Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00768

 

2019 оны 3 сарын 18 өдөр Дугаар102/ШШ2019/00768 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Р.Алтантуяа, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 баг, уужим булаг 1-6 тоотод оршин суух хаягтай, рд:тб45082576, Баадгай овогт Баатарын Бямбадорж,

 

нэхэмжлэгч:Дархан-уул аймаг, Дархан сум 4 баг, 22 хороолол, 8 байр 25 тоотод оршин суух, рд:тб77060877, Баадгай овогт Бямбадоржийн Батсайхан нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Батсүхийн Дэлгэрмаагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:Баянгол дүүрэг, 6 хороо, К-103 байр 07 тоотод оршин суух, рд:дю78070614, Зургаадай овогт Тогтмолын Хатанбаатарт холбогдох

 

гэм хорын хохирол, төлбөрт нийт 1.197.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, хариуцагч Т.Хатанбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Энхзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний үйлчлүүлэгч Б.Бямбадорж, Б.Батсайхан нар надад итгэмжлэл олгож, миний бие итгэмжлэлийн үндсэн дээр шүүх хуралдаанд оролцож байна. Б.Бямбадорж өөрийн төрсөн хүү Б.Батсайханы эзэмшлийн тоёота маркийн цагаан өнгөтэй, 814670 улсын дугаартай авто машиныг 2018 оны 07 дугаар сард Булган аймаг руу унаж явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг 2728 км гэсэн зам дээр тоёота ланд крузер 100 маркын 3636 УБС улсын дугаартай авто машиныг гүйцэж түрүүлэх явцад, уг авто машин гэнэт хажуугаас зам шахаж, замын тэнхлэг давж орж ирж, уг авто машины баруун хойд талын хаалга үүдийг мөргөж гэм хор учруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа би замын ховил руу унах шахаад машинаа зогсооход жолооч Т.Хатанбаатар авто машинаасаа бууж ирж, би огт харсангүй уучилаарай гэсэн. Миний охин ойрхон Хөтөлын цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн хоёр ажилтан ирж хэргийн газарт үзлэг хийж байцаалт авсан. Т.Хатанбаатар миний буруу би торгуулийн 100.000 төгрөгийг өгөөд хоёулаа тохиръе гэсэн. Би 100.000 төгрөгөөр авто машинд учирсан гэм хорыг арилгах боломжгүй гэдгээ өөрт нь хэлсэн. Замын цагдаа нар ослын акт үйлдэж, шинжээчийн хоёр дүгнэлт гарсан. 3636 УБС тээврийн хэрэгсэлийн өмчлөгч, жолооч Т.Хатанбаатар Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасан жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт заасан. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Ослын улмаас миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд 1.197.000 төгрөгний хохирол учирсан. Үүнд авто машины зардлын хөлс 850.000 төгрөг, обуд шинээр авсан 70.000 төгрөг, дугуйны 150.000 төгрөг, энэ ослын улмаас Хөтөл рүү 4 удаа явсан зардал 80.000 төгрөг, Улаанбаатар хот руу 2 удаа явсан зардал 92.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 42.200 төгрөг, нийт 1.197.800 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч Т.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр би гэр бүлийн хамт Хөвсгөл явж байсан. Дарханаас салаад Хөтөл руу орох замд осол гарсан. Хоёр тал хоёулаа хүсээгүй осол байсан. Нэхэмжлэлд дурдагдсанаар намайг шахсан гэж байна. Хэрвээ би шахсан бол замын хажуу руу шахаж оруулах байсан байх. Гэтэл хойд талын хоёр дугуйгаар орсон. Шинжээчийн дүгнэлтээр намайг машиныг шахаж оруулсан гэж байгаа. Хоёр машин бөгсөөрөө мөргөлдсөн. Хоёулаа тэнхлэг давсан. Жолооч зэрэгцээ эгнээд яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт байгаа. Мөргөлдсөн цэг дээр ослын тэмдэг илрээгүй. Хоёр машин зэрэгцээ явж байхад зөвхөн намайг мөргөсөн гэж байгаад би гомдолтой байна. Намайг гэм буруугүй байхад гэм хорын хохирол яригдаад байгаа. Тухайн үед намайг зам тээврийн осол гаргасан гээд 100.000 төгрөгөөр торгосон. Би өөрөө түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад гэм хорын хохирол гэж мөнгө нэхэмжилж байгаа нь сонин байна. Анх нэхэмжлэгч Дархан-Уул аймагт үнэлгээ хийлгэсэн. Би Эрдэнэтэд үнэлгээ хийлгэсэн. Анх 550.000 төгрөгний эвдрэл хохирол байсан. Гэтэл одоо нэхэмжлэлд яагаад 1.197.800 төгрөг болчихсон байгааг би гайхаж байна. Хөтөл руу явсан зардал, Улаанбаатар руу ирсэн зардал гэж байна. Энэ нь тодорхой бус байна...гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад         

                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бямбадорж, Б.Батсайхан нар нь хариуцагч Т.Хатанбаатарт холбогдуулж эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол, төлбөрт 1.197.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зам тээврийн осол хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол зардалд нийт 1.197.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн осол хэрэгт гэм буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Бямбадорж нь 2018 оны 07 сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын 27-28 дахь км-т өөрийн эзэмшлийн тоёото ланд маркийн 3636 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 8.11 дэхь жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.Батсайханы эзэмшлийн тоёото кроун маркийн 8146 ДАР улсын дугаартай тээврийг хэрэгслийг нэхэмжлэгч Б.Бямбадорж жолоодож явах үед мөргөж эвдрэл гэмтэл учруулсан болох нь 2018 оны 07 сарын 18-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, гэрэл зураг, 2018 оны 07 сарын 09-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 16, 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Т.Хатанбаатарын зөрчилд 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас, Прокурорын газарт гаргасан Т.Хатанбаатарын гомдлууд, гомдлыг хүлээн авахаас татгалзсан Прокурорын тогтоолууд, 2018 оны 08 сарын 14-ны өдрийн холбогдогч Т.Хатанбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 9-29 дүгээр тал\

 

Зам тээврийн осол хэрэг гарсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.

 

Хариуцагч Т.Хатанбаатар ...гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, сум дундын прокурорын газрын шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасныг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбар 2018 оны 07 сарын 31-ны өдрийн шийтгэлийн хуудас, хариуцагч Т.Хатанбаатарын 2018 оны 08 сарын 15, 2018 оны 09 сарын 06, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн гомдлыг Прокурорын байгуулага 2018 оны 08 сарын 29, 2018 оны 10 сарын 05-ны өдөр, 2018 оны 10 сарын 31-ны өдөр тус тусгомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай прокурорын тогтоол баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 21-28 дугаар тал/

 

Өөрөөр хариуцагч Т.Хатанбаатарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэлд нь шийтгэл ногдуулсан, түүний гаргасан гомдлыг прокурорын байгуулага хүлээн авч тухай бүрт нь хариу өгч тогтоол гаргасан байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар автомашины засварын ажлын хөлс 850.000 төгрөг, обуд шинээр авсан 70.000 төгрөг, дугуй шинээр авсан 150.000 төгрөг, Хөтөл рүү 4 удаа явсан замын зардал 80.000 төгрөг, УБ хот 2 удаа явсан замын зардал 92.000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 32200 нийт 1.197.800 төгрөг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад ...эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр төлнө...гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын шаардах эрх хуульд заасан үндэслэлтэй бөгөөд хариуцагч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирол зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн засварын зардал 850.000 төгрөг, обуд дугуйны үнэ 230.000 төгрөг, замын зардал 62300 төгрөг нийт 1.143.200 төгрөгийн бодит хохирол зардал учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 31, 37, 38-39 дүгээр тал/

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Т.Хатанбаатараас тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор хохиролд нийт 1.143.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Бямбадорж, Б.Батсайхан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 31987 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

Шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч А.Ариунжаргалд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Т.Хатанбаатараас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор хохиролд нийт 1.143.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадорж, Б.Батсайхан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 31987 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ

 

ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

Г.АРИУНАА