Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 20

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00403 дугаар шийдвэртэй

С.Бгийн нэхэмжлэлтэй

Э.Эт холбогдох

арилжааны гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:     

          Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “2017.06 сарын эхээр хариуцагч Э.Э нь манай аймагт ирээд надад 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, дагалдах хар тааз, шувуун нурууны хамт 21 хоногийн дотор буюу 2017.07 сард өөрийн биеэр авчирч өгнө гэж хэлээд уг эд хөрөнгийн үнэнд миний унаж байсан FOTON үйлдвэрийн FORLAND маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомашиныг аваад явсан. Хариуцагч Э.Этой тохиролцсон хугацаа дуусахад би түүний утас руу залгаж тохирсон дүнзэн торх болон дагалдах эд зүйлсийг шаардахад удахгүй аваачиж өгнө гэж хэлсээр надад юу ч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Мөн сүүлдээ 2017.08 дугаар сарын дундуур “Би дүнзэн торхыг чинь аваачиж өгч чадахгүй. Та нар холбогдох газарт нь хандаад олж ав” гэж хэлсэн. Энэ хүн тэдний өдөр өгнө гэж л ярьж байсан болохоос яг одоо аваачиж өгнө гэж байгаагүй. Тайлбартаа анхнаасаа хугацаа тохиролцоогүй гэсэн утгатай зүйл хэлсэн байна. Машинаа өгч явуулчихаад хүссэн үедээ торхоо авчирч өгөөрэй гэж наймаа хийдэг хүн хаа ч байхгүй. Миний бие Эрдэнэзоригтой наймаа хийснийхээ дараа нутгийн ах С.Батболдод “6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх удахгүй ирнэ, түүнийг та аваарай” гэж хэлээд 3 000 000 төгрөгийг урьдчилан авсан бөгөөд хариуцагч Э.Э нь тохирсон хугацаандаа авчирч өгөөгүйн улмаас С.Батболд дүнзээ авахаа больсон ба түүнээс зээлсэн мөнгөө одоог хүртэл өгч чадаагүй байна. Тухайн үед 6х8 харьцаатай дүнзэн торх, банз, хар тааз, шувуун нуруу, зардал нь ороод 3 000 000 төгрөг байсан. Энэ үнэнд тааруулж FORLAND маркийн тээврийн хэрэгслийг өгч авахаар тохиролцсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг хариуцагч унаж гудамж талбайг тойрч үзэхэд хэвийн ажиллаж байсан. Эд хөрөнгө хоорондоо солилцох талаар арилжааны гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Арилжааны гэрээгээр худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд тодорхой эд хөрөнгийг шилжүүлсэн гэдэг нь шүүхэд өгсөн тайлбараар тогтоогддог. Тэгээд тухайн авч явсан эд хөрөнгийн үнийг хариуцагч нэхэмжлэгчид хэлсэн цаг хугацаанд буюу 21 хоногийн дотор буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хоорондоо тохиролцсон хэлцлээсээ буцсан гэж үзэх үндэслэлтэй. Хэлцлээсээ буцсан бол тухайн эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч тухайн тээврийн хэрэгслийг жил гаруй хугацаанд хариуцагч байнга ашигласан тул бүрэн бүтэн байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тийм учраас тухайн эд хөрөнгийг буцаан гаргуулах боломжгүй тул хэлэлцэн тохиролцсон 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр анх тохирохдоо 6х8 харьцаатай торх, банзтай нь 63-75 ӨВА улсын дугаартай FORLAND маркийн автомашинаар солилцохоор болсон юм. Миний бие 3 000 000 төгрөгийг өгөх боломжгүй. 6х8 харьцаатай торхыг нь өгнө. Бид тохирохдоо хугацаа заагаагүй. Бололцоогоороо авчирч өгөөрэй гэж надад хэлсэн. Хэрэв торхоо авахгүй гэж байгаа бол би FORLAND маркийн автомашиныг буцааж өгөх хүсэлтэй байна. Торхны үнэ ч яриагүй, машины үнэ ч яриагүй. Би машиныг ачиж яваад буулгаад үзэхэд маслогүй байсан. Би утасдаад “машин чинь маслогүй байна” гэхэд “масло нэмчих” гэсэн. Тэгээд масло нэмээд явахад масло нь дахиад байхгүй болсон. Асаахад мотор нь цохисон. Би түүн дээр юм яриагүй, торхоо хугацаанд нь аваачиж өгнө л гэсэн. 10 дугаар сарын үеэр над руу залгахад нь би ачаа ачиж явсан тул утсаа аваагүй. Тэгээд шүүхэд өгсөн байсан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00403 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч Э.Эт холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бадамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “С.Бгийн нэхэмжлэлтэй Э.Эт холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Э.М миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ/2018/00403 дугаартай шийдвэрийг 2018.04.25-ны өдөр гардан авсан ба уг шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2017.06 сард нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Э.Этой өөрийн өмчлөлийн FORLAND маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомшиныг 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууны хамт арилжихаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.Бгийн хувьд тохиролцоо ёсоор тухайн арилжааны гэрээний зүйл болох машиныг хариуцагч Э.Эийн өмчлөлд шилжүүлсэн. Ийм учраас Э.Э нь 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууны хамт нэн даруй шилжүүлэх үүрэг С.Бгийн өмнө хүлээж байгаа. Талууд тухайн худалдаж авсан эд хөрөнгийн үнийг 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торхны зах зээлийн үнээр тодорхойлсон бөгөөд хугацааны хувьд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 21 хоногийн хугацаа тогтоосон байдаг. Тэр ч утгаараа нэхэмжлэгчийн хувьд улсын баяр наадам өнгөртөл Э.Эоос дүнзэн торхоо авчирч өгөхийг шаардаагүй бөгөөд түүнээс хойш өөрөө болон эхнэр нь олон удаа утсаар ярихад Э.Э нь үүргээсээ зайлсхийсэн шинжтэй үйлдлийг гаргасан байдаг. Хариуцагч Э.Эийн хувьд хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэлгүй зөрчсөн учир нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гэтэл шүүх хариуцагч Э.Эийн шүүхэд гаргасан хэрэгт ач холбогдолтой “тухайн үед нэхэмжлэгч С.Бтэй түүний өмчлөлийн Forland маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомашиныг би өөрийн хийж борлуулдаг 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууны хамт арилжихаар харилцан тохиролцсон нь үнэн... Forland маркийн машиныг би унаж үзсэн, өөрийн унаж явсан машин дээрээ ачаад гэр лүүгээ авч явсан... тухайн үед 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх хар тааз, шувуун нурууны хамт зах зээл дээр 3 500 000 төгрөгөөс ярьж зарагддаг байсан..." гэсэн тайлбаруудыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчид шүүхээс нэхэмжлэлийн хувь гардуулахдаа шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулж гарын үсэг зуруулж хэргийн материалд хавсаргасан, хэргийг хэлэлцэж эхлэхэд хариуцагчийг тайлбар гаргахын өмнө урьдчилан сануулж тайлбарыг авсан атлаа шүүхээс түүний хэргийн талаар хэлсэн нотолгооны ач холбогдолтой бодит тайлбаруудыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн хувьд машин авахдаа төлбөрийг байшин барих дүнзэн торхоор тохирсон, мөнгөөр тохироогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа бол түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэдэгт эргэлзээ төрж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ/2018/00403 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

С.Б нь 2018.02.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Э.Эоос арилжааны гэрээний үүрэгт 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууны үнэ 3 000 000 төгрөг шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Арилжааны гэрээгээр нэхэмжлэгч FORLAND маркийн 63-79 ӨВА улсын дугаартай ачааны автомашиныг шилжүүлэх, хариуцагч уг автомашиныг хүлээн авч 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нуруу шилжүүлэхээр тохиролцсон нь тогтоогдож байна.

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Иймд анхан шатны шүүх зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон арилжааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

Э.Э автомашиныг хүлээн авсан, байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууг шилжүүлээгүй нь зохигч талуудын тайлбараар /хх 1, 9, 17-25/ тогтоогдсон байна.

Талууд арилжааны гэрээ байгуулсан байх тул шүүх 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нуруу шаардах эрхтэй атлаа 3 000 000 төгрөг хариуцагчаас шаарджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд хариуцагч байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй бол уг хөрөнгийн оронд 3 000 000 төгрөг төлөх талаар ямар нэг тохиролцоо байхгүй тул нэхэмжлэгч нь арилжсан хөрөнгийн оронд 3 000 000 төгрөг шаардах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл, арилжааны гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр солихоор тохиролцсон нотлох баримт хэрэгт байхгүй тул арилжсан хөрөнгийн оронд 3 000 000 төгрөг шаардах нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.

Харин хариуцагч 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас дээрх хөрөнгө авахыг зөвшөөрч байх тул энэ үндэслэлээр хариуцагчаас 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч Э.Эт холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч Э.Эоос 6х8 харьцаатай байшингийн дүнзэн торх, хар тааз, шувуун нурууг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “хариуцагч Э.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 62 950 төгрөгийг С.Бд захирамжаар буцааж олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                              М.МӨНХДАВАА

                                                               Д.БЯМБАСҮРЭН