Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2021/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын 3-р баг Голын цагаан гэх газарт оршин суух, /иргэний үнэмлэхний хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р хороо, ******* ******* ******* тоот/, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Байгаль орчинд учруулсан хохиролд 10 964 158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02-р сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аймгийн прокурорын газарт хүсэлт гаргасан. Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Далангийн хар ам гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хээрийн түймэр гарсан. Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд 10 964 158 төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож нийтийн ашиг сонирхолд учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэсний дагуу Дорнод аймгийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Далангийн хар ам гэх газарт хонины ноос, бууц шатааж, улмаар галыг бүрэн унтраалгүй орхисны улмаас хээрийн түймэр гарч байгаль орчин, экологид 10 964 158 төгрөгийн хохирол учруулсан.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 138/ШТ2020/00033 дугаартай шүүхийн тогтоолоор ...Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагуу гэм буруугийн асуудлыг шалгаагүй, ....танилцуулж мэдэгдээгүй... гэх хэрэгсэхгүй болгосон. ....Дээрх байдлаас дүгнэхэд А.******* нь 2020 оны 3 сарын 24-ний өдөр зөрчил үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 4 сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ... хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно... гэж зааснаар *******гийн гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 сарын 21-ний өдөр дууссан. Цаашид дээрх гомдол мэдээлэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна. Прокуррорын байгууллагын зүгээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хууль заасан бүхий л арга хэмжээ авч ажилласан бөгөөд цаашид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар *******гээс байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол болох 10 964 158 төгрөгийг гаргуулж улсын төсөвь оруулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Прокурорын газар нь 2020 оны 10 сард хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай адил шаардлагыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн дээрх шаардлагыг шүүх шийдвэрлэсэн байгаа бөгөөд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй, *******гийн овгийг өөр өөрөөр бичсэн байна. *******гийн төлөөлөгч миний хувьд прокурорын газрын нэхэмжлэл хуульд нийцээгүй, нэгэнт шүүхээр тогтоогдсон баримтыг дахин хэлэлцэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Онцгой байдлын газраас *******г дуудаж хээрийн түймэр тавьсан буруутай үйлдэлд зөрчлийн хэрэг нээх гэсэн боловч Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн хариу өгч таныг гэм бурууг тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн. Мөн өмнөх шүүх хэрэгт гаргаж өгсөн баримтыг тэр чигээр нь ирүүлсэн байгаа, хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхээс хуульд зааснаар шийдвэр гаргах боломжгүй талаар шүүх хурал дээр санал дүгнэлт гаргаж байсан. *******д ямар ч гэм буруу байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Энэ хэрэг хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан өмнөхөөр орж ирсэн нэмэгдсэн хасагдсан зүйлгүй байна. Зөрчлийн талаар арга хэмжээ авагдаагүй, Сэргэлэн сумын ИТХ-ын комисс, хэсгийн төлөөлөгчийн хохирлын тооцоо гаргасан байна. Энэ нь өмнөх шүүх хурлаа хэлэлцээд шийдвэрлэгдсэн. Гэмт хэргийн шинжгүй учир *******д арга хэмжээ авахгүйгээр явуулсан байдаг учир хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч Р.*******д холбогдуулан Байгаль орчинд учруулсан хохиролд 10 964 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Хариуцагч Р.******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Далангийн хар ам гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хонины ноос, бууц шатааж, улмаар галыг бүрэн унтраалгүй орхисны улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 10 964 158 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч Р.******* нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрийн хажууд байдаг хонины бууцыг цэвэрлэн шатааж галыг бүрэн унтраагаагүйгээс гал гарч улмаар хээрийн түймэр болж их хэмжээний талбай шатсан үйл баримтыг үгүйсгэдэггүй боловч тэрээр ...гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөрчлийн хэрэг нээж шалгаагүй тул миний хувьд гэм буруугүй учир хохирлыг хариуцах үндэслэлгүй... гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримт болох Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/255 дугаартай тогтоолоор ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан ой хээрийн түймэр тавих гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа зөрчил үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулахгүй бөгөөд Р.******* нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зөрчил үйлдсэн, түүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсний улмаас зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байгаа талаар нэхэмжлэлд дурджээ.

Хэдийгээр хариуцагч Р.*******гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, түүний үйлдлийг зөрчлийн хэрэг нээж шалгаагүй боловч тэрээр ахуйн хүрээнд хонины ноос, бууц шатаахдаа анхаарал болгоомжтой байж, галыг бүрэн унтраах, гал алдахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд заавал гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхыг шаардахгүй юм.

Иймд хариуцагчийн анхаарал болгоомжтой байж бусдад гэм хор учруулахгүй байх ерөнхий үүргээ зөрчсөнөөс болж байгаль орчинд хохирол учруулсан үйлдэл нь гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул хариуцагч Р.******* нь байгаль орчинд гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Р.******* гэм буруугүй, хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... татгалзлаа нотлох баримтаар нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх... үүрэгтэй заасны дагуу татгалзлаа нотлосон нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэн уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын 30 хувьтай тэнцэх хэмжээ болох 3 289 247 төгрөгийг байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 674 911 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Р.*******гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 67 578 /3 289 247 төгрөг ногдох/ төгрөг гаргуулан төсвийн орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.*******гаас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 3 289 247 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 674 911 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Р.*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 67 578 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД  С.ГАНЧИМЭГ

Г. УРТНАСАН