Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/00451

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр Дугаар **1/ШШ2017/00451 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ********* тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй О овогт Б-гийн Ц-н /********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө өөрийн байранд байрлах УБЗЗАГ ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Олонхууд овгийн Б.Ц миний бие **** оны **дугаар сард УБЗЗАГ ОНӨААТҮГ-т хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн албан тушаалд томилогдож байсан.

**** онд НҮУНОНӨААТҮГ байгуулагдсанаар жилийн турш тасралтгүй Дотоод ажлын мэргэжилтнээр ажиллаж байгаад холбогдох тогтоолын дагуу **** оны ** дугаар сараас эхлэн УБЗЗАГт шилжин ажиллах тушаалын дагуу Газрын даргын **** оны ** дугаар сарын **-ны ѳдрийн *** тоот Ажилд авах тушаалаар Дотоод ажлын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан.

Дотоод ажлын мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээг тус оныг дуустал хугацаанд байгуулсан ба Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. /Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө хэлсэн боловч авч хэлэлцээгүй/

**** оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд ажлын байрны тодорхойлолт гараагүй хэдий ч хуучин гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй адил төрлийн ажил үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ удирдлагаас өгсөн бүхий л ажлыг цаг тухайд нь ямар нэгэн асуудалгүй гүйцэтгэж ирсэн.

Миний бие **** онд Их засаг Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн, **** онд Монгол улсын их сургуулийг Эрх зүйч магистр зэрэгтэйгээр төгссөн болно.

Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Т **** оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуудан ажлын байранд тохирохгүй байна гэж хэлсэн. /АБТ-хийгдээгүй шалтгаанаар танилцаагүй болно/ Гэвч миний эзэмшсэн мэргэжил чадвар, дадлын хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Архивын эрхлэгч хий тэр ажлын байранд мэргэжил чинь тохирно гэсэн, гэвч архивын эрхлэгчийн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай гэж үзсэний дагуу сургалтанд хамрагдан архивын эрхлэгчийн ажлыг гүйцэтгэе гэхэд маргааш өдөр нь диспетчерээр тушаал гарч байгаа гэсэн. Дотоод ажлын мэргэжилтэн хийхэд Нийгмийн ажилтан мэргэжлийн хүн л тохирдог юм гэж хэлсэн.

Надад сэлгэн ажиллуулах тушаалын талаар ямар нэгэн ярилцсан, санал тавьсан тохиролцсон зүйл байгаагүй, хэлтсийн ахлах мэргэжилтэн болон хэлтсийн даргын өөрсдийн үзэмжээр шийдвэрлэсэн зүйл юм.

Хүчин төгөлдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2-д заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх болон байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж тушаал гаргасны зэрэгцээ **** оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр очиход өнөөдөр 24 цагийн гараатай ээлжинд гарах байсан чи гараагүй учир арга хэмжээ авна хэмээн хэлтсийн ахлах мэргэжилтэн хэлсэн.

Сэлгэн ажиллуулах тушаалын үндэслэл болгосон УБЗЗАГын газрын дүрмийн 2.12.3 дахь хэсгийн заалт нь удирдлагын бүтэц зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх гэсэн заалт байгаа болно.

Гэвч миний бие хөдөлмөрийн хуулийн **2.1-д зааснаар тухайн 24 цагийн ажил болон ажлын цаг нөхцөл зэрэг олон шалтгаанаар эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг зохих хууль журмын дагуу бодож бичилт хийлгэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн **** оны Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын **** оны Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 дугаар захирамжийн дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл ОНӨААТҮГ-ыг **** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламж ОНӨААТҮГ гэсэн гурван байгууллагад хуваан зохион байгуулсан.

УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын Чиг үүрэг, бүтэц орон тоог Газрын даргын **** оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Цалин хөлс батлах тухай А/01 тоот тушаалаар баталсан. Шинээр байгуулагдсан байгууллагын үйл ажиллагаа жигдэрч шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолтод дотоод ажлын мэргэжилтэн нь тусдаа байгаа учир Б.Ц урьд ажиллаж байсан дадлага туршлагыг нь харгалзан үзэх ахлах диспетчeрээр сэлгэх талаар санал тавьсан. Байгууллагын үйл ажиллагааг хэвийн түргэн шуурхай явуулахын тулд Газрын даргын **** оны 12 дугаар сарын 05-ны ѳдрийн ***** тоот тушаалаар диспетчерийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар томилсон. Энэ тухай Б.Цалбан ёсоор танилцуулсан ба удаа дараа утсаар мэдэгдсэн боловч ажлаа тасалж ирээгүй. Иймээс байгууллагын хариуцлагын тухай журмын 2.7.7-д заасны дагуу Б.Ц сахилгын арга хэмжээ ногдуулсан. Мөн дахин холбогдож ажилдаа ирэхийг мэдэгдсэн ч Б.Ц ажилдаа ирээгүй Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан  Б.Ц газрын даргын **** оны 12 дугаар сарын 15-ны ѳдрийн Б/333 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн **** оны 14 дүгээр тогтоолоор баталсан Улаанбаатар зам засвар, аргачлалын газар ОНӨААТҮГ-ын даргын **** оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан Хариуцлагын тухай журмын 2.7.7-д заасныг үндэслэн Б/346 тоот тушаалаар ажлаас халсан болно гэжээ .

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь Б.Ц нь хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг зохих хууль журмын дагуу бодож бичилт хийлгэн баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Ц **** оны ** дугаар сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс эхлэн Захиргаа, санхүүгийн хэлтэст Дотоод ажлын мэргэжилтнээр ажиллуулсан, **** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот тушаалаар **** оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Захиргаа, санхүүгийн хэлтэст Диспетчерээр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримтууд нь зохигч талуудын тайлбар болон тушаалын хуулбарууд /х.х-ийн 3, 4 дэх талд/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /х.х-ийн 6-7 дахь талд/, хөдөлмөрийн гэрээний эх хувь /х.х-ийн 8-9 дэх талд/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тодорхойлон дүгнэлт хийх нь зүйтэй.

Ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгох шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч Б.Ц УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтэст Дотоод ажлын мэргэжилтний ажлаас **** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот Б.Цсэлгэн ажиллуулах тухай тушаалаар тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-ийн 4 дэх талд/

Тус тушаал нь үүрэгт ажлаас чөлөөлөх болон үүрэгт ажилд томилох хоёр агуулга зорилготой байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаараа тухайн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

Тус тушаалын ажлаас чөлөөлсөн хэсэгт хууль зүйн дүгнэлт хийхэд, ажлаас чөлөөлж байгаа үйл баримт нь байнгын ажлын байранд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож байгаа хууль зүйн факт юм.

Тушаалын нэршил нь сэлгэн ажиллуулах гэж томъёологдсон, тушаалын агуулгыг нэхэмжлэгч болон хариуцагч нар тайлбартаа ажилд шилжүүлэх тушаал гэж тайлбарлах боловч тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйл, 34 дүгээр зүйлд заасан шилжүүлэн ажиллах зохицуулалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болгох үндэслэлийг 37 дугаар зүйлийн 37.1.1-ээс 37 дугаар зүйлийн 37.1.8 хүртэлх заалтаар зохицуулжээ.

Ажилтныг эрхэлж байгаа ажил үүргээс чөлөөлж байгаа тушаалын хувьд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгээс 37.1.7 хүртэлх заалтаар зохицуулагдах үндэслэлүүдэд хамааралгүй байна.

Ажилтантай **** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулсан №***** дугаартай Хөдөлмөрийн гэрээний дагуу талууд гэрээний хугацааг **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байдлаар тодорхой хугацаатайгаар байгуулжээ.

Хөдөлмөрийн гэрээнд хугацаа тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан зохицуулалтад нийцэж байна. Талууд тус гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, гэрээний нөхцлийг тохиролцсоноо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгохдоо ажилтны хүсэл зориг, санаачлагыг харгалзаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтаар зохицуулагдах ёстой байна.

**** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот Б.Ц сэлгэн ажиллуулах тухай тушаалаар тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлийг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан аль нэг үндэслэлийг тушаалд тусгаагүй байна.

Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт үндэслэсэн байх бөгөөд хариуцагч тал тус үндэслэлийг ажилтныг ажлаар хангах үүрэгтэй холбоотой гэж тайлбарлах тул тушаалын ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааралгүй, харин ажилд томилсон хэсэгт хамааралтай гэж үзэв.

Тушаал гаргаж, тухайн үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлийг хариуцагч талаас тайлбарлахдаа, ажлын байрны тодорхойлолтоор тавигдах шаардлагад нийцэхгүй, мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсон гэж тайлбарлаж байна. Хэдийгээр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөх байгуулах тухай тогтоолын дагуу УБЗЗАГ ОНӨААТҮГ болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолтоор тохирох ажил мэргэжлийн тухай яригдаж байсан хэдий ч энэ нь ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварт хүргэж болохгүй байна.

Хариуцагч тал тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тухайн ажил мэргэжилд тавигдах шаардлага хангахгүй гэж тайлбарлах боловч тушаал нь тухайн хууль зүйн үндэслэлээр гараагүй, хариуцагчийн тайлбарласан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Ц УБЗЗАГын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Дотоод ажлын мэргэжилтний ажил үүргээс хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байх тул **** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хуульд заасан үндэслэлгүйгээр эрхэлж байсан ажил үүргээс чөлөөлсөн нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болж, **** оны ** дугаар сарын 20-ны өдрийн Б.Ц ажилд авах тухай тушаалын үйлчлэл сэргээгдэх тул **** оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Захиргаа, санхүүгийн хэлтэст диспетчерээр сэлгэн ажиллуулах тухай **** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот тушаалын холбогдох хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд,

**** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б.Ц сэлгэн ажиллуулах тухай ***** тоот тушаал хүчингүй болохтой холбогдуулан **** оны ** дугаар сарын 20-ны өдрийн Б.Ц ажилд авах тухай тушаал сэргээгдэж, Б.Ц байгуулсан №***** тоот Хөдөлмөрийн гэрээний эрх, үүрэг үргэлжлэх тул тус тушаал болон гэрээний дагуу УБЗЗАГын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Дотоод ажлын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар, ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох хуулийн зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч Б.Ц нэг сард авах цалинг **** оны ** дугаар сарын 20-ны өдрийн тушаалын 2 дахь заалтаар 524 300 төгрөг гээд, хоол, унааны нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 3 дахь талд/ Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т тухайн дүнгээр тохиролцсон байна. /х.х-ийн 8 дахь талд/ Сард авдаг цалингийн хэмжээний талаар хариуцагч тал маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор тусгасан байх тул дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй.

Дундаж цалин хөлс тооцохдоо үндсэн цалин болон хөдөлмөрийн хөлс, орлогыг бүхэлд тооцох тул ажилтны Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлон /**** оны 9 дүгээр сард 772 391 төгрөг, ** дугаар сард 652 730 төгрөг, 11 дүгээр сард 660 730 төгрөг/ нэг сарын дундаж цалин хөлсийг 695 284 төгрөг, сарын дундаж хоногт хуваан /695 284 төгрөгийг 21,5 хоногт хуваан/ нэг өдрийн дундаж цалинг 32 338 төгрөг гэж тодорхойлов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг **** оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхээс шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар ажлын 43 хоног байх бөгөөд тухайн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар 12 дугаар сарын 29-ний өдрийн амралтын өдөр таарч байх тул тухайн өдрийн хасч тооцон ажлын 42 хоног гэж тодорхойлов.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэг өдрийн 32 338 төгрөгийг ажлын 42 хоногоор тооцон 1 358 196 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагын хувьд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГ-т даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д баримтлан Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ийн даргын **** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Бгийн Ц УБЗЗАГ ОНӨААТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Дотоод ажлын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан УБЗЗАГ ОНӨААТҮГ-аас 1 358 196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийн баталгаажуулахыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У газар ОНӨААТҮГ-аас 36 681 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН