Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 714

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 714                                      Улаанбаатар хот

 

 

 

“ХЛ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00654 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Я ” ХХК-д холбогдох,

 

Санхүүгийн түрээсийн төлбөрт 126 195 185 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Я ” ХХК нь манай компанид хүсэлт гаргаснаар 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 73000038 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, 11-40 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаваторыг 35 сарын хугацаатай авсан. Гэрээний харилцаа үргэлжилж байх хооронд хариуцагч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Гэрээний үүргийн зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн зүйлээ буцаан авсан. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний үүргийн зөрчлөө арилгаж, уг төлбөрийг төлөхөөр баталгаа гаргаж өгсөн байдаг. Бид үүнээс хойш жил орчим хариуцагчийг харсан. Энэ хугацаанд хариуцагч талаас төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, хариуцагч талд гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдсэн. “Я ” ХХК-ийг манай гаргасан хавтаст хэргийн 13 дугаар талд байгаа баталгааны дагуу төлбөрөө төл гэж маргаж явсаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаанаа шийдүүлсэн. Үндсэндээ санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага байсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дугаартай шийдвэрээр талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн учраас биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх шийдвэрлээд, энэ шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 01803 тогтоолоор баталгаажсан. Нэгэнт талууд тохиролцож, нэг талын санаачлагаар буюу “ХЛ ” ХХК-ийн санаачлагаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн гэрээг цуцалсан тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2018 оны 08 дугаар сард миний бие хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хөөн хэлэлцэх тоолох журам дээр хариуцагч баталгаа гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Өөр хэргийг шийдэхээс нааш энэ хэргийг шийдэж болохгүй гэдэг нөхцөл байдал арилсан учраас дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад түрээсийн зүйл болох экскаваторыг биет байдлаар эзэмшиж, ашиглаж байхдаа тооцогдсон түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулснаас хойш төлөх ёстой төлбөр нийт            126 195 185 төгрөг байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээ ам.доллараар хийгдсэн байсан. Ам.долларыг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гарган 47 901 ам.долларыг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол банкнаас зарласан хаалтын ханш болон 2 634.5 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан. “Я ” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл экскаваторыг биет байдлаар эзэмшсэн хугацааны нийт төлбөр 159 823 ам.доллар болсон. Эдний манайд төлж байсан төлбөрийг нэмж үзвэл 111 922 ам.доллар болдог. Энэ хоёрын зөрүү нь 47 901 ам.доллар болж байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг биет байдлаар ашиглаж байсан хугацааны төлбөр 126 195 185 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч, хариуцагч талууд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр нийт 339 900 ам.доллар. Тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1 392.82 төгрөгийн ханштай байсан. Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 339 900 ам.доллар буюу нийт 473 242 770 төгрөг төлөхөөс 30 хувийн урьдчилгаа 101 900 ам.доллар буюу 142 000 977 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 332 242 093 төгрөгт 35 сарын хугацаатай, сарын 1.45 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцсон. Энэ үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээний 30 хувь буюу      142 000 977 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Бусад үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн байна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үлдэгдэл төлбөр болох 171 160 994 төгрөгийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, нийт 313 161 671 төгрөгийг “ХЛ ” ХХК-д төлж барагдуулсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, нийт 473 242 770 төгрөг төлөхөөс   313 161 671 төгрөг төлж, нийт төлөгдөөгүй төлбөр мэтээр гаргаад нэхэмжлэл өгсөн байдаг. Гэхдээ энэ дээр бидний зүгээс юу гэж үзсэн бэ гэвэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хэдийгээр бид санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй ч гэсэн нийт түрээсийн төлбөрийн 66,17 хувийг төлсөн байдаг. Тус хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн машин механизм нийт 1.170 мото/цаг ажилласан байдаг. Энэ нь тус механизмын хувьд маш бага цаг ажилласанд тооцогддог гэсэн үйл баримт тухайн хэрэгт авагдаж, тухайн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Нийт хариуцагчаас      214 774 023 төгрөгийн тооцоон дээр үндэслээд буцаагаад 30 хувь болон 30 хувь дээр нэмээд 214 774 023 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх “ХЛ ” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас урьдчилгаанд төлсөн 30 хувийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. “ХЛ ” ХХК-иас тухайн хэрэг дээр гаргаж өгсөн тайлбар дээр бидний зүгээс талуудын хооронд төлбөр тооцоо байхгүй. “Я ” ХХК-ийг төлсөн мөнгө санхүүгийн түрээст төлөгдсөн мөнгө. Санхүүгийн түрээсийн гэрээнд төлсөн мөнгийг буцаан төлөхгүй гэдэг шаардлага тавьсан. Тухайн маргаан дээр 30 хувийн асуудал яригддаг. Санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцааж авахгүй. Урьдчилгааг буцаах хэрэгтэй гэж шүүх шийдсэн. Нэхэмжлэгч тухайн үед ямар нэгэн маргаан байхгүй. Одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд байгаа зүйл бол “Я ” ХХК-ийн гаргаж өгсөн баталгаа гэж эдний зүгээс үздэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дурдахдаа дараах 2 зүйлийг үндэслэсэн байдаг. Нэгдүгээрт талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, тооцоо нийлэхэд 42 109 ам.долларыг хариуцагч манай компанид төлөхөөр байсан бөгөөд уг төлбөрийг мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэсэн баталгааг үндэслэсэн. 42 901 ам.доллар баталгаан дээр дурдагдсан боловч нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлд 47 901 ам.доллар нэхэмжилсэн байдаг. Төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгаа хэзээ хийгдсэн бэ гэхээр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 89 хоног хэтрүүлсэн 42 901 ам.долларын санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна баталгаа гаргаж өгсөн. Тухайн баталгаатай холбоотой өмнөх хэрэг дээр энэ мөнгийг нэхэмжилж байгаагүй. Талуудын хооронд төлбөр мөнгөний асуудал байхгүй гэсэн “ХЛ ” ХХК-ийн тайлбар байгаа. Нэхэмжлэгч анх 2018 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2018 онд нэхэмжлэл гаргахдаа бид энэ баталгааг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Гэхдээ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг үндэслэлийг дурдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баталгааг эцсийн байдлаар тоолбол 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусч байна гэж бидний зүгээс үзэж байна. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “ХЛ ” ХХК-ийн анхны нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацаа болон сүүлд 12 дугаар сард нөхөж гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Я ” ХХК-иас 126 195 185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Я ” ХХК-иас       788 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 73000038 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой иргэний хэрэг маргаан гурван шатны шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн байдаг. Тус гэрээний харилцааг дүгнэж талуудын хооронд үүссэн үүргийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсныг дурдах нь зүйтэй. “ХЛ ” ХХК нь Банк болон банк бус санхүүгинй байгууллагын эрхгүй бөгөөд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх байгууллага юм. Мөн тус компани 331 242 093 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу авахаар тохиролцож гэрээгээ байгуулсан мөртлөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн, тухайн нэхэмжилсэн ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээсийн эд хөрөнгийн үнэ 331 242 093 төгрөгийн төлбөр авахаар тохирсон боловч ам.доллараар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тодохойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Я ” ХХК нь 2013 оны 1 сарын 30-ны өдөр 142 006 677 төгрөг, 2013 оны 2 сараас 171 160 994 төгрөгийг өмнө нь төлсөн бол Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 8 сар хүртэл гэрээний үүрэг 126 195 185 төлөх бол нийтдээ 439 356 856 төгрөг төлөх болж байна. Гэтэл түрээсийн зүйлийн үнэ 473 242 770 төгрөг байна. “Я ” ХХК 2014 оны 8 дугаар сарын 31 хүртэл “ХЛ ” ХХК-д төлөх төлбөр нь санхүүгийн түрэээсийн зүйлийн 90 хувьтай тэнцэх төлбөр төлөхөөр болж байна. Санхүүгийн гэрээний дагуу талуудад ямар хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн, тэрхүү үүргийг хэн хэрхэн биелүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, нэхэмжлэгч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй тул аливаа төлбөр тооцоог гадаад валютаар хийх эрхгүй буюу хуулиар хориглосон этгээд байна. “Я ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа шүүхэд нотолж гэрээ байгуулах үеийн валютын ханш, “ХЛ ” ХХК-д гэрээ байгуулснаас хойш төлсөн 171 160 994 төгрөгийг шилжүүлсэн баримт, Санхүүгийн түрээсийн гэрээний хуваарийн дагуу нэхэмжлэлийн үндэслэлд дурьдагдсан хугацаааны төлөх төлбөр, төлсөн баримт, өмнөх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК нь “Я ” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрт 126 195 185 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, тэдний хооронд санхүүгийн түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01803 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрт 159,823 ам.доллар төлөхөөс 111,922 ам.доллар төлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан байна. Мөн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн үүрэгт үлдэх төлбөрийг гүйцэтгэх баталгаа гаргаж хариуцагч байгууллага нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн зүйлийг “ХЛ ” ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буцаан өгөхөөр мэдэгдсэн байна. /хх 13/

Анхан шатны шүүхээс гэрээний явцад төлбөр төлөх талаар баталгаа гаргаснаар гэрээг цуцлах хугацаа болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний дагуу авсан Хьюндай маркийн экскаваторыг ашиглаж байсан хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 47,901 ам.долларыг төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр   үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 788 930 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ