Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            М.А, С.Ш нарын нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дүгээр шийдвэртэй

М.А, С.Ш нарын нэхэмжлэлтэй

Архангай аймаг дахь ШШГГт холбогдох

иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч С.Шгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгч М.Аын төлөөлөгч Г.Энхбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт:

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар төлбөр төлөгч С.Ш, М.А нараас 30 342 058 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу Архангай аймаг дахь ШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу ажилласангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж төлбөр төлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэлгүйгээр Х банкинд С.Шгийн нэр дээрхи Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоот хаягт байршилтай Ү-0118001271 дугаарын бүртгэл бүхий 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаяг байршилтай Ү-0118001270 дугаарын бүртгэл бүхий 128 м.кв талбайтай хувийн орон сууц, 24,5 м.кв талбайтай гражийн зориулалттай барилгыг шилжүүлж 2017.06.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа С.Шгийн өмчлөлийн Г-0118001038, 6513003225 нэгж талбарын дугаартай 400 м.кв талбайтай газрыг тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа ба одоо энэ газар төлбөр авагч Х банкны эзэмшилд биш хувь хүний нэр дээр гэрчилгээ олгогдсон байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан талаар бидэнд мэдэгдээгүйгээс бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхээ алдсан. Мөн шүүгчийн захирамжид С.Ш, М.А нараас төлбөр гаргуулахаар заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.А намайг нэг ч удаа оролцуулаагүй, улмаар уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар эрх, үүрэг эдэлж оролцох талаар ямар ч ойлголтгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан, тухайн дуусгасан үйл ажиллагааныхаа талаар одоог хүртэл мэдэгдээгүй байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйл болон мөн хуулийн холбогдох бусад зүйлийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулахаар хуульчилжээ. Гэтэл С.Ш, М.А нараас 30 651 718 төгрөг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид С.Шгийн өмчлөлийн газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах талаар заагаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль зөрчсөн ажиллагааг мэдсэн даруй дээд шатны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өмгөөлөгч Г.Энхбаяраар дамжуулан гомдол гаргаж хариуг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/1714 дугаарын албан бичгээр авсан. Иймд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжийг гүйцэтгэж явуулсан ажиллагааг хүчингүй болгож дахин зөвтгөн явуулж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч Болормаатай уулзаж төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлтээ удаа дараа хэлсэн. Ноднин 2 сард тэтгэмжийн мөнгө 3 000 000 төгрөгийг төлбөртөө хийх гэхэд “та хэдэн төгрөг хийсэн ч таны хашаа байшинг Х банк авна, та тэр мөнгийг хийх шаардлагагүй” гэж хэлсэн. Би төлбөрийг хэсэгчлэн төлсөн бол бүтэн жилийн хугацаанд төлбөрөөс тодорхой хэмжээгээр Хагдсан байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгө миний нэр байдаг боловч би нөхөр, охин, зээгийн хамт амьдардаг. Эдгээр хүмүүсийн эрх давхар зөрчигдөж байна. Энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Хууль сахиулах байгууллага хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой гэж Болормаад найдлага тавьж хүсэлтээ удаа дараа гаргасан.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 190 тоот захирамжаар төлбөр төлөгч С.Ш М.А нараас 30 651 718 /гучин сая зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуун арван найм/ төгрөг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.А, С.Ш нарыг 2017.01.02-нд ШШГГт ирж уулзах талаар төлбөр төлөгч С.Штай 99210718 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч төлбөр төлөгч М.А дуудсан цагт ирдэггүй, төлбөр төлөгч С.Ш “Адъяабаатар ирэх боломжгүй, хөдөө Хоршооллын Хуурай гэх газар амьдардаг” гэх тайлбар өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу С.Шд төлбөр төлөх мэдэгдлийг гардуулан өгч, удаа дараа биечлэн уулзаж тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөлтөд хугацаа өгсөн боловч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Х банкны зээлийн барьцаа болох Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 02-11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс гаргуулан авахад С.Шгийн /нэг хүний/ өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд Х банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй гэсэн лавлагааг ирүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот битүүмжлэх актаар битүүмжлэн төлбөр төлөгч М.А, С.Ш нарын төлбөр төлөлтөд хугацаа өгсөн боловч дурдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот хураах актаар С.Шгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авч талуудаас үнийн саналыг бичгээр гаргуулан авахад үнийн санал зөрүүтэй ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчнээр үнэлүүлж, үнэлгээг 2017.03.10-ны өдөр талуудад танилцуулж гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь болох 78 859 900 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг төлбөр төлөгч М.А, С.Ш нарт 2017.04.14-нд гардуулан өгсөн боловч 2017.04.28-ны өдөр дуудлага худалдаанд ирээгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017.05.18-ны өдөр оруулах мэдэгдлийг 2017.05.03-ны өдөр С.Шд гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан боловч төлбөр төлөгч М.А С.Ш нар нь мөн дуудлага худалдаанд ирээгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 56 178 500 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дэнчин ирээгүй, худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2017.05.29-ний өдөр явуулж талууд санал болгох ажиллагаанд биечлэн ирж оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар санал болгох ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд өгөхөөр шийдвэрлэж төлбөр төлөгч С.Ш, төлбөр авагч Х банкийг төлөөлж М.Хишигжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг Х банкны нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж тогтоолыг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ш, М.А нарын Архангай аймаг дахь ШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж дахин зөвтгөн явуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Шгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 тоот шийдвэрийг 2018.03.01-ний өдөр гардан авч эс зөвшөөрөн давж заалдах шатанд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс М.А, С.Ш бидний хамтран гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож дахин зөвтгөн явуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Төлбөр авагч Х банкинд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.

2. Х банкинд үл хөдлөх хөрөнгөө шилжиж байгааг мэдээгүй, мэдэгдэх мэдэгдэл нь хууль бус гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь М.Ат дуудах хуудсыг дамжуулж өгөх тухай нэг ч удаа хэлж ярьж зөвлөж байгаагүй мөртлөө дуудсан цагт ирдэггүй гэж худал тайлбар өгч өөрийгөө зөвтгөж байна. С.Ш надаар дамжуулан М.Ат мэдэгдэх хуудсыг өгөхгүй бол болохгүй, энэ хүнээр гарын үсэг зуруулахгүй бол болохгүй, аль эсхүл итгэмжлэл хэрэгтэй гэх мэт тайлбарыг нэг ч удаа өгч зөвлөж ярьж байгаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулаагүй ба оролцуулсан нэг ч бичиг баримт байдаггүй нь хэргийн явцад харагдаж байдаг. Энэ нь шийдвэр гүйцэтгэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцсан ажилдаа хайнга хандаж байгааг илчилж байна гэж харж байна. Үүнээс үүдэлтэйгээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Мөн С.Ш миний бие өөрийн санаачлагаар төлбөрийг цалингаасаа хэсэгчлэн төлөх хүсэлтээ удаа дараа амаар болон бичгээр өгсөөр байтал заавал үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Төлбөр авагч ба гүйцэтгэгч нар нь миний төлбөр төлөх боломж бололцоог өөр нөхцөл байдлаар судлахгүйгээр шийдэж байгууллага тус бүрийнхээ урамшууллын хойноос хэт улайрсан байгаа нь хэргийн материал дахь Б.Бгийн урамшуулал авсан баримтаас харагдаж байна. Мөн 2017.02 сард урамшууллын мөнгө 3 000 000 төгрөг миний дансанд орж түүгээрээ төлбөрөөсөө хороох гэсэн хүсэлтийг хорьж байсан зэрэг нь ашиг сонирхлын зөрчил харагдаж байна гэж үзэх үндэслэл болно. Эцэст нь үнэлээчийн үнэлгээний дөрөвний нэг хувиар үнэлүүлж Х банкинд үл хөдлөх хөрөнгөө төлбөрт өгч амьдрах нөхцөл бололцоогоо алдаж хохирч байгаадаа гомдолтой байна. Мөн миний нөхөр М.А, охин А.Нямдалай, зээ охин Оюун нарын амьдрах эрх давхар зөрчигдөж байгааг харгалзан хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү. М.А нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ерөөсөө оролцоогүй бөгөөд түүнд эрх, үүрэг танилцуулаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн, дууссан аль алиныг М.А мэдээгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах шатанд гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч М.А, С.Ш нар нь 2017.11.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Архангай аймаг дахь ШШГГт холбогдуулан төлбөр төлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэлгүйгээр Х банкинд С.Шгийн өмчлөлийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, УЦУОШТөвийн 2 дугаар гудамжны 11 тоот 128 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга, 24,5 мкв талбай бүхий граж, 48 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 400 мкв талбай бүхий газрыг шилжүүлж 2017.06.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, төлбөр төлөгч М.Аыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар М.А, С.Ш нар нь 30 342 058 төгрөгийг Х банкны Архангай салбарт төлөхөөр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

Шүүх шийдвэр гаргасан тул барьцааны зүйлээс үүргийг хангуулахын тулд хариуцагч Архангай аймаг дахь ШШГГ барьцааны зүйл болох Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, УЦУОШТөвийн 2 дугаар гудамжны 11 тоот 128 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга, 24,5 мкв талбай бүхий граж, 48 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 400 мкв талбай бүхий газрыг битүүмжилсэн, хураасан, төлбөр төлөгч төлбөр авагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд үнийг тохироогүй тул шинжээч томилсон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК уг эд хөрөнгүүдийг 112 657 000 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч нь 2017.04.28-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг, хоёр дахь дуудлага худалдааг 2017.05.18-ны өдөр тус тус явуулсан боловч эд хөрөнгө борлогдоогүй, 2017.05.29-ний өдрийн хуралдаанаар дээрх дөрвөн хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон, төлбөр авагч зөвшөөрсөн баримтууд хэрэгт авагджээ.

 

Төлбөр төлөгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/1714 дүгээр албан бичгээр гомдолд хариу өгчээ. /хх-4/

 

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгч М.А, С.Ш нарын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэргийн харьяаллыг анхаараагүй нь буруу байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталсан дээрх хуулийн зүйл заалтууд нь тухайн маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэл биш байх ба шүүх хэргийн харьяаллын талаар дүгнэлт хийгээгүй, тухайн маргааныг харьяалан шийдвэрлэх үндэслэлийн талаар шийдвэрт тусгаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахаар, 44.4-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол шийдвэрлэсэн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахаар тус тус зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар шүүх тухайн маргааныг харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2018/00140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,                       М.А, С.Ш нарын нэхэмжлэлтэй Архангай аймаг дахь ШШГГт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН