Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0054

 

Э.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Э.Мөнх-Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй, Архивын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.Мөнх-Оргилыг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус үндэслэн Э.Мөнх-Оргилын нэхэмжлэлийг хангаж, Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Мөнх-Оргилыг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх “... , уг орон тоонд түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэг, ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ Э.Мөнх-Оргил нь хангалтгүй биелүүлсэн тул түүний ажил албан тушаал бууруулах арга хэмжээ авч, Лавлагаа үйлчилгээний төвд архивчаар түр томилсон /ТҮ/ юм.

Архивын ерөнхий газрын хувьд төрийн захиргааны албан тушаалын хамгийн доод зэрэглэл нь ТЗ-6 байдаг бөгөөд албан тушаал бууруулах арга хэмжээ авах тохиолдолд төрийн үйлчилгээний албан тушаалд томилохоос өөр аргагүй байдаг.

Нөгөө талаар аливаа ажилтныг албан тушаал бууруулах нь Архивын ерөнхий газрын даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар ажлаас халаагүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч Э.Мөнх-Оргилын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Архивын ерөнхий газрын дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл өөрөөс үл хамаарсан шалтгааны улмаас бий болсон байна...” хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримт болох Архивын ерөнхий газарт хандаж иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмын 7.2 дахь заалттай холбогдох мэдээ тайлан гаргаагүй, Архивын ерөнхий газрын Дотоод журмын 6.2-ын дагуу “11 11 ТӨВ”-д Архивын ерөнхий газартай холбоотой иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдийн саналын хариуг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа алдаж шийдвэрлэсэн талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч байх тул, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 860 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Э.Мөнх-Оргилыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албан тушаал бууруулан Хууль зүйн сайдын 2015 оны А/13 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Архивын ерөнхий газрын орон тоо, албан тушаалын зэрэглэл”-д тусгагдаагүй албан тушаал болох “Лавлагаа, үйлчилгээний төв”-д архивч гэсэн орон тоонд түр томилсон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг “иргэдээс ирсэн санал, хүсэлтийг хугацаа хожимдуулан шийдвэрлэсэн, ажилчдын 2016 оны 03, 04 дүгээр сарын цагийн бүртгэлийг гаргаж өгөөгүй” хэмээн буруутгасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол захиргааны санаачлагаар албан тушаал буруулах зохицуулалттай байна. Нэхэмжлэгч Э.Мөнх-Оргил ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

1. Архивын ерөнхий газар нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 олны 02 дугаар сарын 29-ний хооронд шинэ цогцолбор барилгад нүүж орсон ба энэ хугацаанд шинэ байранд шилэн кабелын интернэтийн сүлжээ холбогдоогүй, зөөврийн холболтоор сүлжээнд холбогдож байсан нь удаашралтай байжээ. Нэхэмжлэгч энэ талаар удирдлагууддаа мэдэгдэж байсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Хариуцагчийн үндэслэл болгож буй иргэдээс ирүүлсэн санал хүсэлт нь энэхүү интернэтийн хурд удаашралтай байсан үе буюу 2015 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд ирж байсан ба нэхэмжлэгч тухайн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх талаар боломжит арга хэмжээг авч байсан байх тул үүнд дан ганц түүнийг буруутгасан нь зүйд нийцэхгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ажил үүргээ бүрэн биелүүлэхэд шаардагдах зохион байгуулалт, нөхцөл боломжийг тухайн бүрт нь хангаж ажиллаагүй байх тул интернэтийн хурд удаашралтай байдлаас шалтгаалан иргэдийн хүсэлтийг хугацаа алдаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийг буруутгаж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.

2. Ажлын цаг ашиглалтын 2016 оны 03, 04  дүгээр саруудын цаг ашиглалтын мэдээг хугацаанд нь танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Архивын ерөнхий газрын дотоод журмын 3.4-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын цагийн бүртгэлийн мэдээг гаргах хугацаа болоогүй байсан, 03 дугаар сарын ажлын цаг ашиглалтын мэдээг 04 дүгээр сард гаргаж танилцуулахаар байх бөгөөд нэхэмжлэгчийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр ажлыг нь хүлээлцэж, 04 дүгээр сарын 05-ны өдрөөр ажлаас нь чөлөөлснөөр нэхэмжлэгч дээрх цагийн бүртгэлийн мэдээг гаргах боломжгүйд хүрсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Э.Мөнх-Оргилын хувьд албан тушаал бууруулахуйц хэмжээний хугацаанд үргэлжилсэн, албан үүргээ биелүүлээгүй олон удаагийн тохиолдол гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд байгууллагын байр нүүснээс үүссэн асуудлаас шалтгаалан албан үүргээ биелүүлж чадаагүй тодорхой тохиолдол байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны үр дүнгийн гэрээгээр хангалттай дүгнэгдсэн байна.

3. Хариуцагчийн гомдлын “... аливаа ажилтныг албан тушаал бууруулах нь Архивын ерөнхий газрын даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал” гэх тухайд:

Энэ талаарх Архивын ерөнхий газрын даргын бүрэн эрх нь гагцхүү ажилтныг албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан нөхцөл бүрдсэн үед хэрэгжих боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан албан тушаал бууруулах нөхцөл бүрдээгүй талаар дээр дурдсан байна.

Түүнчлэн давж заалдах гомдлын “Анхан шатны шүүх “..., уг орон тоонд түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар ажлаас халаагүй” гэх тухайд:

Төрийн байгууллагын бүтэц орон тоонд байхгүй “Лавлагаа үйлчилгээний төвд архивч” гэх орон тоонд “түр” томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч Э.Мөнх-Оргилын цаашид эрхлэх ажлын байрыг баталгаагүй болгосон гэдэг агуулгаар шүүх энэ асуудалд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангуулах зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-ийг хэрэглэсэн нь зөв байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, харин хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ