Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2020/00329

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух, ******* овогт *******ын ******* РД:/ХМ70030311/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжаар 159,828,386 төгрөг банканд төлөх шийдвэр гарсан. Тухайн зээлийн барьцаанд миний өмчлөлийн

1. Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороо Алтай 28-р гудамж 192 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203019660 дугаартай 240 метр квадрат талбайтай агуулах, Г-2203001679 бүртгэлийн дугаартай 245 метр квадрат газар

2. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2-р баг Шарын голд байрлах агуулах, гүний худагтай улсын бүртгэлийн Ү-1305000163 дугаартай объектыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт дуудлага худалдаагаар орсон байна.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.******* над руу утасдаж таны өмчлөлд байгаа эд хөрөнгийг маргааш 14 цагаас дуудлага худалдаанд орох болсон, 1 хүн дэнчин мөнгө байршуулсан, та ирж хуралд оролц салгасан. Төд удалгүй шийдвэр гүйцэтгэгч М.******* дахин залгаж дахиад нэг хүн оролцохоор болсон та ирж дуудлага худалдаанд ор гэж хэлсэн. Энэ нь надад дуудлага худалдаа журмын дагуу болоогүй гэх үндэслэлийг бий болгосон.

Учир нь: Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9.11-д Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ гэж заасан байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй танилцах үед Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар баг Шарын голд байрлах агуулах, гүний худагтай улсын бүртгэлийн Ү-1305000163 дугаартай объектын үнэлгээг хийхдээ, тухайн газар нь 1 га байхад 2 га гэж бичсэн газар дээр хэд хэдэн барилга баригдсан байхад үнэлгээнд оруулж өгөөгүй байгааг би байцаагчид хэлэхэд та санаа зоволтгүй таны Улаанбаатар хотод байгаа газраар бүх зээл төлөгдөнө. Сэлэнгэ аймаг дахь газар зарагдахгүй байхаа гэж хэлэхэд нь би итгэж гарын үсгээ зурсан. Энэ нь миний хуулийн мэдлэггүй байгааг ашиглан гарын үсэг зуруулсан. Дараа нь дуудлага худалдааг зохион байгуулахдаа нэг хүн оролцуулж миний хоёр объектыг хууль бус дуудлага худалдааг зохион байгуулж. Бага үнээр худалдсанд би гомдолтой байсан тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга н.Мөнхзулд тухайн дуудлага худалдааг хүчингүй болгож миний өмчлөлийн эд хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлт тавьсан. Хүсэлтийн хариуг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардан авах гээд очиход эх хувийг шуудангаар явуулсан гээд канондсан хувийг өгсөн. Дуудлага худалдаа хууль, журмын дагуу явагдсан хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Миний бие тухайн өдрийн дуудлага худалдаа хууль, журмын дагуу болсон гэдэгт итгэхгүй байгаа тул 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулахыг даалгаж өгнө үү!... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, ******* нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар ******* овогтой *******ын *******өөс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 158,876,056 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 952,330 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн материалыг тус газар нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 455 тоот тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар:

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.*******т 2017 оны 09 дүгээр 20-ны өдөр гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг мэдэгдлийг дахин гардуулсан ба төлбөрөө төлөөгүй болно.

Үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө болох:

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураасан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг тус тус түүний охин болох Т.Ганчимэгт гардуулсан.

Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан.

Талуудаас хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч-өмчлөгч Б.******* нь:

1 дүгээрт бичигдсэн хөрөнгө болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрыг 380,000,000 сая,

2 дугаарт бичигдсэн хөрөнгө болох Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 85,000,000 сая, нийт-465,000,000 сая төгрөгөөр,

Төлбөр авагч тал нь:

Нэг дүгээрт бичигдсэн хөрөнгө болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 мкв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй мкв газрыг 85,000,000 сая.

Хоёр дугаарт бичигдсэн хөрөнгө болох Жавхлант сумын 2 дугаар багийн шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 40,000,000 сая, нийт-125.000.000 сая төгрөгөөр тус тус үнийн санал өгч хөрөнгийн үнэ зөрүүтэй тул шинжээч томилон үнэлүүлэхэд:

Нэг дүгээрт бичигдсэн хөрөнгө болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 мкв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрыг 204,629,711.87 сая, 2 дугаарт бичигдсэн хөрөнгө болох Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах. Гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 125,371,345.20 сая нийт- 330.001,000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1548 тоот албан бичгээр Б.*******т баталгаат шуудангаар хүргүүлсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус газарт төлбөр төлөгч өөрийн биеэр ирж мэдэгдлийг гардан авч ... Үнэлгээтэй холбоотой санал гомдол байвал шүүхэд гомдол гаргаж болно гэхэд, Б.******* нь Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт бол байхгүй, үнэлгээ бол бодит үнэлгээ байна...гэснийг тэмдэглэж өөрт нь танилцуулахад уншиж танилцаад гарын үсэг зурсан ба дээрх хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах талаар 1 сарын хугацаа авах хүсэлт бичгээр гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж зааснаар Б.*******ийн хүсэлтийг хүлээн авч хөрөнгөө бие даан худалдах 1 сарын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29-ний хооронд олгосон ба хугацаа дуусахад хөрөнгөө худалдаагүй, төлбөрөө төлөөгүй болно.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.*******ийн 99093551 дугаарт шийдвэр гүйцэтгэгчийн 89086071 дугаартай утаснаас холбогдож хугацаа дууссан талаар мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 01/02 тоот тогтоол гарч, тогтоолын хувийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүдийг Шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар буюу 231,000,739 төгрөгөөр доод үнийг тогтоон дуудлага худалдаа явуулахад оролцогч сонирхогчгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсгийг үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гарсан ба хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Б.*******ийн 99093551 дугаарт шийдвэр гүйцэтгэгчийн 89086071 дугаараас залгаж ... Таны мэдэгдлийг шууданд хийсэн, шуудан Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу 2020 оны 01 дүгээр сарын 28-нд явах юм байна, таны фэсебүүк хаяг юу гэж явдаг вэ?, Би таны мессенжер чатаар тэмдэглэлийг зурган хэлбэрээр давхар явуулъя... гэхэд Tumurchudur Badrah...гээд хөх уулын зурагтай байгаа гэж 99093551 дугаараас дэслэгч М.******* миний 89086071 дугаар луу мессежээр явуулахад Tumurchudur Badrah фэсебүүк хаяг руу Махаббат ******* гэх хаягаар зургийг нь дарж явуулсан.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг43 минутад төлбөр төлөгч Б *******ийн 99093551 дугаарын гар утсанд залгаж маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14:00 цагт 2 дахь дуудлага худалдаа явагдана та заавал ирж оролцох хэрэгтэй гэхэд ...За ах нь яваад очно... гэсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 01 минутад дахин холбогдож өөрийн биеэр ирж оролцохыг шаардахад;

Тэрээр ... Би мэдэхгүй байна ямар ч байсан дуудлага худалдаагаа явуулалдаа, өрөө дарж байвал болоо юм биш үү! би хурал зарлачихсан ажилтнуудтайгаа хуралдаж байна, дуудлага худалдаагаа явуулчихдаа, ах нь ажил аймар ихтэй санхүүжилт оройтож орж ирээд хүмүүсийн цалин мөнгө тавигддаггүй, арай гэж цалинг нь тавьж дуусгаад дуус ч байна, бөөн хэрүүл уруул тэгээд л завгүй байж байна даа... гээд утсаа тасалсныг бичлэг болгон баримтжуулсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 43 минутад төлбөр төлөгч Б.*******ийн 99093551 дугаарийн гар утсанд залгаж маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт 2 дахь албадан дуудлага худалдааг явуулж шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 1 дүгээрт бичигдсэн хөрөнгө болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрыг 102,314,855.9 төгрөг, 2 дугаарт бичигдсэн хөрөнгө болох Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 62,685,672.6 төгрөг, нийт-165.000.527 төгрөгөөр оруулахад Улаанбаатар хотод байрлах хөрөнгө 102,800,000 төгрөгөөр. Жавхлант сумд байрлах хөрөнгө 63,200,000 төгрөг, нийт 166,000.000 төгрөгөөр худалдагдаж, шударга ялагч тодорсон болно.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагаас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 07 тоот өрөөнд дэнчин хүлээн авч 17:00 цагт дэнчин хүлээн авах ажиллагааг хаасан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14:00 цагт тус газрын хурлын танхимд зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дэнчин тавьсан Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал иргэн Д.******* нар оролцож Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал 166,000.000 төгрөгөөр ялагчаар тодорсон.

Төлбөр төлөгч Б.*******ийн тус газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд дуудлага худалдааг хүчингүй болгохгүй гэсэн хариу өгсөн ба Б.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан, хариугаа ч өөрөө авсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шүүхйин шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Учир нь: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаартай шүүхийн шийдвэрээр Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн 158,876,056.34 төгрөгийг Монжим трейд ХХК-ийн захирал Б.*******өөс гаргуулж Голомт банкны Сэлэнгэ салбарт олгох, 4320006792 дугаартай ипотекийн гэрээнд заагдсан эд хөрөнгөөр тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 434 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газар, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газар зэргийг битүүмжилж, хураан авсан энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч тал өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр авагч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрын хамт 85,000,000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрын хамт 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлж санал ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч Б.******* Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамж 192 тоотод байрлах 18643313108428 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 245 мкв газар, мөн уг газарт байрлах Ү-2203019660 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд авагдсан байгаа тул тухайн газар объектыг 380,000,000 сая төгрөгөөр борлуулах саналтай байна гэх үнийн санал ирүүлсэн атлаа Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газарт төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Харин үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан ба энэхүү зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх алба өмчлөгч, төлбөр төлөгч нараас эхний ээлжинд үнийн саналыг авч, төлбөр авагч талд танилцуулан тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагаа хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийг харилцан тохиролцох боломжгүй нөхцөл байдал үүссэнээс Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шинжээчээр Баян модод ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, Б.*******ийн өмчлөлд байгаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газар, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрын зах зээлийн үнэлгээг тус тус тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцсэн байна.

Шинжээчээр тогтоолгосон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрын зах зээлийн үнэ болох 204,629,711.87 төгрөгийн 50 хувиар тооцон 102,314,855.9 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрын зах зээлийн үнэ 125,371,345.20 төгрөгийн 50 хувиар тооцон 62,685,672.6 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Б.*******т 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийн дуудах доод үнийг нийт 165,000,528.2 төгрөг байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх зохицуулалтад нийцсэн байх тул шүүх нэхэмжлэлд заасан үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын  25-ны өдрийн 10/05 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баян модот ХХК-ийг томилж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн №СШГ/201905 дугаартай  Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 330,001,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Албадан дуудлага худалдааны үнэлгээ хуулийн дагуу явагдсан байна.  

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Төмөрчөдрийн Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээдийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ