Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01344

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00949 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Б.М , түүний өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.Д нь 000 зусланд нэгж талбарын 00000000000000 дугаартай, 513 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 07 сарын 14-ний өдрийн 000 тоот захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгож, 2008 оны 07 сарын 17-ны өдөр 000000 тоот гэрчилгээг гардан авч, 2011 оны 04 сарын 27-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Уг газартаа 0.3 см банзаар хайсан хашаа барьсан байсан. 2018 оны намар зуслангаа эргэж очиход нэг айл манай хашаанд буусан байсан. Тухайн айлд "бусдын газар дээр дураар бууж болохгүй, манай хашааг яагаад нурааж байгаа юм бэ, зардлыг төлөөрэй" гэдгийг сануулж, газар чөлөөлж нүүхийг олон удаа шаардсан. Манай газар дээр дураараа буусан айлыг нүүлгэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд гомдол гаргахад дээрх газар хамааралгүй айл буусан, тухайн айлыг нүүлгүүлэх өргөдөл гомдлоо хууль хяналтын байгууллагад хандаж гаргана уу" гэх хариуг өгсөн. Газрын албанаас бусдын газрыг зөвшөөрөлгүй ашигласан этгээдүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл өгч байсан. Д.Д өндөр настан бөгөөд газрын алба, цагдаагийн газраар олон удаа явж их зардал чирэгдэл учирсан болно. Шүүхээс томилсон шинжээч хариуцагчийн эзэмшиж байгаа газар, амьдарч байгаа гэр нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа гэдгийг тогтоосон. Газар эзэмших, ашиглах эрхгүйгээр хоосон газар гээд шууд бууж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2018 онд000 байрлах сул хоосон газар дээр өөрийн гэрээ барьж амьдарч байна. Энэ хугацаанд тус хороондоо түр оршин суугчаар бүртгүүлсэн. Манайхыг анх нүүж ирэхэд тус газар ямар ч хашаагүй, байгалаараа, хэн ч ашиглаагүй хоосон байсан. Энэ тухай хэсгийн ахлагч болон ойр хавийн хүмүүс мэднэ. Харин Д.Д миний хашаа гэж анх ирээд бичиг баримт үзүүлсэн боловч газрын байршил болон хаяг байхгүй, нэгж талбарын дугаар бичигдээгүй бичиг үзүүлсэн нь эргэлзээтэй байсан. Айлын хашааг нураасан зүйл байхгүй. Уг газарт би хүүхэд ач нарынхаа хамт гурван гэрээрээ одоо 5 жил амьдарч байгаа тул амьдрах боломжтой гэж үзэж байна. Газрын тухай хуулиар нэхэмжлэгч 2008 оноос хойш өнөөг хүртэл газраа ашигласан зүйлгүй, хоосон эзэнгүй байлгасан. Шинжээч тухайн газарт гурван гэр байна гэж гарсан тул зөвхөн Б.М ийг чөлөөлснөөр бусад хүмүүс хэрхэх нь тодорхойгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэгж талбарын дугаар, гэрчилгээ дэх дугаар өөр байгаа бөгөөд нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Д гийн эзэмшлийн 000 зусланд байрлах, нэгж талбарын 00000000000000 дугаар /шинээр 0000000000 / бүхий 513 м.кв газрыг Б.М ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.М т холбогдуулан хашаа болон бусад зардалд 1,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Д татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалтай харьцуулан судалж дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хариуцагч Б.М нь 000 байрлах сул газарт 2018 оноос хойш амьдарч байгаа бөгөөд иргэнийхээ үүргийн дагуу харьяа хороондоо бүртгүүлэн Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэн 000000000000 дугаартай бүртгэлд хамрагдан амьдардаг.

4.б. Нэхэмжлэгчид анх олгосон гэх 000000 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-нд 513 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бичигдээгүй байдаг. Харин одоо шүүхэд нэхэмжилж байгаа газар нь 00000000000000 нэгж талбарын дугаартай. Шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. 2021 оны 10 сарын 29-ны өдрийн 000/00 дугаар Шинжээчийн дүгнэлт-д Ажлын хэсэг 2021 оны 10 сарын 26-ны өдөр маргаан бүхий газар дээр очиход 4 тал модон хашаа байсан бөгөөд хашаан дотор 3 гэр баригдсан байна, Ажлын хэсэг иргэн Б.М ийн хашаалсан гэх газрыг хэмжихэд 679 м.кв талбайтай газар байна. Нэгж талбарын дугаар нь 0000000000, Газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн мэдээлэлд бүртгэлтэй иргэн Д.Д гийн эзэмшлийн 0000000000 /хуучин нэгж талбарын дугаар/ 00000000000000 дугаар бүхий 513 м.кв талбайтай газрын мэдээллийг ажлын хэсгийн үр дүнтэй давхцуулан зургаар харуулав гэжээ. Эндээс харахад Д.Д д 0000000000 нэгж талбарын дугаартай газар олгож байсан талаар хэрэгт цугларсан нотлох баримт байдаггүй бөгөөд түүний эзэмшлийн газрын нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн талаар нэг ч баримт байдаггүй. Гэтэл Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын шинжээч нарын гаргасан шинжээч нарын дүгнэлт нь эргэлзээтэй байх бөгөөд Б.М ийн хашаалсан газар нь 679 м.кв талбайтай 0000000000 гэсэн нэгж талбарын дугаар бүхий байхад түүнийг Д.Д гийн газартай давхцуулан зургаар харуулав гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч нь газрын албатай байгуулсан гэрээнд нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 513 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг.

Иймд анхан шатны шүүх нь эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигдээгүй гэх тайлбар хэлж байна. Гэрчилгээний хавсралтад кадастрын зураг байдаг, нэгж талбарын дугаар тодорхой харагддаг. Засгийн газраас 2020 оны 03 сарын 25-ны өдөр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тогтоол гаргасан бөгөөд хуучин нэгж талбарын дугаар автоматаар өөрчлөгдсөн. Төрөөс зохион байгуулж нэгдмэл санг өөрчилж, шинэ эргэлтийн цэг буюу шинэ нэгж талбарын дугаар олгогдсон. Шинжээчийн дүгнэлт гарахдаа хуучнаар нэгж талбарын дугаарыг дурдаад, шинэ дугаар олгогдсон талаар тодорхой дурдсан. Хуучин нэгж талбарын дугаар 00000000000000, Д.Д гийн эзэмшлийн 0000000000 дугаарыг Б.М ийн нэгж талбарын дугаар гэх тайлбар нь үндэслэлгүй. Б.М нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байна. Энэ талаар холбогдох байгууллагаас мэдэгдэл ирүүлж байсан. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсоор газрыг эзэмшиж, ашигладаг. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.М т холбогдуулан000 байршилтай зуслангийн зориулалттай 513 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тухайн газарт 2018 оноос хойш амьдарч байгаа, хороонд түр оршин суугчаар бүртгүүлсэн, анх буухад хоосон газар байсан, шинжээчийн дүгнэлтэд нэгж талбарын дугаар зөрүүтэй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь хашаа барьсан зардал, бусад зардалд 1,100,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

3.   Хэрэгт авагдсан 2008 оны 07 сарын 17-ны өдрийн 000000 тоот Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 5/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 6-7/, Газрын байршлын кадастрын зураг /хх 8/, Д.Д гээс газрын төлбөр төлж байсан тухай баримтууд /хх 11-13/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 000 д байршилтай 513 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Д.Д д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Д.Д тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, Д.Д нь холбогдох газрын төлбөрийг төлж ирсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж зөв тогтоожээ.

Иймд газрын хууль ёсны эзэмшигч болохынхоо хувьд нэхэмжлэгч Д.Д нь 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

4.   Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ.

 

Иймд ...маргаан бүхий газар дээр 2018 оноос хойш амьдарч байгаа, хороонд түр оршин суугчаар бүртгүүлсэн, анх буухад хоосон газар байсан... гэх тайлбар нь хариуцагч Б.М ийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

5.   Шүүхээс томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.М ийн хашаалан амьдарч буй гэх 679 м.кв газар нь нэхэмжлэгч Д.Д гийн эзэмшлийн 513 м.кв газартай давхцаж байгаа болох нь тогтоогдсон. /хх 99-104/

Шинжээч нь дүгнэлтдээ Д.Д гийн эзэмшлийн газрын нэгж талбарын хуучин дугаар /00000000000000 / болон шинэ дугаарыг /0000000000 / аль алиныг дурдсан байх тул ...шинжээчийн дүгнэлтэд нэгж талбарын дугаар зөрүүтэй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Д гийн эзэмшлийн газрыг хариуцагч Б.М ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР