Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 129/шш2018/00403

 

                                                                          129/шш2018/00403                             

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Э-д холбогдох

            3000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

            Хариуцагч Э.Э

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Э- нь 2017 оны 06 сарын эхээр манай аймагт ирээд надад 8х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, дагалдах хар тааз, шувуун нурууны хамт авчирч өгсөн. Тэгээд миний унаж байсан FOTON үйлдвэрийн FORLAND маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомашиныг өөрийн биеэр үзэж унаж шалгаад нийт 3000000 төгрөгөөр тохиролцсон. Э.Э- өөрөө дүнзэн байшингийн торх хийдэг бөгөөд уг автомашины үнэнд 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууны хамт 21 хоногийн хугацаанд буюу 2017 оны 07 сард өөрийн биеэр авч ирж өгнө гэж хэлээд FORLAND маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомашиныг дүнзэн торх ачиж ирсэн машиндаа ачаад аваад явсан. Хариуцагч Э.Э-той тохиролцсон хугацаа дуусахад би түүний утас руу залгаж тохирсон дүнзэн торх болон дагалдах эд зүйлсийг шаардахад удахгүй аваачиж өгнө гэж хэлсээр надад юу ч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие Эрдэнэзоригтой наймаа хийснийхээ дараа нутгийн ах С.Б-од 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх удахгүй ирнэ түүнийг та аваарай гэж С.Б-од 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх удахгүй ирнэ түүнийг та аваарай гэж хэлээд 3000000 төгрөгийг урьдчилан авсан бөгөөд хариуцагч Э.Э- нь тохирсон хугацаандаа авч ирж өгөөгүйн улмаас С.Б- дүнзээ авахаал больсон бөгөөд түүнээс зээлсэн мөнгөө одоог хүртэл өгч чадаагүй байна. Иймд хариуцагч Э.Э-оос машин худалдсан үнэнд нийт 3000000 төгрөгийг гаргуулж иргэн С.Б намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Э- би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр анх тохирохдоо 8х6 харьцаатай торх, банзтай нь 63-75 ӨВА улсын дугаартай FORLAND маркийн автомашинаар солилцохоор болсон юм. Миний бие 3000000 төгрөгийг өгөх боломжгүй. 8х6 харьцаатай торхыг нь өгнө. Бид тохирохдоо хугацаа заагаагүй. Бололцоогоороо авчирч өгөөрэй гэж надад хэлсэн. Хэрэв торхоо авахгүй гэж байгаа бол би FORLAND  автомашиныг буцааж өгөх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 06 дугаар сарын эхээр Б-, Э- нар нь Өвөрхангай аймгийн Хайрхан-Дулаан суманд нэхэмжлэгчийн хувьд Форланд маркийн 6379ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, хариуцагчийн хувьд Хонда маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад таарсан байдаг. Тааралдаад хариуцагчийн хувьд өмнө нь кроун маркийн авто машинаа 8*8 харьцаатай байшингаар наймаа хийсэн. Уг торхоо аваад явсан байгаа шүү. Би Баянхонгор аймаг орчихоод буцаад явахдаа торхоо буулгана гэж хэлээд явсан. Тухайн үед Форланд маркийн тээврийн хэрэгслийг 6*8 харьцаатай дүнзэн торхыг шувуу нуруу, хар тааз, банзаар арилжихаар хоорондоо харилцан тохиролцсон. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын дундуур Эрдэнэзориг Баянхонгор аймагт ачаагаа буулгаад Өвөрхангай аймагт ирээд өмнөх наймаа хийсэн кроун маркийн тээврийн хэрэгслийн 8*8 харьцаатай дүнзэн торхоо хашаанд нь буулгаад Форланд маркийн тээврийн хэрэгслийг 3 000 000 төгрөгөөр 6*8 харьцаатай дүнзэн торхны үнийг солихоор тохиролцсон. Тухайн үед 6*8 харьцаатай дүнзэн торх, банз, хар тааз, шувуу нуруу, зардал нь ороод дүнзэн торхны ханш 3 000 000 төгрөг байсан. Энэ үнэндээ тааруулж Форланд маркийн тээврийн хэрэгслийг өгөлцөж, авалцахаар тохиролцсон ёсоор Форланд маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч унаж гудамж талбайг тойрч үзэхэд ажиллагааны хувьд хэвийн байсан. Тэгээд болох юм байна гээд 6*8 харьцаатай дүнзэн торхны үнээр тохиролцож наймаалцъя гэдэг хэлцлийг хоорондоо хийсэн. Тухайн үед 8*8 харьцаатай дүнзэн торх ачиж ирсэн Хонда Дино маркийн тээврийн хэрэгсэлдээ Форланд маркийн машиныг ачиж Архангай аймаг руу явсан.  Хугацааны хувьд 07 дугаар сарын 11-ний өдөр буюу улсын наадмаас хэтрүүлэхгүйгээр 6*8 харьцаатай дүнзэн торхыг авчирч өгнө гэж хэлсэн. Тэгээд улсын наадам өнгөрөх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар дүнзэн торх авчирч өгөх шаардлагыг тавиагүй. Хэлэлцэн тохирсон 21 хоногийн хугацаа өнгөрөөд залгахад “Би өнөө, маргаашгүй аваачиж өгнө” гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Мөн сүүлдээ 2017 оны 08 дугаар сарын дундуур “Би дүнзэн торхыг чинь аваачиж өгч чадахгүй. Та нар холбогдох газар нь хандаад олж ав” гэж үүргээс зайлсхийсэн зүйл хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандах талаар судалгаа явуулахад хариуцагчийн оршин суугаа газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наран булагийн 04-21 тоот гэж мэдэгдсэн. Тухайн үед ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэдгийг мэдэх боломжгүй. Энэ хаяг дээрээ байдаг гэдгийг дотны эх сурвалжаас авч шүүхэд хандсан. Энэ хүн тэдний өдөр өгнө гэсэн зүйлийг ярьж байсан болохоос яг одоо аваачиж өгнө гэсэн зүйл яриагүй. Тайлбартаа анхнаасаа хугацаа тохиролцоогүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Яагаад тайлбартаа тэгж хэлсэн гэдэг нь эргэлзээтэй. Тухайн үед зуны улирал байсан. Машинаа өгч явуулчихаад чи хүссэн үедээ торхоо авчирч өгөөрэй гэсэн наймаа хийдэг асуудал хаа газар байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд цаад тал нь 21 хоногийн хугацаанд авчирч өгнө гэж хэлээд аваад явсан гэдэг тайлбарыг хэлдэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч дурддаг. Нэхэмжлэгчийн зүгээс Эрдэнэзоригоос Форланд маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна вэ? гэвэл хариуцагч Эрдэнэзориг 2017 оны 06 дугаар сарын дундуур Форланд маркийн тээврийн хэрэгслийг өмнө нь дүнз авчирч өгсөн тээврийн хэрэгсэлдээ ачиж явсан гэдэгтэй маргах зүйлгүй. Эд хөрөнгө хоорондоо солилцох талаар арилжааны гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Арилжааны гэрээгээр худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд тодорхой эд хөрөнгийг шилжүүлж байгаа. Шилжүүлсэн гэдэг нь шүүхэд өгсөн бичгийн тайлбараар тогтоогддог. Тэгээд тухайн авч явсан эд хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчид хэлсэн цаг хугацааны дагуу буюу 21 хоногийн дотор буцаан төлөх үүргийг хүлээх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хоорондоо тохиролцсон хэлцлээсээ буцсан гэж үзэх үндэслэлтэй. Хэлцлээсээ буцсан бол тухайн эд хөрөнгийг бодит байдлаар биет байдлаар буцааж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч тухайн тээврийн хэрэгслийг  жил гарны хугацаанд хариуцагч байнга ашиглаж байгаа. Тухайн эд хөрөнгийн хувьд бүрэн бүтэн байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Тийм учраас тухайн эд хөрөнгийг буцаан гаргуулах боломжгүй. Иймд хэлэлцэн тохиролцсон 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Э.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- анх ярихад аваад яв, тэгээд бололцоогоороо аваад ир гэсэн. Торхны үнэ ч яриагүй. Машины үнэ ч яриагүй. Харуулдаагүй 8*6 торхыг А нуруутай, хар таазны банзтай нь өгье гэхэд тэг, тэг гэсэн. Тэгээд би машиныг машин дээрээ ачиж яваад буулгаад үзэхэд маслогүй байсан. Би утастаад “Машин чинь маслогүй байна” гэхэд “Масло нэмчих” гэсэн. Тэгээд масло нэмээд явахад масло нь дахиад байхгүй болсон. Тэгээд асаахад мотор нь цохисон. Би тэрэн дээр юм яриагүй. Хугацаанд нь аваачиж өгнөө гэсэн. 10 дугаар сарын үеэр над руу залгасан байсан. Би ачаа ачаад явсан утсаа аваагүй байхад шүүхэд өгсөн байсан гэв.

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч Э.Э- нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас албан ёсоор шилжиж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Оргил гэдэг газар оршин сууж байгаа баримтаа шүүхэд өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р заасан хэрэг шийдвэрлэх нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг болох нь тогтоогдсон болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн нутаг дэвсгэрийн харъяаллын хувьд Архангай аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож байна, маргахгүй гэдгээ шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18-р зүйлд заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч С.Б- хариуцагч Э.Э-оос худалдсан машины төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Э- машин авахдаа төлбөрийг байшин барих дүнзэн торхоор тохирсон, 3 000 000 төгрөг гэж тохироогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, торхыг эсвэл машиныг өгч болно гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч Э.Э- нар 2017 оны 06 сард Forland маркийн 63-79 ӨВА улсын дугаартай автомашиныг 6х8  харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз,шувуун нурууны хамтаар солихоор тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ машины үнийг 3 сая төгрөгөөр тохиролцсон, энэ тохиролцоо 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз,шувуун нурууны хамтаар 3 сая төгрөгийн үнэтэй байдгаар нотлогдоно гэж  тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч С.Б-, хариуцагч Э.Э- нар торх болон машины үнэлгээг хэдэн төгрөгөөр үнэлж тохиролцсоныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй болно. Иймд 3 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь 3 сая төгрөгийг  төлөхгүй, машиныг нь буцааж өгье гэсэн тайлбар гаргаж байгаа боловч, гэрээнээс татгалзах, цуцлах, машиныг гаргуулах талаар нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх учир шүүх энэ асуудлыг шийдвэрлээгүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Э.Э-т холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН