Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2022/0094/з |
Дугаар | 121/ШШ2023/0002 |
Огноо | 2022-12-26 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 121/ШШ2023/0002
2022 оны 12 сарын 26-ны өдөр Дугаар 121/ШШ2023/0002 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0827/,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Гуравдагч этгээд: *******ын *******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2723/ нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд С.******* /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000519392 дугаартай гэрчилгээгээр Монгол улсын иргэн Боржгин овгийн *******ын ******* *******/, ******* овгийн *******ийн ******* /********/ нар нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 гудамж, 119 тоот хаягт байх 95 мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаарт бүртгэж 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олгожээ. /хх-7/
3. Нэхэмжлэгч Д.*******ээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус гэж үзэж Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасныг тус хэлтэс хүлээж аваад 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 481 дугаар албан бичгээр “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн эрх түдгэлзүүлэх тогтоолын дагуу Ү-1005000066, Г-1005000091 бүртгэлүүдэд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөлийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү” гэсэн хариуг өгчээ.
4. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Д.******* би эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаартай, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 гудамж, 119 тоотод байршилтай, 95 мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл С.******* нь намайг мэдээгүй байхад миний гарын үсгийг дуурайлган зурж, холбогдох хуулиудыг зөрчин, хүсэлт гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөн хүсэлт болон мэдүүлэгт Д.******* миний гарын үсгийг дуурайлган зурж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа өөрийн нэрийг зөвшөөрөлгүйгээр гэрчилгээнд хууль бусаар оруулсан байна.
Миний гарын үсгийг дуурайлган зурсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг ба шаардлагатай тохиолдолд гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд миний гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг нь нотлогдох бүрэн боломжтой юм. С.******* нь холбогдох хууль тогтоомж, журмуудыг зөрчин дур мэдэн, надад мэдэгдэлгүй миний хуваарьт эд хөрөнгөнд өөрийн нэрийг оруулж, хамтран өмчлөгч мэтээр аашилж явж байгаа нь Д.******* миний өмчлөх эрхэд халдаж, эрх ашгийг хохироож байна. Эрх ашгаа сэргээлгэж, улсын бүртгэгчийн хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 08 дугаар 03-ны өдөр “шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай" хариуг өгсөн. Нэгэнт миний гарын үсгийг дуурайлган зурж, хууль зөрчин мэдүүлсэн мэдүүлэг болон хүсэлтэд үндэслэн хийгдсэн улсын бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмуудыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь Д.******* нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 дүгээр гудамжны 119 тоотод байршилтай 95 мкв талбайтай хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байгаа. Энэ өмчлөлийн гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.******* С.******* гэсэн 95 мкв гэрчилгээ олгосон байдаг. Энэ гэрчилгээг нэхэмжлэгч Д.******* нь хүчингүй болгох буюу энэ гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр хамтран амьдарч байсан эхнэр С.******* тухайн үед буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.*******ийг мэдээгүй байхад гарын үсгийг нь дуурайлгаж зурж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж энэ гэрчилгээний хамтран өмчлөгч болж гэрчилгээг гаргуулсан байдаг. Д.******* нь миний зөвшөөрөлгүйгээр С.*******ийг хамтран өмчлөгч болж гаргуулсан гэрчилгээг би хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл энэ бол миний хуваарьт хөрөнгө учраас С.*******т хамаагүй гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.*******ийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл орон сууц нь өөрийнх нь эзэмшлийн газар дээр баригдсан. Энэ газар нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр 963 мкв талбайтай өмчлөлийн газрын гэрчилгээ олгосон газар дээр баригдсан орон сууц байгаа. Үүнийг Д.*******ийн өөрийнх нь хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр гуравдагч этгээд буюу С.******* Y-1005000066 дугаартай гэрчилгээг хууль бусаар Д.*******ийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгч болсон.
Тийм учраас Ү-1005000066 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Ингээд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсч өнөөдрийн энэ маргааныг үүсгэсэн байгаа. Процесс ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* холбогдох бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд шүүгчийн захирамжаар удаа дараа авагдсан. Энэ хугацаанд Д.*******ийн өөрийнх нь хүсэлтээр гаргасан гол зүйл нь бол С.******* нь Ү-1005000066 дугаартай гэрчилгээг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөгч болсон тул С.*******ийн гарын үсгийг хэв шинжилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг өмгөөлөгч намайг орохоос өмнө гаргасан байдаг. Үүнийг С.******* тухайн үед Д.*******ийн зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурж үл хөдлөхийн өмчлөгч болсон гэдгээ анхныхаа тайлбар, мэдүүлэгт өгсөн байдаг. Үүнийг үндэслэж Захиргааны хэргийн шүүх хэв хянах шинжилгээг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжилж явсан.
Ийм учраас С.******* нь Д.*******ийн гарын үсгийг зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх өмчлөлийн гэрчилгээнд оруулж хууль бус үйлдэл хийсэн нь өөрийнх нь тайлбараар өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиараа бол гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, зөвшөөрөх, эвлэрэх ийм ажиллагаанд оролцох шаардлагагүй байгаа. Энэ Ү-1005000066 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийн хариуцагчаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс татагдсан.
Ийм учраас Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үйл ажиллагаа буюу процесс ажиллагаанд хайхрамжгүй хандаж Y-1005000066 дугаартай гэрчилгээ олгосон нь харагддаг. Иймд хариуцагчаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс татагдсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн С.*******ийн өөрийнх нь тайлбараар зөвшөөрөлгүйгээр гарын үсэг дуурайлгаж зурсан нь нотлогдож байгаа. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-1005000066 дугаарыг хүчингүй болгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь Захиргааны хэргийн шүүхэд хууль ёсны шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Яагаад ингэж үзэж байна гэхээр гуравдагч этгээд С.******* тухайн үед Бүрд сумын улсын бүртгэгчтэй ярьж байгаад Д.*******ийн зөвшөөрөлгүйгээр миний бие Ү-1005000066 дугаарын гэрчилгээнд гарын үсгийг нь зурсан гэдэг тайлбараа өгдөг. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хариуцагчаар татагдаж тайлбар өгөхдөө Бүрд сумын улсын бүртгэгчийн бүрдүүлсэн бүрдүүлбэрийн дагуу гэрчилгээ олгосон гэдэг. Бүрдүүлбэрийн гэрчилгээ олгосон ажиллагаанд манайх оролцоогүйгээр Бүрд сумын улсын бүртгэгчийн бүрдүүлсэн бүрдүүлбэрийн дагуу гэрчилгээ олгосон гэсэн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгчийн гэрчилгээ олгосон асуудалд улсын бүртгэгчийн бүрдүүлбэрээр энэ ажиллагаа хийгдсэн. Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгчийн байдлаас гэрчилгээ олгогдоогүй ч гэсэн улсын бүртгэгчийн хайхрамжгүй байдлаас энэ Ү-1005000066 дугаарын өмчлөгч гэрчилгээг олгосон байдаг.
Халдашгүй дархан байх өмчлөгч байх эрх нь хууль бус гуравдагч этгээдийн үйлдлээс болж өмчлөгч өөрөө давхар өмчлөгчтэй болоод байгаа нь хууль бус юм. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн оролцогч нар танилцсан байгаа учраас нэг бүрчлэн тайлбарлаад байх шаардлагагүй, бүгд хэргийн материалтай танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.******* нь газрын гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан. Харин 5 сарын дараа 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа. Цаг хугацаа процессын хувьд газрын гэрчилгээ авах үедээ адилхан өмчлөх эрхийн гэрчилгээг авах ёстой нь харагдаж байна.
Иймээс Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь иргэн С.******* нь миний гарын үсгийг дуурайлган зурж хууль зөрчиж мэдүүлсэн мэдүүлэг болон хүсэлтэд үндэслэж хийгдсэн бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцээгүй, улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх зарчим зөрчсөн гэж дурдсан байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Иргэн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж заасны дагуу Бүрд сумын улсын бүртгэгч Г.Баярмаад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэгч Д.*******ийн хууль ёсны эхнэр С.******* хандсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно гэж заасны дагуу хамтран өмчлөгч С.*******ээс мэдүүлгийг хүлээн авахаас өмнө иргэний улсын бүртгэлийн санд гэрлэлтийн байдал, өмнө нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн эсэх, хаяг давхардсан эсэхийг цахим мэдээллийн сангаас тулгалт хийж үзээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл “Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл” байгаагүй тул эх нотлох баримтуудыг хүлээн авсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл 10.8 “Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан” дундын мэдээллийн санд нэвтэрч нягтлан шалгана”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.2 “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу газрын кадастрын дугаар дахь 6202000176 газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн санд шалгаж үзэхэд г1005000091 дугаартай Д.*******ийн өмчлөлийн хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх үйлчилгээ, 2019 оны 11 сарын 04-ний өдөр эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөх үйлчилгээнүүдийг авахдаа хүлээлгэн өгсөн мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсгүүд хувийн сууц бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн эх нотлох баримт болох мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсэгтэй тулгахад ижил байсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчим зөрчсөн байх тухай дурджээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлгийг улсын бүртгэгч Г.Баярмаа Бүрд сумандаа хүлээн аваад цахим мэдээллийн санд улсын бүртгэгч ******* бүртгэсэн байна. Учир нь анхан шатны нэгж сумын бүртгэгчид мэдүүлэг хүлээн авах эрх байдаг бөгөөд бүртгэх эрхийг одоогоор олгоогүй байгаа болно. Улсын бүртгэгч ******* нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл “мэдүүлэг гаргах”, 8 дугаар зүйл “мэдүүлэг хүлээн авахаас татгалзах”, 9 дүгээр зүйл “эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ”, 10 дугаар зүйл “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх”-ийн дагуу эх нотлох баримтуудыг шалгаж цахим мэдээллийн санд бүртгэх шаардлагыг бүрэн хангасан байх тул цахим мэдээллийн санд мэдүүлэгт хүлээн авч, скайнардаж, боловсруулалт хийж эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон байна. Иргэн Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус хэлтэст Ү-1005000066 эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлсэн. Энэ гомдлын дагуу уг хувийн хэрэгт хяналтын улсын байцаагч С.Анхтуяа хяналт шалгалт хийх явцдаа иргэн Д.*******тэй скайтелын ******* дугаар луу залган газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулахаар 2016.03.21-ний өдөр манай хэлтэст хүлээлгэн өгсөн мэдүүлгийн хуудас, өргөдлийн маягт, 2019.11.04-ний өдөр газрын гэрчилгээний хаяг өөрчлүүлэхийг хүсэхдээ хүлээлгэн өгсөн өргөдөл, мэдүүлгийн хуудсанд та өөрөө гарын үсэг зурж улсын бүртгэгчид хүлээлгэн өгсөн үү гэж асуухад би гарын үсэг зурсан гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаартай иргэн Д.*******, С.******* нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.
8. Гуравдагч этгээд С.*******ээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.******* миний бие нэхэмжлэгч Д.*******тэй 2009 онд гэр бүл болж хамтран амьдарснаас хойш 2020 онд хувийн орон сууц барьж амьдарсан. Д.*******ийн нэхэмжлэлд дурдсанаар өөрийг нь мэдээгүй байхад гарын үсгийг нь дуурайлган зурж, мөн түүнийг дуурайлган зурснаа хүлээн зөвшөөрсөн, гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд дуурайлган зурсан нь нотлогдсон мэтээр гүтгэж бичсэн байна.
Гэр бүлийн маргаан, хүчирхийллийн улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2020 онд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгч 2022 оны 8 сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн. Энэ 2 жилийн хугацаанд дундын эд хөрөнгийн маргаанаас болж шүүх хурал удаа дараа хойшилсон. Мөн энэ хугацаанд хоёр хүүхдэдээ санхүүгийн болон ямар нэгэн байдлаар тусалж байгаагүй нь дундын хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө болгон нотолж гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хувийг өгөхгүй зайлсхийх санаатай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэж бодож байгаа. 2020 оны 04 сарын 01-нд Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт өргөдлийн маягтыг өөрийн гараар би бөглөж өгсөн. Энэ нь гарын үсэг дуурайлган зурсан гэх хууль бус үйлдэл биш. Нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо ярьж ярилцаж би өргөдлийг бичсэн нь миний бичгийн хэв мөн гэж шүүх дээр тайлбар өгснөөс биш дуурайлгаж би зурсан гэж хэлээгүй. Бас шинжээч томилж нотлоогүй. Маягт бичсэн нь миний бичиг тул шинжээч гэж цаг алдах хэрэггүй гэж хэлсэн. Шаардлагатай гэвэл энэ талаарх шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно.
Хамтран өмчлөгч мэтээр аашилж миний эрх ашгийг хохироолоо гэж Д.******* хэлж байна. Нэг гэр бүлийн хүмүүс эд хөрөнгийг дундаа эзэмших, өмчлөх нь хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг гэж би бодохгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын прокурор дээр энэ талаар тайлбар өгсөн. Тайлбар өгснөөр энэ хэрэг хүчингүй болж хаагдсан байгаа гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд С.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.******* С.******* нарын дундын эд хөрөнгийн маргаан бол 2021 оны 10 дугаар сараас эхэлсэн байдаг. Анх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваарилуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Д.******* нь хуваарьт дундын эд хөрөнгийг өгөхгүй гэж цааргалах маягаар гацаагаад байсан учраас нэхэмжлэгчээс дундын эд хөрөнгийг хуваалгах нэхэмжлэлээсээ түр татгалзаж, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлсэн. Одоо үл хөдлөх хөрөнгийн маргаан явж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн асуудал нь ахиад иргэний хэргийн шүүх дээр явж байна. Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн зүгээс энэ үл хөдлөх хөрөнгө бол Д.*******ийн хуваарьт хөрөнгө юм байна гэж үзэж байна. Гэтэл энэ хоёр 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Харин энэ үл хөдлөх хөрөнгө нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчилгээтэй, энэ үед Д.******* С.******* нар нь хууль ёсны гэр бүл байсан. Тиймээс энэ эд хөрөнгө бол гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Яагаад үүнийг яриад байна гэвэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэрт энэ хоёр хүнийг гэр бүл байсан юм гэдгийг нотолж байгаа юм. Д.*******ээс зөвшөөрөл аваагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага яваад байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхдээ нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно гэж заасан байдаг. Д.******* С.******* нарын нэр дээр байгаа гэдгийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ асуудлыг ярьдаг. Энэ асуудлыг өмнө нь мэдэх боломжтой байсан. Мэдсэн гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх болон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэгт энэ талаар огт дурдаагүй. Одоо дундын эд хөрөнгө биш гэсэн нэхэмжлэл гаргаад байгаа гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээдийн талаас үгүйсгэж байгаа нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч нь бүртгэлийн маягтыг бөглөж болно гэж заасан учраас хууль бус биш гэсэн хуулийн зохицуулалт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байгаа. Нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх хөрөнгө дундын өмч биш гэсэн нэхэмжлэл гарсан байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэдэггүй, зөвшөөрдөггүй энэ хэргийг жил гаран гацаасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал шийдвэрлүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын прокурорын газарт гаргасан гомдол, Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь эхнэр болон 2 хүүхдэдээ өгөхгүй гэсэн санаа зориг байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
2. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг хүсч буй 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд нэр нь бүртгэлтэй С.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн түүнийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШЗ2022/0190 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “С.******* нь намайг мэдээгүй байхад миний гарын үсгийг дуурайлган зурж, холбогдох хуулиудыг зөрчин, хүсэлт гаргаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа өөрийн нэрийг зөвшөөрөлгүйгээр гэрчилгээнд хууль бусаар оруулсан, миний өмчлөх эрхэд халдаж, эрх ашгийг хохироож байна” ... “Тухайн орон сууц нь Д.*******ийн өмчлөлийн газар дээр баригдсан орон сууц учраас Д.*******ийн өөрийнх нь хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгчийн хайхрамжгүй байдлаас энэ Ү-1005000066 дугаарын гэрчилгээг олгосон нь хууль бус гэж;
5. Хариуцагч талаас С.*******ээс мэдүүлгийг хүлээн авахаас өмнө иргэний улсын бүртгэлийн санд гэрлэлтийн байдал, өмнө нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн эсэх, хаяг давхардсан эсэхийг цахим мэдээллийн сангаас тулгалт хийж үзээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл “Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл” байгаагүй тул хуульд заасны дагуу хүлээн авч гэрчилгээ олгосон. Газрын кадастрын дугаар дахь 6202000176 газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн санд шалгаж үзэхэд г-1005000091 дугаартай Д.*******ийн өмчлөлийн хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх үйлчилгээ, 2019 оны 11 сарын 04-ний өдөр эд хөрөнгийн хаяг өөрчлөгдөх үйлчилгээнүүдийг авахдаа хүлээлгэн өгсөн мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсгүүд хувийн сууц бүртгүүлэхээр хүлээлгэн өгсөн эх нотлох баримт болох мэдүүлэг болон өргөдөл дээрх гарын үсэгтэй тулгахад ижил байсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаартай иргэн Д.*******, С.******* нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж;
6. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс 2020 оны 04 сарын 01-нд Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт өргөдлийн маягтыг өөрийн гараар би бөглөж өгсөн. Энэ нь гарын үсэг дуурайлган зурсан гэх хууль бус үйлдэл биш. Нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо ярьж ярилцаж би өргөдлийг бичсэн нь миний бичгийн хэв мөн гэж шүүх дээр тайлбар өгснөөс биш дуурайлгаж би зурсан гэж хэлээгүй. Бас шинжээч томилж нотлоогүй. Маягт бичсэн нь миний бичиг тул шинжээч гэж цаг алдах хэрэггүй гэж хэлсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүл байх хугацаанд бий болсон эд хөрөнгө тул гэр бүлийн дундын эд хөрөнгө юм гэж тус тус маргажээ.
7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа нь дээрх захиргааны актын шинжийг агуулсан байна.
8. Анх Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 гудамж, 119 тоот хаягт байх 95 мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улсын иргэн Боржгин овгийн *******ын ******* /****/, Даатуу овгийн *******ийн ******* /**********/ нарын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-1005000066 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.
9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж гэсний дагуу маргаан бүхий харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан байна.
10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 7.4-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно гэж тус тус заажээ.
11. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.*******, С.******* нарыг 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийг хийлгэх үед гэр бүл байсан нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл гэр бүл байх хугацаанд бий болсон буюу 2019 оны 10 сарын 15-ны өдөр ашиглалтад орсон /мэдүүлэгт бичсэнээр/ Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, Онгон Мааньт 1 гудамж, 119 тоот хаягт байх 95 мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь гаргаж болно гэж заасны дагуу Д.*******, С.******* нарын хэн аль нь гаргах эрхтэй байна.
12. Нэхэмжлэгч талаас С.******* нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргаж өгөхдөө намайг мэдээгүй байхад, миний гарын үсгийг дуурайлган зурж гэрчилгээ гаргуулсан гэж маргасан бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт хандан “С.******* нь хуурамч нотлох баримт бүрдүүлж үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн” гэх гомдлыг гаргасныг хянаад тус газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” 25 дугаар тогтоолоор С.*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мааньт багийн 1-119 тоотод байрлах 95 мкв талбай бүхий хувийн сууцыг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулахаар өргөдлийн маягтыг гэр бүлийн гишүүн өөрийн нөхөр Д.*******ийн өмнөөс бөглөж, эрх бүхий албан тушаалтанд өгсөн үйлдэл, Улсын бүртгэгч *******ийн хуулийн шаардлага хангаж ирүүлсэн гэх баримт бичигт үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож байгаа үйлдлүүд гэмт хэргийн шинж байхгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Уг шийдвэр болон Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгчийн хэлсэн гарын үсгийг дуурайлган зурж, миний өмчлөх эрх, хуваарьт хөрөнгөд халдсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
13. С.******* нь дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 62-87862 дугаартай мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 62-31919 дугаартай мэдүүлэг, газрын өмчлөх эрхийг баталгаажуулахыг хүссэн өргөдөл, 62-80377 дугаартай мэдүүлэг, хаягийн өөрчлөлт хийлгэхийг хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хоёр өмчлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, эд хөрөнгийн фото зураг гэх зэрэг нотлох баримтыг хавсарган хүргүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 10.6, 10.7-д тус тус заасан хуулийн шаардлагатай нийцэж байна.
14. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 8.1.1 “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”; 8.1.2 “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”; 8.1.3 “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”; 8.1.4 “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй”; 8.1.5 “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”; 8.1.6.энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж тус тус заасан байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс маргаан бүхий бүртгэлийг бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иймд дээрх хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 000519392 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг олгосон Ү-1005000066 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ