгаа тул эрхлэгч Г Дын татгалзал хууль бус гэж үзэж байна.

Иймд миний хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг доордуулж, ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй, мөн цаашид ажиллуулахаас татгалзаж байгаа тул 2019 оны 7 дугаар сарын их эмчийн цалинг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 905488 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 7 дугаар сарын их эмчийн цалин болох 819165 төгрөгийг тус төвийн санхүүгээс гаргуулж, ажилд томилсон тушаал, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу намайг сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус төвийн эрхлэгчид даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр томилогдсон. Улмаар их эмчээр ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-ны Б сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр түр томилогдож ажилласан. Ингэхдээ хүүхдийн эмчийг хавсарч гүйцэтгэж байсан. Мөн дотор, эмэгтэйчүүд гээд их эмчийн ажлыг хийж байсан. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр намайг Б сумын Засаг дарга Х.Хайв ажлаас чөлөөлж, урьд ажиллаж байсан Г.Дыг эрхлэгчээр томилсон. Ингэхдээ намайг урьд эрхэлж байсан их эмчээр томилох ёстой байсан боловч томилоогүй. Ажлаас халсан тушаал гаргаагүй. Би 2019 оны 7 дугаар сар бүтэн ажилласан. Иймд 2019 оны 7 дугаар сарын цалин гаргуулах, урьд эрхэлж байсан Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байхад Б сумын Засаг даргын орлогч К.Хавдилмалик 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар ажлаас чөлөөлж миний оронд мөн өдрийн Б/147 дугаар захирамжаар О.Сыг төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын Засаг дарга миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар намайг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн томилсон. О.С нь надад ажил хүлээлгэж өгснөөс хойш ажилд ирээгүй тул би түүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Түүний эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан гэдэг нь үндэслэлгүй. О.С нь энэ хугацаанд зөвхөн эрхлэгчийн албан үүргийг гүйцэтгэж байсан ба эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар мөн өдрөөс хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүргийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан, их эмч З.Хунапияд хавсруулан ажиллуулсан байсан. О.С нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эрхлэгчээр ажиллаж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл энэ үүргийг гүйцэтгэж байсан. Миний бие энэ хугацаанд ямар ч үүрэг гүйцэтгээгүй учир түүнийг хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөх ямар нэгэн үндэслэл байгаагүй. О.С нэгэнт эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг өөрөө гаргах ёстой байсан. О.С нь надад ажил хүлээлгэж өгснөөс хойш нэг ч өдөр ажилд ирээгүй, өөр ажилд ажиллах талаар надад ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Түүний гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бианх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдож хоёр жил гаран ажиллаж байхад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэнэт намайг ажлаас халсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Томилогдож ажиллаад 3 сар гаран болж байна. Энэ хэргийн хариуцагч би биш гэж бодож байна. Учир нь би нэхэмжлэгч О.Сыг ажлаас халаагүй. Намайг ажилд эгүүлэн томилсны дараа би цалингаа нэхэмжлэх үед нэхэмжлэгч О.С тус шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр орсон. Тухайн шүүх хуралдаан даргалагч Б.Мангилик О.Саас биеийн байцаалтыг нь тодруулахад урьд нь эрхлэгчээр ажиллаж байсан, одоо ажилгүй гэж мэдүүлж байсан. О.С ажил хийсэн эсэхийг байгууллагын дарга үнэлж дүгнээд цалин олгохоос биш хөндлөнгийн хүмүүс нотлох эрхгүй. Шүүх хуралдаанд үзлэгийн журнал гаргаж байна. О.С өрхийн эмэгтэйчүүдийг хариуцаж ажиллахгүй. Үүнийг өнөөдөр А. Б гэх эмч хариуцаж ажиллаж байгаа. О.Сы хувьд хүүхэд хариуцаж ажиллаж байсан. О.С өөрөө 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Хунапияд хүүхдийн эмчийг хариуцаж ажиллуулах, 10 хувийн нэмэгдэл олгох талаар тушаал гаргасан. Одоо хүүхдийн эмч гэх орон тоо байхгүй. Улмаар Хунапия хоёр ажлыг хавсарч хийж байсан. Эрүүл мэндийн байгууллага бол онцгой объект, өдөр тутам ард түмэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Би О.Сыг өргөдөл өгөх юм болов уу, ирж уулзах юм болов уу гэж сар гаран хүлээсэн. Тухайн үед манай байгууллагад хэд хэдэн хүн ийм орон тоо байгаа юм байна шүү дээ, энэ орон тоонд ажиллуулаач гээд өргөдөл өгсөн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл өгсөн хүмүүсийг судалж байгаад нарийн мэргэжлээ төгссөн, 7-8 жил ажилласан, болзол хангасан хүнийг томилсон. Аливаа байгууллагад ажилтан ямар ажил хийж байгааг байгууллагын дарга үнэлээд цалин гаргаж өгдөг. Үүнийг хүн болгон мэднэ. Нэхэмжлэгч О.С өдөр болгон хүн үзэж байсан гэж байна. Өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээ гээд бүх историйг үзүүлээд эрүүл мэндийн даатгалын байгууллагад шалгуулаад эм авдаг. О.С ганцхан хүнийг үзсэн. Би ганц хүн үзсэний төлөө цалин гаргаж өгөх боломжгүй. Уг истороос харах юм бол холбоо барих хүний нэр гэхэд өөрийнхөө нэрийг бичсэн байна. Тэгэхээр хамаарал бүхий этгээд нь байх гэж бодож байна. Мөн К, Ггэх хүмүүст истор нээсэн байна. Энэ историйг яагаад нээсэн бэ гэвэл О.С надад тамга өгөхгүй 10-аад хоног явсан. Хэсгийн төлөөлөгч 7 дугаар сарын 20-ны өдөр байсан байх надад тамга авч өгсөн. Тэр хооронд тамга ашиглаад историйг нээсэн байсан. Одоо хүртэл өрөөгөө хүртэл өгөхгүй байгаа. Төрийн албаны ажил өдөр болгон байнга явагдаж байх ёстой. Гуравдагч этгээдээр орсны дараа 10 хоногийн дотор давж заалдаарай гэсэн боловч давж заалдаагүй. Ажлаас Х.Хайв гуай чөлөөлсөн. Тэр үед бас 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ хугацаанд яагаад нэхэмжлэл гаргаагүй юм бэ. Нэхэмжлэгч О.С цалингаа өндөр нэхэмжилсэн байна. Түүний хувьд ажилд ороод 3-4 жил л болж байна. Энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд хамгийн нэгдүгээр зэрэглэлд орох ёстой байх. Мөн баахан нэмэгдэл нэхсэн байна. О.Сы хувьд ямар нэгэн зэрэг дэвгүй. Эрхлэгч хүн хүүхдийн нэмэгдлийг авах ёстой, үүнийг хууль бус авч байсан байна. Намайг томилогдох үед О.С надад би хүүхдийн эмчээр ажиллаж байгаа, 20 хувийн нэмэгдлийг авъя гээд өргөдөл оруулахад за нэмж өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрөө нэмж өгсөн. Эрхлэгч болсон юм чинь нэмэгдэл авна гэж байхгүй. Ур чадварын нэмэгдэл авна гэхээс биш хүүхдийн нэмэгдэл авах эрхгүй. Хунапия шинээр орсон ажилтан учраас нэмэгдлийг олгох боломжгүй. Тэр үндэслэлээр сул орон тоо. 2-3 хүн өргөдөл өгсөн. Тус тусдаа мэргэжилтэн болгон гэж байгаа. Одоо нарийн мэргэжлүүдээр сургаж байна. Хүүхдийг эмчийг нэг их эмчид, дотрын эмчийг эмэгтэйчүүдийг нэг эмчид тус тус хариуцуул, 20 хувийн нэмэгдэл өгнө гэсэн Засгийн газрын тогтоолын дагуу би О.Сд хөдөлмөрийн гэрээ байгуулж хүүхдийн эмчийг хавсран ажиллуулж 20%-ийн нэмэгдлийг урьд тус төвийн эрхлэгч байсан Айымгүл нэмж өгөөгүй нэмэгдлийг би нэмж өгч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Саас хариуцагч аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Дт холбогдуулан тус төвийн их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгах мөн тус төвийн санхүүгээс 2019 оны 7 дугаар сард их эмчээр ажилласан цалинд 905488 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2019 оны 7 дугаар сард их эмчээр ажилласан цалинд 819165 төгрөгийг тус төвийн санхүүгээс гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас нэхэмжлэгч О.Сыг тус төвийн эрхлэгчийн ажилд түр томилсон захирамжийг хүчингүй болсноор ажлаас чөлөөлөгдсөн тул цалин олгож, их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй мөн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.Учир нь, нэхэмжлэгч О.Сыг анх 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 7 дугаартай тушаалаар мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус төвд авч ажиллуулж байсан ба уг тушаалд ямар албан тушаалд томилсон нь тодорхой бус байгаа боловч нэхэмжлэгчийн №А0829754 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дүгээр хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тус төвийн эрхлэгчийн №07 дугаар тушаалаар Б сумын ЭМТөвийн их эмчээр томилсон тухай бичилт хийж тамга дарж баталгаажуулсан мөн хариуцагч байгууллагын эрхлэгчийн шүүх хуралдаанд ... О.С нь тус төвд их эмчээр ажилладаг бөгөөд улмаар түүнтэй 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн их эмчээр хавсран ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнээс хойш нэхэмжлэгчид хүүхдийн их эмчийг хавсран гүйцэтгэсэн ажилд нь 20 %-ийн нэмэгдэл олгож байсан гэх мэдүүлэг болон тус төвийн их эмч ажилтай А.Б, дүн бүртгэлийн ажилтан С.Н нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, тус төвийн нягтлан бодогч Х.Сын тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч О.С нь тус төвд их эмчээр ажиллаж, хүүхдийн их эмчийг хавсран гүйцэтгэж байсан болох нь бүрэн нотлогдон тогтоогдлоо.

Харин Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Сыг Б сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар тус сумын ЭМТөвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, өмнө нь эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнийг эс зөвшөөрч хариуцагч Г.Д нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг иргэний хэрэгт нэхэмжлэгч О.С нь Б сумын ЭМТөвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан нь хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 459 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа ба уг иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Д нь ...Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байжээ.

Гэтэл Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан тус сумын ЭМТ эрхлэгчээр урьд ажиллаж байсан Г.Дыг буцаан томилж, түүний оронд түр эрхлэгчээр О.Сыг томилсон тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. /хх-ийн 20 дугаар тал/

2. Нэхэмжлэгч О.Сыг тус сумын Засаг даргын захирамжаар Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр түр томилж мөн түүнд урьд нь эрхэлж байсан их эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж улмаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар тус төвийн НЭМА их эмч З.Хунапияд уг ажлыг хавсран ажиллуулж, нэмэгдэл хөлс олгож байсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр урьд эрхэлж байсан их эмчийн ажлаас чөлөөлөгдөөгүй ба түүний урьд эрхэлж байсан маргаан бүхий орон тоо хэвээрээ хадгалагдаж байсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч О.Сыг урьд эрхэлж байсан их эмчийн ажлаас чөлөөлсөн эсэх талаарх эрхийн актаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч О.Сыг тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар тус сумын ЭМТөвийн эрхлэгчээр түр томилсон, түүнийг их эмчийн ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гараагүй, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд ажил олгогч түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг нь ажлаас халсантай адилтган гэж үзэв.

Ажил олгогчоос маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ө.Айшуахыг томилж, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

3. Хариуцагчаас намайг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б сумын Засаг даргын Б/80 дугаартай захирамжаар Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр буцаан томилсны дараа нэхэмжлэгч О.С нь ажлаас чөлөөлөгдсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Гэвч нэхэмжлэгч О.Сыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б сумын Засаг даргын Б/80 дугаар захирамжаар тус төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон эрхийн актыг хүчингүй болгосноор тэрээр 7 дугаар сард бүтэн урьд эрхэлж байсан их эмчийн ажлыг гүйцэтгэсэн болох нь:

- тус төвийн их эмч ажилтай А.Б, дүн бүртгэлийн /статистикч/ ажилтан С.Н, жолооч ажилтай А.Төлеужан нарын шүүхэд гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгээр,

-Даатгалын цахим жорын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /эмч О.С гэж бичигдсэн/,

-Эмчийн үзлэгийн 2019 оны 7 дугаар сарын мөн дуудлагад явсан эмч нарын бүртгэлийн журналын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2019 оны 7 дугаар сард эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан бүртгэлийн холбогдох хэсэг, өвчтэн К.Гайнгүл, Б.Төлениш нарын өвчний түүх болон эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэгт өвчтөний түүхийг 2019 оны 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус нээлгэж эмчилгээ хийж, өвчний түүхийг хаасан талаарх эмчлэгч эмчийн болон эмчийн үзлэгийн тэмдэглэл дээр тус тус эмч С гэж бичиж гарын үсэг зурсан.

Мөн эдгээр өвчтөнийг тус төвийн даатгалын цахим санд бүртгүүлсэн зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сард ажилласан хугацааны цалингаа нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр ажил олгогчоос 8 дугаар сараас эхэлж урьд эрхэлж байсан их эмчээр ажиллуулахыг татгалзсан буюу эрхээ зөрчсөн өдрөөс эхэлж тус шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч О.С нь 7 дугаар сард ажиллаагүй гэж эс зөвшөөрч шүүх хуралдаанд Баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хувиар-ийг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэгч О.С нь 2019 оны 7 дугаар сард бүтэн ажиллаж өвчтөн хүлээн авч, истор нээж, өвчтөнийг даатгалын цахим жорын бүртгэлд бүртгэж, дуудлагад явсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон тус төвийн их эмч ажилтай А.Б, дүн бүртгэлийн /статистикч/ ажилтан С.Н, жолооч ажилтай А.Төлеужан нарын шүүхэд гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн Баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хувиар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Харин хариуцагчаас нэхэмжлэгч ажилласан сарын цалингаа илүү нэхэмжилсэн тэрээр Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын ТҮЭМ-5/1-ээр буюу 627031 төгрөгөөр цалинжих ёстой гэж маргаж уг Засгийн газрын тогтоолын хавсралтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х.Сын ... тус төвийн их эмчээр ажиллаж байсан О.С нь сард 819165 төгрөгийн цалин авч байсан гэх тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэгчийн 7 дугаар сард их эмчээр ажилласан нэг сарын цалинд 819165 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч О.Сыг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгаж, түүний 2019 оны 7 дугаар сард их эмчээр ажилласан цалинд 819165 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 819165 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24210 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Сыг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгаж, түүний 2019 оны 7 дугаар сард их эмчээр ажилласан цалинд 819165 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 24210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ