Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/01149     

 

  2022        03         15                                      101/ШШ2022/01149             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххххххххх дүүрэг, ххххххх хороо, хххх тоотод оршин байрлах С.Ф ББСБ ХХК /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххх дүүрэг,хххххх  хороо, ххх байр ххх  тоотод оршин суух, ххххх овгийн Б.М /00000/,

Хариуцагч: хххххххх дүүрэг, хххх хороо, хххххххх гудамж, хххххх байр, ххх  тоотод оршин суух, хххххх овгийн А. Г /00000000 / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 238,177,650.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н , С.Н, өмгөөлөгч Н.М, хариуцагч Б.М төлөөлөгч М.О, хариуцагч А.Г төлөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-ийн төлөөлөгч Э.Н , С.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-тай  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 120 сая төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулж 120 сая төгрөг зээлдүүлсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай гэрээ байгуулж 40 сая төгрөг олгосон. Мөн Ххххххдүүрэг,  ххххххххх , хх тоотод байрлалтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч огт төлбөр төлөөгүй, гэрээний үүрэг дууссанаас хойш бид нэмэгдүүлэх байсан боловч нэмэгдүүлээгүй. Тиймээс Б.М тай байгуулсан 2 гэрээ болон барьцааны гэрээг үндэслэж 238,177,650.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв төлөхгүй бол хариуцагч Г ын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч авсан зээл дээр маргадаггүй. Зөвхөн нэмэгдүүлсэн хүүнд маргадаг. Барьцааны гэрээ нь хэлбэр, шаардлагыг хангасан гэрээнүүд тул хангагдах боломжтой гэрээнүүд. Тооцооллыг буруу бодсон гэж маргадаггүй боловч тайлбар хэлье. Үндсэн хүү бол зээл гаргаснаас нэхэмжлэл гаргах хүртэл хоногоор тооцохоор 51 хувь гардаг, 20 хувиас хэтрэхгүй гэж хуульд заасан учраас хуульд нийцүүлж нэхэмжилсэн. Хавсралтаар өгсөн тооцооллын баримтаар эхний зээлийнх үндсэн зээл 119,983,187.3 төгрөг, хүү 51,773,567.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,191,581.2 төгрөг, нийт 180,948,335.6 төгрөг болно. Дараагийн зээл 40,000,000 төгрөг, хүү 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,487,945.54 төгрөг, нийт 57,229,315.4 төгрөг болж байгаа, нийлбэр нь 238,177,650.17 төгрөг гэдгийг тайлбарлахгүй бол нийлүүлж нэхээд байна гэж ойлгоод байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч Б.М  зээлийг төлж чадахгүй бол хариуцагч А.Г ын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа гэв.

Хариуцагч Б.М ын төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120 сая төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 07-нд 40 сая төгрөгийн зээлийг авсан. Эдгээр нь тусдаа бөгөөд эхний гэрээнд А.Г ын байрыг барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч дээрх 2 гэрээг хамааралтай гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Өмнөх гэрээнд орон сууцыг нэмж байгуулсан гэсэн зүйлгүй байж 2 гэрээний үүргийг нэгтгээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг нь үндэслэлгүй. 175,066,226 төгрөгийг зөвшөөрч байгаа, 63,111,424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас 2 зээлийн 10,679,227 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилдэг. Зээлийн гэрээний 3.2.1-г баримталдаг боловч тэр нь хууль зөрчсөн заалт. Иргэний хуулийн 452.2-т гэж заасан боловч зээлийн гэрээнд шууд 20 хувьтай тэнцэх гэж өөрт ашигтай байдлаар тодорхойлсон нь зээлдэгч талд хохиролтой, шударга ёс. Монгол банкны аргачлалын дагуу тооцохоор байтал илт хохиролтой байдлаар тооцож байгаад гомдолтой байна. Банк, эрх бүхий тухай хуульд зааснаар зээлийн хүү, хугацаа нь гол зүйл байдаг боловч зээлдэгчид санал 3.2.1 буюу үүрэг гэсэн хэсэгт оруулсан нь уг заалтыг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 453.1-д хүүг нэхэмжлэхийн тулд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх ёстой боловч тусгай зөвшөөрөл нь хэрэгт хавсаргагдаагүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй бол хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч А.Г ын төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд өмнө нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай гаргасан тайлбараа дэмжиж байна. Одоо нэмж хэлэх зүйлгүй. Анх нь Б.М  нь ийм их хэмжээний мөнгөний барьцаанд байрыг барьцаална гэж хэлээгүй учраас өндөр дүнтэй зээлд байрыг барьцаалсныг зөвшөөрөхгүй. Их хэмжээний хөрөнгө яригдаж байхад нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан мэдэгдэл А.Г т огт ирээгүйд маргаж, барьцаатай холбоотой нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, С.Ф ББСБ ХХК, Б.М  нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2020-051, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан СФ-003 тоот зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2020-051 тоот барьцааны гэрээ, А.Г ын өмчлөлийн Ххххххдүүрэгт орших 46 тоот орон сууцны гэрчилгээ, Итгэмжлэл, 2020-051, СФ-003 тоот зээлүүдийн тооцоолол, зээл олгосон баримт /хавтаст хэргийн 6-22, 128-129 дахь тал/-ыг, хариуцагч Б.М  нэхэмжлэлээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбар, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт тайлбар /хавтаст хэргийн 85-86, 97-104, 114 дахь тал/-ыг, хариуцагч А.Г  нэхэмжлэлээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбар /хавтаст хэргийн 66 дахь тал/-ыг тус тус шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК, хариуцагч Б.М , А.Г  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,177,650 төгрөг буюу С.Ф ББСБ ХХК, Б.М  нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2020-051 тоот гэрээний үндсэн зээлд 119,983,187.3 төгрөг, зээлийн хүүнд 51,773,567.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,191,581.2 төгрөг, нийт 180,948,335.6 төгрөгийг гаргуулахаар, мөн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СФ-003 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 40,000,000 төгрөг, зээлийн хүүнд 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,487,945.54 төгрөг, нийт 57,229,315.4 төгрөгийг гаргуулахаар, дурдсан хоёр гэрээний үүрэгт нийт 238,177,650.17 төгрөг гаргуулахаар, мөн хариуцагч А.Г т холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлээс хариуцагч Б.М  175,066,226 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 63,111,424 төгрөгийн шаардлагаас татгалзсан бол хариуцагч А.Г  өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК, хариуцагч Б.М  нар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2020-051 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 120,000,000 төгрөгийг нэг сарын 3.50 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, мөн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СФ-003 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 40,000,000 төгрөгийг нэг сарын 3.50 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авчээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.М-т нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээлийг олгожээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч Б.М  нар нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020-051 тоот барьцааны гэрээгээр “2020-051 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч А.Г ын өмчлөлийн Хххххх дүүргийн 11 дүгээр хороо,ххххх /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байрны 46 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаартай, 110.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ.

Хариуцагч А.Г  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээр дурдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг зөвшөөрч хариуцагч Б.М т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон, тус итгэмжлэлийн хугацаанд хариуцагч Б.Марсаржав үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.М аас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020-051 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлд 119,983,187.3 төгрөг, зээлийн хүүнд 51,773,567.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,191,581.2 төгрөг, нийт 180,948,335.6 төгрөгийг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СФ-003 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлд 40,000,000 төгрөг, зээлийн хүүнд 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,487,945.54 төгрөг, нийт 57,229,315.4 төгрөгийг буюу нийт 238,177,650.17 төгрөг гаргуулахаар шаардсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус хоёр зээлийн төлбөрийн тооцооллын хүснэгттэй нийцсэн, хариуцагч нэхэмжлэгчийн тус дүн, тооцооллыг үгүйсгээгүй, мөн зээлээс буцаан төлсөн үйл баримт тогтоогдоогүй байна. Хариуцагч Б.М  тус хоёр зээлийн нийт дүнгээс 175,066,226 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба хоёр зээлийн хэтэрсэн хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас татгалзсан. Мөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй.

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, зээлдэгч, барьцаалуулагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн болон барьцааны гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч Б.М  нь дээрх хоёр зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт зээл, хүүг төлөөгүй гэх ба энэ талаар зохигч маргаагүй. Зохигчийн хооронд байгуулсан 2020-051, СФ-003 тоот зээлийн гэрээнүүдийн тооцоолол нь 2020-051 тоот гэрээний үндсэн зээл 120,000,000 төгрөг, хэтэрсэн 12 сар 10 хоногийн үндсэн хүү 51,773,567 төгрөг болж гэрээний 3.2.1-д зааснаар төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувь 10,354,713 төгрөг болох тул нэхэмжлэгч 9,191,581 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцнэ. Тус зээлийн нийт үүрэг 180,948,335.3 төгрөг байна. Мөн СФ-003 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, хэтэрсэн 11 сар 8 хоногийн үндсэн хүү 15,741,369 төгрөг болж гэрээний 2.1.6-д зааснаар төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувь 3,148,273 төгрөг болох тул нэхэмжлэгч 1,478,945 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцнэ. Зээлийн нийт үүрэг 57,229,315 төгрөг байна. Нийт /57,229,315+180,948,335.6=238,177,650.6/ 238,177,650.6 төгрөг болж байна.

Хариуцагч Б.М  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Б.М аас 2020-051, СФ-003 тоот зээлийн гэрээний үүрэгт 238,177,650.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч Б.М  шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлээгүй бол хариуцагч А.Г ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч Б.М  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг учир хариуцагч А.Г  нь нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй. Иймд барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Г ын өмчлөлийн Ххххххдүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байрны 46 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 110.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК, хариуцагч Б.М  нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2020-051 тоот барьцааны гэрээгээр “2020-051 тоот гэрээний үүргийг хангах баталгаа болгох”-оор заажээ. Харин 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СФ-003 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд тохиролцоогүй, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар гагцхүү 2020-051 тоот зээлийн гэрээний үүрэгт хамаарна. Барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалттай байсан тул СФ-003 тоот зэлийн гэрээний үүрэгт нэмж хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр талууд тохиролцсон гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хууль зүйн хувьд зөвтгөгдөхгүй.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.14-т заасны дагуу барьцаа нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга болохынхоо хувьд барьцаагаар хангагдах үндсэн шаардлага нь тодорхой байх, ямар шаардлагыг хангуулахаар барьцааны зүйлийг барьцаалж байгааг хэлбэрийн хувьд хуульд нийцүүлэн үйлдсэн байх шаардлагыг мөн хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу тодорхой заажээ. Зохигчийн хооронд СФ-003 тоот зээлийн гэрээний үүргийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулахаар бичгээр үйлдсэн барьцааны гэрээ байхгүй, урьд байгуулсан барьцааны гэрээнд нэмэлт заалт оруулаагүй, гэрээг өөрчлөөгүй байх тул нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК, хариуцагч Б.М  нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан СФ-003 тоот 40,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээний үүрэг 57,229,315 төгрөгийн шаардлагыг хариуцагч А.Г ын өмчлөлийн дээрх 46 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч Б.М аас зээлийн гэрээний үүрэгт 238,177,650.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагад, хариуцагч А.Г ын өмчлөлийн Хххххх дүүрэгт орших дээрх 46 тоотод орших үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах мөнгөн дүнгийн хэмжээ нь 180,948,335.6 төгрөг байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М  /ОД81011713/-аас 238,177,650.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК /000000000/-д олгосугай.

2. Хариуцагч Б.М  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 180,948,335.6 төгрөгийн хэмжээнд хариуцагч А.Г  /0000000000 /-ын өмчлөлийн Ххххххдүүргийн ххх дүгээр хороо, ххххххххххх/ ххххххх гудамж, хххх байрны ххххх тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 110.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс 57,229,315 төгрөгийн хэмжээнд барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М аас 1,348,838 төгрөг, хариуцагч А.Г аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ