Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч М.Хүрэлчөдөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хүрэлчөдөрт холбогдох эрүүгийн 201614000135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн 52-б-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хамба овгийн Мягмаржавын Хүрэлчөдөр /РД: ГБ86032019/

Шүүгдэгч М.Хүрэлчөдөр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цацал баарны үүдний коридорт хохирогч Б.Батзоригтыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Хүрэлчөдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цацал бааранд Март тэмдэглээд эхнэр, найз нөхдийн хамт очсон. Тэгээд би пиво захиалаад бүжиглээд байж байхад Болороо гэдэг хүүхэн орж ирсэн. Тэгээд манай найз Хонгорзулын гэдэс рүү тохойлдсон юм билээ. Тэгээд тэдний хооронд маргаан болсон. Бид ширээн дээрээ сууж байхад Болороо гэдэг эмэгтэй бид нар руу мандарин авч шидээд тэгээд хэрүүл маргаан болсон. Коридорт маргаан болохоор нь би гарсан. Манай нэг найз бие засах гээд гарсан байсан юм. Тэгтэл Батзоригт, Болороо, найз Наранцэцэг 3 газар уначихсан байсан. Би Наранцэцэгийг тэр 2 зодож байна гэж бодоод Батзоригтыг өөр рүүгээ татаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг зөвшөөрнө. Энэ үйлдэлдээ их гэмшиж байна. Хохиролд 5.310.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Батзоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баарнаас гартал Болороо цагдаа дуудаач миний нүүрийг аймаар маажчихлаа гээд байсан. Энэ үед заалнаас наад гичийгээс чинь болж байгаа юм гэж хашгирч байсан ба Болороо баар руу эргэж орох гээд намайг хориглож байх үед нэг хүрэн ноолууран цамцтай эмэгтэй гарч ирээд Болороо тэр 2 үсдэлцээд бие биенээ түлхээд би салгах гэж байгаад баруун өвдөгөөрөө тулж газар унасан. Тэгтэл баарнаас 2 жирэмсэн эмэгтэй, нөгөө омогтой залуу гарч ирээд энд тэндээс өшиглөж дэвсэж эхэлсэн. Тэр залуу миний толгойг хойш нь эргүүлж татаад нүүр рүү хэд хэдэн удаа цохиод би дөрвөн хөллөөд босох гэтэл миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү нөгөө залуу өшиглөж дэвсэж байсан. Би хөл дээрээ 2 удаа гишгэх гэтэл хугарсан байсан ба цус гарч эхэлсэн. ...Би газар унаад байж байтал Хүрэлчөдөр нэг гараараа миний хоолонйноос хойш гэдийлгэн татаж байгаад нүүрэн тус газар луу нөгөө гараараа 2-3 удаа хүчтэй цохисон. Энэ үед баруун хөл маань маш их өвдөж байсан. Тэгээд босох гэтэл баруун хөл маань шилбэ хэсгээрээ босч чадахгүй шилбэнээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /1хх 26-29 ху, 4хх 120-121 ху/,

 

-Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...үүдэнд орилж, хашгирах чимээ гараад би эргээд хартал Болороо гэх эмэгтэй Наранцэцэгийн ар талаас үснээс нь зулгаагаад, Батзоригт гэх хүн тэр хоёрыг араас нь татаж байсан. Тэгээд бид нар гүйгээд очтол тэр гурав гурвуулаа газар уначихсан. Наранцэцэг, Болороо 2 бие биенээ үсдчихсэн байдалтай байсан. Батзоригт гэх хүн ч газар уначихсан байсан. Миний харснаар Батзоригт бааранд хэн нэгэнтэй муудалцаагүй. Түүнийг бааранд байх үед ч, баарны үүдэнд ч хэн нэгэн цохиж зодсон болохыг би хараагүй гэсэн мэдүүлэг /1хх 36-37 ху/

 

-Гэрч С.Нямнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид нарыг бааран дотор сууж байхад баарны үүдэнд зодоон болсон байсан. Үүдэнд болсон зодооныг бид хараагүй. Гадуур хувцасаа өмсөөд гарах үед Болороо нөгөө залуутайгаа үүдэнд зогсож байсан. Нөгөө залуу нь хөлөө ширээн дээр тавьчихсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 43-44 ху/

 

-Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид нарыг баарны үүдэнд гартал нөгөө ах хөлөө хугалуулчихсан газар цус болчихсон зогсож байсан. Баарны үүдэнд болсон зодооныг бид нар хараагүй. Баарны үүдэнд болсон зодоон маш хурдан болсон байх. Хүмүүс бүгд гарч яваад удалгүй яанаа гээд орилж хашгираад эхэлсэн гэсэн мэдүүлэг /1хх  45 ху/,

 

-Гэрч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бааранд явж орох үед үүдний жижүүрийн ширээн дээр манай цагдаагийн газрын офицер Батзоригт баруун хөлөө сойж тавьсан, уг хөлнөөс цус гарч, газар дуссан байдалтай байсан. Ингээд болсон явдлыг тодруулахад хүмүүст зодуулчихлаа, намайг зодсон хүмүүс гараад явчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 54 ху/,


          -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ч.Батзоригтын биед баруун шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал, баруун нүдний зовхи, өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.    

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Дээрх гэмтлүүдийн баруун шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал гэмтлийн зэргийн зааврын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний зовхи, өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх 59 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 201 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Тухайн үед Ч.Батзоригтын биед баруун шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал, баруун нүдний зовхи, өвдөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Баруун шаант ба тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь хүн явганаас унах, өшиглөх, дэвсэх аль алинд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /2хх 38-39 ху/,

 

-Хэрэгт эд мөрийн баримтаар дүрс бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 21-25 ху/

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 127-132 ху/

-М.Хүрэлчөдөрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 103-106 хууудас/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 127 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Хүрэлчөдөр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цацал баарны үүдний коридорт хохирогч Б.Батзоригтыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Батзоригтын “...Би газар унаад байж байтал Хүрэлчөдөр нэг гараараа миний хоолонйноос хойш гэдийлгэн татаж байгаад нүүрэн тус газар луу нөгөө гараараа 2-3 удаа хүчтэй цохисон. Энэ үед баруун хөл маань маш их өвдөж байсан. Тэгээд босох гэтэл баруун хөл маань шилбэ хэсгээрээ босч чадахгүй шилбэнээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 120-121 ху/, мөн гэрч Б.Билэгсайхан /хх 36-37 хуудас/, С.Нямнаран /хх 43-44 хуудас/, Б.Болормаа /хх 45 хуудас/, Л.Бямбасүрэн /хх 54 хуудас/ нарын өгсөн гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн Ч.Батзоригтын биед баруун шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал, баруун нүдний зовхи, өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 201, 761 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Хүрэлчөдөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Б.Батзоригт шүүгдэгч М.Хүрэлчөдөрөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 37 хоног цагдан хоригдсоныг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөрийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөрт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хүрэлчөдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч нь 37 хоног цагдан хоригдсоныг тус тус дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА