Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00791

 

 Е.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2020/00011 дүгээр магадлалтай,

Е.*******ийн нэхэмжлэлтэй,

Ховд их сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Е.*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Е.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд*******ийн захирлын Б/103 тоот тушаалаар томилогдсон. Уг тушаалын 3 дахь хэсэгт*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура надтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхээр тохирсон. Иймд*******ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдоржийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа учир уг тушаалыг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон тогтвор суурьшилтай 2 жил ажилласан бөгөөд дээрх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй өөрийн эрхэлсэн ажилдаа хянамгай байж тухайн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг болон ажлын цагийг чанд баримталж аливаа өгсөн үүрэг даалгаврыг шуурхай болоод чанартай гүйцэтгэж ажилдаа эзэн ёсоор сэтгэлээрээ хандан, санаачилгатай хуулийн хүрээнд чанартай үнэнч шударгаар ажиллаж ирсэн бөгөөд дээрх хугацаанд сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. 2018 оны 06 дугаар сард*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын албан тушаалыг буруулан оронд нь тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Хиналганыг түр орлон гүйцэтгэгчээр томилон Ж.Хиналган уг томилогдсон үеэсээ эхлэн хуучин захирлын үед ажилд орсон чамтай хамарч ажиллахгүй.*******ийн захирлын албан үүргийн дагуу багаа бүрдүүлж ажилламаар байна. Тийм учраас ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг удаа дараа тавьж, төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр нэгжүүдийг нэгтгэж, цомтгоно гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Тэр үеэс эхлэн миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхийг хязгаарлаж, зарим чиг үүргээ хийж гүйцэтгэхэд саад учруулж эхэлсэн. Миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж буруу ойлголтыг залруулахаар хичээл зүтгэл гаргасан боловч үл ойшоосон.

Улмаар*******ийн удирдах зөвлөл 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, уг хурлаар*******ийн бүтцэд зарим өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн*******ийн бүтцийг шинэчлэн баталж салбар сургуулийн гурван тэнхимийг хоёр тэнхим болгон нэгтгэж, бусад бүтцийг хэвээр хадгалж үлдсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамт олны хуралд захирал танилцуулж байсан. Он гарсны дараа 01 сарын 30-ны өдөр багш, ажилтан нарын цалин 8 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан тухай багш ажилчдын фейсбүүк гурппт нийтэлж,*******иас тогтмол зардлын авлага 479 сая төгрөг болсон үүнийг бид тооцоо нийлсэн актаар баталгаажуулж энэ жилдээ багтааж авахаар болсон. 2018-2019 оны хичээлийн жилд бид бакалаврын нийт орлого 468 сая төгрөг хуримтлуулж чадсан тухай танилцуулж, бүтэц орон тоог хэвээр хадгалж үлдсэн гэдгээ хэлж байсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр захирал туслахаар дамжуулан намайг дуудаж чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон тушаал чинь 5 дугаар сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөх болсноо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт ТУЗ-ын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа гэсэн мөртлөө дээрх гол үндэслэл болсон шийдвэрүүд болон 1 сарын өмнөх мэдэгдэх хуудас олгож танилцуулаагүй. Мөн түүнчлэн миний бие 5 дугаар сарын 06-ны өдөр ажлын 7 хоногийн чөлөө авахаар*******ийн захиргаанд болон сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгөлгүй чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан*******ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Е.*******ийг*******ийн Захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу гаргасан*******ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор, мөн Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь хэсэгт зааснаар гаргасан*******ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар*******ийн бүтэц, орон тоо, цалингийн санг баталсан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан болно.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Е.*******ийн орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд дээр очиж өөрт нь танилцуулсан бөгөөд гардаж авахаас татгалзсан болно. Энэ талаар мөн өдөр салбар сургуулийн Захиргааны зөвлөл хуралдсан.*******ийн Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн гарсан. Иймд Е.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Е.******* нь*******д холбогдуулан Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Е.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гауратай 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г нотлох баримтаар үнэлүүлэхээр гарган өгчээ.

Нэхэмжлэгч нь хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд*******ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар томилогдоход салбар сургуулийн захирал С.Гаурад надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхээ уг тушаалаар итгэмжлэн шилжүүлсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Е.**************ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үүнд:

1.*******ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаар Ажилтан ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Е.*******ийг албан тушаалд томилохдоо хөдөлмөрийн харилцаа үүссэн үеэс нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг салбар сургуулийн захиралд үүрэг болгосон байна. Гэтэл ажилд орсноос хойш 1 жилийн дараа байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг*******ийн захирал гэрээ байгуулах эрхээ салбар сургуулийн захиралд итгэмжлэн шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ нь*******ийн захирал баталснаар хүчин төгөлдөр байх бөгөөд Батлав...........Захирал хэсэгт гарын үсэг, тамга дарж баталгаажуулаагүй байна.

3. Е.******* нь гоц онцгой авьяас өндөр чадвар бүхий хүн биш байтал*******ийн багш, ажилтнуудтай хийдэг Хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалтаас өөр нөхцөлүүдийг тохирсон байна. Ажил олгогч буюу*******ийн захиргааны зүгээс Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргаанд тусгайлан нөхцөлөөр Е.*******тэй Хөдөлмөрийн нөхцөл харилцан тохирох эрхийг салбар сургуульд олгоогүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Е.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн маргаан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Е.**************ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Гаура нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрөө буюу гэрээ байгуулах албан тушаалтныг томилж, түүгээр дамжуулан гэрээ байгуулж болохоор хууль тогтоогч хуульчилж,*******ийн захирал (тухайн үед алба хашиж байсан М.Алтанбагана) намайг албан тушаалд томилоход гэрээ байгуулах эрхийг салбар сургуулийн захиралд ажил томилсон тушаалаар олгосон. Миний бие ажилд томилсон тушаал гарсны дараа гэрээ байгуулах саналыг удаа дараа тухайн үеийн удирдлагуудтай тавьж байсан боловч гэрээ байгуулаагүй байдаг.

Улмаар 2018 оны 05 сарын 16-ны өдөр салбар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар ирсэн*******ийн захирал (тухайн үед алба хашиж байсан В.Сайнбаяр) гэрээ байгуулахыг салбар сургуулийн захиралд дахин үүрэг болгосны дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн бүх багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, гэрээ байгуулагдаагүй багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан.

Түүнчлэн гэрээний заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй ба хэргийн харьяалал болон бусад тохирсон заалт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон тус байгууллагын Хөдөлмөрийн хуульд нийцүүлж гаргасан Хөдөлмөрийн дотоод журмаар талууд тохиролцож болохоор нээлттэй үлдээсэн талбарт гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу тохиролцоо билээ. Иймд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч*******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямдоржийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хурман овогт Ерхуатын *******ийг*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоож,

Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлийг баримтлан*******ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Гаура, (нэхэмжлэгч) Е.******* нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч*******ийн санхүүгээс 70 200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2020/00011 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Е.*******ийн хариуцагч*******д холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан мөн сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авч,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Е.******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 29-ний өдрийн 212/МА2020/00011 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Хариуцагч байгууллагын орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэсэн үндэслэлийг гаргасан байна. Энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах гомдлын үндэслэлийг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох, Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол- ын 15.1.1.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,-д заасан орон тоо хасагдсан /гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэсэнтэй нийцэхгүй байгаа юм. Учир нь Орон тоо хасагдах гэдэг ойлголтын агуулгыг тайлбарлахын тулд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зайлшгүй тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ямар зүйлийг анх тохирсныг санах шаардлагатай. Тухайлбал тухайн ажилтны албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээний гол нөхцөл болгодог. Үүнээс үзвэл эдгээр зүйл өөрчлөгдөх өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл өөрчлөгдсөнөөр орон тоо хасагдсан гэж үзэх боломжтой. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Түүнчлэн хариуцагч байгууллагын зүгээс анхан шатны шүүхэд салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан мөрдүүлээгүй.*******ийн хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор явдаг гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Мөн хавтаст хэрэгт*******ийн хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн. Үүнээс харахад миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг маань тус сургуулийг бүтцээс хасагдаагүй гэдэг нь харагдаж байна.*******ийн ТУЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор миний орон тоог хасах чиг үүргийг маань өөр албан тушаалтанд шилжүүлсэн эрхийн агт гараагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хоёр. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 3 дахь хэсэгт ТУЗ-ын хуралдаанд салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч оролцон удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар орон тоо хасах саналыг дэмжсэн гэдэг нь тэмдэглэлт нотлох баримтаар үнэлсэн байна.

ИХШХШтХуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бүхэлд нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас харьцуулан шинжлэн судалж үнэлэх журмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагын зүгээс салбар сургуулийн захирал ТУЗ-ын хуралдаанд оролцох эрх бүхий этгээд гэж тайлбарладаг ба үүнийг нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Түүнчлэн БСШУСЯ болон*******ийн албан ёсны веб сайтад ТУЗ- ын бүрэлдэхүүнийг байршуулдаг бөгөөд энэ нотлох баримт нь нийтэд илэрхий нотлох баримт. Мөн түүнчлэн миний зүгээс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж үүнийг анхан шатны шүүхийн 1625 тоот захирамжаар ханган шийдвэрлэсэн ба тус захирамжийн 2 дахь хэсэгт*******ийн удирдах зөвлөлийн дүрмийн шүүхийн журмаар гаргуулахаар болсон байдаг. Үүнд анхан шатны шүүх ажиллагаа хийж нотлох баримтаар гаргаагүй бөгөөд*******ийн зүгээс тус дүрмийг шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шүүх ТУЗ-ын бүрэлдэхүүн болон эрх хэмжээний асуудалд дүгнэлт хийсэн нь ИХШХШтХуулийн суурь зарчимтай харшилж байгаа билээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлагад нийцэхгүй бөгөөд Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.3 дахь хэсэгт хурлын тэмдэглэл хөтлөх үндсэн аргачлалыг баталсан байдаг ба үүнд хурлын тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хэрэв хурлын үеэр санал хураалт явуулсан бол санал хураалтыг явц, үр дүнг хуралдааны тэмдэглэлд хавсаргахаар заасан атал хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримт дээрх шаардлагад нийцдэггүй.

Гурав. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр /Тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан./ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудыг бүхэлд нь хамруулсан баталсан гэх боловч дээрх тогтоолын ТҮ-7 албан тушаалын ангилал тухайн ангилалд хамаарах албан тушаалтны жагсаалтад Хуулийн зөвлөх болон хүний нөөцийн мэргэжилтнээс өөр албан тушаал хамаарахгүй гэдэг нь дээрх тогтоолд тодорхой харагдана.*******ийн захирлын А/200 тушаал болон ТУЗ-ын тогтоолын хавсралтаар баталсан цалингийн сүлжээ баталсан хавсралтад салбар сургуульд надаас өөр ТҮ-7 зэрэглэлээр цалинждаг өөр албан хаагч байхгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 тоот тушаалаар орон тоо цалинг маань баталсан гэж үзсэн мөртлөө ТУЗ-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор цалинг маань хасагдсан гэж үзэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Үүнээс харахад*******ийн захирал болон ТУЗ- ын аль орон тоо тогтоох эрх бүхий этгээд гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 тоот тушаалаар миний албан тушаалын нэршлийг сольсон гэх боловч уг тушаал нь зөвхөн цалингийн сан тогтоох хуулийн заалтыг үндэслэсэн байхад миний албан тушаалын нэршил хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээс хуулийн зөвлөх болж өөрчлөгдсөн гэж эргэлзээтэй дүгнэлт хийсэн.

Дөрөв. Магадлалын 4 дэх хэсэгт шүүх ТУЗ-ын тогтоолыг захирлын тушаалаас илүү ач холбогдолтой гэж үзэн дүгнэлээ. Учир нь Дээд боловсролын тухай хуулийн 11.2 дахь заалт болон Боловсролын тухай хуулийн 36.12.2 дахь заалтын дагуу их сургуулийн удирдах зөвлөл нь сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байна гэ тжс хуулийн заалтыг явцуу хүрээнд тайлбарладаг. Хууль тогтоогч дээрх заалтын тайлбарт дээрх заалт нь төрийн өмчийн их дээд сургуульд хамаарахгүй гэж хуульчилсан ба төрийн өмчид их сургууль боловсролын яамны харья байгууллагын хувьд түүний бүтцийн ЗГ-тогтоох учиртай. Учир нь төрийн өмчид их дээд сургуулийн багш ажилчдын тоо багш нарыг зэрэг дэв, албан тушаалын шатлал болон оюутны тооноос хамааран төрийн өмчид их дээд сургуулийн бүтцийг ЗГ-аас тогтоож байсан. Үүнээс харахад давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2019оны11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 212/МА2020/00011 дугаартай магадлалыг хүчингүй болгон. Урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Е.**************д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Ховд их сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 тушаалаар Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хуулийн зөвлөх Е.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, захиргааны чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн... гэж тайлбарлаж, хариуцагч нь ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай үйл баримтын талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ...их сургууль, дээд сургууль, -д удирдах зөвлөл ... хэрэгжүүлнэ гэж, 36 дугаар зүйлийн 36.12.2., 36.3.12.3.-т удирдах зөвлөл нь сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих эрхтэй гэж, Дээд сургуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5.-д боловсролын удирдлагын байгууллага нь тогтоосон журмын дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, харьяа нэгж, байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрийн тайлан сонсож үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрх үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор*******ийн 2019 оны төсвийг баталж, багш ажилтны цалинг нэмэгдүүлж, цалингийн шатлалыг шинэчлэн, орон тоо, цалинг батлахад Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байр батлагдаагүй, хасагджээ.

Дээрх тогтоолыг үндэслэн*******ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өөрийн Б/97 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг баримтлан Е.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажилтныг ажлаас чөлөөлөх тухай хуульд заасан нэг сараас өмнө ажилтанд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон үндэслэлээр ажил олгогчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч баталж гарын үсэг зураагүй, тухайн гэрээг ажилтныг ажилд орсон хугацаанд нь байгуулаагүй, 1 жилийн дараа байгуулсан гэх үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн ажил олгогчийн сөрөг нэхэмжлэлийг ...хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, ажилтантай хугацаанд нь гэрээ байгуулаагүй, гэрээг ажил олгогч батлаагүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй... гэж үзэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргаагүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2020/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Е.*******ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН        Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД