Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 129/шш2018/00140

 

129/шш2018/00140                            

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.А

 Нэхэмжлэгч: С.Ш нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШШГГ-т холбогдох,

С.Ш, М.А нарт хариуцагдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, дахин зөвтгөн явуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч С.Ш,

            Нэхэмжлэгч М.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

            Нэхэмжлэгч талын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Б.О-,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Ш, М.А- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Ш, С.Адъяабаатар нараас 30342058 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудас материалд Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу ажилласангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж, төлбөр төлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэлгүйгээр ХАС банкинд С.Шгийн нэр дээрхи Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 34-3425 тоот хаягт байршилтай Ү-0118001271 дугаарын бүртгэл бүхий 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаяг байршилтай Ү-0118001270 дугаарын бүртгэл бүхий 128 м.кв талбайтай хувийн орон сууц, 24.5 м.кв талбайтай грашийн зориулалттай барилга, мөн хаягт байршилтай тус тус шилжүүлж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ийнхүү өмчлөх эрх шилжүүлэхдээ бидэнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох талаар мэдэгдээгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа С.Шгийн нэр дээр байдаг Г-0118001038, 6513003225 нэгж талбарын дугаартай, 400 м.кв өмчлөх эрхийн газрыг тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа ба одоо энэ газар төлбөр авагч ХАС банкны эзэмшилд биш хувь хүний нэр дээр гэрчилгээ олгогдсон байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан талаар бидэнд мэдэгдээгүйгээс бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхээ алдсан. Мөн шүүхийн шийдвэр С.Ш, М.А- нараас төлбөр гаргуулахаар заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.А- намайг нэг ч удаа оролцуулаагүй, улмаар уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар эрх, үүрэг эдэлж оролцох талаар ямар ч ойлголтгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан, тухайн дуусгасан үйл ажиллагааныхаа талаар одоог хүртэл мэдэгдээгүй байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн болон мөн хуулийн холбогдох зүйл, зохицуулалтаас үзвэл, төлбөрийг төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулж үл хөдлөх хөрөнгийн үнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ уг үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулахаар хуульчилжээ. Гэтэл С.Ш, М.А- нараас 30651718 төгрөг гаргуулж, ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд С.Шгийн нэр дээрхи өмчлөлийн газар болон бусад үл хөдпөх эд хөрөнгүүдийг дуудпага худалдаанд оруулж, төлбөр барагдуулах талаар заагаагүй байна. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль зөрчсөн үйл ажиллагааг мэдсэн дороо дээд шатны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт өмгөөлөгч Г.Эаар дамжуулан гомдол гаргаж, хариуг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/1714 дугаарын албан бичгээр авсан. Иймд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийг гүйцэтгэх хуудсыг хэрэгжүүлж явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, дахин зөвтгөн явуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 2190 тоот шийдвэрээр төлбөр төлөгч С.Ш М.А- нараас 30651,718 /гучин сая зургаан зуун тавин нэгэн мянга, долоон зуун арван найман мянган/ төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Дээрх гүйцэтгэх хуудас материалд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.А- С.Ш нарыг 2017оны 01 сарын 02-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж уулзах талаар төлбөр төлөгч С.Штай 99210718 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч төлбөр төлөгч М.А- дуудсан цагт ирдэггүй , төлбөр төлөгч С.Ш /Адъяабаатар ирэх боломжгүй хөдөө Хоршооллын хуурай гэх газар амьдардаг/ гэх тайлбар өгдөг. С.Шд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20,2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөх мэдэгдлийг гардуулан өгч , удаа дараа биечлэн уулзаж тэмдэглэл хөтөлж төлбөр төлөлтөнд хугацаа өгсөн боловч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Хас банкны зээлийн барьцаа болох Эрдэнэбулган сумын 7 дугаар баг УЦУОШТ-ийн 02-11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс гаргуулан авахад С.Шгийн /нэг хүний/ өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд ,ХАС банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй гэсэн лавлагааг ирүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот битүүмжлэх актаар битүүмжлэн, төлбөр төлөгч М.А- ,С.Ш нарын төлбөр төлөлтөнд хугацаа өгсөн боловч дурдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот хураах актаар С.Шгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авч, талуудаас үнийн саналыг бичгээр гаргуулан авахад үнийн санал зөрүүтэй ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчнээр үнэлүүлж, үнэлгээг 2017оны 03 сарын 10-ны өдөр талуудад хууль танилцуулж гарын үсэг зуруулан өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага  худалдааг 2017 оны 04 сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177,1-д зааснаар үнэлгээчний тоггоосон зах зээлийн үнийн 70 хувь болох 78859,900 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг төлбөр төлөгч М.А- ,С.Ш нарт 2017 оны 04 дүгээр сарын 14-нд гардуулан өгсөн боловч дуудлага худалдаанд ирээгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д зааснаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж , 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр оруулах мэдэгдлийг 2017оны 05 сарын 03-ны өдөр С.Шд гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан боловч төлбөр төлөгч М.А- С.Ш нар нь мөн дуудлага худалдаанд ирээгүй болно. Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 56,78,500 төгрөгөөр тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дэнчин ирээгүй худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр явуулж талууд санал болгох ажиллагаанд биечлэн ирж оролцсон. Санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.7-дахь хэсэгт зааснаар төлбөрийн үнийн дүнд өгөхөөр шийдвэрлэж төлбөр төлөгч С.Ш төлбөр авагч Хас банкийг төлөөлж М.Хишигжаргал нар гарын үсэг зуруулж баталгаажуулсанаар дээрх үл хөдөлөх хөрөнгийг Хас банкны нэр дээр шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж тогтоолыг хүргүүлсэн. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явагдсан гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч Болормаатай уулзаж мөнгийг хэсэгчлэн төлөх хүсэлтээ удаа дараа хэлсэн. Манай нөхөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй. Ноднин 2 сард тэтгэмжийн мөнгө 3.000.000 төгрөгийг төлбөр рүү хийх гэхэд та хэдэн төгрөг хийсэн ч таны хашаа байшинг Хас банк авна. Та тэр мөнгийг хийх шаардлагагүй гэж хэлсэн. Би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийг хэсэгчлэн төлсөн бол бүтэн жилийн хугацаа өнгөрсөн байхад тодорхой хэмжээгээр төлбөрөөсөө хассан байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгө миний нэр байдаг боловч би нөхөр, охин, зээгийн хамт амьдардаг. Энэ хүмүүсийн эрх давхар зөрчигдөж байна. Энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Хууль сахиулах байгууллага хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой гэж Болормаад найдлага тавьж хүсэлтээ удаа дараа гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Шаарий, Адъяабаатар нараас төлбөр гаргуулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дугаартай шүүгчийн захирамж гарсан байгаа. Гэтэл Адъяабаатарыг оролцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Адъяабаатар төлбөр төлөгчийн эрх эдэлж, үүргийг хүлээлгээгүй. Энэ байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан 88 хуудас баримтаар нотлогдож байна. Адъяабаатартай нэг ч удаа уулзаагүй. Гэр бүлийн гишүүн гэдэг утгаар Шаарийтай харьцаж болох боловч Шаарий нь Адъяабаатарын өмнөөс төлөөлөх итгэмжлэл төлөөлөлгүй юм. Адъяабаатар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар юу ч мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэдгийг мэдээгүйгээс гомдол гаргах эрх нь хаагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж байгаа бол урьдчилан төлбөр төлөгчид мэдэгдэх ёстой. Учир нь төлбөр төлөгч шинжээчээс татгалзах эрхтэй. Магадгүй шинжээч нь Хас банкны төлөөлөгч байвал яах вэ? Шаарий, Адъяабаатар нарт гэж бичигдсэн мэдэгдэх хуудсанд Шаарийгийн гарын үсэг байдаг. Мэдэгдэх хуудсаар нэг ч удаа Адъяабаатарыг дуудаагүй. Адъяабаатар эрхээ эдлээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ буруу явагдсан. Хоёр дугаарт Хас банканд хөрөнгөө 05 дугаар сард шилжүүлж өгсөн. 06 дугаар сарын 15-ны өдөр Хас банкны төлбөрт хөрөнгийг шилжүүлсэн гэсэн саналыг өгсөн. Гэтэл Шаарийд Хас банканд санал болгосон гэж хэлсэн. Хэрвээ таны үл хөдлөх хөрөнгийг Хас банканд шилжүүлсэн гэсэн бол Шаарий, Адъяабаатар нарын хэн, хэн нь гомдол гаргах эрхээ эдэлнэ. Тэгэхээр төлбөр төлөгчийн эдлэх ёстой эрхийг нь эдлүүлээгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ буруу болсон. Шаарий, Адъяабаатар нараас 30 хэдэн сая төгрөгийг гаргуулах болохоос үл хөдлөх хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүл гэж бичээгүй. Иргэний хуульд заасан журмыг бүхэлдээ зөрчиж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Адъяабаатар, Шаарий нараас 30 651 718 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Манай байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Шаарий гуайг дуудан ирүүлж “Адъяабаатар та 2-т шүүхийн шийдвэр гарсан. Адъяабаатар гуай хаана байдаг вэ?” гэхэд “Адъяабаатар хөдөө мал дээр байдаг” гэж хэлсэн. Мөн төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна гэж хэлсэн. Хэсэгчлэн төлөхдөө цалингаасаа эсхүл тэтгэмжийн 2 000 000 төгрөг байгаа тэрийгээ өгнө гэсэн. Шаарий гуайд та Хас банктай уулзаад ир, Хас банк зөвшөөрвөл болно гэж хэлсэн. Шаарий гуайтай удаа дараа уулзаж төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлбөрийг хугацаанд төлөөгүй. Ингээд барьцаанд байгаа үл хөдлөхөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийнэ гэдгийг урьдчилан сануулсан. Үнэлгээчин дуудаж үл хөдлөхийг үнэлүүлэхэд Шаарий гуай өөрөө гэртээ байсан. Хас банкны Хишигжаргалтай хамт очиж үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг танилцуулахад үнэлгээнд гомдол саналгүй гэж гарын үсэг зурсан. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаа болон хоёр дах дуудлага худалдааг Шаарий, Адъяабаатар нарт гэсэн мэдэгдлээр Шаарийгийн гэрт, ажил дээр нь очиж өгсөн. Тухайн үед Адъяабаатар гуайг хаана байгаа талаар асууж тэмдэглэлд энэ талаар дурдсан. Санал болгох хуралдаан дээр Шаарий гуай өөрөө биечлэн ирсэн. Таны үл хөдлөх хөрөнгийн материал Хас банк руу шилжсэн гэдгийг тайлбарлаж хэлэхэд Шаарий гуай би ганцаараа дур мэдэж шийдэхгүй. Гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцана гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 тоот захирамжид Адъяабаатар, Шаарий нараас 30 342 541 төгрөг гаргуул гэсэн шийдвэр гарсан. Энэ нь хамтран үүрэг гүйцэтгэнэ гэсэн шүүхийн шийдвэр юм. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй буюу үүрэг гүйцэтгэхийг тэнцүү хувиарлах боломжгүй нөхцөлд энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Мөн нэхэмжлэгч талаас Адъяабаатарт эрхийг нь эдлүүлээгүйгээс хүлээн зөвшөөрч байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэлийн ажиллагааг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж гардуулах буюу баталгаат шуудангаар хүргүүлж болно гэж заасан. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар мэдэгдэх хуудсыг өгвөл зохих ажлын газрын хаяг болон хамтран амьдрагч, насанд хүрсэн иргэн эсхүл сум, багийн засаг даргад, түүний ажлын газраар хүргүүлж болно гэж заасны дагуу өгсөн. Манай байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас болон бусад баримт бичигт гарын үсэг зуруулж баталгаажуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 10 сард өдөр албан дуудлага худалдааны үнийн саналыг Шаарий гуайгаас авахад үл хөдлөх хөрөнгөө 120 000 000 төгрөгөөр үнэлж байна гэсэн саналыг өгсөн. Анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдаатай холбоотой гомдол Шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирээгүй. Дуудлага худалдаа болон үнийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргаж болох эрхийг тайлбарлаж өгсөн. Хоёр дах дуудлага худалдаанд төлбөр төлөгч болон төлбөр авагчийн зүгээс ирээгүй. Энэ талаар протоколд дурдсан. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч миний 204 тоот өрөөнд нэг дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Хатанбаатар, хоёр дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Болормаа, Сүрэнгэрэл нар байлцсан. Хамтын шийдвэрээр дээрх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, танд санал, хүсэлт байна уу гэхэд төлбөрийг хэсэгчлэн төлж дуусгах саналтай байна гэж хэлсэн. Манай байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан та Хас банктай дээрх асуудлаар тохиролцож болно гэж хэлсэн. Хэсэгчлэн төлөх талаар тэмдэглэлд 2, 3 удаа дурдагдсан байгаа. Шаарий төлбөрийг тохиролцсон хугацаанд төлнө гэсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй. Иймд манай байгууллагаас дээрх ажиллагааг явуулсан. Мөн төлбөр төлөгч Адъяабаатарын нэр дээр дээрх эд хөрөнгө илрээгүй. Тиймээс банкны барьцаанд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ш, М.А- нар нь хариуцагч Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж дахин зөвтгөн явуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Ш, М.А- нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэрт С.Ш, М.А- нарыг заасан байхад М.А-ыг нэг ч удаа оролцуулаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулах ёстой байсан гэж  тодорхойлжээ.  

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 534 дугаартай шийдвэрээр С.Ш, М.А- нараас зээлийн төлбөрт 30 342 058 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 2190 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж” / хх-50х/, 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 429 тоот гүйцэтгэх хуудсыг / хх-49х/ үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 сарын 21-ий өдрийн 09 дугаартай тогтоолоор / хх-49х/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч С.Ш, М.А- нарт шүүхийн шийдвэрийг 2017 оны 01 сарын 05-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг /хх 23 х Б тал/ өгчээ.

 Төлбөр төлөгч С.Ш, М.А- нар төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 02 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч С.Шгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоот хаягт байршилтай Ү-0118001271 дугаарын бүртгэл бүхий 48 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байршилтай Ү-0118001270 дугаарын бүртгэл бүхий 128 мкв талбайтай  хувийн орон сууц болон 25.4 мкв талбайтай грашийн зориулалттай барилга, мөн хаягт байршилтай Г-0118001038 дугаарын бүртгэл бүхий 400 мкв газрыг 02 дугаартай актаар /хх-64х/ тус тус хураасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2017 оны 2 сарын 21-ны өдрийн 129 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн УЦУОШТ-н 02-11  тоотод байрлах хувийн сууц, дэлгүүр, граш, гэр бүлийн хэрэгцээний газрын өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр нийт үнийг 112 657 000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх 67-70х/ ирүүлжээ. 2017 оны 03 сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг С.Шд танилцуулсан, М.А-т мэдэгдэл хүргүүлсэн /хх-71-72х/ байх ба С.Ш, М.Адъябаатар нар нь хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн саналын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хх 72-73х/ гарч, шинжээчийн үнэлсэн үнэ болох 112 657 000 төгрөгийн 70 хувь буюу 78 859 900 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх ба Хас банк болон С.Ш, М.А- нарт дуудлага худалдаа болохыг мэдэгдэх хуудсаар / хх-73-74х/ мэдэгджээ. Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 04 сарын 28-ны өдөр явагдаж үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж / хх-75-77х/, 2 дахь албадан дуудлага худалдаа болох мэдэгдлийг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны веб хуудсаар / хх78х/ болон мэдэгдэх хуудсаар Хас банк болон С.Ш, М.А- нарт /хх 78-79х/, өдөр тутмын сонин болох Өглөөний сонины 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаараар / хх-79х/ олон нийтэд зарлажээ. 2 дахь дуудлага худалдаа 2017 оны 05 сарын 18-ны өдөр явагдаж үнийн санал ирээгүй / хх 80х/ учир төлбөр авагч Хас банк барьцаа хөрөнгийг төлбөрт авах санал гаргасныг төлбөр төлөгч С.Ш / хх-81х/ зөвшөөрөөгүй байна. 2017 оны 05 сарын 29-нд Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох  комиссын хуралдаан болж /хх-82х/ төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу санал болгохоор шийдвэрлэжээ.

Үл хөдлөх хөрөнгүүдэд тавьсан хоригийг нээж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоот хаягт байршилтай Ү-0118001271 дугаарын бүртгэл бүхий 48 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байршилтай Ү-0118001270 дугаарын бүртгэл бүхий 128 мкв талбайтай  хувийн орон сууц болон 25.4 мкв талбайтай грашийн зориулалттай барилга, мөн хаягт байршилтай Г-0118001038 дугаарын бүртгэл бүхий 400 мкв газрыг төлбөр авагч Хас банкинд шилжүүлсэн бүртгэл хийхийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/537 тоот албан бичгээр /хх 83х/  Улсын бүртгэлийн хэлтэст, төлбөр төлөгч С.Шг үл хөдлөх хөрөнгийг Хас банкинд чөлөөлж өгөхийг 2017 оны 05 сарын 31-ний өдөр / хх 83х/ тус тус мэдэгджээ.

Төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг төлбөр төлөгч тал зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас өмгөөлөгч Г.Эт 2017 оны 10 сарын 17-ны өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгч / хх 94х/ урамшууллын гэрээний төлбөр шилжүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүйг зөвтгөхийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ. 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 258 дугаартай  тогтоолоор /хх-95х/ Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 2190 тоот “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” захирамжтай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 258 дугаартай  тогтоолыг төлбөр төлөгч талд хүргүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгч М.А-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасныг баримтлан хангаж ажилласан болох нь шүүх хуралдааны шатанд хариуцагч байгууллагаас өгсөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын 123 тоот тодорхойлолт блон хавтаст хэргийн 23, 71-74, 78-79 дүгээр хуудсанд авагдсан түүний гэр бүлийн хүн С.Шд хүлээлгэн өгсөн мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдааг явуулаагүй гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг хууль тогтоомжинд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч С.Ш, М.А- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч С.Ш, М.А- нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ш, М.А- нарын ШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, дахин зөвтгөн явуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН