Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00048

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00253/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Л.Амарсанаа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Х.******* /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Х.*******гийн нэхэмжлэлтэй В.*******д холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын -ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь бага насны 1 хүүхэдтэй. В.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас нөхөр маань нөхөр нас барж нь В.******* Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Одоогоор миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэйгээ үлдсэн. В.*******эс Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд ирж очихын замын зардал 303.750 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүүг 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацаагаар тооцож 2.649.000 төгрөг гаргуулах, одоо миний хүү 2 нас 9 сартай цаашид 16 нас, суралцах үед нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбар гаргаж байна.

1. Эрүүгийн анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн баримтаар 39.200 төгрөг төлсөн, 200.000 төгрөгийн баримтыг үзэж хараагүй болохоор хэзээ хэдийд явсан ирсэн зэргийг мэдэхгүй тул энэ мөнгийг би төлөхгүй гэж үзэж байна.

2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүү дүн болох 2.324.000 төгрөг гаргуулах гэсэн байна. Үүнийг ойлгохгүй байна. Талийгаач дүү минь ажил төрөл эрхэлж цалин хөлс гэж авч байгаагүй. Би дүүгээ тэжээж харж үздэг байсан. Яаж бодож ийм мөнгө нэхээд байгааг тодорхойгүй байна. Тиймээс би төлөхгүй.

3. Бага насны хүүхдээ 16 нас хүртэл хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны мөнгөний зөрүүг сар бүрд нь гаргуулах гэжээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар заасан заалтаа уншиж танилцлаа. Мөн хуулийн 508.5-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж ойлголоо. Дүү минь ажил хийж байгаагүй тул цалин хөлсний дунджийг тогтоож гаргах боломжгүй гэж бодож байна. Тиймээс зөрүүг гаргах нөхцөл тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т тус тус зааснаар Валеркийн *******эс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 2,586,500 төгрөгийг гаргуулан Х.*******д олгож, С.Сод-Эрдэнийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэлээс үлдэх 1,166,250 төгрөгийн шаардлага, С.Сод-Эрдэнэд 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр тооцон олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 56,334 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай... гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас миний нөхөр нас барж, бидний гэр бүлд маш том хохирлыг учруулсан. Одоо миний бие бага насны нэг хүүхэдтэйгээ амьдарч байна. Одоогоор ямар нэгэн тогтвортой ажил эрхлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тэтгэмж зэргийг гаргуулахаар шүүхэд хандсан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй субъектийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр. тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд" гэж хуульчилсан байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. хууль ёсны байх зарчмыг баримтлаагүй шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2.586.000 төгрөгийг гаруулахаар шийдвэрлэж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Бат-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх хурал дээр нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэдгээ хууль тогтоомжийн заалтын дагуу талбар гаргасан боловч шүүх дээрх мөнгөн дүнг гаргаж шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Х.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1 зааснаар 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах субъект мөн тул шийдвэр хууль ёсны шаардлагыг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Гомдолд хариу тайлбар гарахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-р бүлгийн 12-р заалтаар уг хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэхээр хуульчилсан байдаг. Талийгаач В.Соёл-Эрдэнэ улсад хөдөлмөр эрхэлж байгаагүй төдийгүй хувиараа сайн дурын даатгал шимтгэл төлж байгаагүй учраас Нийгмийн даатгалын сангийн тэтгэмж биш халамжийн байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 195.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Нэгэнт улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй шимтгэл .даатгал төлж байгаагүй учир энэ хуулийн 12-р бүлэгт заасан эрх үүсэхгүй тэгээд ч зөрүү мөнгө түүнд олгогдох үндэслэл байхгүй билээ.

Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.3 дахь заалтаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар төлбөр гаргуулах хэмжээг тогтооно гэсэн заалт зөрчигдөж шүүх тэтгэмж цалингийн зөрүү 2.586.500 төгрөгийг гаргасан нь үндэслэлгүй болно. Тиймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага, иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга зарчимд нийцсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч В.*******д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан унааны зардал 303.750 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 800.000 төгрөг болон хүүхдэд 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацаагаар тооцож 2.649.000 төгрөг, хүүхдийг 16 нас, суралцах үед нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч В.*******эс гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Х.******* хохирогч В.Соёл-Эрдэнэ нар 2016 онд гэр бүл болж улмаар 2017 оны 06 сарын 14-ний өдөр хүү Сод-Эрдэнэ төржээ. Гэрлэгчид нь хохирогчийг нас барах үед хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байсан бөгөөд хариуцагч нь дүү В.Соёл-Эрдэнийг архи уулаа гэж зодсоны улмаас биед нь хүнд гэмтэл учирч улмаар нас барсан байна. Хариуцагч В.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан Хүний биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шүүхээс 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Нэхэмжлэгч Х.******* түүний хүү С.Сод-Эрдэнэ нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар талийгаач В.Соёл-Эрдэнийн эхнэр, хүүхдийн хувьд хууль ёсны өвлөгч нар тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хор учруулсны төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч В.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.*******д шатахууны зардалд 39.250 төгрөг төлсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Х.*******гийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан шатахууны зардал 263.750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг нийт 1.063.750 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч В.*******эс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагын хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 508.3-д хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр гаргуулах хэмжээг заасан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т төлбөр төлөх хугацаа, нөхцөлүүдийг тус тус заажээ.

Гэм хорын төлбөр гаргуулахдаа нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг тогтоосноор түүний асрамжид байсан этгээдэд олгох төлбөрийн хэмжээ тодорхойлогдохоор байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нас барагч В.Соёл-Эрдэнэ нь тодорхой ажил эрхэлж байгаагүй тул түүний сарын орлогыг тодорхойгүй, түүний орлогыг нотолсон баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид ажилтан гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ., 5 дугаар зүйлийн 5.1-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно. гэж заасны дагуу түүний сарын орлогыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тодорхойлох боломжтой гэж үзлээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно, 12.1.4-д Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд гэж тус тус заасан бөгөөд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2018 оны 09 сарын 04-ны өдөр нас барагчийн хүүхдэд 155.000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сар бүр авдаг тэтгэлэг өөрчлөгдөн 2020 оны 03 сарын байдлаар тэтгэмжийн хэмжээ 188.000 төгрөг болсон байна.

Хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. зааснаар

Тооцоолбол: 2020 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тогтоосон ба түүнийг ам бүлийн 3 гишүүнд хуваахад нэг хүнд 140.000 төгрөг ногдож байна. Өрхийн сарын орлого 420.000 төгрөгөөс нас барсан этгээд болон түүний эхнэрт ногдох 140,000х2=280.000 төгрөгийг хасвал 140.000 төгрөг болох бөгөөд энэ нь нас барагчийн сарын цалин хөлсний дундаж орлого болно.

Энэхүү орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон хэмжээг хасвал зөрүү гаргахгүй байгаа тул хохирогчийн /В.Соёл-Эрдэнийн/ өв залгамжлагчийн шаардлага хангагдах боломжгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах тухай шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангаж, хохирогч нас барснаас учирсан хохирол гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг :

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар Валеркийн *******эс шатахууны зардал 263.750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нийт 1.063.750 төгрөгийг гаргуулан Х.*******д олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 40.000 төгрөгт холбогдох болон С.Сод-Эрдэнэд 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр тооцон олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

2 дахь заалтыг:

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30.080 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                                                                   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                             Д.БУЯНЖАРГАЛ 

 

                                    ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

 

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН