Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2023/0001

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Н ” ХХК

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондын Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н ” ХХК нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан  Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1., 66 дугаар зүйлийн 66.3. дахь заалтыг тус тус үндэслэн “Н ” ХХК-д Архангай аймгийн Ц сумын Хясаа-Уул нэртэй 265.93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х тусгай зөвшөөрөл олгосон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.

3. Улмаар нэхэмжлэгч “Н ” ХХК нь дээрх захирамжид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгч “Н ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай  компани нь  Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн дагуу Архангай аймгийн Ц сумын Хясаа уул нэртэй 256,93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу газар зүйн болон эрдсийн хуримтлалын шүүлт хийж шалгасан Ашигт малтмал, газрын тосны  газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 дугаар дүгнэлт, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тус тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал ирүүлсний дагуу Архангай аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг олгосон. Ингээд манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын  үйл ажиллагааг явуулах шаардлагатай судалгаа, тооцооллыг хийж, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийг бэлтгэж байтал Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжийг шуудангаар хүргүүлснийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан болно. ... Архангай аймгийн Засаг дарга нь А/231 дүгээр захирамжийг гаргах болсон хууль зүйн үндэслэлээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, мөн зүйлийн 66.3.-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг баримтлан манай компанид тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгожээ. ... Иймд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Засаг дарга А/321 дугаартай захирамжийг гаргах болсон хууль зүйн үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасныг баримтлан тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгоно. Аймгийн Засаг даргаас А/237 дугаартай захирамжийг гаргахдаа зөвхөн Засаг дарга аливаа шийдвэр гаргахдаа захирамж гаргана гэх заалтыг баримталсан. Засаг даргын шийдвэр хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох заалтыг баримтална гэдгээр компанид олгосон тусгай зөвшөөрлийг захирамжаар хүчингүй болгосон байна. Гэтэл Засаг даргаас манай компанийн тусгай зөвшөөрлийг олгосон захирамжийг хүчингүй болгох тохиолдолд яагаад өмнөх шийдвэр нь хууль бус болоод одоо захирамжийг хүчингүй болгож байгаа нь холбогдох хуулийн зохицуулалт шалтгаан нөхцөл үндэслэл шаардлагыг захирамжид тодорхой дурдах ёстой байтал огт энэ талаар захирамжид дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн хуулийн заалтуудтай огт нийцээгүй байна гэж дүгнэж байна. Мөн аймгийн Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр А/231 тоот захирамжийг гаргах талаар манай компанид огт мэдэгдээгүй, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шуудангаар илгээж 2022 оны 4 дүгээр сарын 4-ний А/231 тоот захирамжийг хүргүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн. Мөн Засаг даргаас А/231 тоот захирамжийг гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох гэж заасан. Гэтэл сонсох ажиллагаа явуулахгүйгээр шууд захиргааны акт гаргаж 2 сарын дараа шуудангаар мэдэгдэж байгаа нь Захиргаа ерөнхий хуулийн 16, 17 дугаар зүйл, 31 дүгээр зүйл зөвлөгөө, мэдээлэл өгөх, 32 дугаар зүйл оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хэрэгжүүлнэ гэх Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж дүгнэж байна. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд Засаг дарга зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заасан байна. Гэтэл Засаг даргаас уг хууль зүйн нөхцөл байдлыг бүрдээгүй байхад уг тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй тул өөрийн гаргасан тушаал зөвшөөрөл олгосон захирамжийг бусдыг эрх хууль ёсны сонирхлыг хөндөж манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж гэж дүгнэж байна. Мөн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 тоот захирамжийг шуудангаар ирүүлэхэд Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 7 дугаар тогтоолоор тус тус манай компанид зөвшөөрөл олгохгүйг дэмжсэн талаар тогтоолыг явуулсан байдаг. Уг тогтоол гарсан талаар огт мэдэгдэж байгаагүй. Хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бол бидэнд мэдэгдэх захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах урьдчилан мэдэгдэх үүрэг байх ёстой. Мөн гуравдагч этгээд болох Г.Э тогтоолуудыг юу гэж тайлбарладаг вэ гэхээр тогтоолоо хүчингүй болгосон үндэслэлээ иргэд бухимдаж, дургүйцсэн учраас хүчингүй болгосон гэдэг илт үндэслэлгүй тайлбар өгдөг. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болсон энэ тогтоолыг иргэдийн Хурал хуралдаж хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ талаарх хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангах уу үнэхээр иргэдээс гарын үсэг цуглуулсан нь үнэн үү гэдэг нь эргэлзээтэй. Эхний ээлжид Засаг даргын захирамжтай маргаж байна. Хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа иргэдийн Хурлын тогтоол хууль бус байсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл хууль бус гэх үндэслэл хууль зүйн зохицуулалт нь иргэдийн хурлын тогтоолд ч байхгүй Засаг даргаа дүгнэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэдийн хурлын тогтоолыг хуульд нийцсэн эсэх тогтоох байгууллага субъект нь Засаг дарга өөрөө биш юм. Тийм учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн АБ/21/06 дугаартай албан бичгээр тус аймгийн Ц сумын нутаг дэвсгэр, “Хясаа уул” гэх газар 335.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлснийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4. дэх хэсэгт заасны дагуу хянаад ашигт малтмалын тухай хуулийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хянуулахаар кадастрын бүртгэлийн системд холбогдох бүртгэлийг хийж, хүргүүлсэн.

 Улмаар Ашигт малтмал, газрын тосны Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 8/5476 дугаартай дүгнэлтээр тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлснийг “Н ” ХХК-д холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдэгдсэн бөгөөд “Н ” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн АБ/21/03 дугаартай албан бичгээр дахин дахин Ц сумын нутаг дэвсгэр, Хясаа уул” гэх газар 265.93 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлснийг холбогдох хуульд заасны дагуу хянаад, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хянуулахаар кадастрын бүртгэлийн системд холбогдох бүртгэлийг хийж, хүргүүлсэн байна.  

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 дугаартай дүгнэлтээр тус компанид Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд тус өдөр “Н ” ХХК А6/21/06 дугаартай албан бичгээр “Архангай аймгийн Ц сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн, уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасны дагуу Ц сумын Засаг даргад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1624 дугаартай албан бичгээр уламжилсныг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Н ” ХХК-ийн 255.93 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх саналыг дэмжиж шийдвэрлэсэн байна.

 Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн уг асуудлыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхэд тус өдрийн 51 дүгээр тогтоолоор “Н ” ХХК-ний тус аймгийн Ц сумын нутаг дэвсгэр, “Хасаа уул” гэх газар ХА-85000025 бүртгэлийн дугаартай, 265.93 гектар талбайд “Н ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/910 дугаар захирамжаар хуулийн хугацаанд буюу ажлын 10 хоногт багтаан “Н ” ХХК-д 2021/003Х дугаартай, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосон болно.

Гэвч тус сумын иргэд,  сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй буюу амьдарч буй нутаг дэвсгэрт нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг эсэргүүцсэн, мөн тус сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Нямдоржийн хүсэлт зэргийг тус тус үндэслэж, хуулиар олгогдсон эрхийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 3 -ний өдрийн А/910 дугаар захирамжаа хүчингүй болгосон билээ.

 Тухайлбал Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Ц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний 01/60 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4 -ний өдрийн А/231 дүгээр захирамжаар “Н ” ХХК-д олгосон Ц сумын “Хясаа уул”  гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу чөлөөлсөн статустай болгож, хугацааг дуусгавар болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас дурдсанчлан Архангай аймгийн Засаг дарга нь А/910 дугаартай захирамжаар “Н ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай санал уламжлах тухай Ц сумын багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан. Үүнд Ц сумын нутаг дэвсгэрт орших Хясаа Уул гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байна гэдэг санал ирсэн. Засаг даргын захирамж нь өөрөө Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ашигт малтмалын дүгнэлтийг үндэслэж гарсан. Тухайн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол хуульд нийцээгүй нь илэрсэн. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Нямдорж Архангай аймгийн Засаг дарга М.Бд хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Ц сумын иргэдээс “Н ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ихээр ирж байгаа тул тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн. Мөн тухайн хурал Ц сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурал нь хуралдаагүй болох нь хэрэгт авагдсан хэд хэдэн нотлох баримтуудаар нотлогддог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь өөрөө хуралдаан байна” гэж заасан. Гэтэл тухайн хуралдаан нь хуралдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Үүнийг шүүх хуралдааны үед шинжлэн судална. Тухайн хуралдаан нь хууль бус, мөн хуралдааны олонхын саналаар шийдвэр гаргадаг, тухайн 4 төлөөлөгчийн 2 нь тухайн саналыг зөвшөөрсөн хариуг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна. Тийм учраас тухайн аймгийн Засаг даргын А/910 дугаартай захирамжийн үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь өөрөө хууль бус, Мөн Ц сумын иргэдийн хүсэлтүүд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч н.Нямдоржийн хүсэлтийг тус тус үндэслэж хуулиар олгосон бүрэн эрхийнх нь дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Ц сумын Засаг даргын ирүүлсэн албан бичигт тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаас Ц сумын нутаг Хясаа Уул газарт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх тухай “Н ” ХХК-ийн саналыг дэмжин иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул уг талбайд олгосон хайгуулын ажил явуулах саналыг дэмжсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул уг хайгуулын ажил явуулах тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсье гэсэн албан бичгийг ирүүлж тогтоолыг хавсарган ирүүлсэн. Мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Нямдоржийн ирүүлсэн хүсэлтэд  Ц сумын иргэдээс “Н ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэж өгнө үү гэсэн эдгээр албан бичгүүдийн хүрээнд шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 181 дүгээрт талд хурлын тэмдэглэл байна. Үүнд хурал нь хуралдаанаар явагдсан юм уу гэдгийг маш тодорхой тусгаж өгсөн байгаа. Жишээ нь хавтаст хэргийн 191 дүгээр хуудасны 5 дахь догол мөрөнд утсаар холбогдсон болохоор надад баримт алга утсаар ярьснаа дуу хураагуур ашиглан хураагүй нь миний буруу боллоо гэдэг нь хуралдааны журмаар явагдаагүй болох нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т ямар тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байх талаар Иргэн хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэдгийг заасан.  а “Н ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн гарсан шийдвэр нь хууль бус болохтой нөгөө талаас маргахгүй байна гэдгийг хэлсэн. Тухайн Хурал нь хуралдаанаар явагдаагүй, хоёрдугаарт олохын санал дэмжээгүй учраас хуралдааны тогтоол нь хууль бус байна. Нэхэмжлэгч талаас Захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасан. Засаг даргын захирамж гаргасан үндэслэл нь өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байсан. Тусгай зөвшөөрөл олгосон акт нь захиргааны акт учраас сонсох ажиллагаа хийгдэх байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны актыг гаргаснаараа эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тухайн нутгийн оршин суугчдын саналыг авах байсан. Уг хайгуулын лиценз олгосон талбай бүхий газарт 3 айлын өвөлжөө 18 айл өрх амьдардаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд хавтаст хэргийн 46-49 дэх талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.6-т төлөөлөгчөөрөө дамжуулан санал авах гэж заасан. Ингээд төлөөлөгчөөрөө дамжуулан санал авахад санал нь хууль бус байсан. Иймд сонсох ажиллагаа хийгдээгүй учраас эрх олгосон акт нь өөрөө хууль бус учраас тухайн этгээдэд эрх үүссэн гэж үзэхгүй буюу тухайн этгээдийн эрх ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй өргөдөл гомдлын хүрээнд Засаг дарга хуулийн хүрээнд хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон гэж хариуцагч талаас үзэж байна.” гэв.

 

8. Гуравдагч этгээд Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Сумын иргэдээс гаргасан Хясаа ууланд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцсэн саналд нийцүүлэн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай тогтоол гаргасан. Ц сумын Засаг дарга мөн тухайн зөвшөөрөлтэй холбоотой санал албан бичгээр хүргүүлсэн. Эдгээр тогтоол албан бичиг нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Н ” ХХК-д Ц сумын Хясаа уул нэртэй газарт 265.9 гектар талбайд зөвшөөрөл 3 жилийн хугацаатай олгосныг хүчингүй болгуулах, урьд өмнө гаргасан  захиргааны актыг хуульд нийцүүлэн хүчингүй болгож өгөхийг хүссэн хүсэлт байна. Аймгийн Засаг даргаас эдгээрт нийцүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дугаартай захирамж гаргасан. Эдгээрээс үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэдгийг үүгээр тайлбарлаж байна.” гэжээ.

9. Гуравдагч этгээд Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2021 оны 12 дугаар сарын 28-нд Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч 7 гишүүн байдаг түүний 4 гишүүн хуралдсан хурлын даргын 38 дугаартай тогтоол гарсан. Энэ 4 тэргүүлэгч нь ямар нэгэн байдлаар цахим юм уу биечилсэн байдлаар хуралдаагүй, утсаар санал авсан байгаа. 4 тэргүүлэгчийн 2 гишүүн нь ямар нэгэн байдлаар бидэнтэй утсаар яриагүй, бид зөвшөөрөөгүй гэдэг ингээд 4 тэргүүлэгчийн 2 нь зөвшөөрсөн болоод байгаа. Тиймээс тухайн хурлын тогтоол хүчин төгөлдөр биш хууль зөрчсөн хурлын тогтоол байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй юм.” гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал анхнаасаа Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол ирж ашигт малтмалыг ашиглуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Засаг даргын захирамж гарсан. Гэтэл орон нутгийн иргэдээс гаргасан гомдлыг судалж үзэхэд тухайн үед хурал хуралдаагүйгээр тогтоол гаргасан асуудал яригдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал түүний чөлөөт цагт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үүрэгтэй. Гэтэл хуралдаагүй гэдэг тайлбар хийхийг сонслоо. Мөн энэ талаар хурлын дарга нь тайлбараа хэлж байна. “Н ” ХХК-д 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй захирамжийг яах ёстой вэ гэхээр Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгох эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан. Энэ үндэслэл журмын дагуу захирамжийг хүчингүй болгосон процесс ажиллагаа явагдсан. Энэ процесс ажиллагаа явагдаад байгаа эх сурвалж сумын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 9 дугаартай тогтоол гаргаж өмнөх тогтоолоо хүчингүй болгосон процессын ажиллагаа байгаа. Энэ процесст үндэслэж өнөөдөр аймгийн Засаг дарга ерөөсөө эхнээсээ хууль бус шийдвэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч захирамжаа хүчингүй болгосон. Засаг даргын захирамжийн үндэслэл болсон хуулийн заалтыг барьсан, өөр бусдаар хурлын тогтоолтой маргаагүй, маргахгүй гэдгээ хэлж байна. Захирамжийн үндэслэл болсон 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гэж гарсан. Үүнийг захирамж гаргах үндэслэл болсон гэж харахаар байгаа. Гэвч энэ тогтоол хууль ёсны тогтоол болж чадаагүй гэх үндэслэлээр хурал өөрөө 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүчингүй болгосон. Энэ хүчингүй болсон баримт материалууд санал, хүсэлтийг Ц сумын Засаг дарга аймгийн Засаг даргад уламжилж аймгийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талын тухайд аймаг, сумын хурлын шийдвэртэй маргахгүй байгаа. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах үедээ мэдсэн байсан хэдий ч өнөөдрийг хүртэл маргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарласан. Гэхдээ анх “Н ” ХХК-д иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан бичиг очсон, мөн аймгийн Засаг даргын албан бичиг ч очиж байгаа. Аймгийн Засаг дарга тогтоол хүчингүй болгосон талаараа албан бичигт дурдаж хурлын тогтоол бусад баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж харж байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч “Н ” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

 

   3. “Н ” ХХК-иас Архангай аймгийн Ц сумын нутаг Хясаа уул нэртэй 265.93  гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-65000025 тоот өргөдөл гаргасныг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу цахим хэлбэрээр Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал)

 

4. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Архангай аймгийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малталтын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь хэрэгцээ, нөөцөд авсан ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй гэж түгээмэл тархацтай ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж хариу хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал)

 

5. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар “Санал хүргүүлэх тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1., 20.1.14., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг тус тус үндэслэн Ц багын нутаг дэвсгэр Хясаа ууланд Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 тоот албан бичигт дурдсан газрын зураг, солбицол бүхий 265.93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тухай “Н ” ХХК-ийн саналыг дэмжжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)

 

6. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5. дахь хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 тоот дүгнэлт, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Н ” ХХК-д Ц сумын нутаг Хясаа уул нэртэй 265.53 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003/Х тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбайн солилцлыг хавсралтаар баталж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг “Н ” ХХК-д үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

7. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 2021/003/Х дугаар  “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5. дахь заалтыг үндэслэн Архангай аймгийн Ц сумын нутаг Хясаа уул нэртэй газарт орших 265.93 гектар талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу улсын бүртгэлийн 9011537068 тоот гэрчилгээтэй “Н ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал)

 

8. Архангай аймгийн Ц сумын Ц багийн  2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар “Санал уламжлах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6.-д заасныг үндэслэн Ц багийн нутагт орших Хясаа ууланд байх “Цагаан чулуут” гэх газарт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгохгүй байх саналыг уламжилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 84-88 дахь тал)

 

9. Мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Р.Нямдорж 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн  01 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” Албан бичгээр Архангай аймгийн Засаг дарга М.Б, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарт “Ц сумын иргэдээс “Н ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ихээр ирж байгаа тул тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 81 дахь тал)

 

10. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар 30-ны өдрийн 09 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал)

 

11. Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/60 дугаар албан бичгээр Архангай аймгийн Засаг дарга М.Бд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаас Ц багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тухай “Н ” ХХК-ийн саналын дэмжсэн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон талаар дурдаж, уг талбайд олгосон хайгуулын ажил явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг явуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

 

12. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг  2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгожээ.

13. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.3. дахь заалтыг тус тус үндэслэн “Н ” ХХК-д Архангай аймгийн Ц сумын нутагт хясаа уул нэртэй 265.93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х тусгай зөвшөөрөл олгосон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.

 

14. Ийнхүү “Н ” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, мөн зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн Архангай аймгийн Засаг даргаас маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар өмнө гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/90 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаа хүчингүй болгожээ.

15. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрхийг тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.

16. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамж нь анх гарахдаа төдийгүй эрх зүйн үйлчлэл үзүүлэхдээ ч хуульд заасан нөхцөл шалгуур хангагдаж байж хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжих учиртай. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан, эл шаардлага нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байдал нь мөн хангагдаж байж хууль зүйн үйлчлэл үзүүлэх ёстой.

17. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заажээ.

18. Тус хуулийн эл зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа эхлэн явуулахад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхэд Засаг даргын эрх хэмжээнд хамаарахын зэрэгцээ цаашид тусгай зөвшөөрөл, түүнийг олгосон аймгийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж, хууль зүйн үйлчлэл үзүүлэхэд хуулиар тавигдах гол нөхцөл, шаардлага, үндэслэл нь болохоор хуульчлагдсан байна.

19. Маргаан бүхий эл хэргийн тухайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан шаардлагын дагуу анх Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/90 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийг гаргахдаа Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн байдаг.

20. Улмаар хариуцагчаас мараан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг  2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэсэн болох талаар дурджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал)

21. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий актын үндэслэл болсон Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хууль бусаар хуралдсан гэж үзэн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ. Улмаар тус тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/60 дугаартай албан бичгийг Аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

22. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг  2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгожээ.

23. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх гол үндэслэл нь талбай байрших сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал байх бөгөөд ийнхүү зөвшөөрсөн саналаа тухай тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосноор Засаг даргын захирамжийн гол үндэслэл нь үгүйсгэгдэж эрх зүйн үйлчлэлгүй болохоор байна.

24. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

25. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хариу тайлбар, татгалзлынхаа үндэслэл болгосон Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолтой маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

26. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

27. Иймд “Архангай аймгийн Засаг даргын 2022 онц 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн хуульд нийцсэн байх шаардлага зөрчигдсөн гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаа хүчингүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад цуцалсан гэх үндэслэлийн тухайд

28. Нэхэмжлэгчийн хувьд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заасан байхад уг үндэслэл бүрдээгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон...” гэж маргадаг

29. Маргаан бүхий энэ тохиолдол хариуцагчийн актын үндэслэлээс үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар дурдаж тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бөгөөд харин өмнө олгосон захирамжаа хууль тогтоомжид нийцэхгүй болсон үндэслэлээр хүчингүй болгосон байна.

30. Өөрөөр хэлбэл эл маргааны хувьд Засаг дарга урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосонтой, хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэхтэй маргааны гол зүйл нь холбогдохоор байна.

31. Эрх бүхий Аймгийн Засаг даргын түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох шийдвэр нь эрх бүхий этгээд буюу талбай байрших сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн хэрэгжихээр байх бөгөөд ийнхүү санал өгч зөвшөөрсөн тухайн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь хүчингүй болж эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсноор мөн аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хууль зүйн хүчин төгөлдөр байдал нь үгүйсгэгдэж, эрх зүйн үйлчлэлгүй болохоор байна

Гурав. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

32. Нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох,... сонсох ажиллагаа хийлгүй захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” гэж маргадаг.

33. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заажээ.

34. Маргаан бүхий захиргааны актыг гаргасны дараа нэхэмжлэгч “Н ” ХХК-д Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр: Ц сумны Ц багийн нутагт орших “Хясаа уул” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх саналыг дэмжсэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаар цуцалсан.... “Н ” ХХК-д “Хясаа Уул” нэртэй газарт хайгуул хийх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж мэдэгдэж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)

35. Гэрч  Н.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “..Албан бичгийг хэзээ хүргэж өгсөн хоногоо сайн санахгүй байна. Тус албан бичгийн дугтуйнд бичсэн хаягаар нь тус компанид очсон. Албан бичгийн “Н ” ХХК-ийн захирал Чимэддоржид оффист нь оруулж өгсөн. Тус албан бичгийг өгөхөд  ажлынх нь газрын эмэгтэй хамт байсан. Би өөрт нь гардуулж өгсөн. Албан бичгийг хүргэж өгөхөөр хадам ахтайгаа хамт явсан. Надаас захирал нь та юун хүн билээ гэж асуусан. Би  “Ц сумын хурлын Төлөөлөгч байна” гээд албан бичгийг  “Н ” ХХК-ийн захиралд өгчхөөд гараад ирсэн”...гэж мэдүүлжээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал)

 

36. Нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг маргаан бүхий захирамжаар хүчингүй болгосон талаар Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 6  дугаар сарын 3-ны өдрийн 02/990 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад хүргүүлж, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан болох нь хавтас хэргийн 9, 15 дахь талд авагдсан албан бичгийн хуулбар, шуудангийн дэвтрийн бүртгэлээр тогтоогдож байна.

37. Хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох” ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь тогтоогдсон, хариуцагчаас “...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө мэдээллийг хүргэсэн”  талаар баримт ирүүлээгүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй гэж шүүхээс үзлээ.

38. Хэдийгээр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй байх боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдахгүй болж эрх бүхий этгээдийн зүгээс зөвшөөрсөн саналаа хүчингүй болгосон тохиолдолд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүйгээс үүдэж маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц үр дагаврыг үүсгэхээргүй, сум, аймгийн урьд гаргасан тогтоолоо хүчингүй болгосон нөхцөл байдлыг үгүйсгэх, өөрчлөх үр дагаврыг үүсгэж чадхааргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг мөн эл үндэслэлээр хангах боломжгүй.

40. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ТҮВШИНТУЛГА