Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00102

 

“БТД” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1673 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “БТД” ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-А” ХХК--д холбогдох

30 317 106 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Цээлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Болорбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа, хариуцагчийн төлөөлөгч Н.Цээлбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“БТД” ХХК- болон “Х-А” ХХК--иуд нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БХ/3 тоот, мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БХ/8 Суруга тоот худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээний дагуу ус тусгаарлагч барилгын материалыг хариуцагчид тохирсон тоо ёсоор нь нийлүүлж хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь БХ/3 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 10 098 000 төгрөг, БХ/8 Суруга тоот гэрээний үлдэгдэл төлбөр 11 480 000 төгрөгийг тус тус төлөх байсан.

Гэвч хариуцагч нь 2 гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. “Х-А” ХХК--иас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад дараа төлье, одоо боломжгүй байна гэх зэрэг шалтгаан тоочиж, хойшлуулсаар байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нийт дүн бол 115 508 000 төгрөг бөгөөд 80 855 600 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 24 554 400 төгрөг төлсөн. Эхний гэрээнээс 10 098 000 төгрөгийн төлбөр үлдсэн. “Х-А” ХХК- нь “Суруга Монгол” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоороо ажлыг нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэж дууссан бөгөөд гэрээгээр тохирсоны дагуу бид уг өдрөөс алданги тооцсон ба нийт 99 хоногийн алданги 2 999 106 төгрөг болж байгаа.

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний нийт төлбөр 66 200 000 төгрөг бөгөөд үүнээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 37 360 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо тус байгууллага тус компаниас 13 840 000 төгрөг авах ёстой хэдий ч нэхэмжлэл гаргахдаа буруу тооцон 11 480 000 төгрөг гэсэн байна. Бид 11 480 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа ба алдангийг гэрээний 3.2-т заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцон 5 740 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагчаас БХ/3 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 10 098 000 төгрөг, алданги 2 999 106 төгрөг, нийт 13 097 106 төгрөгийг, мөн БХ/8 Суруга гэрээний үлдэгдэл төлбөр 11 480 000 төгрөг, алданги 5 740 00 төгрөг, нийт 30 317 106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч “Х-А” ХХК--иас 30 317 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БТД” ХХК--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “БТД” ХХК--ийн улсын орлогод үлдээж, хариуцагч “Х-А” ХХК--аас 309 536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БТД” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1673 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 26-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт болон хариуцагчийн тайлбар татгалзлаа нотолж буй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой 5 хуудас фото зураг эх хувиар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 05644 дүгээр захирамжаар шинжээч томилох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, мөн нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэн хүлээн авах боломжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд мөн хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг шууд хязгаарласан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлалаа нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлэх, энэ тухай шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлэн авах боломжгүй гэж дүгнэн нотлох баримтаас хассан хууль бус байна. Нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэх эсэх нь хэрэг хэлэлцэх явцад шүүхийн эрх хэмжээний асуудал мөн нотлох баримтаа ямар шаардлагаар бүрдүүлж өгөх нь хэргийн оролцогчийн эрх, үүргийн асуудал байхад шүүх урьдаас нотлох баримтыг үнэлэх боломжтой, боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг хүлээн авахаас татгалзах, хасах тухай нэг зохицуулалт байдаг гэж ойлгож байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалт. Ийнхүү нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтад заасан гомдол гаргах эрхтэй байхад анхан шатны шүүх гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийн оролцогчийн үндсэн эрхийг шууд ноцтой зөрчсөн. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн зүгээс маргааны бүхий гэрээний зүйл бодит байдал дээр ямар байгаа талаар шүүхээр үзлэг хийлгүүлгэх, мөн нэхэмжлэгчийн батлан гаргасан чанар стандартын баталгаанд гэрээний зүйл хүрч, нийцэж байгаа талаар барилгын итгэмжлэгдсэн лабортороор шинжлүүлэх, мөн маргаан бүхий гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулсан гэрээг эх хувиар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хэт нэг талыг баримталж дахин хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Энэ мэтчилэн хэргийн оролцогчийн үндсэн эрхийг удаа дараа зөрчсөнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ямар баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч тал хэдэн төгрөг төлөөгүй талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад зөвхөн нэхэмжпэгчийн амаар гаргасан тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчиж, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1673 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “БТД” ХХК- нь хариуцагч “Х-А” ХХК--д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30 317 106 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч “Х-А” ХХК- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч гэрээний зүйл болох барилгын материалыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч гэрээний үнэ 115 508 000 төгрөгийг хоёр хувааж төлөх нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцсон байна.

Мөн зохигч нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 66 200 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг нийлүүлэх, үнийг төлөх талаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч “БТД” ХХК- нь эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч “Х-А” ХХК- нь гэрээний үнийн зарим хэсгийг төлсөн, заримыг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Харин худалдагчийн нийлүүлсэн эд хөрөнгө чанарын шаардлага хангахгүй байсан гэж хариуцагч маргасан боловч өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно. Ийнхүү үүргийнхээ дагуу нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2.-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол эд хөрөнгийн доголдолын талаар шаардах эрхээ алддаг байна.

Нэхэмжлэгч “БТД” ХХК- нь барааг хүлээлгэн өгөхдөө барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн хийсэн сорилт, шинжилгээний дүн, чанарын гэрчилгээ, бараатай холбоотой баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдсон, хариуцагч тэдгээрийг баримтаар үгүйсгээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч “Х-А” ХХК- нь хүлээн авсан эд хөрөнгийн чанарын талаар нэхэмжлэгч “БТД” ХХК-ХХК-д гомдлын шаардлага гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1673 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 310 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН