Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2020/00353

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2020/00353

Сэлэнгэ аймаг

 

 

       
   
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 14-р хороолол 4-26 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт Хүсэл-Аюушийн *******гийн /МТ-92050507/ нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон өлөнтийн хэсэгт оршин сууж байсан, эрэгтэй, одоо Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй 445 дугаар хорих ангид ял эдэлж байгаа ******* овогт *******ийн Бат-Эрдэнэд /МТ-79081318/ холбогдох

Хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол 2.324.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулах тухай , мөн Хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны зөрүү мөнгийг сар бүр гаргах, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, тээврийн зардалд 303.750 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь бага насны 1 хүүхэдтэй. В.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан-ы улмаас миний нөхөр нас барж, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Энэ гэмт хэргийн улмаас миний бие нь бага насны хүүхэдтэй үлдсэн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй.

В.Бат-Эрдэнээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ... нийт Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд ирж очихын замын зардал 200.000 төгрөг нэхэмжилснээс 303.750 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүү 2.324.000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл 2.649.000 төгрөг, одоо миний хүү 2 нас 9 сартай 16 нас, суралцах үед нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр, мөн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 800.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 3.752.750 төгрөгийг нэхэмжилж байна гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч В.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор дүүгийнхээ амь насанд гэм буруутай гэж үзсэн. Миний дүү архи, тамхи хэрэглэдэггүй, ахынхаа үгэнд ордог, сайхан амьдарч байсан үе байгаа. Дүү минь Х.*******тэй суусан цагаас хойш амьдрал нь орвонгоороо эргэж доройтсон, архи уудаг болсныг хүн болгон мэднэ. Гэр орноосоо хөөж тууна, түүндээ гомдож архи ууж, толгой хорогдох үүднээс 3 сар нагацынд хоноглож байсан шүү дээ. Дүүг нас барсны дараа намайг муу хүн болгож дүүтэй минь уулзуулахгүй байсан мэтээр буруу ойлголт хүмүүст төрүүлж ярьж байсанд гомдолтой байдаг...Х.******* урьд нь хүнтэй сууж амьдрал зохиож байсан.

Байнга мөрийтэй тоглоно, хоёулаа нийлж шоудана, архи ууна, өр ширэнд орно, хүнээс өчнөөн мөнгө зээлээд өрөө төлж чадахгүй байдалд орж арга буюу эцэг, эхээс уламжилж ирсэн 2 өрөө байрыг зарж өрнөөс гаргаж өгсөн. Дүүгийн минь хүүхэд мөн эсэх дээр би юм ярихгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбар гаргаж байна.

1.Эрүүгийн анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн баримтаар 39,200 төгрөг төлсөн, 200.000 төгрөгийн баримтыг үзэж хараагүй болохоор хэзээ хэдийд явсан ирсэн зэргийг мэдэхгүй тул энэ мөнгийг би төлөхгүй гэж үзэж байна.

2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүү дүн болох 2.324.000 төгрөг гаргуулах гэсэн байна. Үүнийг ойлгохгүй байна. Талийгаач дүү минь ажил төрөл эрхэлж цалин хөлс гэж авч байгаагүй. Би дүүгээ тэжээж харж үздэг байсан. Яаж бодож ийм мөнгө нэхээд байгааг тодорхойгүй байна. Тиймээс би төлөхгүй.

3.Бага насны хүүхдээ 16 нас хүртэл хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүүг сар бүрд нь гаргуулах гэжээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар заасан заалтаа уншиж танилцлаа. Мөн хуулийн 508.5-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж ойлголоо. Дүү минь ажил хийж байгаагүй тул цалин хөлсний дунджийг тогтоож гаргах боломжгүй гэж бодож байна. Тиймээс зөрүүг гаргах нөхцөл тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Бат-Эрдэнэ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Х.*******гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шаардлагатай танилцлаа. Ингээд гэм хорын хохирол болох тээврийн зардал болох 303.750 төгрөг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2020 оны 03 сар хүртэлх нийт 2.649.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг нийт 3.752.750 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Хорих ангид ял эдэлж байгаа тул боломжгүй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцуулна. Миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.******* нь В.Бат-Эрдэнэд холбогдуулан Гэмт хэргийн улмаас учирсан хохирол тээврийн зардал 200.000 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүү дүн болох 2.324.000 төгрөгийг бэлнээр гаргуулах, бага насны хүүхдээ 16 нас хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүүг сар бүр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд ирж очих замын зардалд нийт 303.750 төгрөг,

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүү 2.324.000 төгрөг нэхэмжилснээс 2020 оны 03 дугаар сар хүртэл 2.649.000 төгрөг, одоо миний хүү 2 нас 9 сартай 16 нас, суралцах үед нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр гаргуулах,

Өмгөөллийн хөлс 800.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж, нийт 3.752.750 төгрөгийг хариуцагч В.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч В.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан Хүний биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 05 жилийн хорих ял оногдуулсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоол болон шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.******* нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд ирж очихын замын зардал 303,750 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 2020 оны 03 дугаар сар хүртэл 2.649.000 төгрөг, миний хүү 2 нас 9 сартай 16 нас, суралцах үед нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр гаргуулах, мөн өмгөөллийн хөлс 800.000 төгрөг нийт 3.752.750 төгрөг нэхэмжилсний зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд ирж очихын замын зардал 303,750 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт НИК ХХК, болон бусад шатахуун түгээх салбараас авсан гэх баримт нь он сар өдөр, үнийн дүн нь /бүдэг/, орон нутаг , аймаг хоорондын зорчих тасалбар нь гарын үсэггүй, автомашинаар ирж, явсан эсэх нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 11.4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ: хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,...өмгөөлөгчид төлөх зардал;

11.6 дугаар зүйлд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахдаа: заалтын...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна... гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцохдоо Өмгөөлөгчтэй хийсэн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан өмгөөллийн хөлс төлсөн Бэлэн мөнгөний баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х.*******, түүний нөхөр В.Соёл-Эрдэнэ /талийгаач/ нарын дундаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү С.Сод-Эрдэнэ төрсөн болох нь №4501000897 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д тэтгэвэр, тэтгэмж олгох... гэж заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн олгогдсон болох нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нээлгэсэн Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан гэм хор учруулсны төлбөрийг тооцохдоо Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэдэгт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэтгэврийг ойлгох бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоол-оор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр, мөн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөгөөр, 2020 онд 420,000 төгрөгөөр тус тус тогтоосон байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дээрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн зөрүүг тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Үүнд: 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 270,500 төгрөг, 2019 онд 1,606,000 төгрөг, 2020 оны 1 сараас 3 сар хүртэл 710,000 төгрөг нийт 2,586,500 төгрөгийг В.Бат-Эрдэнээс гаргуулан Х.*******д олгож, С.Сод-Эрдэнийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх, тэтгэлгийн зөрүү 1,166,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болон тэжээгчээ алдсаны тэтгэмж нь жил бүр өөрчлөгдөх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 2,586,500 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 56,334 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь нь зүйтэй.

Хариуцагч В.Бат-Эрдэнэ нь ...Хорих ангид ял эдэлж байгаа тул боломжгүй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцуулна. Миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т тус тус зааснаар *******ийн Бат-Эрдэнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 2,586,500 төгрөгийг гаргуулан Х.*******д олгож, С.Сод-Эрдэнийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэлээс үлдэх 1,166,250 төгрөгийн шаардлага, С.Сод-Эрдэнэд 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр тооцон олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 56,334 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

Л.СОЁЛМАА