Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/00786

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/00786

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б.Энхзаяа -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх*******д холбогдуулан гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь иргэн*******гийн өмчлөлийн Ү-2206044584 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, Жардэйн 102 дугаар байр 202 тоотод байрлах 129,34 мкв 3 өрөө орон сууцыг, авто зогсоолийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ, Түрээсийн гэрээ-г тус тус байгуулан нэг сарын 1.700.000 төгрөг болон 300.000 төгрөгөөр тохиролцож, 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэгдэл төлбөр болох 23.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр*******гийн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн. Гэрээний 3.1-д заасан хүлээлгэн өгөх хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн байрыг чөлөөлж өг гэсэн байдаг. Анх 2021 оны 10 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөр нэмж байгаа, эсхүл байрнаас гар гэж хэлсэн гэдэг. Удаа дараа дарамталсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс байрнаас гарсан. Байрнаас гарсан тул*******гийн нөхөрт байрыг хугацаа дуусахаар хүлээлгэж өгнө гэж хэлсээр байтал байрны голыг сольж өөр хүнд хөлсөлсөн байдаг. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу хөлслүүлэгч тал гэрээг цуцалсан тул гэрээгээр тохиролцсон торгууль болох 4.000.000, суугаагүй сүүлийн хоёр сар болох 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр 04-ний өдөр хүртэлх илүү төлсөн 4.000.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандсан. Хариуцагч талаас ажиллагааны явцад 2.000.000 төгрөг төлсөн тул шаардлагаа багасгаж, илүү төлсөн 2.000.000 төгрөг, торгууль 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн баримтаар ирүүлсэн ашиглалтын төлбөр нэхэмжлэгчид хамааралгүй, уг орон сууцнаас гарсны дараах хугацаааны баримт байна гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Жардэйн 102 байр, 202 тоот, 129,3 мкв, 3 өрөө орон сууц, авто зогсоолын хамтаар нэг жилийн хугацаатай гэрээг байгуулж, орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 04-нд хүлээлгэн өгсөн. Мөнгийг хүлээн авсанд маргахгүй. Гэрээний 5.4-д зааснаар хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг сунгах эсэх, төлбөр нэмэгдэж байгаа талаар нэхэмжлэгчид хэлсэн байдаг. Мөн гэрээнд аль нэг тал цуцлах санал гаргасан бол нөгөө талдаа торгууль төлөхөөр заасан. Гэтэл хэн хэн нь цуцлах талаар санал албан ёсоор гаргаагүй. Тухайн байрыг хэрхэн ашиглаж байгаад хөлслөгчийн хувьд хяналт тавих гэтэл оруулахгүй, үзүүлээгүйгээс арга буюу цоожны голыг сольж орсон байдаг. Түрээслэгчийн зүгээс бид өөр байранд шилжиж нүүсэн ба түрээсийн хугацааны үлдэгдэл телбөрөөс 2.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанаас өмнө буюу бусад этгээдэд түрээслэх хүртэл хугацааны нөхөн төлбөрт тооцох тухай саналыг хэлсэн тул хариуцагч Энхзаяа түүнд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэснээр түрээслэгчтэй харилцан тохиролцсон гэж бодсон ба 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлслөх түрээсийн гэрээг дангаар цуцлаагүй. Мөн гэрээ өөрөө анхнаасаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Түүнчлэн нэхэмжлэгч нар орон сууцны ашиглалтын төлбөрөө төлөөгүй байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, мөн өдрийн түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт, Голомт банкны дансны хуулга, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ хуулбараар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 3-12/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт, гар утасны мессежийн зураг, СӨХ-ийн төлбөр төлөлтийн лавлагаа, тус шүүхийн 181/ШЗ2022/04050 тоот шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан СД бичлэг зэргийг ирүүлжээ. /хх 19, 24, 32, 39-46, 53, 58/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь Б.Энхзаяад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад 2.000.000 төгрөг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 6.000.000 төгрөг болгож багасгасан тул шүүх энэ хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: гэрээнд хугацаанаас өмнө цуцласан тохиолдолд нөгөө талдаа торгууль төлөхөөр тохиролцсон, хариуцагч талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул торгууль 4.000.000 төгрөг, илүү төлсөн 2.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: гэрээг хоёр тал тохиролцож дуусгавар болгосон, хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардлыг төлөөгүй, мөн гэрээ анхнаасаа улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэг талаас*******, нөгөө талаас ******* нар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Хөлслүүлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044584 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, зайсангийн тойруу гудамж, Жардейн 102 дугаар байр, 202 тоотод байрлах 129,34 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, Хөлслөгч нэг сард 1.700.000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр тохиролцож Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулжээ.

3.2.Мөн өдрөө хөлслүүлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044975 дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах зоорийн давхрын 8 тоот 18 мкв талбай бүхий автозогсоолыг нэг жилийн хугацаатай хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, Хөлслөгч нэг сард 300.000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр Түрээсийн гэрээ-г байгуулжээ.

3.3.Орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, хөлс 24.000.000 төгрөгийг хөлслүүлэгч хүлээн авсан үйл баримтад зохигчид маргаагүй.

3.4.Маргааны зүйл болсон орон сууцны цоожны голыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч сольсон, улмаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хөрөнгийг гуравдагч этгээдэд хөлслүүлсэн үйл баримтад маргаагүй.

 

4.Харин гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах болсон үндэслэл, түүнчлэн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

Талууд хэн алин нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан, дээрх гэрээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хоорондох гэрээний нэг болох автозогсоолын гэрээний нэршил түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний зүйл болсон хөрөнгийг орон сууцны зориулалтаар шилжүүлсэн, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар гэрээ байгуулахад улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5.Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох саналыг анх хөлслүүлэгч талаас 2021 оны 10 дугаар сард амаар эхэлж тавьсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас 2021 оны 10 дугаар сард уг орон сууцнаас арга буюу явсан, султгасан гэж тайлбарласан ч хөлслүүлэгч талд албан ёсоор хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтгүй байна. Иймд шүүх хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цоожны голыг сольсноор хөлслүүлэгч тал хугацаанаас өмнө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6-д зааснаар гэрээ цуцлах шаардлагаа бичгээр гаргасан баримтгүй.

Шүүх хуралдааны явцад хөлслөгч гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хандсан боловч нэхэмжлэгч татгалзснаар өөрөө үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээ цуцлах үндэслэлийг бий болгосон гэж хариуцагч талаас тайлбарлав. Хэрэгт хариуцагчийн дээрх тайлбарыг дэмжих баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх үүргийн зөрчлийн улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч хөлсийг нэг жилээр тооцон урьдчилж 24.000.000 төгрөг төлсөн, харин гэрээ цуцлах хүртэлх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 10 сар 10 хоногт нэхэмжлэгчийн төлбөл зохих хөлс

20.666.667 төгрөг байх тул илүү авсан үлдэх хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

/10сар * 2.000.000 төгрөг + 10 хоног * 2.000.000/30 = 20.000.000 + 666.667/

Үүнээс 2022 оны 01 дүгээр сарын 05-нд 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул үлдэх 1.333.333 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /24.000.000 -20.666.667 -2.000.000 =1.333.333/

 

6.Талуудын хоорондох гэрээний 6.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна. Гэрээгээр талуудын аль нэг тал цуцлах санал гаргасан тохиолдолд цуцлах санал гаргасан тал 4.000.000 төгрөгийн торгууль төлнө гэж заажээ. Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтын дагуу торгууль 4.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Талуудын хоорондох гэрээний дээрх зохицуулалт өөрөө утга агуулгын хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохиролд нийцээгүй, гэрээг цуцалснаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч хохирол бус торгууль гэж шаардсан тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Талуудын хоорондох гэрээний 5.3-т хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабел зэрэг тухайн хөрөнгийг эзэмшиж, ашиглах хугацаанд гарсан нэмэлт зардлыг хариуцан төлөхөөр заажээ.

Хариуцагч орон сууцыг ашиглах хугацаанд нэхэмжлэгч 2021 оны 10, 11 дүгээр сарын ашиглалтын зардлаа төлөөгүй гэж тайлбарлаж улмаар хасч тооцуулахаар баримтыг ирүүлсэн.

Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн Эс Ди Сервис ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн баримтад тус хотхоны 102-202 тоотын төлбөр гээд хамрах хугацааг 2021.11.15-ны өдрөөс 2021.12.15-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалт 94.530 төгрөг, СӨХ 177.498 төгрөг, нийлээд 272.028 төгрөг, 2021.12.15-ны өдрөөс 2022.01.05-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалт 121.279 төгрөг, СӨХ зардал 41.641 төгрөг, нийлээд 162.921 төгрөг нийт 434.949 төгрөг гэжээ.

Гэтэл хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 68.028 төгрөгийг 2021 оны 12 сарын төлбөр, СӨХ утгаар, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 136.000 төгрөгийг 2021 оны 12 сарын байр, СӨХ төлбөр үлдэгдэл утгаар тус тус шилжүүлсэн баримтыг ирүүлсэн нь үнийн дүнгийн хувьд уг баримтууд хоорондоо зөрүүтэйгээс гадна уг баримтуудад хамаарах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны ашиглалтын зардлын баримтууд байх тул хасч тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас 1.333.333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар*******гаас 1.333.333 /нэг сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.666.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36.283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/03180 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ