Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01152

 

Төсөл 2022.06.15 №1133

 

 

 

 

 

 

 

 

Б.Ш ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00660 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ш ын нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, 54,261,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.Ш миний бие М ХХК-тай 2018 оны 10 сарын 30-ны өдөр №00-00/00 тоот болон №00-0-0/00-00 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан ... хаяг байрлах орон сууцыг 52,311,600 төгрөгөөр, 905 тоот 56.78 м.кв талбайтай орон сууцыг 56,212,200 төгрөгөөр тус тус захиалан гэрээ хийсэн. Миний бие 2018 оны 10 сарын 30-ны өдөр дээрх хоёр орон сууцны үнэ нийт 108,523,800 төгрөгийг М ХХК-ийн Голомт банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж, тооцоо нийлж, актаар баталгаажуулан гэрээнд заасан захиалагчийн үүргийг 100 хувь бүрэн биелүүлсэн. М ХХК нь орон сууцнуудыг гэрээний 1.3-т зааснаар 2020 оны 01 дүгээр улиралд багтаан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтад оруулж, өмчлөлд шилжүүлээгүй байна. Барилгын явц нь гадна талын фасадны ажил бүрэн дуусаагүй, барилгын дотор заслын ажил дундаа ч ороогүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.8-д Худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги төлнө гэж тохирсон. Уг хугацааг хоногоор тооцвол хариуцагч тал 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс эхлэн алданги төлөх үүрэгтэй байна. 2018 оны 10 сарын 30-ны өдрийн №00-00/00 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 52,311,600 төгрөг бөгөөд хоногийн 0.5 хувиар бодон алданги 261,558 төгрөг ба 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл 512 хоногоор тооцвол 133,916,160 төгрөгийн алданги хариуцагч төлөх үндэслэлтэй байна. 2018 оны 10 сарын 30-ны өдрийн №00-0-0/00-00 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 56,212,200 төгрөг бөгөөд хоногийн 0.5 хувиар бодон алданги 281,061 төгрөг ба 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл 512 хоногоор тооцвол 143,903,323 төгрөгийн алданги хариуцагч төлөх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч талаас дээрх хэмжээний алдангийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас №00-00/00 тоот гэрээний алдангийн төлбөрт 26,155,800 төгрөг, №00-0-0/00-00 тоот гэрээний алдангийн төлбөрт 28,106,100 төгрөг, нийт 54,261,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Поларис апартмент-2 орон сууцны хорооллын А блокны барилгын ажил одоогийн байдлаар үргэлжилж байгаа. Баригдаж дуусаагүй орон сууцны байшинд буюу үүргийг гүйцэтгэж байхад алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэн Б.Ш нь М ХХК-ийн оффист ирж харилцагч, үйлчлүүлэгч иргэд олон нийтийн өмнө байгууллагын болон түүний ажилтнуудын нэр хүндэд халдан доромжилж, М ХХК-ийн эсрэг гэрээ байгуулсан бусад захиалагчдыг өдөөн хатгаж байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан үйлдэл гаргасан тул Б.Ш тай байгуулсан №00-00/00 тоот, №00-0-0/00-00 тоот гэрээг тус тус цуцалсан. Энэ тухай өөрт нь мэдэгдсэн. Гэрээний 5.1, 5.2-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчнийн шинжтэй нөхцөл байдал үүсч дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсан. Үүнийн улмаас УОК-ын шийдвэрээр тавьсан хорио цээрийн улмаас барилгын ажил зогсож, бараа материалын хомсдол бий болсон тул уг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өнөөдрийг хүртэл Поларис апартмент-2 орон сууцны хорооллын А блок ашиглалтад орж амжилгүй, барилгын ажил удаашралтай явагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоолоор 2020 оны 02 сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд нийт 238 хоног, бүх нийтийн бэлэн байдал 2020 оны 11 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 08-ны өдрийн хооронд нийт 44 хоног, бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 23-ны өдрийн хооронд нийт 45 хоног тус тус зарласан байдаг. Уг хугацааг үүрэг гүйцэтгэх хугацаанаас хасч тооцох ёстой байсан. Нэхэмжлэгч нь орон сууцыг 1 м.кв талбайг нь маш бага үнээр буюу 990,000 төгрөгөөр захиалаад эргүүлэн маш их хэмжээний алданги шаардаж байгааг ёс зүйгүй, шунахай үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Уг үнэ нь тус гэрээний 1.2-т зааснаар зах зээлийн бодит ханшаас 2.5 дахин хямдаар тооцож хөнгөлөлттэй үнээр худалдсан үнэ юм. Бид ийнхүү хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болгох боломж олгож байхад нэхэмжлэгч Б.Ш нь 54,261,900 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан илт их анзыг шаардаж байгаа нь шудрага ёсны зарчимд үл нийцэж байна. Барилгын материал хомсдол үүсч М ХХК-аас үл шалтгаалах бараа материалын хомсдол үүссэн. Улмаар ажил гүйцэтгэх бараа материалгүйгээс ажил удааширсан тул нэхэмжлэгчийн дурдаж буй гэрээний 6.1.8-д Худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ... үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна.

Иймд М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар М ХХК-аас 16,278,570 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ш т олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,983,330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,342 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хариуцагч талаас нийт 54,261,900 төгрөгийн алданги нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй гэдгийг зөв дүгнэсэн хэрнээ алдангийн хэмжээг 30 хувь бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Шүүхээс хэргийн ямар нөхцөл байдлыг дүгнэн алдангийн хэмжээг 30 хувь бууруулан шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Ковид-19 өвчний улмаас улсаас хэрэгжүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг хассан ч 185 хоногийн алданги хариуцагч төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иймээс Ковид-19 өвчний нөхцөл байдал тус хэрэгт хамааралгүй юм.

4.б. Нэхэмжлэгч миний бие Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүнг 50 хувь бууруулан нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг 30 хувь бууруулсан нь Иргэний хуулийн 9.4.6-д заасан хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна.

4.в. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээг байгуулан алдангийн хэмжээг харилцан тохиролцсон. М ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг ихээр алдагдуулсан бөгөөд цаашид хэдийд ч орон сууцыг ашиглалтад оруулах эсэх нь тодорхойгүй барилгын явц хангалтгүй, удаашралтай явагдаж байна.

4.г. Миний бие өөрийн гэх орох оронгүй бусдын орон сууцыг түрээслэн хохирол амсаж байгаа ба хариуцагчаас гаргуулах алдангийн төлбөрөөс өөрт учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа болно.

4.д. Барилгын компаниуд Ковид-19 өвчний нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцны үнийг нэмэгдүүлэх, гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцлах явдал нийгэмд хавтгайрч байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг эс зөвшөөрч, гэрээний дагуу хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоногт тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон. Гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэж, барилга угсралтын ажил хийгдэж байгаа учраас барилгын ажлыг дуустал нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэрээг дүгнэсэн. Хэдийгээр гэрээний зүйл нь орон сууц боловч талууд гэрээ байгуулахдаа бэлэн барьсан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцоогүй ба барилгыг барьж ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Энэхүү агуулга нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж мөн эсэх талаар хууль зүйн дүгнэлтийг нэг мөр өгч шийдвэртээ тусгаагүй байна.

6.б. Нэхэмжлэгч алданги шаардсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй үндэслэлээр ...Б.Ш , М ХХК нарын хоорондох 2018 онд байгуулсан гэрээг дээр дурдсанаар хүчин төгөлдөр гэж үзсэн, хэрэгт дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй... гэж сайн дураараа шаардлага гаргаж ирж тусгасан нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн эрх үүргийг шүүх биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудаас хэн аль нь тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулах эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба харин аль хэдийн цуцлаад цуцалсан үйл баримт нь хүчин төгөлдөр болчихсон гэрээ байсан. Үүнийхээ холбогдох материалыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгч үүн дээр маргаж шаардлагаа нэмэгдүүлээгүй.

6.в. Шүүх алдангийг тооцохдоо хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Гүйцэтгэгч нь гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэж барилга угсралтын ажлаа хийж гүйцэтгэж байсан юм. Анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хоёр гэрээний нийт үнийн дүн 108,523,800 төгрөгөөс алданги тооцсон нь иргэний хуулийн 232.6-д заасныг буруу хэрэглэж алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан гэрээг хариуцагч дур мэдэн цуцалсан. Гэрээг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Хариуцагч гэрээг цуцалж гуравдагч этгээдтэй худалдан борлуулахаар гэрээ байгуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. Мөн захиалагчийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдан борлуулах хууль бус үйлдэл хийсэн тул хэрэгт авагдсан материалыг хянан шалгуулах хүсэлттэй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.Ш ...хариуцагч хоёр орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй... үндэслэлээр алдангид 54,261,900 төгрөг шаардсаныг хариуцагч М ХХК нь ...орон сууцны барилгын ажил явагдаж байгаа, барилгын ажил удааширсан нь хариуцагчаас шалтгаалаагүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн, нэхэмжлэгч компанийн нэр хүндэд халдсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан... гэсэн үндэслэл заан маргажээ.

 

3.   Талууд 2018 оны 10 сарын 30-ны өдөр 00-0-0/0-00 тоот болон 00-0-0/0-00 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, М ХХК ...  талбайтай орон сууц, 905 тоот 56.78 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан өмчлөлд шилжүүлэх, Б.Ш 904 тоот орон сууцны үнэ 52,311,600 төгрөг, 905 тоот орон сууцны үнэ 56,212,200 төгрөг, нийт 108,523,800 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 4-6, 7-9/

Анхан шатны шүүх талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан гэж үзэхгүйгээс гадна энэ нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэхэд хамаарах асуудал тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.   Гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Ш нь гэрээний үнэ нийт 108,523,800 төгрөгийг М ХХК-д шилжүүлэн өгч үүргээ гүйцэтгэсэн бол хариуцагч М ХХК орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд Б.Ш ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан Голомт банкны Төлбөрийн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 10-14/

 

5.   00-0-0/0-00 тоот болон 00-0-0/0-00 тоот гэрээний 6.1.8-д тусгасан Худалдагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанаас 60 хоногоор хэртүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги төлнө гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

 

6.   Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алданги шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээгээр орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь зөв. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ийнхүү тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алдангийн төлбөрт 54,261,900 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

7.   Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 30 хувь болгон бууруулсныг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож алданги нэхэмжилснийг Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй, улмаар шүүх алдангийн хэмжээг үндэслэлгүй бууруулсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 347,870 төгрөг, хариуцагч талаас төлсөн 240,540 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР