Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2019/00705

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 01 дугаар баг Х,  гудамж, ,,, тоотод оршин суух, утас 0000000000, РД:00000000000, Х овогт Е.Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Жсум, Х Их Сургууль (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н, утас:000000000)-д холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Х, хариуцагч Х Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г, Е.Х нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

Нэхэмжлэгч Е.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд Х Их сургуулийн захирлын Б\103 тоот тушаалаар томилогдсон. Уг тушаалын 3 дахь хэсэгт Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г надтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхээр тохирсон. Иймд Х Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа учир уг тушаалыг хүчингүй болгуулахаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон тогтвор суурьшилтай 2 эил ажилласан бөгөөд дээрх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй өөрийн эрхэлсэн ажилдаа хянамгай байж тухайн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг болон ажлын цагийг чанд баримталж аливаа өгсөн үүрэг даалгаврыг шуурхай болоод чанартай гүйцэтгэж ажилдаа эзэн ёсоор сэтгэлээрээ хандан, санаачилгатай хуулийн хүрээнд чанартай үнэнч шударгаар ажиллаж ирсэн бөгөөд дээрх хугацаанд сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. 2018 оны 06 дугаар сард Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын албан тушаалыг буруулан оронд нь тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Хыг түр орлон гүйцэтгэгчээр томилон Ж.Х уг томилогдсон үеэсээ эхлэн хуучин захирлын үед ажилд орсон чамтай хамарч ажиллахгүй. Х Их сургуулийн захирлын албан үүргийн дагуу багаа бүрдүүлж ажилламаар байна. Тийм учраас ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг удаа дараа тавьж, төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр нэгжүүдийг нэгтгэж, цомтгоно гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Тэр үеэс эхлэн миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхийг хязгаарлаж, зарим чиг үүргээ хийж гүйцэтгэхэд саад учруулж эхэлсэн. Миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж буруу ойлголтыг залруулахаар хичээл зүтгэл гаргасан боловч үл ойшоосон.

Улмаар Х Их сургуулийн удирдах зөвлөл 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, уг хурлаар Х Их сургуулийн бүтцэд зарим өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн Х Их сургуулийн бүтцийг шинэчлэн баталж салбар сургуулийн гурван тэнхимийг хоёр тэнхим болгон нэгтгэж, бусад бүтцийг хэвээр хадгалж үлдсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамт олны хуралд захирал танилцуулж байсан. Он гарсны дараа 01 сарын 30-ны өдөр багш, ажилтан нарын цалин 8 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан тухай багш ажилчдын фейсбүүк гурппт нийтэлж, Х их сургуулиас тогтмол зардлын авлага 479 сая төгрөг болсон үүнийг бид тооцоо нийлсэн актаар баталгаажуулж энэ жилдээ багтааж авахаар болсон. 2018-2019 оны хичээлийн жилд бид бакалаврын нийт орлого 468 сая төгрөг хуримтлуулж чадсан тухай танилцуулж, бүтэц орон тоог хэвээр хадгалж үлдсэн гэдгээ хэлж байсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр захирал туслахаар дамжуулан намайг дуудаж чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон тушаал чинь 5 дугаар сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөх болсноо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт ТУЗ-ын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа гэсэн мөртлөө дээрх гол үндэслэл болсон шийдвэрүүд болон 1 сарын өмнөх мэдэгдэх хуудас олгож танилцуулаагүй. Мөн түүнчлэн миний бие 5 дугаар сарын 06-ны өдөр ажлын 7 хоногийн чөлөө авахаар Х Их сургуулийн захиргаанд болон сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгөлгүй чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Х их сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Е.Хийг Х Их сургуулийн Захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу гаргасан Х Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор, мөн Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь хэсэгт зааснаар гаргасан Х Их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А\200 дугаар тушаалаар Х их сургуулийн бүтэц, орон тоо, цалингийн санг баталсан бөгөөд Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан болно. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Е.Хийн орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б аймаг дахь салбар сургуульд дээр очиж өөрт нь танилцуулсан бөгөөд гардаж авахаас татгалзсан болно. Энэ талаар мөн өдөр салбар сургуулийн Захиргааны зөвлөл хуралдсан. Х Их сургуулийн Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн гарсан. Иймд Е.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ[1]: Тус шүүхэд Е.Х нь Х Их Сургуульд холбогдуулан Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Е.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гтай 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г нотлох баримтаар үнэлүүлэхээр гарган өгчээ. Нэхэмжлэгч нь хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд Х Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаар тушаалаар томилогдоход салбар сургуулийн захирал С.Гд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхээ уг тушаалаар итгэмжлэн шилжүүлсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Е.Х Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үүнд: Х Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаар Ажилтан ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Е.Хийг албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн харилцаа үүссэн үеэс нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг салбар сургуулийн захиралд үүрэг болгосон байна. Гэтэл ажилд орсноос хойш 1 жилийн дараа байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг Х Их сургуулийн захирал гэрээ байгуулах эрхээ салбар сургуулийн захиралд итгэмжлэн шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ нь Х Их сургуулийн захирал баталснаар хүчин төгөлдөр байх бөгөөд Батлав...........Захирал хэсэгт гарын үсэг, тамга дарж баталгаажуулаагүй байна. 3.Е.Х нь гоц онцгой авьяас өндөр чадвар бүхий хүн биш байтал Х Их сургуулийн багш, ажилтнуудтай хийдэг Хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалтаас өөр нөхцөлүүдийг тохирсон байна. Ажил олгогч буюу Х Их сургуулийн захиргааны зүгээс Б аймаг дахь салбар сургуулийн захиргаанд тусгайлан нөхцөлөөр Е.Хтэй Хөдөлмөрийн нөхцөл харилцан тохирох эрхийг салбар сургуульд олгоогүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон эрхийг хүрээнд сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Е.Хийн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн маргаан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Е.Х Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е.Х хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа[2]: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрөө буюу гэрээ байгуулах албан тушаалтныг томилж, түүгээр дамжуулан гэрээ байгуулж болохоор хууль тогтоогч хуульчилж Х Их сургуулийн захирал (тухайн үед алба хашиж байсан М.Алтанбагана) намайг албан тушаалд томилоход гэрээ байгуулах эрхийг салбар сургуулийн захиралд ажил томилсон тушаалаар олгосон. Миний бие ажилд томилсон тушаал гарсны дараа гэрээ байгуулах саналыг удаа дараа тухайн үеийн удирдлагуудтай тавьж байсан боловч гэрээ байгуулаагүй байдаг. Улмаар 2018 оны 05 сарын 16-ны өдөр салбар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар ирсэн Х Их сургуулийн захирал (тухайн үед алба хашиж байсан В.Сайнбаяр) гэрээ байгуулахыг салбар сургуулийн захиралд дахин үүрэг болгосны дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн бүх багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, гэрээ байгуулагдаагүй багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан. Мөн түүнчлэн гэрээний заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй ба хэргийн харьяалал болон бусад тохирсон заалт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон тус байгууллагын Хөдөлмөрийн хуульд нийцүүлж гаргасан Хөдөлмөрийн дотоод журмаар талууд тохиролцож болохоор нээлттэй үлдээсэн талбарт гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу тохиролцоо билээ. Иймд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х их сургуулиас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад орж мөн өдрөө тус сургуулийн Б салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдсон. Би ажилд томилогдсоны дараа хэд хэдэн шүүх хуралдаанд оролцож байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын байдлаар алдаа гаргаж хариуцлага алдаж байгаагүй. Би ажлаа хэвийн хийгээд явж байхад 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х их сургуулийн хуулийн зөвлөх Бадамцэцэг гэх хүн над руу залгаж намайг ажлаас халах болсон талаар хэлсэн. Мөн салбар сургуулийн захирал Ж.Х 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг албан өрөөндөө дуудаж чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон, чиний орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хассан, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар захирлын тушаалаар чиний орон тоо хасагдсан тул чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон гэж хэлсэн. Би тухайн үед уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Х их сургуулийн Б салбарын захирал Ж.Хд Улаанбаатар хот руу сургалтад болон эмчилгээ хийлгүүлэхээр явах тухай чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Би чөлөө аваад онгоцонд сууж байхад захирал над руу залгаад чамайг ажлаас халсан тухай тушаал ирчихлээ, тушаалаа ирж аваарай гэж ярьсан. Би тухайн үед би захиргааны чөлөөтэй байгаа тул тушаал гардан авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатараас аймагт ирсэн ба надад тухайн үед тушаалыг гардуулан өгч, миний ажлыг хүлээн авсан. Нэгэнт намайг ажлаас халах тухай тушаал гарсан байсан тул би ажлаа хүлээлгэж өгсөн.

Х их сургуулийн захирлын 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр тайлбарлаж байна. Би орон тоо хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон тоо хасагдах үндэслэл байхгүй. Орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын орон тооны бүтцээс тодорхой ажил, албан тушаал ажлын байр үгүй болохоос гадна, хөдөлмөрийн гэрээний дараах 4 гол нөхцөл өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдолд тухайн ажлын байр хасагдсан гэх ойлголтыг хэрэглэнэ. Үүнд, 1.Ажлын байрны чиг үүрэг нэмэгдэх, хасагдах байдлаар өөрчлөгдөх, 2.Тухайн ажлын байрны шууд болон шууд бус удирдлага нь өөрчлөгдөх, 3.Ажил, албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөх, 4.Цалингийн шатлал өөрчлөгдсөн байх шаардлагатай. Миний бие Х их сургуулийн хуулийн зөвлөлийн ажлын байрны тодорхойлолтын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан. Ажлын байрны чиг үүрэг нэмсэн, хассан талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын байрны тодорхойлолтын дагуу би ажлаа Х их сургуулийн захирал болон тус сургуулийн Б салбарын захиралд шууд тайлагнадаг байсан ба энэ нь өөрчлөгдөөгүй. Х их сургуулийн захирлын тушаалын үндэслэх хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын дагуу миний орон тоог цомхотгосон гэж бичсэн байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд төсвийн шууд захирагчийн эрх үүргийг заасан. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч нь жилээр батлагдсан төсөвтэй ажилтныг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрхгүй юм. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Х их сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/90 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож намайг хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтнээр тус тус эгүүлэн томилж өгнө үү гэв.

Хариуцагч Х Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х их сургуулийн захирлын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан. Орон тоо хасагдана гэдэг нь тухайн ажлын байр нь тухайн байгууллагад байхгүй болсон гэх агуулгыг агуулна. Харин орон тоо цөөрсөн гэдэг нь ижил зэрэглэлийн албан тушаалаас тодорхой тооны албан тушаалыг цөөрүүлэхийг ойлгоно. Х их сургуулийн Б аймгийн салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор Б аймаг дахь багшийн коллежийг Х их сургуулийн салбар сургууль болгож нэгтгэсэн. Хуулийн этгээдийн эрхтэй эсэх асуудлыг ярих ёстой байх. Хүний нөөцтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох асуудлыг Х их сургуулийн захирал шийднэ. Х их сургуулийн харьяа Б аймаг дахь салбар сургууль хуулийн этгээдийн эрхгүй ба Х их сургуулийн захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу санхүүгээ зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч нь би Х их сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын дагуу түүнтэй адил чиг үүрэг гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Х их сургуулийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт 2008 онд батлагдсан. Одоо хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн нь тусдаа. Салбар сургуулийн хуулийн зөвлөх нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй байсан. Х их сургуулийн хуулийн зөвлөх болон салбар сургуулийн хуулийн зөвлөх нар нь гүйцэтгэх чиг үүрэг, харьяалал, хамаарах этгээдүүдийн хувьд өөр албан тушаал байгаа.

Нэхэмжлэгчийн Х их сургуулийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Салбар сургуулийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж мөрдүүлээгүй байсан. Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Их, дээд сургуулийн удирдах зөвлөлийн эрхийг зааж өгсөн. Мөн хуулийн 12 дугаар зүйлд Их, дээд сургуулийн захирлын эрх үүргийг хуульчилж өгсөн. Дээд боловсролын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу Их дээд сургуулийн захирал нь орон тоо бүтэц, цалингийн санг тогтоох эрхтэй. Анхнаасаа салбар сургуульд хуулийн зөвлөх гэх албан тушаал батлаагүй байсан. Тухайн үеийн удирдлагууд салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоог бий болгосон байсан. Гэхдээ энэ нь, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш. Учир нь, нэхэмжлэгч тус сургуулиас зарласан сонгон шалгаруулалт оролцсон. Хэрэгт Х их сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоол авагдсан. Удирдах зөвлөлийн хурлаар Х их сургуулийн төсвийн төслийг баталсан ба 4 дүгээр хавсралтаар Х их сургуулийн удирдах, гүйцэтгэх, туслах болон ахлах багш ажилчдын цалингийн санг баталсан. Б аймаг дахь салбар сургуулийн бүтэц орон тоо, цалингийн санг баталсан ба салбар сургуулийн хуулийн зөвлөх гэх орон тоог батлаагүй хассан. Х их сургуулийн захирал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар багш ажилчдын орон тоо, албан тушаалын цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоосон. Дээд боловсролын тухай хуулийн 11,12 дугаар зүйлд зааснаар Х их сургуулийн захирал 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаал гаргасан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр удирдах зөвлөл нь 2019 оны төсвийг батлахдаа салбар сургуулийн хуулийн зөвлөхийн ажлын байрыг хассан байна. Удирдах зөвлөлөөс баталсан төсвийн төсвийн хүрээнд цалингийн сан, сүлжээ, орон тоо бүтэц тогтоогдож явна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар энэ тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг бичгээр хүргүүлэх ажиллагааг хийсэн. Би Е.Хт мэдэгдэх хуудсыг өгөхөөр өөрийн биеэр Б аймагт 03 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Тус салбар сургуулийн захиргааны зөвлөлөөр дамжуулж Е.Хийг дуудуулж, мэдэгдэх хуудас өгөхийг зорьсон. Гэвч Е.Х нь захиргааны зөвлөлийн хуралд орохгүй гэдгээ илэрхийлсэн.

Е.Хийн надтай тусгай уулзана гэх хүсэлтийн дагуу түүнтэй уулзаж мэдэгдлийг танилцуулахад тэрээр би мэдэгдлийг хүлээж авахгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Тэгээд мэдэгдэх хуудаст тайлбар бичиж, гарын үсэг зурсан. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон тул тухайн өдөр нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан хуулийн шаардлага хангасан ба мэдэгдэл өгснөөс хойш 1 сарын дараа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид ажлаас гэнэт халагдсаны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн. Е.Хт ажлаас халагдсаны 1 сарын тэтгэмж өгсөн тул баримт гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан ажилтанд ажил хүлээлгэж өгөх хугацааг оруулж өгнө гэх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч сая би 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод ажилтай байсан гэж тайлбарлаж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тушаалд нэхэмжлэгчийн ажлыг хүлээлгэн өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож 05 дугаар сарын 16-ны өдөр ажил хүлээлцэхийг даалгаж тусгасан байгаа. Орон тоо хасагдсан тохиолдолд чөлөөлөх эсэх асуудлыг талууд хөдөлмөрийн гэрээний тухайлан зохицуулж тусгасан байх гэх хуулийн шаардлага байхгүй. Х их сургуулийн удирдах зөвлөлийн тогтоолоор салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан. Ажлын байрны нэршлийн талаар тайлбарлахад, анх Х их сургуулийн захирлын тушаалаар нэхэмжлэгч Е.Хийг хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон байсан. Орон тоо, цалингийн сан баталсан тушаал гаргахдаа хүний нөөц гэх үгийг хасч, хуулийн зөвлөх гэх нэршлээр баталсан байсан. Нэхэмжлэгч намайг хуулийн зөвлөхөөс чөлөөлсөн, би хүний нөөцийн мэргэжилтэн хийнэ гэж маргаагүй. Нэхэмжлэгч ажилд орсноос хойш 2017, 2018 оны тушаалуудад Х их сургуулийн Б салбар сургуулийн хуулийн зөвлөх гэх орон тоо нэршлээр тухайн ажлын байрыг нэрлэсэн ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй ажил үүргээ гүйцэтгээд ирсэн тул хуулийн зөвлөх-ийн ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаал гарсан. Анх хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн гэж нэрлэгдсэн боловч жил бүр албан тушаалын зэрэглэл, бүтцийг тогтоохдоо хуулийн зөвлөх гэж тогтоосон тул нэхэмжлэгчийг хуулийн зөвлөхийн орон тоо-гоос чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Х их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахад: Хөдөлмөрийн гэрээний агуулгын талаар нэхэмжлэгч би байнгын ажлын байран дээр хугацаагүй ажиллаж байсан гэх тайлбар гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь, нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа салбар сургуулийн захиралд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар үүрэг болгосон. Гэхдээ цаашид хөдөлмөрийн харилцааны явцад нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байнга байгуулахыг үүрэг болгоогүй. Салбарын захирал тухайн байгууллагын бусад албан хаагч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ганц Хтэй 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн хөдөлмөрийн гэрээг Х их сургуулийн захирал баталснаар хүчин төгөлдөр болох ёстой байсан. Гэрээний хүчин төгөлдөр гол нөхцөлийг талууд харилцан тохиролцоод тусгасан байгаа. Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Х их сургуулийн захирал батлаагүй. Нэхэмжлэгч захирал Гд эрх олгосноор ажил олгогчийг төлөөлөх тал гэж тайлбарлаж байна.Гд гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон болохоос биш, батлах эрхийг олгоогүй мөн Х их сургуулийн захирал Сайнбаяр тухайн хөдөлмөрийн гэрээг батлаагүй гэдэг үндэслэлээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй. Х их сургуулийн захирал нэхэмжлэгчийг анх ажилд авах үед түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг салбар сургуулийн захиралд олгосон болохоос биш, цаашдаа хөдөлмөрийн харилцааны явцад гэрээг сунгах, тодорхой хугацааны дараа Хтэй гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Хт хэтэрхий давуу байдал олгосон.

Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-т уг гэрээтэй холбоотой маргаан гарвал тухайн ажилтны оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тусгаж өгсөн. Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн бүх багш ажилчдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд маргаан гарвал тус ажилтны оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тусгаж өгөөгүй. Иймд, дээрх үндэслэлээр Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны дөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Е.Х шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ямар тохиолдолд хүчин төгөлдөр болохоор заасан бэ гэвэл, хөдөлмөрийн гэрээнд заасан 4 гол нөхцөл хэвээр байгаа тохиолдолд хүчин төгөлдөр байхаар тусгасан. Тухайн хөдөлмөрийн гэрээг заавал захирал батлах, гарын үсэг зурах, тамга дарснаар хүчин төгөлдөр болно гэх ойлголт байхгүй. Мөн давуу эрх олгосон гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талууд харилцан тохиролцож болохоор нээлттэй талбар байгаа. Харьяаллыг талууд сонгох боломжтой. Хөдөлмөрийн гэрээ нь нэг талын гэрээ биш. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой тул Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г, Х нарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан үйл ажиллагаа байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Е.Х Х Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаартай Ажилтан ажиллуулах тухай тушаалаар Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр Е.Хийг Б аймаг дахь салбар сургуулийн захиргааны зөвлөлийн шийдвэр-ийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтын 6 хүртэлх хугацаанд түр томилон, Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн (Е.Х)-тэй Хөдөлмөрийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулан удирдлагаар хангаж ажиллахыг Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч (Г)-д үүрэг болгосон байна.

Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр (нэхэмжлэгч) Е.Хтэй Хөдөлмөрийн гэрээ-г 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба нийтлэг үндэслэлд эрхлэх ажил албан тушаал: Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, боловсрол мэргэжил: Дээд эрх зүйч, албан тушаалын цалингийн сүлжээ, шатлал: ТҮ-7... гэж тусгасан байна.

Энэхүү нэхэмжлэгч Е.Хтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.1-д зааснаар тухайн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд нэхэмжлэгч Е.Х ажлаа гүйцэтгэсээр байсан тул уг хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д нийцэж байна.

Мөн энэхүү гэрээний 5.3-д гэрээний талаар маргаан гарвал, харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ. Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд тухайн ажилтны оршин суугаа газрын шүүхэд гаргана (Өөрөөр хэлбэл тус ажилтны оршин суугаа Б аймгийн Шүүхэд нэхэмжлэл гаргана) гэж талууд тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан хуулийн шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/77 дугаартай Х их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Н Мэдэгдэл хүргүүлэх тухай[3] албан бичгээр Е.Хт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Е.Хийг үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар чөлөөлсөн ба энэхүү тушаалыг нэхэмжлэгч М.Хт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр танилцуулан гардуулсан болох нь Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хуулийн зөвлөх Е.Хт тушаал гардуулах хурлын тэмдэглэл [4]-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Е.Х нь Х Их Сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Х Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг, Х их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоол, Х их сургуулийн захиргааны 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаар тушаал, Х их сургуулийн дүрэм-ийн 3.14.2, 3.15, Х Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1, 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан тул хуулийн зөвлөх Е.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2019 оны 4 сарын 30-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна. Үүнд:

-Х их сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаартай Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээ шинэчлэн тогтоох тухай[5] тушаалаар Х их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн....харьяа хүрээлэн, ахлах сургуулийн багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан (3 дугаар хавсралт) ... тус тус баталсан байна.

Энэхүү Х их сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтын Б аймаг дахь салбар сургуулийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилчдын цалингийн сан[6] жагсаалтын 4-д Е.Х, албан тушаал: хуулийн зөвлөх, зэрэглэл: ТҮ-7, ажилласан жил: 2...гэж баталсан байна

Гэтэл Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэл[7]-д Х их сургуулийн хуулийн зөвлөх Н.О:...ХИС-ийн захирлын А\200 тоот тушаалаар бол 2018-2019 оны хичээлийн жилийн багш, ажилчдын цалингийн орон төсвөө баталсан...салбар сургуулиас 1 номын санч, эмчийн орон тоо, хуулийн зөвлөхийн орон тоо батлаагүй. Хасаж байгаа орон тооны хувьд бол хуулийн зөвлөх гэсэн орон тоо байна... гэсэн нь дээрх Х их сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаартай тушаалтай зөрчилдөж байна.

-Х их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 10 дугаартай Х их сургуулийн 2019 оны төсвийн төслийг батлах тухай[8] тогтоолоор.... Х их сургуулийн багш ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 8 хувиар нэмэгдүүлж, цалингийн сүлжээ, шатлалыг шинэчлэн (3 дугаар хавсралт) орон тоог 256 багш, ажилтнаар, цалингийн санг 265608372 төгрөгөөр (4 дүгээр хавсралт) тус тус.... баталсан байна.

Энэхүү Х их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 10 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Б аймаг дахь салбар сургуулийн цалингийн сүлжээний шатлал[9]-ын 1-д цалингийн сүлжээний шатлал \1-4\; ТҮ-7 (...хуулийн зөвлөх...)-д 664429 төгрөг гэж тусгасан мөртлөө 4 дугаар хавсралтаар баталсан Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн багш, ажиллагсдын цалингийн сан[10]-д тус салбар сургуульд ТҮ-7 шатлалаар цалинждаг албан хаагчийн нэр, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал зэрэглэл зэргийг тусгаагүй байдал нь энэхүү хоёр хавсралт нь хоорондоо зөрүүтэй бие бие үгүйсгэж байна.

Нэхэмжлэгч Е.Хийн мэдүүлснээр тухай сургуульд ТҮ-7 шатлалаар цалинждаг ганц хүнийг өөрөө гэсэн ба энэ хавтаст хэрэгт авагдсан дээрх 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г (нэхэмжлэгч) Е.Хтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Х их сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаартай Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээ шинэчлэн тогтоох тухай тушаалаар тус тус нотлогдож байна.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №3 дугаартай Х их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын протокол[11]-д...хуралд оролцож байгаа ирц дотор тус Б салбар сургуулийн захирал Ж.Хы нэр байхгүй байхад Х их сургуулийн 2019 оны төсөвт багш ажилтны цалингийн санг 8%- иар өсгье гэснийг гишүүд 100% саналаар баталсны дараа Х их сургуулийн захирал Ж.Х өөрийн ажлыг танилцуулсан гэсэн нь эргэлзээтэй байна.

Мөн энэхүү Х их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын протоколд[12]....3 орон тоог цомхотгох тухай санал хураая гэснээр гишүүд 100% санал нэгтэйгээр дэмжив гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй тус салбар сургуулийн зарим орон тоог цөөрүүлсэн, зарим орон тоог хасагдсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэл[13]-ээр нотлогдож байна.

Иймд хариуцагчийн Х их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 10 дугаартай тогтоолын 3 болон 4 дугаар хавсралтын зөрүүтэй эргэлзээтэй байхад Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн багш, ажиллагсдын цалингийн сан-д хуулийн зөвлөхийн орон байхгүй байна гэснээр тухайн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

Мөн Х их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаас Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн багш ажиллагсдын ямар орон тоог цөөрүүлсэн болон хасагдсан тухай хууль ёсны эрхийн акт байхгүй байгаа тул нэхэмжлэгч Е.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Е.Хийн албан тушаалыг Х Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаартай Ажилтан ажиллуулах тухай тушаал болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн тусгагдсан боловч дараа дараагийн Х их сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А\200 дугаартай Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээ шинэчлэн тогтоох тухай тушаал болон Х их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх гэж тус тус тусгасан байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн албан тушаалыг Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоон гэж зөвтгөн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.

2) Х их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаартай Ажилтан ажиллуулах тухай тушаалын тушаах хэсгийн 3-д зааснаар Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн (Е.Х)-тэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч (Г)-д үүрэг болгосноор Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр (нэхэмжлэгч) Е.Хтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д нийцэж байгаа ба хөдөлмөрийн гэрээг тушаал гарсан өдөр байгуулаагүй явдалд нэхэмжлэгч Е.Хийг буруутгах хуулийн үндэслэл байхгүй болно.

Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г, (нэхэмжлэгч) Е.Х нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Е.Хийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х овогт Ерхуатын Хийг Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргаан тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас болохыг дурдаж, хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч Х их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е.Хийг Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлийг баримтлан Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г, (нэхэмжлэгч) Е.Х нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х их сургуулийн санхүүгээс 70200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК