Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 51

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн

зохицуулах хорооны Ажлын албаны даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Л.Атарцэцэг

                      Б.Мөнхтуяа

                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0804 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Б.Т, өмгөөлөгч Ч.Н,

Хариуцагч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Л нар,

Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ч.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0804 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хянаад холбогдох шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр “...Б.Т нь төрийн албан хаагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ...үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна...анхан шатны шүүх дэлгэрэнгүй, зөв дүгнэсэн байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдаж буй үндэслэлүүдэд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Энэхүү ажил олгогчийн зүгээс субьектив байдлаар асуудалд хандан намайг үндэслэлгүйгээр буруутгаж халсан хоёр үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэснийг дээр товч өгүүлсэн, уг үндэслэлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учир миний зүгээс ямар үндэслэл, шалтгаанаар тушаалд дурдсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаагаа товч сийрүүлье.

4. “...УИХ-д хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих шинэчилсэн загварын төсөл боловсруулж Хорооны даргад 2017 оны 3 сарын 06-ны өдөр танилцуулах үүрэг...”-ийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд. Тухайн ажлыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны дотор хийж, гүйцэтгэх чиглэлийг удирдлагаас надад өгсөн ба миний бие өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн холбогдох албан тушаалтанд танилцуулсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хариуцагчаас гаргаж өгсөн “Улсын Их Хуралд ажлаа тайлагнахтай холбоотой яаралтай хийх ажлын төлөвлөгөө” гэх Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ийн газрын үсэгтэй баримтаас тодорхой харагддаг ба 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ-д хүргүүлдэг үйл ажиллагааны жилийн тайлангийн загварыг өмнөх жилүүдэд хэрхэн бэлтгэн, ямар загвартай хүргүүлдэг байсныг харьцуулж, 2016 оны үйл ажиллагааны тайланг бэлтгэх загварыг боломжит 2 хувилбараар бэлтгэж Б.Б-т хэвлэмэл байдлаар өгөхөд тэрбээр танилцаад хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй тул дахин 2017 оны 3 дугаар сарын 09, мөн оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд цахим шуудан /и-мэйл/-гаар Б.Б болон холбогдох бусад албан тушаалтнуудад хугацаанд нь хүргүүлсэн.

5. “...Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг...”-ийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг, чиглэлийг 2017 оны 3 дугаар сарын 17 /Баасан гариг буюу ажлын сүүлийн өдөр/-ны өдөр Б.Б өгсөн бөгөөд миний бие өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэт, хангалттай, чанартай хийх зорилгоор амралтын өдрүүдэд амралгүй ажиллаж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлын 14.00 цагт хэвлэмэл байдлаар Б.Б-т өгч, мөн өдрөө цахим шуудан /и-мэйл/-гаар түүнд болон холбогдох бусад албан тушаалтнуудад хугацаанд нь хүргүүлсэн.

6. Дээрх 2 ажил нь дан ганц миний үйл ажиллагаа, ажлын үр дүнгээс бүхэлдээ хамаарах ажлууд биш бөгөөд хорооны холбогдох бусад газар, хэлтэс, алба хаагчдаас ирүүлэх, гаргаж өгөх тайлан, мэдээллээс шууд хамааралтай хийгдэх ажил байсан ч миний зүгээс өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацааны дотор хангалттай биелүүлсэн. Тухайн ажлуудыг намайг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн өгч байсан талаар хариуцагч маргадаггүй ба энэ нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “...Т-ээс ирүүлсэн мэйлүүдтэй цаг хугацааны хувьд маргахгүй. Над руу явуулсан эсэх талаар маргахгүй...”, “...Даргалагч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар байна уу? гэхэд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийг хийсэн ажлаа хугацаандаа хийж, цахим хаягаар явуулж байсантай маргахгүй...”, “...Илтгэгч шүүгч: Хариуцагч талаас хугацаандаа өгсөн гэдэг дээр маргадаггүй юу гэхэд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: Хугацаандаа өгч л байвал юу ч хамаагүй...” гэх тайлбараар нотлогддог. Түүнчлэн би өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий тушаалд дурдсан ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн зохих албан тушаалтнуудад хүргүүлж байсан, тухайн үед харилцаж байснаа нотлох зорилгоор 2 удаа холбогдох и-мэйлүүдэд үзлэг хийлгэх хүсэлтийг бичгээр гаргаж байсан ба хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн учир хүсэлтээсээ татгалзаж байсан болно.

7. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбараас үзвэл миний хувьд дээрх 2 ажлыг “...гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн...” байх урьдач нөхцөлүүд нэг дор бүрдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр буруутгагдахаар байна.

8. Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болох төрийн албан хаагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн намайг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авч болох хэдий ч тухайн ажлуудыг чанарын хувьд доголдуулсан, тогтоосон журмын дагуу гүйцэтгээгүй гэдгийг ажил олгогч үнэлж, тогтоогоогүй, хугацаа хэтрэлт нь зөвхөн миний үйл ажиллагаанаас болсон эсхүл дан ганц надаас шалтгаалсан, би үүнд буруутай гэдгийг мөн л тогтоохгүйгээр намайг үндэслэлгүйгээр буруутгасан болно. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэхдээ хэрхэн доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг “хангалтгүй биелүүлсэн” байж болох үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Мөн тухайн 2 ажлыг УИХ, Сангийн яаманд шууд бэлтгэн хүргүүлэх эрх хэмжээ надад олгогдоогүй, миний хийж гүйцэтгэх чиг үүрэгт шууд хамаарахгүй ба би харьяалах дээд шатны албан тушаалтнуудад “...дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах...” чиг үүрэгтэй юм. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.17, 3.2.6, 3.2.7-д зааснаас үзвэл Газрын дарга ажилтнуудыг удирдлага, зохион байгуулалт, шуурхай мэдээллээр хангаж, тэдний боловсруулсан баримт бичгийг хянаж ажиллах үүрэгтэй ба Б.Б нь энэ үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, надад боломжит хугацааны өмнө үүрэг даалгавар өгөхгүй, эзэмшсэн мэргэжил, ур чадварт тохирохгүй зарим ажлыг цагийг нь тулган өгч, богино хугацаанд хийж гүйцэтгэхийг нэг бус удаа шаардаж байсан болно.

10. Дээрхийг нэгтгэн дүгнэж үзвэл хариуцагч нь хуульд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох эрхтэй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд яг ямар зүйлийг засварлах шаардлагатай байгаа, хугацаа хэтрүүлсэн үйл явдал түүний үйл ажиллагаатай шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй, шинэ ажлын хэсэг байгуулан хугацаа алдсан гэх боловч яг ямар ямар ажилчид ажлын хэсэгт томилогдсон зэргээ нотлохгүйгээр Б.Б хувийн таарамжгүй харилцаандаа тулгуурлаж, асуудалд бодитой бус субьектив байдлаар хандаж, дан ганц миний үйл ажиллагаанаас ажлын эцсийн үр дүн хамаарахааргүй байхад бусад ажилчдад ямар нэгэн арга хэмжээ авалгүй тэдэнд давуу байдал олгож, намайг ажлаас халсан байгааг онцгой анхаарна уу.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0804 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчид миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсний улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

13. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг сахилгын шийтгэл гэж буруу тайлбарласан байна. Сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг уг хуулийн  26 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан сахилгын шийтгэл хүлээж байсан зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан төрийн албанаас халагдах урьдчилсан нөхцөл болох “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэдэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасны учир бус, харин албан үүргээ хэрэгжүүлж чадахгүйгээс төрийн албанаас халагдах үндэслэл юм.

14. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “Б.Т нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албаны чиг үүрэгт тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн зөрчлүүдийг гаргаж, ...сахилгын шийтгэл хүлээсэн боловч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааны дотор дахин зөрчил гаргаж...” гэсэн нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

15. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, ъалгааг төр хангах зарчмын үүднээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг төрийн албан хаагч өөрийн ажлын байрны тодорхойлтод заасан үндсэн чиг үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, биелүүлсэн ч тэр нь ямар ч шаардлага хангахгүй, түүний улмаас төрийн албанд ноцтой үр дагавар учирсан, цаашид тухайн албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадваргүй болох нь илэрхий болсон зэрэг зайлшгүй нөхцөлд хэрэглэгдэнэ гэж тайлбарлах нь зүйтэй.

16. Гэтэл энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг болох Улсын Их Хуралд хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих шинэчилсэн загварын төсөл боловсруулж Хорооны даргад 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр танилцуулах /уг үүргийг Давж заалдах шатны шүүхээс “тайлан бичих” мэтээр үйл баримтыг буруу дүгнэсэн/, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан болон хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан “хугацаа хэтрүүлсэн эсэх талаар маргахгүй, харин үүрэгт ажлыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд /тэдгээрийн цаг хугацаа/-аар маргаан бүхий актын үндэслэлд дурдсан “албаны чиг үүрэгт тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн зөрчлүүдийг гаргаж” гэсэн нь үгүйсгэгдэж байна.

17. Мөн Улсын Их Хуралд хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих шинэчилсэн загварын төсөл боловсруулж Хорооны даргад танилцуулах үүргийн тухайд нэхэмжлэгч нь өмнөх жилүүдийн тайлангуудын агуулга буюу гарчигийг гарган, 2016 онд гаргах тайлангийн загварын 2 хувилбарыг бэлтгэн хүргүүлсэн /Хэргийн 2 дугаар хавтас, 27-44 дэх тал/, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх үүргийн тухайд тайлангийн төслийг бэлтгэж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн болох нь нотлогдож байна /Хэргийн 2 дугаар хавтас, 45-66 дахь тал/.

18. Дээрх хоёр чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний орон тоон дээр дэс түшмэлийн  буюу төрийн жинхэнэ албан тушаалын ангилалын доороосоо 2 дахь түвшинд ажилладаг, түүний албан үүргийн биелэлтийг хэмжих үзүүлэлт нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлын байрны 1, 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд “...төлөвлөгөө, тайлан, хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажлыг хариуцсан нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахад дэмжлэг, мэдээллээр хангах” /Хэргийн 1 дүгээр хавтас, 41 дэх тал/ чиг үүрэгтэй байна. Энэхүү “дэмжлэг, мэдээллээр хангах” үндсэн чиг үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь дээрх хоёр үүргийг зохих хэмжээнд гүйцэтгэсэн байхад өгсөн үүргийг эцсийн байдлаар ямар ч засваргүйгээр дангаараа хариуцан хүлээлгэж өгөх ёстой мэтээр шаардлага тавьж /түүнээс дээш ангиллын албан тушаалтнуудад тавигдахуйц/, түүнийг биелүүлсэнгүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

19. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 онд Үр дүнгийн гэрээний биелэлт 85 хувь, “В” буюу сайн үнэлгээтэй, 2017 онд 70 хувь, “С” буюу хангалттай үнэлгээтэй ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөлийг үгүйсгэж байна /Хэргийн 1 дүгээр хавтас, 19-21, 28-30 дахь тал/.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “шүүхүүд талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0804 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Т-г Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ