Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2019/00058

 

О.С-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00568 дугаар шийдвэртэй О.С-ын нэхэмжлэлтэй, Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч О.С, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, Х.Бакен нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, (2) Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 7 дугаар сард их эмчээр ажилласны цалин хөлс 819.165.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Ажилд томилох тухай” 07 тоот тушаалаар тус төвийн их эмчийн ажилд томилогдож ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д ажлаас чөлөөлөгдөх үед тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаартай захирамжаар намайг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба энэ хугацаанд их эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Г.Д 2019 оны 6 дугаар сарын сүүлээр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилогдсон бөгөөд түүнээс хойш миний бие их эмчийн ажил, үүргийг гүйцэтгэж ирсэн боловч миний 7 дугаар сарын цалинг эрхлэгч олгоогүй. Байгууллагын ажилчдын 7 дугаар сарын цалин олгогдсоны дараа энэ талаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс тодруулахад чамайг их эмчээр цаашид ажиллуулахгүй" гэж татгалзсан. Гэхдээ намайг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, намайг урьд ажилд томилсон тушаал болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгаа тул эрхлэгч Д-ын татгалзал хууль бус гэж үзэж байна.Иймд миний хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг дордуулж, ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй, мөн цаашид ажиллуулахаас татгалзаж байгаа тул 2019 оны 7 дугаар сарын их эмчийн цалинг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 905.488.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 7 дугаар сарын их эмчийн цалин болох 819.165.00 төгрөгийг тус төвийн санхүүгээс гаргуулж, намайг сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус төвийн эрхлэгчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: “Намайг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байхад Б сумын Засаг даргын орлогч К.Х 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар ажлаас чөлөөлж миний оронд мөн өдрийн Б/147 дугаар захирамжаар О.С-ыг тус төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын Засаг дарга миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар намайг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон. О.С нь надад ажил хүлээлгэж өгснөөс хойш ажилд ирээгүй тул би түүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Түүний эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан гэдэг нь үндэслэлгүй. О.С нь энэ хугацаанд зөвхөн эрхлэгчийн албан үүргийг гүйцэтгэж байсан ба эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар мөн өдрөөс хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүргийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан, их эмч З.Х-д хавсруулан ажиллуулсан байсан. О.С нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эрхлэгчээр ажиллаж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл энэ үүргийг гүйцэтгэж байсан. Миний бие энэ хугацаанд ямар ч үүрэг гүйцэтгээгүй учир түүнийг хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөх ямар нэгэн үндэслэл байгаагүй. О.С нэгэнт эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг өөрөө гаргах ёстой байсан. О.С нь надад ажил хүлээлгэж өгснөөс хойш нэг ч өдөр ажилд ирээгүй, өөр ажилд ажиллах талаар надад ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Түүний гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00568 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.С-ыг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгаж, түүний 2019 оны 7 дугаар сард их эмчээр ажилласан цалинд 819165 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч О.С-д олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “1. Б сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.С-ыг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж намайг эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэгэн албан тушаалыг орлон гүйцэтгэх тухай зохицуулалт байхгүй учир О.С-ыг тухайн үед Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэстэй. Мөн О.С нь тухайн үед зөвхөн Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн цалингаар цалинжиж байсан нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн тодорхойлолтоор нотлогддог. Түүнчлэн О.С нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар өөрийн өмнө нь эрхэлж байсан хүүхдийн их эмчийн ажлыг их эмч З.Х-д хавсруулан ажиллуулсан байгаа. Дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...хариуцагчаас нэхэмжлэгч О.С-ыг урьд эрхэлж байсан их эмчийн ажлаас чөлөөлсөн эсэх талаарх эрхийн актаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно” гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ зүйлд заасан 3 тохиолдлын аль аль нь О.С-д хамаарахгүй. Ийм байхад түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулаагүй гэж намайг буруутгах үндэслэлгүй. 3. Намайг Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай захирамжаар Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж О.С-ыг томилсон захирамжийг хүчингүй болгосон. О.С нь энэ шийдвэрийг эсэргүүцэж надад ажлаа хүлээлгэж өгөөгүй. Би Эрүүл мэндийн төвийн тамгыг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б сум хариуцсан эрүүгийн мөрдөгчөөс авсан. Албаны өрөөний түлхүүр, доторх техник хэрэгсэл, тавилгуудыг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй. О.С нь энэ хугацаанд огт ажил хийгээгүй, ажлаа буцааж авахаар хөөцөлдөж аймгийн Засаг даргын Тамгын газар хавиар яваад байсан. Хэрэв Б сумын Засаг даргын захирамж хууль бус гэж үзсэн бол тухайн үед зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах байсан. Гэтэл огт гомдол гаргаагүй, ажилд ирээгүй атлаа 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн буюу нэг сар 15 хоногийн дараа гомдол гаргасан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй атлаа “...ажил олгогч түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг нь ажлаас халсантай адилтган үзэв” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. 4. О.С нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилд огт ирээгүй, эрүүл мэндийн төвийн цагийн бүртгэлд ажилласан хоног нь бүртгэгдээгүй. Мөн өмнө нь эрхэлж байсан ажилд эргэж орох талаар надад огт хандаж байгаагүй. Би түүний ирэхийг хүлээсэн боловч ирээгүй учир ажлын шаардлагыг харгалзан тухайн албан тушаалд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ө.А-ыг томилж ажиллуулсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ О.С-ын нээсэн гэх 2 ширхэг өвчний түүх, эмчийн үзлэгийн дэвтрийг үндэслэн 7 дугаар сард ажиллаж байсан гэж үзэж цалин гаргуулсан нь үндэслэлгүй. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн их эмчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, 2019 оны 7 дугаар сарын цалин хөлс 819.165.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

 

            1. Ажил олгогчийн 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаал[1], талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр[2] Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр ажиллаж байсан О.С-ыг тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар[3] мөн өдрөөс эхлэн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ. Улмаар Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар[4] урьд нь тус төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Д-ыг мөн өдрөөс эхлэн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр эгүүлэн томилсонтой холбогдуулан сумын Засаг даргын дээрх Б/147 дугаар захирамжийг хүчингүй болгосон буюу О.С-ыг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.

 

О.С нь Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/06 дугаартай тушаал[5] гаргаж өөрийн ажиллаж байсан хүүхдийн эрүүл мэнд хариуцсан их эмчийн ажил үүргийг их эмч З.Х-аар хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж байжээ. Үүнээс өмнө Б сумын Засаг даргаас “...тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан О.С-д 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан их эмчийн ажил үүргийг хавсруулан гүйцэтгүүлэх”-ээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай захирамж гаргасан байна. Харин ажил олгогч 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/10 дугаар тушаал[6] гаргаж, тус төвийн хүүхдийн их эмчээр Ө.Айшуахыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг хариуцагчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл хариуцагчийн “О.С нь эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгч байх хугацаандаа хүүхдийн эрүүл мэнд хариуцсан эмчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан гэдэг нь үндэслэлгүй. Тэрээр нэгэнт эрхлэгчийн ажил үүргийг орлон гүйцэтгэж байсан учир хүүхдийн эрүүл мэндийг хариуцсан эмчийн  үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг өөрөө гаргах ёстой, ... энэ хэргийн хариуцагч би биш, би О.С-ыг ажлаас халах шийдвэр гаргаагүй. Одоо хүүхдийн эмч гэх орон тоо байхгүй.” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй, түүний ажиллаж байсан хүүхдийн их эмчийн орон тоонд өөр хүнийг томилсон үйлдлийг О.С-ыг ажлаас халсантай адилтган үзнэ.

 

О.С нь Б сумын Засаг даргын захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад тус төвийн эрхлэгчээр Г.Д-ыг эгүүлэн томилсонтой холбогдуулан түр орлож байсан уг ажил үүргээс чөлөөлөгдсөн нь ажилтны урьд эрхэлж байсан Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан их эмчийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

О.С-ыг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй, түүнийг хүүхдийн их эмчээр ажиллуулах үндэслэл болсон ажил олгогчийн шийдвэр, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар хүчингүй болгоогүй, цуцлагдаагүй тохиолдолд ажилтан О.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Тиймээс ажилтны гомдлыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан их эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн “Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг тус төвийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулгыг ажлаас үндэслэлгүй, буруу халагдсан ажилтны “ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол” гэж дүгнэн энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар шүүх ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг хянан шийдвэрлэнэ.

 

2. Анхан шатны шүүх ажилтны цалин хөлстэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Ажилтан О.С нь Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөний дараа 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд тус төвийн хүүхдийн их эмчээр ажилласан нь дуудлагын журнал[7], өвчний түүх хөтөлсөн тэмдэглэлүүд[8], “Е-Даатгал” цахим мэдээллийн сангийн бүртгэлүүд[9], гэрч А.Б, С.Н, А.Т нарын мэдүүлэг[10], эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан бүртгэл[11] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул ажил олгогч байгууллагын санхүүгийн тодорхойлолтуудыг[12] үндэслэн түүний 2019 оны 7 дугаар сарын цалинд 819.165.00 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Ажилтан О.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 47 дугаар зүйлийн 47.1.-т зааснаар хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс авах эрхтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00568 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “О.С-ыг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр үргэлжлүүлэн ажиллуулахыг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид даалгаж,” гэснийг “О.С-ыг Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмч /хүүхдийн эрүүл мэнд хариуцсан/-ийн ажилд эгүүлэн тогтоож,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 3 дугаар тал.

[2] Хэргийн 4 дүгээр тал.

[3] Хэргийн 19 дүгээр тал.

[4] Хэргийн 20 дугаар тал.

[5] Хэргийн 21 дүгээр тал.

[6] Хэргийн 76 дугаар тал.

[7] Хэргийн 36 дугаар тал.

[8] Хэргийн 43, 49, 50 дугаар тал.

[9] Хэргийн 54-56 дугаар тал.

[10] Хэргийн 90-98 дугаар тал.

[11] Хэргийн 102 дугаар тал.

[12] Хэргийн 78, 100 дугаар тал.