Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00949

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00949

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,******* -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 1.100.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, зардал 1.100.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний бие Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустайн зусланд нэгж талбарын 18644321283417 дугаартай, 513 мкв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 210 тоот захирамжаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгож, 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 0186520 тоот гэрчилгээг гардан авч 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Уг газартаа 0.3 сантиметрийн банзаар хайсан хашааг барьсан байсан. 2018 оны намар зуслангаа эргэж тойрч очиход нэг айл манай хашаанд буусан байсан. Тухайн айлд "Бусдын газар дээр дураар бууж болохгүй, манай хашааг яагаад нурааж байгаа юм бэ, зардлыг төлөөрэй" гэдгийг сануулж, газар чөлөөлж нүүхийг олон удаа шаардсан. Манай газар дээр дураараа буусан айлыг нүүлгэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд гомдол гаргахад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/4Б12 тоот албан бичгээр хариу өгөхдөө дээрх газар хамааралгүй айл буусан, тухайн айлыг нүүлгүүлэх өргөдөл гомдлоо хууль хяналтын байгууллагад хандаж гаргана уу" гэсэн хариуг өгсөн. Газрын албанаас бусдын газрыг зөвшөөрөлгүй ашигласан этгээдүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл өгч байсан гэсэн. ******* миний бие өндөр настан бөгөөд газрын алба, цагдаагийн газраар олон удаа явж маш их зардал чирэгдэл учирсан болно.

Шүүхээс томилсон шинжээч хариуцагчийн эзэмшиж байгаа газар, амьдарч байгаа гэр нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа гэдгийг тогтоосон. Тухайн газар хүний эзэмшил мөн эсэхийг эрх бүхий этгээдээс лавлах ёстой. Газар эзэмших, ашиглах эрхгүйгээр хоосон газар гээд шууд бууж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, нэгж талбарын 18644321283417 дугаар бүхий 515 мкв газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Харин буулгасан хашааг барьсан зардал болон бусад зардалд нэхэмжилсэн 1.100.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

Үүнд: Миний бие 2018 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах сул хоосон газар дээр өөрийн гэрээ барьж амьдарч байна. Энэ хугацаанд тус хороондоо түр оршин суугчаар бүртгүүлэн амьдарч байна. Манайхыг анх нүүж ирэхэд тус газар ямар ч хашаагүй, байгалаараа хэн ч ашиглаагүй хоосон байсан. Энэ тухай хэсгийн ахлагч болон ойр хавийн хүмүүс мэднэ. Харин ******* миний хашаа гэж анх ирээд бичиг баримт үзүүлсэн боловч газрын байршил болон хаяг байхгүй, нэгж талбарын дугаар бичигдээгүй бичиг үзүүлсэн нь эргэлзээтэй байсан. Айлын хашааг нураасан зүйл байхгүй. Уг газарт би хүүхэд ач нарынхаа хамт гурван гэрээрээ одоо 5 жил амьдарч байгаа тул амьдрах боломжтой гэж үзэж байна. Газрын тухай хуулиар нэхэмжлэгч 2008 оноос хойш өнөөг хүртэл газраа ашигласан зүйлгүй, хоосон эзэнгүй байлгасан. Шинжээч тухайн газарт гурван гэр байна гэж гарсан тул зөвхөн*******ийг чөлөөлснөөр бусад хүмүүс хэрхэх нь тодорхойгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэгж талбарын дугаар, гэрчилгээ дэх дугаар өөр байгаа бөгөөд нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 18644321283417 дугаартай газрын кадастр, *******гийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гараар бичсэн шаардлага, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/4Б12 тоот хариу, газрын төлбөр төлсөн банкны хуулгууд, дүүргийн газрын албанд гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн газрын албанд анх гаргасан 2008 оны өргөдөл, газрын албаны өргөдөл хүлээн авсан бүртгэл хяналтын карт, оршин суух хорооны тодорхойлолт, газрын байршил харуулсан тойм гар зураг, кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/220 тоот гомдлын хариу, Ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн дэвтэр, Г.Сандуйжавын шүүхэд гаргасан тодорхойлолт, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 359 тоот тодорхойлолт, хэрэглээний зардал төлсөн баримт зэргийг ирүүлжээ. /хх 5-16, 23-36, 133-135/

Хариуцагчаас нотлох баримтаар: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэргийг ирүүлжээ. /хх 43/

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр гэрч Ц.Очирбатын өгсөн мэдүүлэг, 181/ШЗ2021/03961 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14/830 тоот хариу, түүний хавсралтаар газартай холбоотой архивын баримтууд,

нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Г.Сандуйжавын өгсөн мэдүүлэг, тус шүүхийн 181/ШЗ2022/04145 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 25 тоот тодорхойлолт, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,

Тус шүүхийн 181/ШЗ2021/05386 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/31 тоот шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, шинжээчийн ажлын хөлс шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг ирүүлжээ. /хх 52-54, 56-57, 92-104, 122-123/

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч *******гээс*******т холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, нураасан хашаа болон бусад зардалд 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас зардал 1.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Газрын албанаас олгосон шийдвэрийн дагуу тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа, хариуцагч тухайн газарт зөвшөөрөлгүй буусан, шинжээчийн дүгнэлтээр давхацсан нь тогтоогдсон гэж тайлбарласан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэгж талбарын дугаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар, ямар үндэслэлээр нэгж талбарын дугаар өөрчлөгдснийг нэхэмжлэгч тайлбарлаагүй тул тухайн газар давхцсан эсэх тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгч Газрын тухай хуулийн дагуу тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хоосон байсан гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай зусланд байрлах, нэгж талбарын 1864432123417 дугаар бүхий 513 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн 0186520 тоот гэрчилгээ, 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн газрын албатай байгуулсан гэрээ, кадастрын зураг зэргээр тогтоогдож байна. Түүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчинтэй байгаа, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх аливаа хүсэлт 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар байхгүй болох нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. /хх 5-8, 64-75/

5.2.Хариуцагч******* Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Архустайн зуслан, Дэд станц задгайд 2018 онд гэр барьж буусан, үүнээс хойш уг газарт хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон. Тэрээр уг газарт амьдарч эхлэхдээ харьяа газрын албанаас зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, түүнчлэн тухайн газраа эзэмших талаар газрын албанд хүсэлт гаргаж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооноос ирүүлсэн оршин суух лавлагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна. /хх

5.3.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/31 тоот шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газарт 4 тал модон хашаа байна, хашаанд гурван гэр баригдсан, уг хашаалсан газрын талбайн хэмжээ 679 мкв, үүнд нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн нэгж талбарын 1462301484 дугаар бүхий 513 мкв газар /хуучнаар нэгж талбарын дугаар 18644321283417/ бүхэлдээ тухайн газарт багтаж давхацсан, хариуцагч талбайн хэмжээг илүү гаргаж хашаалсан болох нь тогтоогдож байна. /хх 96-104/

6.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээний үндсэн дээр тухайн газрын хууль ёсны эзэмшигч тул тэрээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

7.Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэгж талбарын дугаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар өөр, ямар үндэслэлээр нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн тодорхойгүй гэж тайлбарласан ч шинжээчийн дүгнэлтэд нэгж талбарын хуучин болон шинэ дугаарын аль алиныг дурдсан тул энэ тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хоосон газар байсан, нэхэмжлэгч газраа өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тухай тайлбарууд хариуцагч тухайн газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж ашиглаж байгаа хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/05386 дугаар шүүгчийн захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн ажлын хөлс болох 794.657 төгрөг төлөгдөөгүй, уг зардал зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 794.657 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тус шүүхийн тамгын газраар дамжуулан шинжээчид олгуулах нь зүйтэй байна. /хх 92-95/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******гийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустай зусланд байрлах нэгж талбарын 18644321283417 дугаар /шинээр 1462301484/ бүхий 513 мкв газрыг*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар*******т холбогдуулан хашаа болон бусад зардалд 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 794.657 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж, тус шүүхийн тамгын газарт олгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.150 /70.200+30950 / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ