Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00972

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 19 өдөр

            Дугаар 183/ШШ2018/00972

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: А банк ХХК-д холбогдох

Өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А банк ХХК-ийн  40 мянгат дахь салбарт манлай халамжлагч салбарын захирлаар 3 жил гаруй ажиллаж байгаад ажлаас халагдлаа. Би банкны салбарт нийтдээ 20 орчим жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргалгүйгээр үнэнч шударга ажилласан. Гэтэл манай салбараас зээл авсан зээлдэгч Мөнхсүх гэж эмэгтэйгийн хууль бус үйлдлээс болж, үндэслэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халагдлаа. Зээлдэгч Мөнхсүх нь манай салбараас зээл хүсч, зээлийн эдийн засагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаярт хандсан байсан бөгөөд зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлдэгч Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэн, гэрчилгээ шалгадаг неон гэрэлтэй машинаар шалгаж үзэхэд гэрчилгээн дээрх 2 соёмбо тэмдэг тод харагдаж байсан учраас гэрчилгээг хуурамч гэж мэдэх боломжгүй байсан. Манай зээлийн хорооны хурал болохоос өмнө зээлийн эдийн зазсагч-зөвлөн халамжлагч Б.Энхбаяртай хамт зээлийн эрдсэлийн мэргэжилтэн Арсланбаатар гэж хүн хамт явж, Мөнхсүхийн үл хөдлөх хөрөнгө болон бизнесийг нь очиж үзсэн. Ингээд манай салбарын зээлийн хорооны хурлаар зээлдэгч Мөнхсүхийн материал танилцуулагдахад тэрээр хүүхдийн 100-д байрлах “Beer house”-ыг ажиллуулдаг тогтсон бизнестэй хүн байсан. Манай салбарын зээлийн хорооны хурлаар орсны дараа түүний бүх материал зээлийн эрсдэлийн мэргэжилтэн Арсланбаатар болон хуулийн мэргэжилтэн нарт танилцуулагдсан бөгөөд тэд мөн л гэрчилгээ хуурамч байсныг мэдэлгүйгээр дүгнэлтээ гаргасан байсан. Үүний дараа зээлдэгч Мөнхсүхийн матераил нь манай банкны төвийн зээлийн хорооны хурлаар орсон бөгөөд тэр хуралд оролцсон бүх хүмүүс мөн л гэрчилгээ хуурамч байсныг мэдээгүй байсан. Мөн манай банктай байгуулсан. Мөнхсүхийн зээлийн болон барьцааны гэрээг баталсан нотариатч хүртэл гэрчилгээ хуурамч гэдгийг мэдэлгүй батлаад явуулсан байсан билээ. Намайг ажлаас халахдаа энэ хүнд санаатайгаар зээл олгож, банкинд эрсдэл үүсгэсэн гэж ажлаас халсанд би маш их гомдолтой байна. Хэрвээ зээлийн эдийн засагч Б.Энхбаяр нь энэ хүний манай банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээ ЭХЭУБГазарт хамт очиж бүртгүүлэн, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 6.1.15-д заасан барьцаа хөрөнгийг банкинд барьцаалсан тухай бүртгэлийг холбогдох газарт зөвлөн халамжлагч нь зээлдэгчийн хамт очиж бүртгүүлнэ гэсэн үүргээ биелүүлсэн л бол гэрчилгээ болон ЭХЭУБГазрын тамга болон барьцаалбар хуурамч гэдгийг мэдэж, банкнаас зээл олгогдохгүй байсан. Энэ хүн анх зээл авахдаа энэхүү зээлийг “Nuclear steak” гэсэн брэнд ресторан бий болгоно. Түүний франчайзингид би нэг хөрөнгө оруулагч нь болж орох гэж байгаа гэж байсан бөгөөд зээл авсны дараа энэ рестораны үйл ажиллагаа, зар сурталчилгаа хүчтэй явагдаж эхэлсэн бөгөөд энэ үед зээлдэгч Мөнхсүх “миний хамтарч ажиллаж байгаа хүмүүст зээл хэрэгтэй байна хамтарч ажиллаач” гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн үед манай салбар шинэ үйлчилгээ нэвтрүүлдэг маш сайн зээлдэгчтэй болсон байна гэсэн итгэл үнэмшил төрсний үндсэн дээр Мөнхсүхийн тавьсан хүсэлтийг Ариг банкныхаа Манлай дэмжигч-Гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү болон бизнес дэмжих нэгдлийн захирал Амаржаргал 2-т танилцуулан, түүний ажил дээр нь энэ 2 захирлын хамт очиж ажил хэргийн уулзалт хийж, роs машин тавьж өгөх, фрайнчайзинг авч буй хүмүүст хуримтлал үүсгэх тал дээр хамтарч ажиллах, хөнгөлөлтийн карт гаргах асуудлыг судалж үзэхээр болсон. Намайг ажлаас халсан гол шалтгаан бол энэ уулзалтаас болж намайг зээлдэгч Мөнхсүхийн талд үйлчиллээ, түүнтэй холбоотой гэж үзсэн бололтой. Хэрвээ би үнэхээр зээлдэгч Мөнхсүхтэй холбоотой байсан бол түүнийг хуурамч гэрчилгээ ашиглан зээл авсныг мэдсэн байсан бол харин ч ийм уулзалт, илүү дутуу зүйл хийхгүй байх байсан. Энэ уулзалтыг би ажлын байрны тодорхойлолтонд заасан харилцагчийн тоог өгсөх, тухайн зах зээл мөн харилцагч руу чиглэсэн маркетингийн ажлыг санаачлах, хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийн тулд хийсэн ажил юм. Намайг ажлаас халсан үндэслэлдээ банкнаас зээл хүсэгч банктай байгуулсан зээл болон барьцаан гэрээг ЭХЭУБГ-т бүртгүүлэлгүй, хуурамч ҮХЭХӨЭУБГэрчилгээ барьцаалбар үйлдэж, улмаар улсын бүртгэгчийн тэмдгийг хэвлэх төхөөрөмжөөр гэрээ болон барьцаалбар дээр хэвлэж гаргасан байхад зээл олгож, банкинд эрдсэл үүгэсэн гэсэн байгаа бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ, барьцаалбар болон улсын бүртгэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдээгүй байхад намайг мэдсээр байж зээл олгосон, эрсдэл үүгэсэн мэтээр дүгнэж, ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч А банк ХХК-д даалгуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч А банк ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А банк ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.М нь тус банкийг “Эрэл банк” нэртэй байхад 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр анх ажилд орсон ба бизнес хөгжлийн нэгжид бүтээгдэхүүн хөгжлийн менежер албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс халагдах өдөр хүртлээ дөчин мянгат харилцагчийн өргөө /банкны салбар/-ний манлай халамжлагч /салбарын захирал/-ийн албан тушаалд ажиллаж байсан болно. А банк ХХК нь иргэн М ажлаас халах болсон үндэслэлээ манлай дэмжигч /гүйцэтгэгч захирал/-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 415 тоот тушаалд тодорхой дурьдсан болно. Гэтэл С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалын үндэслэлийг хэсэгчлэн авч өөрийнхөөрөө тайлбарласан байх ба уг тушаалд дурьдагдаагүй өөр үндэслэл /өөрийг нь зээлдэгч Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж банк үзсэн гэсэн /-ийг банк түүнийг ажлаас халах гол үндэслэл, шалтгаанаа болгосон гэж тайлбарлажээ. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг

1.Зээлдэгч Ц.Мөнхсүхийн хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамч болохыг түүний хувьд мэдэх боломжгүй байсан бөгөөд тэрээр үүрэгт ажлаа журмын дагуу хийж гүйцэтгэсээр байтал ажлаас халсан /гэрчилгээ хуурамч гэдгийг банкны бусад ажилтнууд, нотариатч хүртэл мэдээгүй/

2.Банк М зээлдэгч Ц.Мөнхсүхийн талд үйлчилсэн, түүнтэй холбоотой гэж үзэж ажлаас халсан гэж тодорхойлж болохоор байна.

Банкнаас түүний нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг дараах байдлаар няцааж байна.

1.М ажлаас халах тушаалын 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан зөвхөн түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн байсныг мэдээгүй гэж буруутгаагүй харин зээлдэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байсныг мэдээгүй буюу зээл болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас барьцаагүйгээр их хэмжээний зээл олгогдох нөхцлийг бүрдүүлсэн зээл олгож бакнинд эрсдэл учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.М нь хариуцагч А банк ХХК-д холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    

          Нэхэмжлэгч нь зээл хүсэгч Мөнхсүхийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ нь жинхэнэ үнэт цаасан дээр хэвлэсэн байсан бөгөөд уг гэрчилгээнүүдийг хуурамч гэдгийг манай банкны хуулийн хэлтэс, эрсдлийн хэлтсийн мэргэжилтэн, нотариатч ч хүртэл мэдэлгүй барьцааны гэрээг гэрчилсэн. Харин зээлийн эдийн засагч Б.Энхбаяр нь  Мөнхсүхийн барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хамт очиж бүртгүүлэн, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 6.1.15-д заасан барьцаа хөрөнгийг банкинд барьцаалсан тухай бүртгэлийг холбогдох газарт  зээлдэгчийн хамт очиж бүртгүүлнэ гэсэн үүргээ биелүүлсэн бол банкинд эрсдэл үүсэхгүй байсан.Нөгөөтэйгүүр ажлын чиг үүргээрээ зээлийн эдийн засагч журамд заасны дагуу биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд миний ажил үүргийн хуваарьт зээл хүсэгч болгоныгоо дагуулаад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт очиж бүртгэлийг биечлэн хийх үүрэг хүлээдэггүй тул намайг ажлаас халахдаа энэ хүнд санаатайгаар зээл олгож, банкинд эрсдэл үүсгэсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

 

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, салбарын захирал бүх бичиг баримтыг шалгаад бүрэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд хяналтыг хийгээгүй, мөн зээлдэгч зээл хүсэх үед нь барьцаа хөрөнгийн лавлагааг аваагүй, банкны 2011.07.01-ний өдрийн “Гарын авлага батлах” тухай тушаалаар батлагдсан зааврын дагуу гэрчилгээнүүдийг шалгаагүй, банкны дотоод журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж банкинд эрсдэл үүсгэсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргадаг.

 

           Шүүх нэхэмжлэгч М А-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

 

           Нэхэмжлэгч С.М нь Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчаар 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, А-ийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тушаал, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2017/043 дугаар хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6, 24 дүгээр тал/

     

           Зохигч 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/043 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно. 

           

           А-ийн гүйцэтгэх захирлын  2017 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн №415 тоот “ М ажлаас халах тухай” тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4  дэх заалтуудыг үндэслэн тус банкны “Дөчин мянгат” харилцагчийн өргөөний Манлай халамжлагч ажилтай Содномпунцаг овогтой Мөнхтамга нь банкнаас зээл хүсэгч банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй, хуурамч барьцаалбар үйлдэж, улмаар улсын бүртгэгчийн тэмдгийг хэвлэх төхөөрөмжөөр гэрээ болон барьцаалбар дээр хэвлэж гаргасан байхад зээл олгож банкинд  эрсдэл үүсгэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 1.4, 4.1.4, 4.1.5, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4.2.1.7, 5.3.3, 10.2, 10.8 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.3.11.7.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгожээ.  /хэргийн 5-р хуудас/

 

        Нэхэмжлэгч ажлаас халсан тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №415 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

           Хариуцагч нь нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний  4.1.4-т “Хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам заавар, бусад” эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш буюу ноцтойгоор зөрчсөн”, 4.1.5-д “Ажилтан өөрийн үндсэн ажил үүрэгт хамаарах банкны дотоод журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан”  ноцтой зөрчлүүдийг гаргасан гэжээ.

        

Хариуцагч нь нэхэмжлэгч М банкнаас зээл хүссэн иргэний зээл болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт биечлэн очиж бүртгүүлээгүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээний зохих заалтуудыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

          Э банк-ийнийн гүйцэтгэх захирлын 2013.04.15-ны өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 5.2.7-д “Зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд хариуцсан Зөвлөн халамжлагч /зээлийн эдийн засагч/ үл хөдлөх хөрөнгийн газар өөрийн биеэр бүртгүүлэх ба мөн буцаан авна”, 5.2.15-д “Зээл болон барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэний дараагаар Зөвлөн халамжлагч нь өөрийн биеэр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас дахин үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авч барьцааны зүйлд гуравдагч этгээд давхар үүрэг ногдуулсан эсэхийг шалган зээл олгох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ”, 6.1.15-т “Барьцаа хөрөнгийг банкинд барьцаалсан тухай бүртгэлийг ххолбогдох газарт Зөвлөн халамжлагч нь зээлдэгчийн хамт очиж бүртгүүлнэ” гэж заасан байх ба Манлай халамжлагч нь үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгож байгаа тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр барьцаалбарыг бүртгүүлэх, лавлагааг авах нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд тус тус үүрэг  хүлээлгээгүй байна. 

 

           Хариуцагчийн ноцтой зөрчил гэж үзэж байгаа ажил үүргийг Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд зааснаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгож байгаа тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр барьцаалбарыг бүртгүүлэх, лавлагааг авах үүргийг Зөвлөн халамжлагч буюу зээлийн эдийн засагч гүйцэтгэхээр зохицуулсан байна.

        

           Нөгөөтэйгүүр хариуцагч гэрчилгээ болон лавлагааг зээлийн хорооны гарын авлагад заасны дагуу шалгаж авсан бол банкинд эрсдэл үүсгэхгүй байсан хуурамч гэдгийг тогтоох боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

          Учир 000569822, 000342042, 000320081 дугаар бүхий 3 ширхэг гэрчилгээ, иргэдэд үйлчлэх автомат машинаас гарган авдаг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 3 ширхэг лавлагаануудад бичиг баримтын шинжилгээний шинжээч шинжилгээ хийж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1865 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2-т “Шинжилж буй дээрх баримтуудын бичвэрүүд нь хар өнгийн хуурай нунтаг /тонер хортой/  лазер жит төрлийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байх бөгөөд шинжилгээнд ирүүлсэн лазер жит М-1132MFP маркийн хэвлэх төхөөрөмжтэй хэвлэлийн төрлөөрөө тохирч байна”, 3-т “Шинжилгээнд ирүүлсэн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтуудын хэвлэлийн цаас нь үнэт цаас буюу жинхэнэ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааны цаас байна” гэж дүгнэлтээр тогтоогдсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг  хуурамч гэдгийг салбарын захирал хяналт тавих үүргийнхээ хүрээнд илрүүлэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

           Иймд хариуцагчийн тушаалд дурдсан ноцтой  зөрчлүүд гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй,  ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байх тул М Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

          Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 3 300 449 төгрөг /3 681 304+2 603 920+ 3 616 125 =9 901 349 :3= 3 300 449 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын 100  хоногийн цалин нийт 15 360 900 төгрөгийг /3 300 449 : 21,5 хоног = 153 509 төгрөг 1 хоногт ногдох цалин, 100 хоног х 153 509 төгрөг= 15 360 900 төгрөг,/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

           Иймд А-нд С.Мөнхтамгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Хатигин овогт Содномпунцагийн Мөнхтамгыг А банк ХХК-ийн Дөчин мянгат харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.

     

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар А-иас С.Мөнхтамгын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 360 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.Мөнхтамгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А-нд даалгасугай.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 754 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О