Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00869

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00869

 

ӨА ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01149 дугаар шийдвэртэй

ӨА ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, А.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 238,177,650.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намсрай, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр, хариуцагч А.Цын өмгөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Энхням, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, С.Намсрай нарыг шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Бтай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулж 120,000,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн 2020 оны 00 дүгээр сарын 07-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай гэрээ байгуулж 40,000,000 төгрөг олгосон. Мөн Хан-Уул дүүрэг, 11 б 206, 36 тоотод байрлалтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тиймээс Б.Бтай байгуулсан 2 гэрээ болон барьцааны гэрээг үндэслэж 238,177,650.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв төлөхгүй бол хариуцагч А.Цын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч авсан зээл дээр маргадаггүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүүнд маргадаг. Үндсэн хүү бол зээл гаргаснаас нэхэмжлэл гаргах хүртэл хоногоор тооцохоор 51 хувь гардаг, 20 хувиас хэтрэхгүй гэж хуульд заасан учраас хуульд нийцүүлж нэхэмжилсэн. Хавсралтаар өгсөн тооцооллын баримтаар эхний зээлийнх үндсэн зээл 119,983,187.3 төгрөг, хүү 51,773,567.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,191,581.2 төгрөг, нийт 180,948,335.6 төгрөг болно. Дараагийн зээл 40,000,000 төгрөг, хүү 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,487,945.54 төгрөг, нийт 57,229,315.4 төгрөг болж байгаа, нийлбэр нь 238,177,650.17 төгрөг гэдгийг тайлбарлахгүй бол нийлүүлж нэхээд байна гэж ойлгоод байна. Хариуцагч Б.Б зээлийг төлж чадахгүй бол хариуцагч А.Цын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа гэжээ.

2. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 120,000,000 төгрөгийг, 2020 оны 00 дүгээр сарын 07-нд 40,000,000 төгрөгийн зээлийг авсан. Эдгээр нь тусдаа бөгөөд эхний гэрээнд А.Цын байрыг барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч дээрх 2 гэрээг хамааралтай гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Өмнөх гэрээнд орон сууцыг нэмж байгуулсан гэсэн зүйлгүй байж 2 гэрээний үүргийг нэгтгээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг нь үндэслэлгүй. 175,066,226 төгрөгийг зөвшөөрч байгаа, 63,111,424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас 2 зээлийн 10,679,227 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилдэг. Зээлийн гэрээний 3.2.1-г баримталдаг боловч тэр нь хууль зөрчсөн заалт юм. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан боловч зээлийн гэрээнд шууд 20 хувьтай тэнцэх гэж өөрт ашигтай байдлаар тодорхойлсон нь зээлдэгч талд хохиролтой. Монгол банкны аргачлалын дагуу тооцохоор байтал илт хохиролтой байдлаар тооцож байгаад гомдолтой байна. Банк, эрх бүхий тухай хуульд зааснаар зээлийн хүү, хугацаа нь гол зүйл байдаг боловч зээлдэгчид санал 3.2.1 буюу үүрэг гэсэн хэсэгт оруулсан нь уг заалтыг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хүүг нэхэмжлэхийн тулд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх ёстой боловч тусгай зөвшөөрөл нь хэрэгт хавсаргагдаагүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй бол хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч А.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирын хариу тайлбар, татгалзлын агуулга: Шүүхэд өмнө нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай гаргасан тайлбараа дэмжиж байна. Одоо нэмж хэлэх зүйлгүй. Анх Б.Б нь ийм их хэмжээний мөнгөний барьцаанд байрыг барьцаална гэж хэлээгүй учраас өндөр дүнтэй зээлд байрыг барьцаалсныг зөвшөөрөхгүй. Их хэмжээний хөрөнгө яригдаж байхад нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан мэдэгдэл А.Цт огт ирээгүйд маргаж, барьцаатай холбоотой нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б /ОД81011713/-аас 238,177,650.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК /6526268/-д олгож, хариуцагч Б.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 180,948,335.6 төгрөгийн хэмжээнд хариуцагч А.Ц /Йбббббббббб/-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, б /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байрны 46 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн ббббббббббб дугаартай, 110.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс 57,229,315 төгрөгийн хэмжээнд барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баас 1,348,838 төгрөг, хариуцагч А.Цаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаярын давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч Б.Б анхан шатны шүүхийн шийдвэрээс 175,066,226 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 63,111,424 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийн мөнгийг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулан буцаан төлөх болзолтой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдан компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Энэ тухай ӨА ББСБ ХХК-д мэдэгдэж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, зээлийн гэрээний хугацаа сунгах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хүлээж аваагүй болно. Хариуцагчийн хувьд зээлийн мөнгийг төлөхөөс зайлсхийсэн удаа байхгүй бөгөөд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улсын хил хаагдсан, улс даяар хөл хорио тогтоож, тодорхой хэдэн чиглэлээс бусад компанийн үйл ажиллагааг зогсоосон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компанид хийгдэхээр төлөвлөгдөөд байсан ажлууд маань зогсонги байдалд орж нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө эргэлтэд оролгүй түгжигдэж, ихээхэн хэмжээний хохирол амсаж байна. Иймд хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүү 63,111,424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3.2.1-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү...төлж барагдуулна гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор заасан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.2.1-т шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний гэж өөрт ашигтайгаар тодотгон тодорхойлсон нь зээлдэгчид хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэхэд 1-20 хувь хүртэл хэмжээний нэмэгдүүлсэн хүүг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу бодож тооцохоор байхад зээлдүүлэгч нь зээлдэгчид илт хохиролтойгоор буюу зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Гэтэл ӨА ББСБ ХХК нь стандарт нөхцөлтэй гэрээг зээлдэгчид санал болгохдоо эрх зүйн болоод эдийн засгийн шууд үр дагаврыг бий болгож байгаа нэмэгдүүлсэн хүүний талаарх заалтыг гэрээний 3.2 буюу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гэсэн хэсэгт оруулсан нь үндэслэлгүй, уг заалтыг тохиролцсон гэж үзэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож зээлдэгч талд хэт хохиролтой шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 63,111,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч А.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. А.Ганбааатарын зүгээс хамтран ажиллаж байсан тул үлдэгдэл 30,000,000 төгрөгт Хан-Уул дүүргийн 11-р хороо /17020/ Дүнжингарав гудамж 206/2 байр 4б тоот 110.6 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалах итгэмжлэл олгосон. Тухайн үед хаанаас хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн боловч А.Цт мэдэгдээгүй ба дараа нь зээл болчихсон гэсэн хариу л өгсөн. А.Цын хувьд 2021 оны 11 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ӨА ББСБ-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, А.Ц нарт холбогдох хэрэгт иргэний хэрэг үүссэн таныг хариуцагчаар татсан, нэхэмжлэлийн хувиа гардаж аваад хариу тайлбараа өгөөрэй гэж ярихад л анх Б.Б нь А.Цын орон сууцыг ӨА ББСБ-д 120,000,000 төгрөгийн зээлд барьцаалсан байсныг мэдсэн. Гэтэл Б.Б нь анх А.Цаас итгэмжлэл авахдаа Зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна 60,000,000 төгрөгт нягтлан хөрөнгийг харин үлдэх 30,000,000 төгрөгт барьцаа хөрөнгө шаардлагатай гэж хэлсэн бөгөөд А.Ц нь түүнийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийн 2316 дугаартай итгэмжлэлийг олгосон. Гэтэл Б.Б нь анхнаасаа А.Цыг хуурч мэхэлж итгэмжлэл авчихаад их хэмжээний мөнгө буюу 120,000,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан. Түүнийгээ А.Цт мэдэгдээгүй, ӨА ББСБ ХХК нь ч мэдэгдээгүй зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон. Мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ-ний зорилго хэсэг болон 5 дугаар зүйлд заасан барьцаалуулагчийн баталгаа, зөвшөөрөл хэсгүүдэд М.Б нь Хан-Уул дүүргийн, 11-р хороо /17020/ Дүнжингарав гудамж 206/2 байр 46 тоот 110,6 м.кв талбайтай орон сууцыг өөрийн хууль ёсны өмч гэж баталгаа гарган барьцаалсан нь хууль зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй байна. Ийнхүү 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн №2020-051 дугаартай Барьцааны гэрээ нь хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн мөн барьцааны гэрээг өмчлөгчид мэдэгдээгүй, танилцуулаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Мөн хариуцагч А.Цын зүгээс дээрх итгэмжлэл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч А.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намсрай, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Нийт нэмэгдүүлсэн хүү буюу 63,000,000 төгрөгийн хэмжээнд давж заалдах гомдол гаргасан гэж ойлгож байна. Энэ талаар шүүх тодорхой дүгнэлт өгсөн. Энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хариуцагч тал шүүхэд нотлох баримтаа гаргаж өгч мэтгэлцэх ёстой. Зөвшөөрөхгүй гэж байгаа атлаа зөвшөөрөхгүй байгаагаа нотлох баримтуудыг гаргаж өгдөггүй. Тооцооллын хувьд маргадаггүй атлаа зөвшөөрөхгүй гэх тайлбарыг л хэлдэг. Нэхэмжлэгчээс болон Банк бус санхүүгийн байгууллагаас тооцооллыг тодорхой гаргаж өгсөн. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч А.Цын хувьд итгэмжлэлээр тухайн үүргийг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас нэмж хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК нь хариуцагч Б.Б, А.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,177,650.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 66, 85-86/

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК нь хариуцагч Б.Бтай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2020-051 тоот зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, мөн 2020 оны 00 дүгээр сарын 07-ны өдөр СФ-003 тоот зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. /хх.6-12/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцжээ. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй. /хх.19-21/

6. Хэргийн 15 дугаар талд хариуцагч А.Цаас Б.Бд олгосон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2316 дугаар итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК хариуцагч Б.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020-051 тоот барьцааны гэрээ байгуулж, А.Цын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, б /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байрны 46 тоот, эрхийн улсын бүртгэлийн ббббббббббб дугаартай, 110.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх.13-14/

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлйн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

9. Зээлдэгч Б.Быг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020-051 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 119,983,187 төгрөг, зээлийн хүү 51,773,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,191,581 төгрөг, нийт 180,948,335.6 төгрөг, мөн 2020 оны 00 дүгээр сарын 07-ны өдрийн СФ-003 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,487,945.54 төгрөг, нийт 57,229,315.4 төгрөгийг хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 238,177,650.17 төгрөг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч хариуцагч Б.Баас 238,177,650.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

10. Хариуцагч А.Ц барьцааны зүйлийн өмчлөгч бөгөөд барьцааны гэрээг зохих ёсоор байгуулсан байгаа тохиолдолд бодитойгоор зээл аваагүй гэдэг нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй бөгөөд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

10.б. Мөн хариуцагч Б.Бын ...үндсэн зээл 175,066,226 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 63,111,424 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүг төлөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

11. Нэхэмжлэгч ӨА ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 473,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО