Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01200

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01200

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоот, Б Девелопмент ХХК-ийн /РД:хххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бххххххххххххх тоотод байрлах, ХХХК-д /РД: ........../ холбогдох

30.317.106 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа, Т.Болорбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа, Т.Болорбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б Девелопмент ХХК болон ХХХК-иуд нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БХ/3 тоот худалдах, худалдан авах гэрээг мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БХ/8 Суруга тоот худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Тус Б Девелопмент ХХК нь дээрхи 2 гэрээний дагуу ус тусгаарлагч барилгын материалыг хариуцагч ХХХК-д гэрээгээр тохирсон тоо ёсоор нь нийлүүлж хүлээлгэн өгсөн.

Хариуцагч ХХХК нь эхний гэрээ буюу БХ/3 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10.098.000 төгрөг, хоёр дахь гэрээ буюу БХ/8 Суруга тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.480.000 төгрөгийг тус тус төлөх байсан.

Гэвч хариуцагч ХХХК нь дээрхи 2 гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ. ХХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад дараа төлье, одоо боломжгүй байна гэх зэрэг шалтгаан тоочиж хойшлуулсаар байсан бөгөөд сүүлдээ үлдэгдэл төлбөрөө төлөх ямар нэгэн хүсэл эрмэлзэлгүй байсан тул бид шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нийт дүн бол 115.508.000 төгрөг бөгөөд 80.855.600 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай Худалдаа хөгжлийн банк дахь ааааааа тоот дансанд шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 24.554.400 төгрөг төлсөн. Эхний гэрээнээс 10.098.000 төгрөгийн төлбөр үлдсэн.

Хнь С ХХК-тай байгуулсан гэрээ ёсоороо ажлыг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэж дууссан бөгөөд гэрээгээр тохирсоны дагуу бид уг өдрөөс алданги тооцсон ба нийт 99 хоногийн алданги 2.999.106 төгрөг болж байгаа.

Хоёр дахь буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний нийт төлбөр 66.200.000 төгрөг бөгөөд үүнээс манай Худалдаа хөгжлийн банк дахь дансаар 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 37.360.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөг тус тус төлсөн. Одоо тус байгууллага тус компаниас 13.840.000 төгрөг авах ёстой хэдий ч нэхэмжлэл гаргахдаа буруу тооцон 11.480.000 төгрөг гэсэн байна. Бид 11.480.000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа ба алдангийг гэрээний 3.2-т заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцон 5.740.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагч ХХХК-иас эхний гэрээний болох БХ/3 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 10.098.000 төгрөг, тус гэрээний 6.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 2.999.106 төгрөг, нийт 13.097.106 төгрөгийг, мөн хоёр дахь гэрээ болох БХ/8 Суруга гэрээний үлдэгдэл төлбөр 11.480.000 төгрөг, уг гэрээний 6.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 5.740.000 төгрөг, нийт 30.317.106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХК-ийн захирал Н.Цээлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ХХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б Девелопмент ХХК нь хариуцагч ХХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30.317.106 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 10.098.000 төгрөг, алданги 2.999.106 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 11.480.000 төгрөг, алданги 5.740.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч Б Девелопмент ХХК нь хариуцагч ХХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Б Девелопмент ХХК нь худалдан авагч ХХХК-д мембран В-silk 1.5 мм-ыг 5.620 м2-ыг, 1м2-ыг нь 20.000 төгрөгөөр, боодол буюу 40 м2-ыг 800.000 төгрөгөөр, U-профиль 1036 ширхэгийг, нэгжийн үнийг 3.000 төгрөгөөр, нийт 115.508.000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэхээр,

худалдан авагч бүтээгдэхүүний үнэ 80.855.600 төгрөгийг гэрээ байгуулмагц худалдагч байгууллагын Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлэхээр, үлдэх 34.652.400 төгрөгийг С ХХК-ийн барьж буй Japan town С5барилгын ус тусгаарлалтын ажил дуусмагц төлөхөөр харилцан тохирчээ.

Дээрхи гэрээний дагуу барааг худалдагч Б Девелопмент ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр худалдан авагч ХХХК-д хүлээлгэн өгсөн байх ба хүлээлгэн өгөхөд С ХХК-ийн нярав мөн байлцжээ.

/ХХ-ийн 6-9 дүгээр тал/

 

Мөн нэхэмжлэгч Б Девелопмент ХХК нь хариуцагч ХХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Б Девелопмент ХХК нь худалдан авагч ХХХК-д мембран 1.5 мм-ыг 3.240 м2-ыг, 1м2-ыг нь 20.000 төгрөгөөр, U-профиль 400 ширхэгийг, нэгжийн үнийг 3.500 төгрөгөөр, нийт 66.200.000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэхээр,

худалдан авагч бүтээгдэхүүний үнийн 60 хувь буюу 39.720.000 төгрөгийг гэрээ байгуулмагц худалдагч байгууллагын Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлэхээр, үлдэх 40 хувь буюу 26.480.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр харилцан тохирчээ.

Худалдагч Б Девелопмент ХХК нь барааг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдан авагч ХХХК-д хүлээлгэн өгсөн байх ба хүлээлгэн өгөхөд С ХХК-ийн хангамжийн менежер мөн байлцжээ.

/ХХ-ийн 10-13 дугаар тал/

 

Дээрх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

/ХХ-ийн 6-8, 10-12 дугаар хуудас/

 

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу худалдагч ХХХК нь 115.505.000 төгрөг төлөхөөс 80.855.600 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 24.554.400 төгрөг тус тус төлсөн гэх ба одоо уг гэрээний дагуу 10.098.000 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу нийт 66.200.000 төгрөг төлөхөөс 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 37.360.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөг тус тус төлж, одоо уг гэрээний дагуу 13.840.000 төгрөг нэхэмжлэхээс 2.360.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 11.480.000 төгрөг,

нийт 21.578.000 төгрөг алдангийн хамт төлөх ёстой хэмээн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ХХХК нь бараа материал хүлээн авч, хүлээлгэн өгсөн, мөн гэрээний үнэд төлсөн мөнгөний талаар маргаагүй бөгөөд гагцхүү чанарын шаардлага хангаагүй бараа байсан гэж маргасан болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний 3.2-т Нийт барааны үнэ 115.508.000 төгрөг бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурмагц барааны нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 80.855.600 төгрөгийг бэлнээр болон худалдагчийн Худалдаа хөгжлийн банк дахь 411025981 дансанд шилжүүлнэ. С ХХК-ийн барьж буй Japan town C5 барилгын ус тусгаарлалтын ажил дуусмагц 30 хувь буюу 34.652.400 төгрөгийг төлнө гэж,

6.3-т Худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж тус тус заасан бөгөөд худалдан авагч ХХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

 

Мөн талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээний 3.2-т Нийт барааны үнэ 66.200.000 төгрөг талууд гэрээнд гарын үсэг зурмагц барааны нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 39.720.000 төгрөгийг бэлнээр болон худалдагчийн Худалдаа хөгжлийн банк дахь 411025981 тоот дансанд шилжүүлнэ, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 40 хувь буюу 26.480.000 төгрөгийг төлнөгэж,

6.3-т Худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж тус тус заасан бөгөөд худалдан авагч ХХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

 

Хариуцагч ХХХК болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч ХХХК нь С5 барилгын С5, А, С блокуудын мембрам дээврийн ус тусгаарлалтын ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохирч гүйцэтгэсэн нь уг гэрээгээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 59-62 дугаар тал/

 

Худалдагч Б Девелопмент ХХК болон худалдан авагч ХХХК нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр С ХХК-д Japan townC5 төсөлд нийлүүлсэн PVC membrane буюу В-silk 1.5 мм-д 15 жилийн баталгаат хугацаа олгосон гэх ба барилгын ажлыг гүйцэтгүүлэгч Суруга Моггол ХХК нь бараа материал худалдсан Б Девелопмент ХХК-д бараа материалын доголдолтой холбоотой гомдол гаргаагүй байна.

/ХХ-ийн 14 дүгээр тал/

 

Хариуцагч ХХХК нь нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-ийн нийлүүлсэн бараа материал чанарын шаардлага хангаагүй, энэ талаар 2017 оны 11 дүгээр сарын 1, 2017 оны 11 дүгээр сарын 10, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус шаардлага хүргүүлж байсан гэх боловч энэ нь тус компаниас нийлүүлсэн бараа материалын сертификатыг шаардсан агуулгатай, С ХХК-иас гомдол ирсэн гэх боловч ямар гомдол хэнд ирсэн нь тодорхой бус, уг шаардлага гэх бичгүүдийг худалдагч Б Девелопмент ХХК-д хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нь баримтуудаар тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 56-58 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б Девелопмент ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч ХХХК-д барааны хамт хүлээлгэн өгсөн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн хийсэн сорилт шинжилгээний дүн, чанарын гэрчилгээ, бараатай холбоотой баримт бичгүүдийг нотлох баримтаар ирүүлсэнийг хариуцагч талд танилцуулахад уг баримт бичгүүдийг барааны хамт хүлээлгэн өгсөнтэй холбоотой хариуцагч тал эсэргүүцээгүй болно.

/ХХ-ийн 73-98 дугаар тал/

 

Хариуцагч ХХХК нь нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-ийг чанарын шаардлага хангаагүй бараа материалыг хүлээлгэн өгсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дүн 66.200.000 төгрөг биш 64.800.000 төгрөг хэмээн тайлбарласан ба нэхэмжлэгч тал гэрээний үнэд өөрчлөлт ороогүй гагцхүү урьдчилгаа 40 хувь гэснийг 60 хувь болгосон гэж тайлбарласан бөгөөд гэрээн дахь нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 39.720.000 төгрөг, .....үлдэгдэл 40 хувь буюу 26.480.000 төгрөг гэж бичигдсэнээс үзэхэд гэрээний үнэд өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй, хариуцагч тал өөрт хадгалагдсан гэрээнд тэмдэглэл хийснийг нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 10-12, 100-101 дүгээр тал/

 

Хариуцагч ХХХК худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул дээрхи 2 гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдагч Б Девелопмент ХХК алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.

/барааны үнэ 10.098.000 төгрөг /2016.09.28-ны гэрээний дагуу/

Алданги 2.999.106 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/, нийт 13.097.106 төгрөг.

 

/барааны үнэ 11.480.000 /2016.11.24-ний гэрээний дагуу/

Алданги 5.740.000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, нийт 17.220.000 төгрөг.

 

Иймд хариуцагч ХХХК -иас 30.317.106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч байгууллагын захирал Н.Цээлбаатарт 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулснаас хариуцагч талын хүсэлтээр 4 удаа хойшлуулсан болно.

 

Хариуцагч ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт гарган өөрийн өмгөөлөгчөөр А.Отгонжаргалыг оролцуулах болсон ба 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд тэрээр өмгөөлөгч А.Отгонжаргалыг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй гэжээ.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцоно хэмээн А.Отгонжаргал гэх өмгөөлөгч хүрэлцэн ирсэн боловч Б.Сэнгээ нь түүнийг цаашид оролцуулахгүй талаараа өмнөх хуралдаанд тайлбарласан, түүнийг оролцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул А.Отгонжаргал гэх өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйг дурьдлаа.

/ХХ-ийн 45, 105 дугаар тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч ХХХК-иас 30.317.106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309.536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХК-иас 309.536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Девелопмент ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН