Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01312

 

 

 

 

 

 

 

 

 

УБЦТС ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 104/ШШ2021/00177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Б.Б-тай 2012 оны 09 сарын 18-ны өдөр 320/2012 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчин /12150/ уурхайчдын гудамж 20 тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 42 м.кв талбай бүхий авто машины зогсоол, 185 м.кв газрын хамт худалдан авсан. Энэхүү гэрээний төлбөр 200,000,000 төгрөгийг Б.Б-ы дансанд тухайн үед шилжүүлсэн.

Тус байранд Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү төлбөрийг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байхад Б.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй, үндэслэлгүйгээр нэмж төлбөр нэхсээр байна. Маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгө, газар 2 өөр хүний нэр дээр байдаг. Газартай холбоотой асуудлыг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, 2 шатны шүүхээр хянагдаад хуулийн хүчин төгөлдөр болсон. Газрын маргаан шийдвэрлэж байхад одоогийн ярьж буй гэрээний үнийн асуудлыг яригдаж байсан. Манай зүгээс худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж бүртгүүлэхийг удаа дараа шаардсан. Эрхийн доголдлыг арилгаагүй учраас шүүхэд хандсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлэлцсэн, тохиролцсон үнийг бүрэн төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иймд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчин /12150/ уурхайчдын гудамж 20 тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэж, шаардах эрх үүссэн буюу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага, гэрээ байгуулсан этгээдүүд нь тухайн гэрээг байгуулах эрхтэй этгээдүүд байсан эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх юм бол нэхэмжлэгч тал тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдах шаардлага тавигдсан юм.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын хэн аль нэг тал нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх бичиг баримтад тэмдэглэх буюу хавсаргана гэж тодорхой зааж өгсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага шаардагдаж, гэрээний 11-д гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлийг тодорхой тусгасан. Гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр талууд нотариат дээр очсон боловч нотариатчийн зүгээс Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг талуудаас шаардсан байдаг. Энэхүү баримт бичгүүд нь хариуцагч талаас үл шалтгаалах нэхэмжлэгч талаас шалтгаалах баримтууд байдаг. Тухайлбал, тухайн гэрээг үндэслэж хийсэн тендерийн үнэлгээний хурлын шийдвэр, худалдаж авч байгаа тал нь төрийн өмчит хувьцаат компани байдаг, энэхүү хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг нотариат шаардсан. Гэтэл уг баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй, тухайн баримтуудыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсаар байгаа тул хариуцагч талыг хохироосоор байна.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй. Гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгч талыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэх дээр эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээг байгуулсан Ч.Саранжав гэдэг хүн тухайн үед УБЦТС ТӨҮК-ийн гүйцэтгэх захирал байсан эсэх талаар компанийн гэрчилгээ болон ТУЗ-ын тогтоол, шийдвэр хэрэгт байхгүй. Иймд төрийн өмчит компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Гэрээний нэг тал нь төрийн өмчит хуулийн этгээд тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж худалдан авах ажиллагааг явуулах ёстой. Хариуцагч талаас үнэлгээний хороо байгуулсан баримт нь хэрэгт авагдсан. Гэвч нэхэмжлэгч тал нь уг ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, тендерийн материал нь байхгүй талаар тайлбарладаг.

Иймд энэхүү худалдан авах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг хангаж байна. Гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Хэрвээ шаардах эрх үүссэн гэж үзэх юм бол нөгөө талаас г 2 үе шаттайгаар шилжүүлсэн 200,000,000 төгрөг байдаг. Хамгийн сүүлд 2012 оны 10 сарын 19-ний өдөр төлбөрөө дуусгасан. Энэхүү өдрөөс хойш ямар нэгэн шаардлагыг хариуцагч талд гаргаж байгаагүй, шаардах эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй нь харагдана. 2018 оны 10 сарын 19-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын удирдлагаас нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах санал гаргасан тул 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод тус компанийн хуульч нар гэрээнүүдийг бэлдэж, нотариатаар гэрчлүүлэхээр очсон боловч хариуцагч байгууллагын ТУЗ-ын шийдвэр, ТС-23/2012 тоот үнэлгээний хорооны хурлын шийдвэр болон холбогдох зөвшөөрлүүдээ авчирч түүнгүйгээр гэрээг гэрчлэх боломжгүй гэсэн тул гэрээг албан ёсоор нотариатаар баталгаажуулаагүй.

Тухайн үед гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан боловч хариуцагчийн зүгээс урьдчилгаа 200,000,000 төгрөгийг өгч гэрээ хүчин төгөлдөр болмогц үлдэгдэл 200,000,000 төгрөгийг өгөх нөхцөлийг гүйцэтгэх захирал Ч.Саранжавтай тохиролцож 1 сарын хугацаанд 200,000,000 төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч тал нь гэрээг нотариатаар баталгаажуулахад шаардлагатай ТУЗ-ын шийдвэр, ТС-23/2012 тоот үнэлгээний хорооны хурлын шийдвэр болон холбогдох зөвшөөрлүүдээ өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ хуулийн шаардлага хангахгүй, мөн гэрээнд зааснаар 200,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч байгууллагаас гэрээг нотариатаар баталгаажуулах талаар ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй. Учир нь, төрийн өмчит компани нь төрийн худалдан авах ажиллагааны үндсэн дээр аливаа бараа, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын журмаар шалгаруулж гэрээ байгуулдаг. Гэвч хариуцагч компани нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхой бус тус гэрээг баталгаажуулахад шаардлагатай ТС-23/2012 тоот үнэлгээний хорооны хурлын шийдвэр, холбогдох зөвшөөрлүүд байдаггүй.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний 11-т зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр болоогүй. 2012 оны 09 сарын 18-ны өдрийн 320/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар байгуулагдсан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу, эзэмшиж, ашиглаж байгаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчин /12150/ уурхайчдын гудамж 20 тоот хаягт байрлах 357м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг УБЦТС ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: УБЦТС ТӨХК Б.Б-д худалдах худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн бөгөөд 2012 оноос хойш одоог хүртэл тухайн обьектод үйл ажиллагааг явуулсаар байгаа худалдагч тал гэрээг нотариатаар батлуулахаас татгалзсан. Манайх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр болгох үндэслэлгүй. Мөн 2012 оны 09 сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаа өнгөрсөн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар УБЦТС ТӨХК-ийг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчин /12150/ уурхайчдын гудамж20 тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар 75.2.2-т зааснаар хариуцагч Б.Б-ы УБЦТС ТӨХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцож үр дагаврыг арилгахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 1.157.950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй, маргаан бүхий харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд, талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул шаардах эрх үүсэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүх нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй улмаар 8 жил гаруй нэхэмжлэгч өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн ямар үндэслэлээр дүгнэж байгаа нь тодорхой бус, хууль зүйн үндэслэлгүй буюу 8 жил гаруй бодитоор эзэмшсэн нь хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх талаар үндэслэл бүхий дүгнээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Хэрэв анхан шатны шүүх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол тус гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасны дагуу 6 жилийн хугацаанд шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр болох 2012 оны 10 сарын 19-ний өдөр шаардах эрх үүссэн. Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй буюу хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүйг анхаарна уу.

Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал Ч.Саранжав нь тус гэрээг байгуулах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд түүнийг гэрээ байгуулах үед нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаарх компанийн гэрчилгээ байхгүй, тус гэрээг байгуулах эрх олгосон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоол зэрэг ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь 357 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, 182 м.кв газар байдаг. Гэвч гэрээ байгуулсан худалдагч тал нь тус гэрээнд заасан 182 м.кв талбай бүхий газрын эзэмшигч биш бөгөөд түүнд худалдах эрх олгогдоогүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд анх 2012 оны 05 сарын 10-ны өдөр Б.Б- өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Тиймээс тус гэрээг газрын эзэмшигч, өмчлөгч байгуулаагүй тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан болохыг тооцуулах нэхэмжлэл гаргаагүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 09 сарын 18-ны өдрийн 320/2012 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй, гэрээ байгуулсан эрх олгогдсон этгээд байгуулаагүй, нэхэмжлэгч талаас тус гэрээг байгуулах ТУЗ-ын шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг гэрээ байгуулах эрх олгосон бичиг баримтууд байхгүй байхад анхан шатны шүүх тус гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн болон бодит үндэслэлээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлэх шаардлага хангаагүй тул 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж, түүний үр дагаврыг арилгуулахаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсан. Энэхүү шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу үүргийн биелэлт шаардаж буй шаардах эрх биш. Харин хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүссэн үр дагаврыг арилгуулахаар шаардсан шаардах эрх.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилийн дотор гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй болно.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд, нэхэмжлэгч нь 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ төлбөрийг бүрэн төлж гэрээнд заасан үүргийг биелүүлсэн байхад Б.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөхгүй, үндэслэлгүйгээр нэмж төлбөр нэхсээр байна гэж өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгааг зөвхөн хариуцагч талаас шалтгаалсан мэтээр тайлбарладаг. Үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго нь "...УБЦТС ХК-ийн ТС-23/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэр болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалт болон заалтад нийцүүлэн үл хөдлөх эд хөрөнгө болон холбогдох тоног төхөөрөмж бусад дагалдах материалыг худалдах, худалдан авахад оршино..." гэж зааснаар тус гэрээг байгуулахад үндэслэл болсон УБЦТС ХК-ийн ТС-23/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэр, тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах компанийн ТУЗ-ын шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл гэх зэрэг баримтууд байхгүй байсан тул тус гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгааг анхан шатны шүүх нотлох баримт дээр үндэслэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 104/Ш32019/00130 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар гэрээнд дурдсан "УБЦТС" ТӨХК-ийн ТС-23/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын гудамж 20 тоот хаягт байрлах 357 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахтай холбогдуулан гаргасан ТУЗ-ийн хурлын шийдвэр, тогтоол, протоколыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар захирамжилсан.

Гэвч нэхэмжлэгч талын 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 1/251 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжид заасан баримтууд байхгүй гэж мэдэгдсэн байдаг, мөн 2019 оны 03 сарын 104/Ш32019/00334 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар мөн л дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үзэж нэхэмжлэгч талаас албадан гаргуулахаар захирамжилсан. Гэвч нэхэмжлэгч талаас шүүхээс удаа дараа шаардсан хэрэгт ач холбогдолтой баримтууд байхгүй гэх үндэслэлээр шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх түүнд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй болно.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэрч нь нэхэмжлэгч байгууллагад ажилладаг, ажил хэргийн хамааралтай мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдахаар заасан байх тул түүний мэдүүлгийг туйлын үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчдын гудамж, 20 тоот хаягт байршилтай 357 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх 1/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч /хх 24/ 2012 оны 09 сарын 18-ны өдрийн 320/2012 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 102-103/ зохигчид харилцан маргажээ. /хх 108/

 

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ хариуцагчтай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарладаг бол хариуцагч нь өөрийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ нь хуульд заасан нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангахгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна, гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг.

 

Хэргийн 7-8-р талд авагдсан 2012 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 9, 10-р талуудад авагдсан Төлбөрийн даалгавар, 11-р талд авагдсан Нэхэмжлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, иргэн Б.Б- нь өөрийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчдын гудамж, 20 тоот хаягт байршилтай 357 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 182 м.кв газрын хамтаар УБЦТС ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, УБЦТС ХК нь гэрээний үнэ 200,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус талууд харилцан тохиролцсон, улмаар иргэн Б.Б-ы нэхэмжилсний дагуу УБЦТС ХК 2012 оны 10 сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөг, 2012 оны 10 сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг Б.Б-ы эзэмшлийн Хадгаламж банк дахь 31250026886 тоот данс руу шилжүүлэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, худалдан авагч УБЦТС ТӨХК гэрээний үнийг төлж, үүргээ гүйцэтгэсэн, худалдагч Б.Б- үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад 2012 онд шилжүүлэн өгсөн, харин өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг зөв тогтоосон боловч худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр зохицуулсан байх боловч гэрээний талууд өмнө дурдсан 2012 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г нотариатаар гэрчлүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болохоор зохицуулсны дагуу худалдан авагч УБЦТС ХК гэрээний үнийг бүрэн төлсөн, худалдагч Б.Б- үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, үүнээс хойших хугацаанд худалдан авагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн зүгээс маргаан бүхий гэрээг хийсэнд тооцох үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн аль нь гаргах эрхтэй гэж зохицуулсан байх тул 2012 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тухайн үед нотариатаар гэрчлүүлээгүй үйлдэлд нэхэмжлэгчийг дангаар буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 1-д хариуцагч нь 357 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 182 м.кв газрын хамтаар нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь өөр өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байсан, газар эзэмшигч Б.Одонгэрэлийн хариуцагч А.Цагаанчулуу, УБЦТС ТӨХК, Х.Маярагүль нарт холбогдуулан гаргасан итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00777 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 149-151/

 

Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө иргэн Б.Б-ы өмчлөлд, харин газар иргэн Б.Одонгэрэлийн эзэмшилд бүртгэлтэй нөхцөл байдал байсан учир нэхэмжлэгч нь гэрээний 1-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах боломжгүй байсан гэж үзнэ.

 

Иймд газар эзэмшигч Б.Одонгэрэлээс иргэн А.Цагаанчулууд олгосон итгэмжлэлийн дагуу УБЦТС ТӨХК болон А.Цагаанчулуу нар 2013 оны 07 сарын 31-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой маргааныг Монгол Улсын Дээд шүүх 2020 оны 11 сарын 10-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн байх тул уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрээний үнийн дүн нийт 400,000,000 төгрөг байсан, гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрхийг олгосон зохицуулалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа үйлчлэх тул 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд мөн оновчгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 104/ШШ2021/00177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар УБЦТС ТӨХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002367 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчин /12150/ уурхайчин гудамж, 20 тоот хаягт байршилтай 357 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, УБЦТС ТӨХК-д холбогдуулан гаргасан 2012 оны 09 сарын 18-ны өдрийн 320/2012 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,315,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР