Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00047

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00047

 

 

Б.*******ийн гомдолтой

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00232/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Л.Амарсанаа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Б.*******ийн гомдолтой Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаар шүүгчийн захирамжаар 159,828,386 төгрөг банканд төлөх шийдвэр гарсан. Тухайн зээлийн барьцаанд миний өмчлөлийн 1. Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороо Алтай 28-р гудамж 192 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203019660 дугаартай 240 метр квадрат талбайтай агуулах, Г-2203001679 бүртгэлийн дугаартай 245 метр квадрат газар, 2. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2-р баг Шарын голд байрлах агуулах, гүний худагтай улсын бүртгэлийн Ү-1305000163 дугаартай объектыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт дуудлага худалдаагаар орсон байна.

...Миний бие тухайн өдрийн дуудлага худалдаа хууль, журмын дагуу болсон гэдэгт итгэхгүй байгаа тул 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, ******* нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар Шарнууд овогтой Бадрахын *******өөс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 158,876,056 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 952,330 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн материалыг тус газар нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 455 тоот тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлсэн.

...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагаас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 07 тоот өрөөнд дэнчин хүлээн авч 17:00 цагт дэнчин хүлээн авах ажиллагааг хаасан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14:00 цагт тус газрын хурлын танхимд зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дэнчин тавьсан Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал иргэн Д.******* нар оролцож Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал 166,000.000 төгрөгөөр ялагчаар тодорсон. Төлбөр төлөгч Б.*******ийн тус газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд дуудлага худалдааг хүчингүй болгохгүй гэсэн хариу өгсөн ба Б.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан, хариугаа ч өөрөө газар зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ийн Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тус шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Уг шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших. өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэж заасан баталгааг хамгаалаагүй, энэ эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээгүйд гомдолтой байна.

...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь бага үнийн саналыг надад танилцуулаагүй, дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. би дуудлага худалдааны талаар харилцан зөвшилцөөгүй, мөн энэ талаар үүрэг гүйцэтгэгчээс тохиролцох саналыг ирүүлээгүй байхад шүүх энэ талаар тодруулж. дүгнэлт өгөөгүй байж нэхэмжлэлийг буруутгасан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үнэлгээний дуудлага явуулах эрх бүхий этгээдийг томилж, эхний ээлжинд дуудлага худалдааны үнийн саналыг өмчлөгчөөс авч, төлбөр авагчид танилцуулна гэж байгаа ч энэ ажиллагаа нь өөрөө хууль бус явагдсан бөгөөд тухайн 2 объектыг ямар байдлаар ямар үнийн саналаар үнэлж байгаа, нийлүүлээд эсхүл тусад нь гэдгээ тайлбарлаж өгөөгүй. энэ талаар би нэг л объектоо дуудлага худалдаанд оруулах болно, угаасаа бодит зах зээлд эд хөрөнгийн үнэлгээ нь хангалттай хүрэх талаар хэлж. ярьж тодруулж байхад энэ нөхцөл байдлыг минь харгалзалгүйгээр хууль бусаар дуудлага худалдаа явуулсныг шүүх буруугаар тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дуудлага худалдааг дахин явуулахыг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэн надаас бодит үнийн объектуудын үнийн саналыг авч, дуудлага худалдаа явуулах журам дүрмийн дагуу явуулахыг даалгаж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ийн хүсэлтийн дагуу хөрөнгөө бие даан худалдах 1 сарын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд олгосон ба хугацаа дуусахад хөрөнгөө худалдаагүй. төлбөрөө төлөөгүй тул дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 01/02 тоот тогтоол гарч. тогтоолын хувийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүдийг Шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар буюу 231,000,739 төгрөгөөр доод үнийг тогтоон дуудлага худалдаа явуулахад оролцогч сонирхогчгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-р зүйлийг үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гарсан ба Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд Голомт банкийг төлөөлж Мөнхжаргал мөн иргэн Д.******* нар оролцсон.

Б.*******ийн дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэсэн гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, дуудлага худалдааг дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******өөс 158.876.056 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 455 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.*******т гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор түүний барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28 дугаар гудамжны 192 тоотод байрлах Ү-2203019660 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай агуулах, Г-2203001679 дугаарт бүртгэлтэй 215 мкв газрыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураасан, Жавхлант сумын 2 дугаар багийн Шарын голд байрлах Ү-1305000163 дугаарт бүртгэлтэй 446,9 мкв, 29 мкв талбайтай агуулах, гүний худаг, 000459629 гэрчилгээний дугаартай 2 га газрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжлэн, хураах ажиллагаа явуулж, талуудаас хөрөнгийн үнийн санал авсан боловч зөрүүтэй санал ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 177.1-т зааснаар талууд өмчлөгч хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.2.2-д зааснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК нь хөрөнгүүдийг 330.001.000 төгрөгөөр үнэлсэн байх ба шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7-д заасны дагуу гомдол гаргах эрхийг тайлбарлан өгсөн боловч гомдол гаргаагүй буюу эрхээ эдлээгүй байна.

 

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Б.*******ийн хүсэлтийн дагуу хөрөнгөө бие даан худалдах 1 сарын хугацааг олгосон боловч Б.******* нь үл хөдлөх хөрөнгөө худалдаж чадаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 01/02 тоот тогтоол гарч, тогтоолын хувийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэнээр анхны дуудлага худалдааг зохион байгуулж, үнийн саналыг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн 70 хувиар буюу 231.000.739 төгрөгөөр доод үнийг тогтоон дуудлага худалдаа явуулахад оролцогч сонирхогч оролцоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тогтоол гарсан ба тогтоолыг мөн л талуудад мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч Б.******* нь хоёр дахь дуудлага худалдаанд өөрөө оролцохоо илэрхийлжээ.

 

Төлбөр төлөгч болон авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар зөрүүтэй санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Б.*******ийн хоёр үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэг заасныг зөрчөөгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй боловч энэхүү эрхээ эдлээгүй буюу шүүхэд гомдол гаргаагүй тул Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр хариуцагч байгууллага тогтоож анхны дуудлага худалдааг зарласан боловч хэн ч оролцоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болжээ.

Хоёр дахь дуудлага худалдаанд иргэн Д.*******, төлбөр авагч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нар буюу хоёр оролцогч саналаа ирүүлж, дуудлага худалдаанд хүсэлт гаргаж, дэнчинг тус тус төлснөөр дуудлага худалдаанд оролцох эрхтэй болсон байна.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна 177.4-д Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасны дагуу Хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.*******ийн 2 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн 50 хувиар тус тус тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн Хоёр дахь дуудлага худалдаанд төлбөр авагч Голомт банк нь хөрөнгүүдийг үнэгүйдүүлэхийн тулд нэгдмэл сонирхол бүхий этгээд болох иргэн Д.*******г оролцуулж дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн гэх гомдлын хувьд:

Хоёр дахь дуудлага худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, иргэн Д.******* нар нь дуудлага худалдаанд оролцох саналаа ирүүлж, дэнчинг төлсөн байх ба өөр хоорондоо нэгдмэл зорилго бүхий этгээд мөн эсэх талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй байна.

Оролцогч нар нь дэнчингийн мөнгийг Голомт банкаар нэг өдөр шилжүүлсэн байх боловч зөвхөн тухайн үндэслэлээр дуудлага худалдаанд оролцогч нар нь нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж тодорхойлох боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн хоёр дахь дуудлага худалдаа журмын дагуу явуулаагүй, шүүх хуулийг буруу тайлбарласан гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ны өдрийн 329 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА

 

Г.ДАВААРЕНЧИН