Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/00660

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/00660

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 54.261.900 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нар оролцов. Хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Марч констракшн ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 54.261.900 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие******* ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №П2-А-1/9-20 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Поларис апартмент-2 орон сууцны хорооллын А блок байрны 2 дугаар орцны 9 давхрын 904 тоот 52,82 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайг 990.000 төгрөгөөр, нийт 52.311.600 төгрөгөөр, мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №П2-А-1/9-21 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Поларис апартмент-2 орон сууцны хорооллын А блок байрны 2 дугаар орцны 9 давхарын 905 тоот, 56,78 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайг 990.000 төгрөгөөр, нийт 56.212.200 төгрөгөөр тус тус захиалан гэрээ хийсэн. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 904 тоот орон сууцны төлбөрт 52.311.600 төгрөгийг, 905 тоот орон сууцны төлбөрт 56.212.200 төгрөг, нийт хоёр орон сууцны төлбөрт 108.523.800 төгрөгийг******* ХХК-ийн Голомт банкны 3105105508 тоот 'дансанд шилжүүлж, тооцоо нийлж актаар баталгаажуулан гэрээнд заасан захиалагчийн үүргийг 100 хувь биелүүлсэн юм. Марч констракшн ХХК нь орон сууцнуудыг гэрээний 1.3-т зааснаар 2020 оны 1 дүгээр улиралд багтаан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл барилгыг ашиглалтанд оруулж, өмчлөлд шилжүүлээгүй байна. Барилгын явц гадна талын пасадын ажил бүрэн дуусаагүй, барилгын дотор заслын ажил дундаа ч ороогүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.8-т Худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас барилгыг гэрээнд заасан хугацаанаас 60 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги төлнө гэж тохирсон. Уг хугацааг хоногоор тооцвол хариуцагч тал нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алданги төлөх үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч миний бие талуудын хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах №П2-А-1/9-20, №П2-А-1/9-21 тоот гэрээнүүдийн 6.1.8-т зааснаар дараах алдангийн төлбөрийг шаардаж байна.

№П2-А-1/9-20 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 52.311.600 төгрөг бөгөөд хоногийн 0,5 хувиар бодвол алданги 261.558 төгрөг. 2020 оны 5 сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 512 хоногоор тооцвол 133.916.160 төгрөг байхаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцон 26.155.800 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

№Г12-А-1/9-21 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 56.212.200 төгрөг, нэг хоногийн алданги 281.061 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 512 хоногоор тооцвол 143.903.232 төгрөг байхаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцон 28.106.100 төгрөг, нийт хариуцагчаас 54.261.900 төгрөгийг нэхэмжилж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сард гэрээ цуцалсан мэтээр хариуцагч протокол үйлдсэн байдаг. Агуулгаас үзвэл гэрээнээс татгалзах агуулгатай байх ба уг баримтыг нэхэмжлэгчид ирүүлээгүй, хэргээс танилцсан. Гэрээнээс татгалзах үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан цуцлах, татгалзах үндэслэл бүрдээгүй болно. Манай зүгээс барилга баригдсаны дараа орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр шаардана. Одоогоор барилга баригдаж улсын комисс хүлээн аваагүй байгаа тул өмчлөлд шилжүүлэхээр шаардах боломжгүй байгаа болно. Хариуцагчийн тайлбарт дурдсан хөл хорио тогтоосон хоногийг тооцсон ч алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа. Мөн хөл хорио тогтоож эхлэхээс өмнө барилгыг барьж дуусгах боломжтой байсан. Иймд Марч констракшн ХХК-аас хоёр гэрээний дагуу тооцсон алданги 54.261.900 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

2.1.Поларис Апартмент-2 орон сууцны хорооллын А блокны барилгын ажил одоогийн байдлаар үргэлжилж байгаа. Баригдаж дуусаагүй орон сууцны байшинд буюу үүргийг гүйцэтгэж байхад алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

2.2.Гэрээ хүчин төгөлдөр бус, шаардах эрхгүй. ******* нь******* ХХК-н оффист ирж харилцагч, үйлчлүүлэгч иргэд олон нийтийн өмнө байгууллагын болон түүний ажилтнуудын нэр хүндэд халдан доромжилж,******* ХХК-н эсрэг гэрээ байгуулсан бусад захиалагчдыг өдөөн хатгаж байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан үйлдэл гаргасан тул *******тай байгуулсан №П2-А-1/9-20 тоот, №П2-А-1/9-21 тоот гэрээг тус тус цуцалсан. Энэ тухай өөрт нь мэдэгдсэн.

2.3.Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүсч дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсан. Үүний улмаас УОК-н шийдвэрээр тавьсан хорио цээрийн улмаас барилгын ажил зогсож, бараа материалын хомсдол бий болсон. Уг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өнөөдрийг хүртэл Поларис Апартмент-2 орон сууцны хорооллын А блок ашиглалтанд орж амжилгүй, барилгын ажил удаашралтай явагдаж байгаа юм.

Өндөржүүлсэн бэлэн байдал: 2020.02.19-ны өдрөөс 2020.07.15-ны өдөр (Засгийн газрын 64 тогтоол), 2020.07.10-ны өдрөөс 2020.12.31-ны өдөр (Засгийн газрын 1 тогтоол), 2020.07.29-ний өдөр 2020.12.31-ны өдөр (Засгийн газрын 31 тогтоол), 2020.08.25-ны өдөр 2020.12.31-ны өдөр (Засгийн газрын 70 тогтоол), 2020.09.14-ны өдрөөс 2020.12.31-ны өдөр (Засгийн газрын 103 тогтоол), 2020.10.28-ны өдрөөс 2020.12.31-ны өдөр (Засгийн газрын 159 тогтоол), 2021.03.25-ны өдрөөс 2021.04.30-ны өдөр (Засгийн газрын 78 тогтоол), 2021.05.27-ны өдрөөс 2021.06.30-ны өдөр (Засгийн газрын 154 тогтоол), 2021.06.30-ны өдрөөс 2021.08.31-ны өдөр (Засгийн газрын 176 тогтоол), 2020.12.30-ны өдрөөс 2021.03.21-ны өдөр (Засгийн газрын 238 тогтоол), 2021.08.25-ны өдрөөс 2021.12.31-ны өдөр (Засгийн газрын 259 тогтоол), нийт 238 хоног.

Бүх нийтийн бэлэн байдал: 2020.11.15-ны өдрөөс 2020.12.01-ний өдөр (Засгийн газрын 62, 64, 181 дүгээр тогтоол), 2021.04.10-ны өдрөөс 2021.05.08-ны өдөр (Засгийн газрын 91 дүгээр тогтоол) нийт 44 хоног.

Бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал: 2020.12.01-ний өдрөөс 2020.12.14-ний өдөр (Засгийн газрын 194, 209 дүгээр тогтоол), 2020.12.23-ны өдрөөс 2021.01.11-ний өдөр (Засгийн газрын 226, 1 дүгээр тогтоол), 2021.02.11-ний өдрөөс 2021.02.23-ны өдөр (Засгийн газрын 27 дугаар тогтоол) нийт 45 хоног. Энэ хугацааг үүрэг гүйцэтгэх хугацаанаас хасч тооцох ёстой байсан.

2.4.Алдангийн хэмжээ илт их байгаа тухайд: 904 тоот орон сууцыг 1 мкв 990.000 төгрөг, гэрээний үнэд 52.311.600 төгрөг төлсөн ба үүнээс 26.155.800 төгрөг,

905 тоот орон сууцыг 1 мкв-г 990.000 төгрөг, гэрээний нийт үнэ 56.212.200 төгрөг төлсөн ба үүнээс 28.106.100 төгрөгийг шаардсан. Маш бага үнээр орон сууц захиалаад эргүүлэн маш их хэмжээний алданги шаардаж байгааг нэхэмжлэгч ёс зүйгүй, шунахай үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Уг үнэ тус гэрээний 1.2-т зааснаар зах зээлийн бодит ханшнаас 2.5 дахин хямдаар тооцож хөнгөлөлттэй үнээр худалдсан үнэ. Бид ийнхүү хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломж олгож байхад нэхэмжлэгч ******* 54.261.900 төгрөг нэхэмжилсэн байгаа нь Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт заасан илт их анзыг шаардаж шудрага ёсны зарчимд үл нийцэж байна.

Хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн тухайд: Барилгын материал хомсдол үүсч Марч Констракшн ХХК-с үл шалтгаалах бараа материалын хомсдол үүссэн. Улмаар ажил гүйцэтгэх бараа материалгүйгээс ажил удааширсан тул нэхэмжлэгчийн дурдаж буй гэрээний 6.1.8 дахь хэсгийн Худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ... үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №П2-А-1/9-20, №П2-А-1/9-21 дугаар захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд, Голомт банкны төлбөрийн баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ цуцалсан протоколууд, кассын орлогын ордер, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №П2-А-1/9-123 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн кассын орлогын ордер, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №П2-А-1/9-124 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, фото зураг, Тунамал хийц ХХК-ийн албан бичгийн хуулбар зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Марч констракшн ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 54.261.900 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнд: Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй 512 хоног хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардсан. Мөн гэрээг цуцлаагүй гэж тайлбарлав.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд хариуцагч буруугүй, цар тахлын улмаас хөл хорио тогтоох түүхий эд материал хомсдох зэргээр давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, түүнчлэн алдангийн хэмжээ хэт их, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцласан гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1.Нэг талаас *******, нөгөө талаас******* ХХК нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, №П2-А-1/9-20, №П2-А-1/9-21 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулжээ.

-№П2-А-1/9-20 тоот гэрээгээр худалдагч нь худалдагчийн өмчлөлд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороонд баригдаж буй Поларис апартмент-2 нэртэй орон сууцны хотхоны А блок барилгын 2 дугаар орц, 9 давхар 905 тоот 56,78 мкв талбай бүхий орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 990.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 56.212.200 төгрөгийг төлөхөөр,

-№П2-А-1/9-21 тоот гэрээгээр мөн дээрх орон сууцны хотхоны А блок барилгын 2 дугаар орц, 9 давхар 904 тоот 52,84 мкв талбай бүхий орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нийт үнэд 52.311.600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тус тус тохиролцжээ. /хх 4-6, 7-9/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

3.2.Нэхэмжлэгч №П2-А-1/9-20 тоот гэрээний үнэ болох 56.212.200 төгрөгийг гэрээ байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөө бүрэн төлсөн, №П2-А-1/9-21 тоот гэрээний үнэ 52.311.600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлсөн, улмаар талууд тооцоо дууссан талаар баталгаа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, тооцооны үлдэгдлийг баталгаагаар тогтоогдсон. Энэ үйл баримтад хариуцагч маргаагүй. /хх 10-14/

3.3.Тухайн барилга өнөөг хүртэл баригдаж дуусаагүй байгаа, гэрээнд заасан хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн үйл баримтад зохигчид маргаагүй.

4.Талуудын хоорондох гэрээний 6.1.8-д худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас барилгыг гэрээнд заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Дэрэх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул мөн зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч алдангийг гэрээнд заасан хүлээлгэн өгөх хугацаа дээр 60 хоногийг нэмж тооцон 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 512 хоногоор тооцсон нь тооцоолллын хувьд зөв байна.

5.Харин хариуцагч ийнхүү барилгыг ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн явдалд буруугүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж маргасан.

Талуудын хоорондох гэрээний 5.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдэгт талуудын хүсэл зоригоос үл хамаарах хорио цээр, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, нийгмийн сөрөг үзэгдэл, эдийн засгийн хямрал, төрийн байгууллагын шийдвэр зэргийг хамруулахаар, ийм нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Монгол Улсад ковид-19 өвчний улмаас тодорхой хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хэсэгчлэн хөл хорио тогтоосон үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагчийн хариу тайлбарт дурдсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн 238 хоног, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 44 хоног, бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдалд шилжсэн 45 хоногийг хугацаа хэтэрсэн 512 хоногоос хассан ч хариуцагч 185 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ. Харин цар тахлын улмаас хөл хорио тогтоосон явдал хариуцагчийг хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна хугацаандаа үүргээ биелүүлээгүй явдалд хариуцагч буруутай гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул шүүх 185 хоногт ногдох алдангийг тооцох үндэслэлтэй.

Ийнхүү тооцвол №П2-А-1/9-20 тоот гэрээний дагуу 28.106.100 төгрөг, №П2-А-1/9-21 тоот гэрээний дагуу 26.155.800 төгрөг, нийт 54.261.900 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй.

/56.212.200 төгрөг* 0,5%= нэг хоногт 281.061 төгрөг *185 хоног = 51.996.285 төгрөг ≈ ИХ 232.4-т заасан 50% ≈ 28.106.100 төгрөг/

/52.311.600 төгрөг*0,5%= нэг хоногт 261.558 төгрөг *185хоног = 48.388.230 төгрөг ≈ ИХ 232.4-т заасан 50% ≈ 26.155.800 төгрөг/

6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 30 хувь болгон бууруулж хариуцагчаас 16.278.570 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

/28.106.100+26.155.800=54.261.900 *30%=16.278.570/

7.Хариуцагч гэрээ хүчин төгөлдөр бус, мөн гэрээг цуцалсан хэмээн дурдаж улмаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн талуудын хоорондох гэрээнүүдийг цуцласан тухай протокол, түүнчлэн гуравдагч этгээдүүдэд маргааны зүйл болсон хоёр ширхэг орон сууцыг худалдсан тухай 2021 оны 10 дугаар сарын 25, 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, мөнгө хүлээн авсан кассын орлогын баримт зэргийг ирүүлсэн. /хх 31, 32, 58-67, 71, 73/

Шүүх нэхэмжлэгч *******,******* ХХК нарын хоорондох 2018 онд байгуулсан гэрээг дээр дурдснаар хүчин төгөлдөр гэж үзсэн, хэрэгт дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдав.

Түүнчлэн хариуцагчийн баримтаар ирүүлсэн гэрээ цуцалсан тухай протоколд худалдагч талын болон түүний ажилтны бизнесийн нэр хүнд, ажилтны нэр хүндэд халдсан, бусад захиалагчийг өдөөн турхирч олон тооны гэрээ цуцлагдахад хүргэсэн гэсэн үндэслэл заасан байх боловч талуудын хоорондох гэрээнд энэ талаар тусгагдаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчил гаргасан, улмаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээний аль ч тал гэрээнээс татгалзах эрхтэй хэдий ч ийнхүү татгалзахад нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэйгээс гадна гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан аль ч нөхцөлд ийнхүү татгалзах, цуцлагдахаас өмнөх хугацааны ногдох алдангийг төлөх үүргийг хүлээх тул хариуцагч******* ХХК-иас алдангийг гаргуулах нь зүйтэй.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандад өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Гэвч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан******* ХХК-иас 16.278.570 /арван зургаан сая хоёр зуун далан найман мянга таван зуун далан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 37.983.330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.342 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ