Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0219

 

 

 

 

 

 

 

 

 

 

     “Н э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Н э” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/231 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 109/2022/0091/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н э” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/231 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н э” ХХК-ийн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/231 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ".... хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан "сонсох" ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь тогтоогдсон, хариуцагчаас "...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө мэдээллийг хүргэсэн" талаар баримт ирүүлээгүй..." гэж зөв дүгнэсэн атлаа "...энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Засаг дарга захирамж гаргахтай холбоотойгоор бидний санал хүсэлтийг сонсох, хамааралтай бодит нөхцөл байдлын талаар заавал тайлбар авах үүргийг хуульчилсан Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2, мөн хуулийн 13.2, 13.3-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй этгээдийг 26.1-т заасны дагуу заавал сонсож тайлбар авах, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулахаар хуульчилсан байтал анхан шатны шүүх “...захирамж хүчингүй болгох үндэслэл болохгүй…" гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.2. Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/231 дүгээр захирамжийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэл болгосон гэж тайлбарлах боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Тогтоол цуцлах тухай" тогтоол нь Засаг даргын маргаан бүхий "Захирамж хүчингүй болгох тухай" захирамж гарсны дараагаар буюу цаг хугацааны хувьд хойно гарсан байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй, буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

3.3. Архангай аймгийн болон Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгсний дагуу Засаг даргын захирамж нь анх гарахдаа буюу эрх зүйн үйлчлэл үзүүлэхдээ хуульд заасан нөхцөл шалгуурыг хангасан хүчин төгөлдөр үйлчилж байхад Архангай аймгийн болон Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрсдийн гаргасан алдааг залруулахдаа манай компанийн эрх ашгийг ноцтой хөндөж хууль бус акт гаргасан байхад мөн аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл юм.

3.4. Иймд Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 109/ШШ2023/0001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Анх Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тус Цахир багийн нутаг дэвсгэр Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тухай нэхэмжлэгч “Н э” ХХК-ийн саналыг дэмжсэнтэй холбогдуулж аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамжаар нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, гэвч энэхүү шийдвэрийн үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, улмаар сумын Засаг даргын 01/60 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн байх тул маргаан бүхий захирамж хуульд нийцсэн талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Учир нь дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, гагцхүү үндэслэл болгосон Хурлын тогтоол хүчингүй болсноор анх олгосон захирамжаа хүчингүй болгосон, иймд Хурлын тогтоолуудтай маргаагүй буюу тэдгээр нь хүчинтэй байгаа энэ тохиолдолд Засаг даргын захирамжийг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 51 дүгээр тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 7 дугаар тогтоолоор мөн хүчингүй болгосон, цаг хугацааны хувьд энэ нь давж заалдах гомдолд дурдсанчлан маргаан бүхий захирамжаас хойш гарсан боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

3.Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн үед хуралдаагүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдаан огт хийгдээгүй, зөвхөн утсаар санал авах байдлаар, цаашлаад олонхи дэмжсэн болох нь тодорхойгүй, түүнчлэн багийн иргэдийн хурал, иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тул хариуцагчаас өөрийн гаргасан захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэж хүчингүй болгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус тус нийцсэн байна.

Захирамжийн үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан.

Анхнаасаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжсэн санал хуулийн дагуу гараагүй, мөн уг саналыг хүчингүй болгосон тул Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй.

Учир нь маргаан бүхий захирамж нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч гараагүй, иймд процессын энэхүү эрхийг хангасан эсэхээс үл хамаарч захирамжийн үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчингүй болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъянгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

              

                             ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН