Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/24

 

Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох  хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00359 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох байгаль орчинд учруулсан хохиролд 10 964 158 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аймгийн прокурорын газарт хүсэлт гаргасан. Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Далангийн хар ам гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хээрийн түймэр гарсан. Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд 10 964 158 төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож нийтийн ашиг сонирхолд учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэсний дагуу Дорнод аймгийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Зургаанжин нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Далангийн хар ам гэх газарт хонины ноос, бууц шатааж, улмаар галыг бүрэн унтраалгүй орхисны улмаас хээрийн түймэр гарч байгаль орчин, экологид 10 964 158 төгрөгийн хохирол учруулсан.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 138/ШТ2020/00033 дугаартай шүүхийн тогтоолоор ...Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагуу гэм буруугийн асуудлыг шалгаагүй, ....танилцуулж мэдэгдээгүй... гэх хэрэгсэхгүй болгосон. ....Дээрх байдлаас дүгнэхэд А.Зургаанжин нь 2020 оны 3 сарын 24-ний өдөр зөрчил үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 4 сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ... хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно... гэж зааснаар Зургаанжингийн гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 сарын 21-ний өдөр дууссан. Цаашид дээрх гомдол мэдээлэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна. Прокурорын байгууллагын зүгээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хууль заасан бүхий л арга хэмжээ авч ажилласан бөгөөд цаашид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Зургаанжингээс байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол болох 10 964 158 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Прокурорын газар нь 2020 оны 10 сард хариуцагч Зургаанжинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай адил шаардлагыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн дээрх шаардлагыг шүүх шийдвэрлэсэн байгаа бөгөөд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй, Зургаанжингийн овгийг өөр өөрөөр бичсэн байна. Зургаанжингийн төлөөлөгч миний хувьд прокурорын газрын нэхэмжлэл хуульд нийцээгүй, нэгэнт шүүхээр тогтоогдсон баримтыг дахин хэлэлцэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Онцгой байдлын газраас Зургаанжинг дуудаж хээрийн түймэр тавьсан буруутай үйлдэлд зөрчлийн хэрэг нээх гэсэн боловч Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн хариу өгч таны гэм бурууг тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн. Мөн өмнөх шүүх хэрэгт гаргаж өгсөн баримтыг тэр чигээр нь ирүүлсэн байгаа, хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхээс хуульд зааснаар шийдвэр гаргах боломжгүй талаар шүүх хурал дээр санал дүгнэлт гаргаж байсан. Зургаанжинд ямар ч гэм буруу байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Энэ хэрэг хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан өмнөхөөр орж ирсэн нэмэгдсэн хасагдсан зүйлгүй байна. Зөрчлийн талаар арга хэмжээ авагдаагүй, Сэргэлэн сумын ИТХ-ын комисс, хэсгийн төлөөлөгчийн хохирлын тооцоо гаргасан байна. Энэ нь өмнөх шүүх хурлаа хэлэлцээд шийдвэрлэгдсэн. Гэмт хэргийн шинжгүй учир Зургаанжинд арга хэмжээ авахгүйгээр явуулсан байдаг учир хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00359 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 3 289 247 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 674 911 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 67 578 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэг хэргийг 2 удаа шийдвэрлэж байгаа нь Монголд байтугай дэлхийн аль ч улсад байхгүй хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

******* би Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Далангийн хар ам гэдэг газарт 2020.03.24-ний өдөр хээрийн түймэр тавиагүй. Цагдаа, прокурор ямар нэг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тийм учраас анхан шатны иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Би З.Нямсүрэнд эхний шүүхэд хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр итгэмжлэл гаргаж өгсөн. Дараагийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ мэдэгдээгүй нууцаар хийсэн байна. Би 2021.05.19-ний өдөр болсон иргэний хэргийг мэдээгүй, шүүх өмнөх хэрэгсэхгүй болгосон хэргээс З.Нямсүрэнд гаргаж өгсөн итгэмжлэлийг хууль бусаар ашиглаж шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэсэн заалтаа шүүх зөрчиж өмнөх хэргээс З.Нямсүрэнд олгосон итгэмжлэлийг буруу гэж үзэж байна. Би энэ хэрэгт З.Нямсүрэнг итгэмжилсэн төлөөлөгчөөр биш өмгөөлөгчөөр оруулах байсан. Надад хэлээгүй шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна. Гэтэл шүүх хэрэгсэхгүй болсон хэргийг дахин хэлэлцэж, мөн намар дахин хадлан авдаг. Гэтэл тухайн түймэр гарах үед наранд хатаж түлэгдсэн өвс байсан. Энэ нь нийтэд илэрхий байхад түүнийг нотлох шүүх хурал хийсэн нь буруу.

Цагдаа, прокуророос хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоогүй. ******* гэх 68 настай өндөр настан ямар ч хэрэг хийгээгүй гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэг гэмт хэргийн шинжгүй эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирлыг буруутай шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэн би хохирлоо гаргуулах үндэслэлтэй юм байна.

Шүүх гэм буруу тогтоогдоогүй надаас хохирол гаргуулсан нь буруу байна. Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримт хангалттай нотлогдсон гэж буруу дүгнэсэн. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Сэргэлэн сум. Энэ сум юу ч нэхэмжлээгүй, хавар бэлчээрийн өвс байхгүй гэж бодит байдлыг надад үнэнээр нь хэлдэг. Хавар 2, 3 сард наранд хатаж гандсан үржил шимгүй өвснөөс өөр өвс байдаггүй. Намар нь хадлан авсан байдаг. Орон нутгийн малчид гэрээт хадланчид буюу хадлангийн бригад их хэмжээгээр өвсийг хадаж авсан байдаг. Мөн анхан шатны шүүх нь өмнөх хэрэгсэхгүй болгосон хэрэгтээ ямар ч дүгнэлт өгөөгүй явдал нь хууль бус гэж үзэж байна.

Өндөр настан би 3 000 000 төгрөг төлөх байтугай 30 000 төгрөгийг төлөх ч хүнд нөхцөлд байдаг. Өөрийн төрсөн хүү З.Энхтөр нь 44 настай хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, унаж татдаг өвчтэй, байнгын асаргаатай. Эм тариа, хоол хүнс, өдөр тутам сольдог живх, өөрийн хэрэглэдэг эм тариа, ахуйн хэрэглээнээс илүү гардаггүй. Тэтгэвэр хамгийн доод хэмжээгээр тогтоогддог. Хороо, дүүргийн халамж, тусламж зэрэгт хамрагдаж үзээгүй. Төлбөр төлөх хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Төрсөн хүү З.Энхтөрд улсаас олгодог халамжийн багахан мөнгөөр өдий хүртэл амьдрал ахуйгаа залгуулж явдаг юм.

Дээрх хууль бус шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргаж байна..” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******гээс “Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10 964 158 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-3 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Далангийн хар ам” гэх газарт хонины ноос, бууц шатааж, галыг бүрэн унтраалгүй орхисны улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 10 964 158 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 39-42,45-47 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

1. Анхан шатны шүүх нэг хэргийг хоёр удаа шийдвэрлэж, хүний эрх ноцтой зөрчсөн гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00033 дугаар тогтоолоор “Хариуцагч *******гийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар нарийвчлан шалгасны эцэст гэм хорын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 55-59 дэх тал/

2. Би эхний шүүх хурлаар хэргийг шийдвэрлэхэд З.Нямсүрэнд итгэмжлэл өгсөн, дараагийн хэргийг шийдвэрлэхдээ шүүх надад мэдэгдэлгүйгээр нууцаар хийсэн байна гэжээ.

Дорнод аймгийн тойргийн нотариатч Ц.Сарангуа 2020 оны 10 сарын 19-ний өдрийн /14.20 цагт/ 1165 бүртгэлийн дугаар итгэмжлэлээр төлөөлүүлэгч Равжихийн Зургаанжин нь төлөөлөгч Зулзагын Нямсүрэнд 2 жилийн хугацаатайгаар Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх шатны шүүхэд намайг /*******г/ төлөөлөн ... бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон байна. /хх-ийн 63 дахь тал/

Түүнчлэн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 138/ШШ2021/00543 дугаар шүүгчийн захирамжийг  мөн оны 04 сарын 05-ны өдөр мэдэгдэж, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан, эрх үүргийг тайлбарлаж өгсөн, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон сэргээсэн тухай шүүгчийн захирамжийг мэдэгдсэн, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн зэрэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийвэл зохих бүхий л ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлж, тухай бүр нь төлөөлөгч З.Нямсүрэнд мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. /хх-ийн 64-67, 69-70,72, 74, 75 дахь тал/

3. ******* гэх 68 настай өндөр настан ямар ч хэрэг хийгээгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 4/255 дугаар прокурорын тогтоолоор “Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн Зургаанжин нь 2020 оны 03 сарын 24-ний өдөр хонины бууц, ноосны хогийг шатааж, улмаар галыг бүрэн унтраахгүй орхисны улмаас түймэр гарч, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Далангийн хар ам” гэх газрын 1640,6 га талбай шатаж байгаль экологид болон түймэр унтраахад шууд болон шууд бус зардалд нийт 10 964 158 төгрөгийн хохирол учирсан болох нь материалд цугларсан бичгийн ... баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч уг хээрийн түймрийн улмаас нийт 10 964 158  төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байх ба /уг хохирол нь/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн шинжгүй байна.” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 48-49 дэх тал/

Мөн Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулга нь “... зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 52 дахь тал/

Иймд дээрх Прокурорын тогтоол болон Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор хариуцагч *******гийн хээрийн түймэр гаргасан үйлдлийн улмаас  байгаль орчинд гэм хор учруулаагүй гэж үзэх боломжгүй байна.

4.Энэ хэргийн нэхэмжлэгч нь Сэргэлэн сум гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтээр Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсоныг буруутгах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ны өдрийн 138/ШШ2021/00359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ЭНХЦЭЦЭГ     

                ШҮҮГЧИД                                                    Ж.ДОЛГОРМАА

                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ