Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2021/00177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******/

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох

 

Налайх дүүргийн*******,*******, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дээрх эд хөрөнгийг чөлөөлөхийг -д даалгах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., түүний өмгөөлөгч Ч., Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., түүний өмгөөлөгч У., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Иргэн Б.тай өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулан Налайх дүүргийн*******,******* 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг авто машины зогсоол, газрын хамт худалдан авсан. Энэхүү гэрээний дагуу төлбөр 200,000,000 төгрөгийг иргэн Б.ы дансанд тухайн үед шилжүүлсэн байна.

Одоо энэ байранд Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү төлбөрийг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байхад иргэн Б. нь үл хөдлөх эд хөрөнгийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөхгүй, үндэслэлгүйгээр нэмж төлбөр нэхсээр байгаа билээ. Иймд Налайх дүүргийн*******,******* 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр -ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., Э. нар нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа: ...Шүүхэд гэрчээр оролцож байгаа Б. тухайн үед худалдах, худалдан авах ажиллагааг биечлэн гүйцэтгэсэн. ...Маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгө, газар 2 өөр хүний нэр дээр байдаг. Газартай холбоотой асуудлыг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, 2 шатны шүүхээр хянагдаад хуулийн хүчин төгөлдөр болсон. Газрын маргаан шийдвэрлэж байхад одоогийн ярьж буй гэрээний үнийн асуудлыг ярьж л байсан. Манай зүгээс худалдах, худалдан гэрээг ноториатаар гэрчлүүлж бүртгүүлэхийг удаа дараа шаардсан. Эрхийн доголдлыг арилгаагүй учраас манайх шүүхэд хандсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлэлцсэн, тохиролцсон үнийг бүрэн төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгохоор нэхмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. нь -тай өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хир нь үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгөхгүй байгаа гэдэг нь ор үндэслэлгүй, худал гүтгэж байгаа үйлдэл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг төлсөн, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Хариуцагч Б. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хариуцагч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн, шаардах эрх үүссэн үү үгүй юу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага, гэрээ байгуулсан этгээдүүд нь тухайн гэрээг байгуулах эрхтэй этгээдүүд байсан уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх юм бол нэхэмжлэгч тал тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй гэж хариуцагч талын зүгээс үзэж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгаа. Гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө юм. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхэд хуулиар тодорхой хэлбэрийн шаардлага тавьдаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.3-т тодорхой заасан байгаа. Хуульд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын хэн аль нэг тал нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх бичиг баримтад тэмдэглэх буюу хавсаргана гэж тодорхой зааж өгсөн байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага шаардагдаж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 11 дүгээр зүйлд гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Гэвч энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр талууд нотариат дээр очсон байдаг. Гэвч нотариатын зүгээс нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан баримт бичгүүдийг талуудаас шаардсан байдаг. Энэхүү баримт бичгүүд нь хариуцагч талаас үл шалтгаалах нэхэмжлэгч талаас шалтгаалах баримтууд байдаг. Тухайлбал, тухайн гэрээг үндэслэж хийсэн тендерийн үнэлгээний хурлын шийдвэр, худалдаж авч байгаа тал нь төрийн өмчит хувьцаат компани байдаг, энэхүү хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг нотариат шаардсан байдаг. Гэтэл энэхүү баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, тухайн баримтуудыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсаар байгаа тул хариуцагч талыг хохироосоор байгаа. Иймд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байгаа юм. Мөн тус гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгч талыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэх дээр эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, -ийн гүйцэтгэх захирал Ч. гэдэг хүн гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед энэ хүн гүйцэтгэх захирал байсан эсэх талаар компанийн гэрчилгээ болон ТУЗ-ын тогтоол, шийдвэр хэрэгт байхгүй байгаа. тэгэхээр энэ хүн гэрээг байгуулах эрхтэй хүн үү, үгүй гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Бидний зүгээс ийм баримт байхгүй учраас төрийн өмчит компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээд биш гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь жирийн нэг эд хөрөнгө худалдах, худалдан авах, иргэн хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцаа биш юм. Нэг талд нь төрийн өмчит хуулийн этгээд байгаа. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж худалдан авах ажиллагааг явуулах ёстой. Тиймээс хариуцагч талаас үнэлгээний хороо байгуулсан байдаг. Энэхүү баримт нь хэрэгт байгаа. Гэвч нэхэмжлэгч тал нь уг ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэдэг нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, тендерийн материал нь байдаггүй, байхгүй гэж өөрсдөө тайлбарладаг. Шүүхээс албадан гаргах захирамж гаргахад байхгүй гэдэг тайлбарыг өөрсдөө өгдөг. Тэгэхээр энэхүү худалдан авах ажиллагаа нь бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар мөн энэ гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг хангаж байгаа. Гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Хэрвээ шаардах эрх үүссэн гэж үзэх юм бол нөгөө талаас нийт 200,000,000 төгрөгийг төлж шилжүүлсэн гэж тайлбарладаг. 200,000,000 төгрөгийг 2 үе шаттайгаар шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрөө дуусгасан. Энэхүү өдрөөс хойш ямар нэгэн шаардлагыг хариуцагч талд гаргаж байгаагүй, шаардах эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдана. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагч -ийн удирдлагаас Налайх дүүргийн*******,******* 20 тоот хаягт байрлах 357м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон газар болон автомашины зогсоолын газрын хамт нийт 400,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан тул 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод тус компанийн хуульч нар гэрээнүүдийг бэлдэж, нотариатаар гэрчлүүлэхээр очсон боловч хариуцагч -ийн ТУЗ-ын шийдвэр, үнэлгээний хорооны хурлын шийдвэр болон холбогдох зөвшөөрлүүдээ авчирч түүнгүйгээр гэрээг гэрчлэх боломжгүй гэсэн тул гэрээг албан ёсоор нотариатаар баталгаажуулаагүй.

Тухайн үед гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан боловч -ийн зүгээс урьдчилгаа 200,000,000 төгрөгийг өгч гэрээ хүчин төгөлдөр болмогц үлдэгдэл 200,000,000 төгрөгийг өгөхөөр санал гаргаж бид -ийн гүйцэтгэх захирал Ч.тай тохиролцож 1 сарын хугацаанд 200,000,000 төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч тал нь гэрээг нотариатаар баталгаажуулахад шаардлагатай ТУЗ-ын шийдвэр, үнэлгээний хорооны хурлын шийдвэр болон холбогдох зөвшөөрлүүдээ өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ хуулийн шаардлага хангахгүй, мөн гэрээнд зааснаар 200,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. -иас гэрээг нотариатаар баталгаажуулах талаар ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй. Учир нь, төрийн өмчит компани нь төрийн худалдан авах ажиллагааны үндсэн дээр аливаа бараа, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын журмаар шалгаруулж гэрээ байгуулдаг. Гэвч хариуцагч нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхой бус тус гэрээг баталгаажуулахад шаардлагатай үнэлгээний хорооны хурлын шийдвэр, холбогдох зөвшөөрлүүд байдаггүй.

Мөн хоёр талын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний 11 /гэрээ нотариатаар гэрчлэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно/-д заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр болоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан өдрийн тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 /хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлснээр буюу гэрчлүүлснээр/-т зааснаар байгуулагдсан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.8 /хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул 56-р зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу, эзэмшиж, ашиглаж байгаа Налайх дүүргийн*******,******* 20 тоот хаягт байрлах 357м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг -д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., түүний өмгөөлөгч У. нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа: Налайх дүүргийн*******,******* 2 давхар үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхийг -д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. -ийн удирдлагаас Налайх дүүргийн*******,******* 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр худалдах санал гаргасан. Тус компанийн хуульчид гэрээнүүдийг бэлдэж нотариатаар гэрчлүүлэхээр очсон боловч хариуцагч -ийн ТУЗ-ын шийдвэр, үнэлгээний хорооны шийдвэр болон холбогдох зөвшөөрлүүдийг авч ирээгүй байдаг. Энэхүү холбогдох баримт ирээгүйгээс шалтгаалан гэрээг хийх боломжгүй болсон. Тухайн гэрээ нь албан ёсоор нотариатаар баталгаажигдаагүй. Тухайн үед гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан тэгэхэд -аас 200,000,000 төгрөгийг төлье гэрээ хүчин төгөлдөр болмогц үлдэгдэл 200,000,000 төгрөгөө гэрээнд заасны дагуу шилжүүлье гэдэг үйл баримт гэрээнд зааснаар юу гэж нотлогдох вэ гэхээр нотариатаар гэрчлүүлсний дараа 100,000,000 төгрөг шилжүүлнэ, эд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг шилжүүлсний дараа 100,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ийнхүү 400,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон. Ийнхүү хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ бол хуулиар тогтоосон шаардлагыг хангаж нотариатаар баталгаажаагүй байдаг. 200,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн биш юм. Хариуцагч -аас гэрээг баталгаажуулах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан нь тодорхой бус байдаг. Иргэний хуулийн 109.2-т заасан хуулийн шаардлага мөн хангаагүй учир Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2-т зааснаар тухайн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. 56.4-т зааснаар тухайн гэрээний үр дагаврыг арилгуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 56.5-д зааснаар Налайх дүүргийн*******,******* 2 давхар үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхийг хариуцагч компанид даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.д худалдах худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн бөгөөд 2012 оноос хойш одоог хүртэл тухайн объектод үйл ажиллагааг явуулсаар байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Худалдагч тал гэрээг нотариатаар батлуулахаас татгалзсан. Манайх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөрбаяр, Э. нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа: 2012 оны 9 дүгээр сард байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр болгох үндэслэлгүй. Мөн 2012 оны 9 дүгэээр сарйн 18-нд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаа өнгөрсөн байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.д холбогдуулан Налайх дүүргийн*******,******* 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардсан.

 

Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, уг хөрөнгийг чөлөөлөхийн нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б. нь өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн*******,******* 2 давхар,,, өрөөтэй үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч -д шилжүүлэх, нь гэрээний 2 дах хэсэгт заасан 200.000.000 төгрөгийг 2 үе шаттайгаар төлөх үүргийг тус тус хүлээж өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна./хх-6-7/

 

Талуудын хороонд байгуулсан гэрээний эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байна.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч нь 2 давхар объектыг газрын хамт хүлээн авч завсарлан Налайх дүүргийн иргэдэд цахилгаан эрчим хүч борлуулах түгээх, ханган дамжуулах тоног төхөөрөмжийн засвар угсралтын үйл ажиллагааг явуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ХК-ийн ТУЗ-ын тоот тогтоол, 1, 2 дугаар хавсралтаар баталсан ХК-ийн 2012 онд хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын тодотгосон төлөвлөгөө, Налайх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт, гэрч Б.ийн Энэ хэрэг явдал 2012 онд буюу одоогоос 9 жилийн өмнө болсон. Би 2012 онд -ийн гэрээний мэргэжилтэн буюу тухайн компанийн гадаад дотоод харилцагч аж ахуй нэгж байгууллагууд болон дотоод хөдөлмөрийн гэрээ болоод бусад гэрээг хариуцаж боловсруулах эрх бүхий албан тушаалтан дээр ажиллаж байсан хүн. 2012 онд манай Налайх дүүргийг эрчим хүчээр хангадаг газар түрээсийн байранд байж байгаад түрээслэгч тал нь байрнаасаа гарахыг шаардсан зүйл яригдсан. Энэ асуудлыг маш яаралтайгаар шийдэхгүй бол болохгүй нь гээд компани дээр эрх бүхий албан тушаалтнууд болох Захирлын зөвлөл, удирдлагууд Налайх дүүргийн салбарын байртай холбоотойгоор төсвийг батлуулж суулгаж үүний дагуу Үнэлгээний хороо байгуулах, худалдан авалт хийх, эсвэл байшин барилга барих зэрэг ажлыг зохион байгуулах болсон. 2012 оны 9 дүгээр сарын эхээр иргэн Б., түүний охин А. нөхөрийн хамт *******т байрлах одоо манай компанийн салбар ажиллаж байгаа байрыг зарна гээд уулзацгаасан. Тэгээд энэ асуудлын дагуу манай байгууллагаас хүмүүс очиж барилгыг нь үзсэн. Тухайн барилга нь бол муухайгаар хэлэхэд битүүлчихсэн л байшин байсан. Маш их засвар орохоор байсан. Худалдагч талаас 200,000,000 төгрөгийн үнийн санал хэлсэн, мөн худалдагч тал сантехник, шатны ажлыг гүйцээн хийж байрыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед ажлын байр яаралтай хэрэг болж байсан учраас гэрээ байгуулж, гарын үсэг зурж батгалгаажуулсан. Тэндээсээ Хан-Уул дүүргийн наториат дээр очсон чинь Налайх дүүргийн наториат дээр оч гэж хэлээд, Налайх дүүргийн наториат дээр ирэхэд газар нь өөр хүний нэр дээр байна гээд гэрээг батлаагүй. Худалдагч тал урьдчилгаа мөнгөө авмаар байна, дотор заслаа хиймээр байна гэхэд нь компаниас урьдчилгаа 100.000.000 төгрөг авсан. Тун удалгүй дахин үлдэгдэл 100.000.000 төгрөгөө авмаар байна гээд хүсэлт гаргахад 100.000.000 төгрөг шилжүүлсэн. 2013 онд газар эзэмших эрхээ шилжүүлж авсан гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. /хх-6-7, 29-34, 71/

.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээний үнийг 400.000.000 төгрөгөөр тохирсон гэж маргаж байгаа боловч баримтаар нотлоогүй.

 

Гэтэл хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2 дах заалтад Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 200.000.000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2 үе шаттайгаар төлж дуусгана. гэж гэрээний үнийг шууд заасан байна. /хх-6/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг хариуцагч Б. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байгаа учраас Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар уг эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг талуудын хэн ч гаргах эрхтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх нэхэмжлэгч талд үүсэж, хариуцагч Б.ы өмчлөх эрх дуусгавар болох байсан.

 

Талууд уг гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй ч бодит байдал дээр гэрээ байгуулагдсанаас хойш 8 жил гаран нэхэмжлэгч өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлсэн байна.

 

Маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг төр баримталдаг.

 

Маргаж буй үл хөдлөх хөрөнгийн бүрдэл хэсэг болох газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар иргэн Б. 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 189/ШШ2019/00007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх оор анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна./хх-139-152/

 

Нэхэмжлэгч 2012 оны 10 дугаар сараас хойш маргаж буй 2 давхар үл хөдлөх хөрөнгийг газрын хамт шударгаар эзэмшиж ашиглаж байгаа, гэрээнд заасан үнэ 200.000.000 төгрөгийг бүрэн төлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн нь нэхэмжлэгч талын тайлбар, мөнгө төлсөн баримтуудаар тогтоогдсон. /хх-8-10/

 

Иймд -ийг Налайх дүүргийн*******,******* 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

 

Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээний үнэ, үүрэг биелэгдээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж маргаж өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн дотор гаргах ёстой.

 

Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээ байгуулагдсаны дараа гэрээний үнийг зөвшөөрөхгүй, бүртгэл хийлгэхээс татгалзсан үеэс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1., 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар -ийг Налайх дүүргийн*******,******* 20 тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар 75.2.2-т зааснаар хариуцагч Б.ы -тай байгуулсан өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцож үр дагаврыг арилгахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ