Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 000059

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               М.Хүрэлчөдөр, А.Болороо, М.Даваажаргал,

               С.Отгончимэг Б.Наранцэцэг Б.Хонгорзул

           нарт холбогдох эрүүгийн хэргийн

          тухай

 

 

                                                                           Хэргийн индекс 142/2016/0147/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                              Б.Жавхлантуяа

                      Ялтан                                 А.Болороо, М.Хүрэлчөдөр,

                                                                      Б.Наранцэцэг, Б.Хонгорзул

                      Ялтны өмгөөлөгч                О.Сарантуул, Р.Цэрэнханд, Г.Мөнхзолбоо

                                                                      С.Батмөнх-Очир

                      Нарийн бичгийн дарга       Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолтой М.Хүрэлчөдөр А.Болороо, С.Отгончимэг, М.Даваажаргал, Б.Наранцэцэг Б.Хонгорзул нарт холбогдох, 201614000135 дугаартай эрүүгийн хэргийг ялтан А.Болороо болон түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Мөнхзолбоо, ялтан М.Хүрэлчөдөр түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 03 сарын 20-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн 52-б-12 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ГБ-86032019 регистрийн дугаартай, Хамба овгийн Мягмаржавын Хүрэлчөдөр,

2.Монгол Улсын иргэн, 1970 оны 07 сарын 01-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивч мэргэжилтэй, Баян худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-12-10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФА-70070108 регистрийн Боржигон овгийн Альбикийн Болороо,

3.Монгол Улсын иргэн, 1976 оны 04 сарын 04-ний өдөр Булган аймгийн Хялганат тосгонд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан баг Хуучин тосгон 6-30 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФЖ-76040402 регистрийн дугаартай, Сартуул овгийн Сосорын Отгончимэг,

4.Монгол Улсын иргэн, 1989 оны 09 сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, аав, ээж, нөхөр, хүүхэд, дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 48-27 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФМ-89092561 регистрийн дугаартай, Шарнууд овгийн Мэндбаярын Даваажаргал,

5.Монгол Улсын иргэн, 1988 оны 12 сарын 27-нд Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 40-23 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РХ-88122705 регистрийн дугаартай, Боржигон овгийн Баяраагийн Наранцэцэг,

6.Монгол Улсын иргэн, 1991 оны 06 сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 34-47 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, УШ-91061705 регистрийн дугаартай, Боржигин овгийн Баасанжавын Хонгорзул.

 

Шүүгдэгч М.Хүрэлчөдөр, А.Болороо, С.Отгончимэг М.Даваажаргал, Б.Наранцэцэг, Б.Хонгорзул нь 2016 оны 03 сарын 07-ны орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цацал" бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч хоорондоо зодолдон М.Хүрэлчөдөр нь Б.Батзоригтийг танхайн сэдэлтээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

- М.Хүрэлчөдөр, М.Даваажаргал, Б.Наранцэцэг, Б.Хонгорзул нар танхайрч бүлэглэн А.Болороог зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

- А.Болороо нь бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн пивоны шилийг хана руу шидэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчиж танхайрсан,

- С.Отгончимэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг зөрчин А.Болороог зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч М.Хүрэлчөдөрийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж бүлэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

 Шүүгдэгч А.Болороог бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

С.Отгончимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Даваажаргал, Б. Наранцэцэг, Б.Хонгорзул нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бүлэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож,

 

Шүүгдэгч М.Хүрэлчөдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар 7 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1., 181.2.5.д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, шүүгдэгч А.Болороог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, шүүгдэгч С.Отгончимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д зааснаар 3 жил, 1 сар хорих ялаар, шүүгдэгч М.Даваажаргал, Б.Наранцэцэг, Б.Хонгорзул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5.д зааснаар тус бүр 3  жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар оногдуулсан 7 жил 1 сар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5.д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт М.Хүрэлчөдөрийг 7 жил 2 сар хорих ялаар шийтгэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөрт оногдуулсан 7 жил, 2 сар хорих ялыг жилийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч А.Болороод оногдуулсан 3 жил 5 сар хорих ял, шүүгдэгч С.Отгончимэгт оногдуулсан 3 жил 1сар хорих ял, шүүгдэгч М.Даваажаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Наранцэцэгт оногдуулсан 3 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Хонгорзулд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогч Б.Батзоригтод буцаан олгож, 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч М.Хүрэлчөдөрөөс 3.131.303 /гурван сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун гурав/ төгрөг гаргаж хохирогч Б.Батзоригтод олгох, хохирогч А.Болороогийн нэхэмжлэлийн шаардлагаас ээмэг, зүүлтний үнэ 650.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Болороо, С.Отгончимэг, М.Даваажаргал, Б.Наранцэцэг, Б.Хонгорзул нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Батзоригт нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, хохирогч А.Болороо нь өвчтэй байсан хугацааны орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.д зааснаар шүүгдэгч С.Отгончимэгт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1.д зааснаар шүүгдэгч М.Даваажаргал, Б.Хонгорзул, Б.Наранцэцэг нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдэнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хонгорзул, С.Отгончимэг, М.Даваажаргал, Б.Наранцэцэг нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Болороо, М.Хүрэлчөдөр нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Болороо давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь 2 хүүгийн хамт амьдардаг. 2 хүүгийнхээ хажуугаар өнчин дүү нараа ажил амьдралд нь чиглүүлж яваа өрх толгойлсон бүсгүй юм. Төрсөн дүү болох Батхуяг маань хүнд өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Охин дүү 8 сартай жирэмсэн, том хүү ажилгүй, эхнэр нь 5 сард төрнө, бага хүү 17 настай ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангид сурдаг. Миний бие нь 1988 оноос зүрх судасны эмчийн хяналтанд эмчлүүлж байгаад 2015 оноос нарийн мэргэжлийн эмч нарын шийдвэрээр групп тогтоолгон одоогийн байдлаар эм тариа хэрэглэж, байнга даралт ихсэх, унах, толгой өвдөж зүрх дэлсэх, хөл хавагнах зовиуртай явдаг.

 

Энэ хугацаанд эмэгтэй хүний нинжин сэтгэл гаргаж 2 хүүдээ эцэг Батболдоос нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгоогүй өөрөө арилжаа наймаагаар орлогоо олж амьдралаа залгуулж явна.

 

Миний бие нь 2017 - 03 - 07-ны орой 20 цагийн үед хамт ажилладаг хүмүүсийн хамт “Мартын 8”-ны баяраа тэмдэглэхээр “Цацал” бааранд орцгоогоод 2 цаг болоод гарах үед зааланд зүс таних хамт ажилладаг бүсгүйчүүд даллаж мэндлээд миний бие Батзоригтын хамт тэдний ширээнд очиж суусан юм. Ингээд 3 пиво захиалаад сууцгаасан. Тэгээд бүжгийн ая явахаар нь босч бүжиглэж байх үед гэнэт нэг хүүхэн ууртайгаар “балай авгай минь гэдэсрүү цохьчихлоо, хөгшин юм байж нас намбандаа байгаач” гээд хөлийн өсгий рүү хальт өшиглөөд хүчтэй түлхсэн, энэ үед миний бие санамсаргүй байдлаар гэдсэнд нь хүрчихсэн юм болов уу гэж бодоод ширээн дээрээс мандарин авч өгч уучлалт гуйгаад баярын мэнд хүргэсэн. Тэгээд ойлголцлоо гэж бодоод бусад хүмүүстэй инээж хөхрөөд бүжгийн тойрогт ороод явж байтал, нэг залуу миний ойрхон ирж бүжиглэхэд нөгөө гэдэсрүү цохьлоо гэдэг хүүхэн буюу Хонгорзул нь тэр залууг цээжрүү нь маш хүчтэй түлхэн миний дэргэдээс холдуулсан. Энэ үед тэр хамт явсан хүмүүсдээ намайг буруу ойлгуулсан бололтой байсан.

 

Тэгээд би гайхаад Хонгорзулын дэргэд очоод зогстол тэр миний гарыг хүчтэй түлхэн бөгсөөрөө цаашлуулаад “балай, хөгшин авгай зайлаач” гэсэн. Энэ үед хамт явсан Даваажаргал, Наранцэцэг нар намайг түлхэх, хоорондоо зааж ярих зэргээр надтай нэг л хэрүүл өдсөн байдалтай харьцаад байсан. Би чиний гэрт байгаагүй баяраа тэмдэглэж яваа биздээ гэтэл зайл, зайл гээд байхаар нь ширээндээ очтол араас янхан банзал авгай, эр эргүүлээд хөгшин авгай гэхээр нь сонин санагдаад, ямар ч ах захгүй, тэгээд ч адилхан эмэгтэй хүмүүс байж гэж бодоод дургүй хүрээд ширээн дээр байсан тавагтай мандаринаас 2 ширхэгийг аваад тэд нарлуу шидсэн гэтэл буцаагаад бидэн рүү шидэж байсан.

 

Тэгээд хэсэг байдал намжаад сууж байтал нэг залуу гэнэт ирсэнээ шууд надад хандан би чамайг танихгүй биздээ “пизда” минь гээд цохиод авсан. Энэ үед дэргэд байсан Батзоригт боль гээд түүний нүүррүү цохиод захнаас нь татах үед, ширээн дээрээ сууж байсан Наранцэцэг, Даваажаргал, Хонгорзул нар босч ирэн бидний араас пиво цацан, үснээс зулгааж, намайг эргээд хартал биеэ үнэлэгч, хөгшин янхан, бүх юм нь хиймэл, мөнгө хайж яваа хөгшин авгай, хүний нөхөр эргүүлэхээсээ ичээж гэх зэргээр их чанга зэрэг зэрэг хашгирч орилоод байсан.

 

Энэ үед нь надад үнэхээр ичмээр гутармаар санагдаад, баярын өдрөөрөө тэгээд бараг зүгээр байж байгаад эвгүй байдалд ороод, мөн хамт явж байсан үл таних бүсгүйчүүдийн дэргэд муухайгаар хэлүүлсэндээ цочирдоод тэдний үйлдлийг зогсоохын тулд эргэж хараад барьж байсан пивоны шилийг ханаруу шидсэн.

 

Эргэн тойронд байгаа хүмүүс намайг янхан гэж бодож байгаа боловуу гэж санаа зовоод уур хүрч бачимдсандаа биеэ барьж дийлэлгүй шил шидчихсэн. Надтай хамт сууж байсан хүмүүс тэдний цацсан пивонд норсондоо дайжиж өөр ширээнд суухаар боссон, мөн арын ширээний залуу тэдний ширээрүү очиж шаардлага тавьж уурлаж байсан.

 

Тухайн үед Хонгорзултай үл ойлголцсон байдал, мөн Хонгорзул хамт яваа хүмүүсдээ намайг гэдэсрүүгээ хүчтэй цохьсон мэт буруу ойлгуулснаас тэд надруу дайрч хэлэх хэлэхгүй үг хэлж надруу хүндэтгэлгүй хандаж, түлхэх, бүжгийн тойрогт оруулахгүй, ганцаардуулах зэргээр хавчиж дээр нь бөгсөө үнэлдэг, эр эргүүлдэг хөгшин янхан, зайл гэж удаа дараа хашгирч нэр төрд минь халдаж байсанд би үнэхээр цочирдож биеэ барьж дийлэлгүй пивоны шил хана руу шидчихсэн.

 

Энэ явдлын дараа хувцсаа өмсөөд гарч явахад Отгончимэг гэгч араас татан үснээс зулгааж сандлын хооронд дарж унагаан нүүр амыг минь урж маажин, хоолой боож маргалдаж байх үед нэг хүн гарчих миний дүү гээд коригдорт гарч иртэл текэн дээр хар куртиктэй эрэгтэй хүн сууж байхаар нь хамгаалагч юм байх гэж бодоод цагдаа дуудаач согтуу хүмүүс муудалцаад байхад гэтэл өөдөөс тохуурхаж шоолж тавлан үл тоож байсан.

 

Энэ үед Наранцэцэг заалнаас гарч ирээд балай хөгшин авгай минь чи миний гарыг урчихсан байна нааш ир алаад өгье гэсэн би урд нь нүүрээ маажуулчихсан дотор элдвээр доромжлуулсан байсан болохоор, чи юу гээд байгаан гээд дөхөж очсон гэтэл Наранцэцэг үсдэж авсан тэгэхээр нь би нүүрэндээ хүргэхгүйн тулд өөрийг нь үсдтэл хамт явсан хүмүүс нь араас түлхээд хамт унасан юм. Энэ үед түүнтэй хамт явсан урьд нь ширээнд дээр ирж цохьсон залуу миний толгой дээр дэвсэж, Даваажаргал таарсан газраа өшиглөж би хэсэг ухаан балартсан арай гээд хүмүүсийн хөл доороос босох гэтэл дээрх Хонгорзул үснээс зулгааж дугтраад тавьсан.

 

Энэ үед нэг залуу та нар болиоч, эмэгтэй хүмүүс байж, аль эртнээс наад хүнийгээ дайрч доромжлоод хүний олон хүний барьдаггүй юм эгчээ бос гэтэл Хүрэлчөдөр тэр залууг барьж аваад цохиж байсан энэ үед Даваажаргал дахин үснээс зулгааж байсан.

 

Ингээд энэ бүхний эцэст миний биед хөнгөн гэмтэл учирч, нүүр маш олон тооны хумсны сорвитой болж, өдөрт олдог орлогоо олж ажиллаж чадахгүй болсон. Дээрх асуудлаас болж зүүж явсан ээмэг гинж алга болсон тул мөрдөн байцаалтын явцад үнэлгээ хийлгэж нэхэмжлэл гаргахын хамт ажилгүй байсан 23 хоногийн олох ёстой орлогоо баримтжуулж өгсөн юм.

 

Намайг анх Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1.д заасан зүйлээр прокурор зүйлчилж байснаа 2017 оны 12 сард энэ хэргийг бүр хэрэгсэхгүй болголоо, энэ жирэмсэн адилхан эмэгтэйчүүдийг ялалмааргүй байна гэсэн. Миний бие зөвшөөрсөн боловч тухайн үед хохирсон байдлаа хэлээд хохирол гаргаж өгөхийг хүссэн энэ үед иргэний нэхэмжлэлээр нэхэмжилж болно гэсэн. Би үүнийг зөвшөөрсөн ч өмгөөлөгч маань бүр хэрэгсэхгүй болсон үед иргэний журмаар нэхэмжлэх боломжгүй хохирол нэхэмжилсэн гомдол гаргая гэж тохироод үүний хариуд аймгийн прокурор хянаад шүүхрүү буцсан юм.

 

Ингээд 2017 оны 04 сарын 10-ны хурлын өмнө прокурорын төл гэсэн шаардлагаар эмчилгээний мөнгө 250.000 төгрөгийг Хүрэлчөдөр, Отгончимэг нар өгсөн.  

 

Энэ бүгдийн эцэст намайг Эрүүгийн хуулийн 181.3.аар зүйлчилж зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж ял сонсгосон. Миний бие хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрхгүй байна. Би пивоны шил хагалаад гартаа бариад хүний гар хөл зүсэх гээд дайраад явсангүй. Тэр хүмүүс өөрсөдрүү нь хараагүй буруу хараад сууж байхад, элдэв муухайгаар доромжилж, ирж үснээс зулгаан араас пиво цацсанд би цочирдсон тул тэдний хийж буй үйлдлийг нь зогсоохын тулд барьж байсан шилээ ханаруу шидсэн хэн нэгнийг гэмтээх гэж чиглүүлж шидээгүй баярын өдрөөрөө өөрийн хүүхэд шиг хүмүүст элдвээр хэлүүлсэндээ гомдож тэдний үйлдлийг зогсоох гэж шилээ шидчихсэн. Шүүхээс надад учирсан гэм хохирлыг авч хэлэлцсэнгүй, дээр нь 3,5 жилээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй. Даваажаргал, Наранцэцэг, Хонгорзул нар намайг зодсон, тэдний доромжлол үснээс зулгаах, пиво цацах зэрэг хууль бус бусдын хийсэн үйлдлийн хариуд өөрийгөө хамгаалж ханаруу шил шидсэн. Иймд надад өгсөн 3,5 жилийн хорих ялыг хүнддэж байна гэж бодож байна. Тиймээс ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Тухайн үед пивоны шилийг хагалаад бусдыг айлгаж сүр хүчийг үзүүлээд явсангүй. Бачимдаж бухимдсан зангаас ийм асуудал болсонд маш их гэмшиж байна.

 

Хэдийгээр шүүх тэнд байсан хүмүүсийг буруутай гэж үзсэн боловч миний хувьд хохирогчоор давхар тогтоогдсон байсан. Би өөрийнхөө хохирсон байдлын холбогдох бүх нотлох баримтыг гаргаж өгөөд байхад ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг тайлбарласангүй. Шүүхийн тогтоол хэт нэг талыг барьж шийдэж байна гэж үзэж байна. Хохирсоноо нотолсоор байхад зөвхөн урдаас төлөвлөж хэлсэн бусад оролцогчдын үгэнд автаж, хохирогч миний эрх ашгийг хамгаалахгүй шийдвэрлэлээ. Шүүх бол бүх хүмүүст адил тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна. Энэ хурлаас шүүхийн өмнө хэн сайн хуйвалдаж, үгсэж жүжиглэж чадсан хүнд шүүх илүү үйлчилдэг юм байна. гэсэн ойлголт төрлөө.

 

Тухайн болсон явдалд маш их харамсаж, миний бие одоог хүртэл гэмшиж, гутарч өнөөдрийг хүрлээ. Дахин ийм байдал гаргахгүй хичээж амьдрах болно.

 

Өсвөр насны амьдралд хөл тавих гээд сургууль төгсөж, элсэлтийн шалгалтаа өгөхөөр хичээж яваа насанд хүрээгүй хүүгээ ээжийнхээ төлөө санаа зовж гутарч хямарч яваад алдаж онохвий гэж эх хүний хувьд шаналж уйлж сууна.

 

Жирэмсэн дүү минь намайг ял авсныг сонсоод бие нь тавгүйтээд хямраад уйлж явна. Өвчтэй ахдаа одоохондоо дуулгаагүй байгаа гэнэ. Миний ар гэрийн байдал, эрүүл мэндийг байдлыг харгалзан үзэж 2 хүүг минь ээжтэй нь байлгаж өгч, зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэлийг минь тэнсэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтанд гаргаж өгнө үү гэжээ.

 

Ялтан А.Болороогийн өмгөөлөгч Г.Мөнхзолбоо давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс А.Болороог танхайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн хэмээн ялласан нь бодит үнэнээс зөрүүтэй байх бөгөөд Болороогийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул дараах нөхцөл байдлуудыг дахиж нягталж, шинжлэн судлах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар “Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэж үйлдсэн” байхыг шаардсан байдаг. Энэ заалт дахь урьдчилсан нөхцөл биелж байгаа эсэхийг шинжлэн судалбал: Болороо Танхайрсан уу? мөн Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үү?

Танхайрах гэмт хэргийн субъектив талын шинж нь: гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг бөгөөд өс хонзон, эр эмийн хардлага зэрэг бусад хувийн сэдэлтээр үйлдэгдсэн хэргийн танхайн гэмт хэрэг гэж үзэхгүй.

Гэтэл энэ маргаан, явдлын гол шалтгаан нь эр эмийн хардлагын сэдэлттэй байсныг мөрдөн байцаалт, прокурор болон анхан шатны шүүх хурлын шатанд бүрэн судалж, тогтоохгүй танхайн сэдэлттэй хэмээн зүйлчилж ялласан нь Болороогийн эрх ашгийг дордуулсан байна.

Хэрэг гарах болсон гол нөхцөл шалтгаан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цацал бааранд 2016 оны 03 дугаар сарын 07-ны орой Батзоригт Болороо нар /хэрэгт 1-р ширээ/, Батзоригтын  танил Отгончимэг нь танил 2 найз эмэгтэйн хамт /хэрэгт 3-р ширээ/, мөн гэр бүлээрээ баяр тэмдэглэж байсан гэх Хүрэлчөдөр, Даваажаргал, Дэлгэрлхам, Хонгорзул, Наранцэцэг, Билэгсайхан, Булгансайхан нарын 7 хүн /7-р ширээ/ нийт 12 хүний дунд хардалтын улмаас үл ойлголцол үүсч, улмаар даамжран зодоон болсон байдаг.

Уг маргааныг товчоор дурдвал 3-р ширээнд сууж байсан Отгончимэг нь Болороо, Батзоригт нарыг хамт явж байгааг мэдсэнээсээ хойш Болороог бүжгийн талбай дээрээс хоргоож эхэлсэн, /түүний хормойг сөхөх, талбайн голруу хүчтэй түлхэх зэргээр/ өөрөөр хэлбэл Отгончимэг нь Батзоригтыг Болороотой хардаж эхэлсэн, яг энэ үеэр 7-р ширээнд сууж байсан залуучууд бүжгийн талбай дээр гарч ирж бүжиглэж байхдаа бүжгийн тойрог дотор Хүрэлчөдөр, Болороог хэд хэдэн удаа урьж бүжиглэсэнд хамт явсан эхнэр, түүний найзууд нь мөн хардаж, Болороог өдөж, хоргоож, доромжилж маргаан эхэлсэн байдаг. Энэ хэрэг үүсэх гол шалтгаан нь хардалтын сэдэлтэй гэдгийг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байдаг. /ХХ-ийн 26-29, 30-33, 41-42, 43- 44, 38/ 1. Болороо нь анх бааранд орохдоо биеэ хэвийн авч явж байсан гэтэл тэнд байсан эмэгтэйчүүд түүнийг нөхөртэйгээ хардаж “элдвээр хэлж доромжилж, “янхан эмэгтэй, эр хайж яваа биз, бүх юм нь хиймэл, балай авгай минь зайлаач, муу гичий минь зайлаач” гэх зэргээр элдвээр хэлж, нөхөр гэх Хүрэлчөдөр нь Болороог болон хамт сууж байсан Батзоригт нарыг “пизда минь би чамд хамаагүй биздээ” гэж нүүрэн тус газар нь цохиж, хамт байсан хүүхнүүд нь Болороог сууж байхад нь араас нь ирж үсдэж, зодоон эхэлсэн байдаг.

 Болороо нь тэдгээр хүмүүсийн доромжлолыг маш их тэсч тэвчсэн хэдий ч түүний биед халдаж эхлэхэд хариу эсэргүүцэл үзүүлж буй дүрс бичлэг хяналтын камерт үлдсэн байна. Мөн камерын бичлэгт 7-р ширээнээс 1 эмэгтэй босч ирж, Болороогийн араас үсдэж аван, дахиад буцаж очиж, ууж байсан стакантай пивоо Болороогийн ар нурууруу хийснээс Болороо маш их бухимдаж, эсэргүүцэл үзүүлэн, пивоны шилийг камертай хананы (хүнгүй газарлуу) зүг шидсэн байдаг.

Хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүсийн дийлэнх ихэнх нь гэр бүлийн болон дотно найз нөхдийн холбоотой хүмүүс байсан тул санаатай худал, нэгийгээ илт өмгөөлсөн, мэдэн будилсан шинжтэй, болсон явдлыг зохиомлоор нэмэрлэж, хачирлаж, хоорондоо үгсэн тохирсон шинжтэй Болороогийн эсрэг мэдүүлгүүд өгсөн нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Болороогийн эсрэг ашиглагдаж, түүнийг яллахад хүргэсэн гэж харагдаж байна. Болороогийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайн хэргийн объектив талын шинжийг тайлбарлах нь: Болороо нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн байдал огт байхгүй зөвхөн өөрлүү нь хардалтын сэдэлттэй, олуулаа нийлж, дайрч давшиж, доромжилсон, биед нь эрээ цээргүй халдсан байдалд өөрийгөө хамгаалж, эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдлийг “эрээ цээргүй авирлах, хүмүүсийг басан доромжпох, сануулгыг эс хайхран нийгэмд аюултай үйлдлээ удаан хугацаанд шаргуу үргэлжүүлсэн зэргээр илрэх танхайн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Хүч хэрэглэсэн: гэдэгт бусдыг зодох, бие эрхтэнд нь гэмтэл учруулах биеийн хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг ойлгоно. Гэтэл Болороо хэн нэгний амь бие, эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл огт хийгээгүй, хийх ч боломжгүй олон хүний хүчинд автаж, зодуулж, өөрийн эрүүл мэндээрээ хохирч, хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг.

Танхайрах гэмт хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн 41 дүгээр тогтоолд тайлбарлахдаа: Гэмт этгээд нь: олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрхзүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлан, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ.

Гэтэл Болороо нь тухайн Бааранд ямар ч шалтгаангүйгээр бусдаас хэрүүл өдөж, агсам тавьсан зүйл огт байхгүй харин ч хэрүүл зодоон гарсан шалтгаан хэрэгт маш тодорхой авагдсан байдаг бөгөөд өөрийг нь олуулаа нийлж, доромжилж, биед нь халдсан үйдлийн эсрэг хийсэн танхайрах сэдэлтгүй, зөвхөн өөрийгөө хамгаалж, эсэргүүцсэн үйлдлийг танхайрах сэдэлттэй гэмт хэрэг хэмээн зүйлчилсэн нь буруу зүйлчлэл болсон гэж үзэх үндэстэй байна.

2./ Болороо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үү ? Анхан шатны шүүхээс шүүгдэгч Болороо нь бусадруу пивоны шил, шилэн аяга шидсэн бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтэл учраагүй, бусдын эд хөрөнгөд хохирол учраагүй боловч танхайрах явцдаа шилийг зэвсгийн чанартай хэрэглэж бусадруу шидсэн нь хүнд хор уршиг, хохирол учруулах боломжтой илтэд танхайн шинжтэй байх тул зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж үзэх үндэстэй. ... гэжээ. Хэрвээ Болороогийн шидсэн шилийг УДШүүхийн тайлбараар зэвсгийн чанартай зүйл мөн гэж үзвэл хэрхэн яаж хэрэглэсэн бэ? гэдгийг мөн тайлбараар тогтоох нь зүйтэй. Хэрэглэсэн гэдгийг: “уг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлээрээ хохирогчид гэмтэл учруулсан буюу учруулахыг оролдсон, нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдэлдээ сүр хүч оруулж, бусдыг сүрдүүлсэн үйлдэл байж болно” гэж тайлбарласан байдаг.

Энэ тайлбараас харахад Болороо нь пивоны шилээ бусадруу шидээгүй, бусдад гэмтэл, хохирол учруулаагүй, мөн танхайрсан үйлдэл хийгээгүй, уг шилийг өөрийн үйлдэлдээ сүр хүч оруулах гэж хэрэглээгүй, мөн уг шилээрээ бусдыг сүрдүүлсэн үйлдэл тогтоогдоогүй нь уг шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн үзэх боломжгүй байна.

Мөн учраагүй хор уршиг, хохирлыг тооцон ялласан нь яллагдагчийн эрх ашгийг илтэд дордуулсан гэж үзэхээр байна. Болороогийн шил шидсэн үйлдлийг хяналтын камерын бичлэгээс харвал: 7-р ширээнд сууж байсан 1 эмэгтэй эхэлж, Болороогийн нурууруу ууж байсан пивоо хийсэн байдаг, Болороо энэ үед бухимдаж, эсэргүүцэл үзүүлэн босч ирж, пивоны шилээ ханаруу шидсэн дүрс үлдсэн байна. Болороогийн энэ үйлдэл нь: ямар ч шалтгаангүй бусдын анхаарлыг татах гэсэн танхайн шинжтэй бус харин уг эмэгтэйн тэвчишгүй, ёс зүйгүй үйлдэл, доромжлолыг эсэргүүцсэн үйлдэл байна. Мөн пивоны шил шидсэн нь бусадруу далайж, чиглүүлж шидээгүй мөн танхайрсан үйлдэлдээ бусдад сүр хүч үзүүлж, сүрдүүлсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байхад хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзжээ.

 А.Болороогийн үйлдэлд Эрүүгийн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.д заасан объектив тал, субъектив талын шинж тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийг үндэслэн, А.Болороод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтан М.Хүрэлчөдөрийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Хүрэлчөдөрийн өмгөөлөгчийн хувьд дараах давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд ялтан М.Хүрэлчөдөр нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, догшин авирлан, өөрөө олны анхаарлын төвд орохыг хүссэн, эсвэл үл ялих шалтгаанаар танхайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан камерын бичлэгнээс харахад яллагдагч Хүрэлчөдөр нь хохирогч Батзоригтын хөлийг хугалж байгаа үйл баримт байхгүй байдаг бөгөөд анх мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс ялтанг хохирогчийн хөлийг өшиглөж, дэвсэж хугалсан хэмээн яллаж, камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл дээрээ “Хүрэлчөдөр хохирогчийн хөл рүү өшиглөж байна, дэвсэж байна...” хэмээн тэмдэглэл хийсэн /XX- 12-24/ ба үүнээс гол нотлох баримтаар үнэлж яллаж байсан ч, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш ялтан нь хохирогчийн хөлийг өшиглөж, дэвсэж биш харин хөшиж хугалсан байх магалдалтай хэмээн яллаж, мөн дахин камерын бичлэгт үзлэг хийн /2-р хавтаст хэргийн 240-242х/ түүндээ "...хохирогчийн хөл хөшигдөж байна...” хэмээн тэмдэглэл үйлдэн үүнээ яллах гол нотлох баримт болгон яллаж, анхан шатны шүүх ч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “...М.Хүрэлчөдөр хохирогч Б.Батзоригтын эрүүнээс нь татаж гэдийлгэн цохих үед Батзоригтын хөл бусдын хөлөнд хөшигдөн хугарсан байх боломжтой байна..., Б.Батзоригт унах үед болон Б.Батзоригтын хөлийг хэн нэг нь өшиглөж дэвсэх үед гэмтэл учруулсан гэх үндэслэлгүй, хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандсан шинж байхгүй, хохирогч өөрөө унаж гэмтсэн гэх үзэх боломжгүй байна...” гэж дүгнэн шийтгэх тогтоол гаргасан.

Шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой байх ёстой атал “...боломжтой байна...боломжгүй байна...” гэж шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа юм уу, тааварлаж, магадлалтай эсэхийг тогтоосон мэтээр дүгнэж, хүнийг хүнд гэмт хэрэгт шийтгэж байгаа нь шийтгэх тогтоол үндэслэлтэй болоод хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

2. Мөн хохирогч Б.Батзоригт нь өөрөө хөлөө хугарсан талаараа мэдүүлэхдээ “...омогтой залуу хөл рүү өшиглөсөн, дэвссэн түүнээс болж хөл хугарсан, ...2-3 уулаа нийлж миний хөл рүү өшиглөсөн... ганцаараа өшиглөсөн нэг мэдэхэд хөл хугарсан байсан...” гэх мэтээр мэдүүлдэг бөгөөд хөлийг маань “хөшиж” хугалсан гэж огт мэдүүлдэггүй.

3. Хохирогч Б.Батзоригтод учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд №761 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр /хх-2-р хавтаст хэргийн 38-39х/ “...тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь хүн явганаас унах, өшиглөх дэвсэх аль алинд нь үүсэх боломжтой.” гэсэн бөгөөд хохирогчийн хөл хөшигдөж хугарсан байх боломжтой гэх талаар огт дүгнэлт гараагүй байна.

4. Мөн ялтан нь хохирогчийг газар унагаасан үйлдэл огт байхгүй байна. Сэдэлтийн хувьд ялтныг танхайрсан хэмээн үзэх үндэслэл байхгүй бөгөөд ялтан нь Нараа гэх /яллагдагч Б.Наранцэцэг/ жирэмсэн эмэгтэйг газар унагаан зодож байна хэмээн ойлгосоны үндсэн дээр тухайн зодоонд оролцсон гэдгээ анхнаасаа мэдүүлдэг. Иймээс ялтан Хүрэлчөдөрийг бусдын биед танхай сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул ялтан Хүрэлчөдөрт сонсгосон Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2.1.д заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, ЭБШХ-ийн 13-р зүйлийн 13.2.д зааснаар ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч А.Болорын иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч А.Болорын иргэний нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул энэ талаар маргаангүй. Ялтны бусадтай булэглэн, догшин авирлаж тайнхайрсан гэх үйлдэл холбогдлын тухайд ялтан нь бусадтай бүлэглэн танхайрсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байх бөгөөд харин хохирогч А.Болороогийн биед учруулсан хөнгөн зэргийн гэмтэл, болон хохирогч Б.Батзоригтын баруун нүдний зовхинд учирсан зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул зохих Эрүүгийн хуулийн зүйл заалтаар зүйлчлэн ял шийтгэл ногдуулах боломжтой гэж дүгнэж байна.

Ялтан нь ам бүл 5-уулаа амьдардаг бөгөөд бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай эх, болон бага насны хүүхдээ асарч байгаа эхнэртэйгээ амьдардаг, эхнэр нь хүүхдээ асарч байгаа тул ажил эрхэлдэггүй, өрхийн орлогогүй, ялтан өөрөө гэр хорооллын айлд мод түлээ хөрөөдөх болон мод буулгах, ачигч хийх зэргээр ажиллаж хөлсөөрөө амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн ялтанг хорих ялаар шийтгүүлсэний дараа ах дүү, хамаатан садан нар нь хохирогч Б.Батзоригтод хохирол төлж барагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан М.Хүрэлчөдөрт холбогдох Эрүүгийн хуулийн 96- р зүйлийн 96.2.1, мөн хуулийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5.д заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, ЭБШХ-ийн 13-р зүйлийн 13.2.д зааснаар ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгөх буюу Эрүүгийн хуульд зааснаар ялтанд ашигтай байдлаар хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү гэжээ.

Ялтан М.Хүрэлчөдөр давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие хохирогч Батзоригтын хөлийг хугалаагүй, харин толгой руу нь цохиж, өшиглөж зодсон бас хохирогч Болороогийн толгойд хөнгөн гэмтэл учруулж зодсоноо хүлээж энэ үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Би өөрийн болчимгүй үйлдэлдээ харамсаад барахгүй байгаа. Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байгаа. Би өөрөө хохирогчийн хөлийг хугалаагүй гэж боддог.

Хөлрүү цохиж өшиглөж дэвсээгүй. Эрхэм шүүгчид та бүхэн хэргийг маань үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Миний бие нь эхнэр, өндөр настай ээж, бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, би мод хөрөөдөж, буулгаж ачиж хөлсөнд авсан мөнгөөрөө гэр бүлээ тэжээдэг. Эхнэр маань бага насны хүүхэдтэй болохоор ажил хийж чаддаггүй.

Ийм хэрэгт холбогдож ийм байдалд орсондоо хэлэх ч үг алга. Шүүгчид та бүхэн хэргийг минь аль болох хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв бөгөөд шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

1./Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу тухайн үед болсон үйл баримтаас үзвэл :

 

- 2016 оны 03 сарын 07-ны орой 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цацал" бааранд 7 дугаар ширээнд шүүгдэгч М.Хүрэлчөдөр түүний эхнэр Ш.Дэлгэрлхам, шүүгдэгч Б.Хонгорзул түүний нөхөр Билэгсайхан, шүүгдэгч М.Даваажаргал түүний нөхөр Булгансайхан болон шүүгдэгч Б.Наранцэцэг нар, 1 дүгээр ширээнд шүүгдэгч /хохирогч/ А.Болороо, хохирогч Б.Батзоригт нар, 5 дугаар ширээнд шүүгдэгч С.Отгончимэг, Б.Болормаа, М.Урантогос нар тус тус сууж эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэн архи, пиво, ууцгаасан байна.

 

Энэ үед тэдний хооронд хэрүүл, маргаан үүсэж улмаар зодоон болсон бөгөөд эхлээд А.Болороо, Б.Хонгорзул нар маргалдсан, А.Болороо, Б.Хонгорзул, Б.Наранцэцэг, М.Даваажаргал нар бие бие рүүгээ жимс шидэж, пиво цацсан,  А.Болороо нь пивоны шил авч хана руу шидсэн, М.Хүрэлчөдөр,М.Даваажаргал нар Б.Батзоригт, А.Болороо нарыг өшиглөж нүүрэн тус газарт цохисон, С.Отгончимэг нь А.Болороог зодсон, М.Хүрэлчөдөр А.Болороогийн толгойн тус газарт нь удаа дараа өшиглөх, Б.Батзоригтыг толгойноос татаж гэдийлгэн нүүрэн тус газарт нь удаа дараа цохисон, М.Даваажаргал, Б.Хонгорзул, Б.Наранцэцэг нар нь А.Болороог өшиглөх цохих зэргээр зодсон бөгөөд энэ үйл баримтын улмаас Б.Батзоригтын биед баруун шилбэний шаант ба тахилзуур ясны ил хугарал, баруун нүдний зовхи, өвдөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл, шүүгдэгч А.Болороогийн биед зүүн нүдний зовхи, эрүү баруун чихний ард, зүүн бугалга тохой, шуу баруун гуянд цус хуралт, нүүр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

 

Яллах дүгнэлтэнд М.Хүрэлчөдөрийг ...бааранд танхайрч танхайн сэдэлтээр  Б.Батзоригтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д заасан гэмт хэрэгт, мөн бааранд Б.Наранцэцэг, Б.Хонгорзул, М.Даваажаргал нартай бүлэглэн танхайрч, догшин авирлаж А.Болороогийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж энэ дөрвөн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Гэтэл яллах дүгнэлтийн дараагийн хэсэгт Б.Хонгорзул, Б.Наранцэцэг, М.Даваажаргал нарын үйлдлийг бичихдээ ...танхайрч А.Болороогийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж гэж үзэлгүй зөвхөн “бүлэглэж танхайрсан” гэж үзсэн нь яллах дүгнэлт хуульд заасны үндэслэл, журмын дагуу бичигдээгүй бөгөөд дээрх шүүгдэгч нарын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт холбогдуулан зүйлчилж байгаа нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2., 80.1.3., 80.1.5., 80.1.6.д заасан асуудлыг нотолж чадаагүй бөгөөд хэн ямар хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхэд ямар хир хэмжээтэй оролцсон, хэний үйлдлээс хэнд ямар хохирол учирсан гэдгийг бүрэн тогтоолгүй шүүгдэгч нарын үйлдлийг хавтгайруулж зүйлчилжээ.

 

Түүнчлэн хэрэгт байгаа нотлох баримтаас үзвэл тухайн үед хохирогч  Б.Батзоригт, А.Болороо нарын биед гэмтэл учирсан нь эргэлзээгүй боловч харин гэмтлийг тухайлбал Б.Батзоригтын биед хүнд болоод хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүнийг М.Хүрэлчөдөр ганцаараа эсхүл бусадтай бүлэглэж учруулсан эсэх, мөн А.Болороог М.Хүрэлчөдөр, М.Даваажаргал нар олон удаагийн үйлдлээр өшиглөж, цохисон мөн С.Отгончимэг зодсоноос үзвэл түүний биед учирсан гэмтлийг хэн, хэн учруулсаныг тогтоогоогүй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэл, оролцооноос шалтгаалж хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх эсхүл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шийдвэрлэх учир дээрх асуудлыг заавал тогтоох шаардлагатай бөгөөд үүнийг шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

2./ Мөн анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

-шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гэм бурууг тогтоох, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх, мөн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх эрх олгогдсон байхад дээрх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...Б.Наранцэцэг, Б.Хонгорзул, М.Даваажаргал нарын үйлдэл бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан ..., бүлэглэж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан ..., ... эсхүл энэ хоёр шинж хоёулаа байгаа эсэхийг ялгаж үзэлгүй дүгнэлт хийсэн,   “ ...М.Даваажаргал Б.Батзоригтыг газарт унасан үед олон удаа өшиглөж байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй, байхаас гадна “...А.Болороо Б.Батзоригтыг зодож танхайрсан...” гэж яллах дүгнэлтэнд байхгүй асуудлаар дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолд хохирогч Б.Батзоригтын хөлийг хэн хугалсан, хэний үйлдлийн улмаас гэмтэл учирсан болохыг дүгнэхдээ “... М.Хүрэлчөдөр түүний эрүүнээс татаж гэдийлгэх үед Батзоригтын хөл “...бусдын хөлөнд хөшигдөж хугарсан байх боломжтой...”, “...Батзоригт унах үед хэн нэгэн өшиглөж дэвсэх үед гэмтэл учруулсан гэх үндэслэлгүй ...” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд шийтгэх тогтоолд тухайн этгээд ямар үйлдлийн улмаас хэнд, ямар гэм хор учруулсан гэм буруутай, эсхүл гэм буруугүй нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг шууд, тодорхой зааж эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эмэгтэй шүүгдэгчид оногдуулсан ял эдлэх дэглэмийг “эмэгтэйчүүдийн хорих ангид” гэж бичээгүй, шийтгэх тогтоолын дугаар “95” байхад шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаар “94” гэж зөрүүтэй бичигдсэн, 4-р хавтаст хэрэгт хэргийн дугаарыг бичихдээ шүүхэд ирсэн хэргийн дугаараас өөр дугаар бичсэн байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 317.1.2.,318 дугаар зүйлийн 318.1., 319 дүгээр зүйлийн 319.1.3., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мягмаржавын Хүрэлчөдөр, Альбикийн Болороо, Сосорын Отгончимэг, Мэндбаярын Даваажаргал, Баяраагийн Наранцэцэг, Баасанжавын Хонгорзул нарт холбогдох, 201614000135 дугаартай, 4 хавтас бүхий, эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг аймгийн Прокурорт очтол М.Хүрэлчөдөр, А.Болороо нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Отгончимэг, М.Даваажаргал, Б.Наранцэцэг, Б.Хонгорзул нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

                       

                     ШҮҮГЧИД                                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                                                       

                                                                                                                        Ц.ТУЯА