Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02636

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02636

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.Р

Хариуцагч: С.Б

1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасуулах, С.Б өмнөөс төлсөн байрны мөнгө 484,388 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Р, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.Р нь хариуцагч С.Б холбогдох 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасуулах, С.Б өмнөөс төлсөн байрны мөнгө 484,388 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч В.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хорооллол 9 дүгээр байр 24 тоот 3 өрөө орон сууц нь зөвхөн талийгаач нөхөр Ч.С, В.Р хоёрын хамтран өмчилсөн эд хөрөнгө. С.Б уг орон сууцны хамтран өмчлөгч болохыг В.Р огт зөвшөөрөөгүй, мэдээгүй бөгөөд зөвшөөрч ямар нэг гарын үсэг зураагүй. Ч.С нас барсны дараа С.Б гэрт нь дайран орж ирж нэг өрөөг эзлэн амьдрах болсон цагаас С.Б орон сууцны өмчлөгч болсныг мэдсэн. С.Б нь олон жил шоронд ял эдэлж яваад ирсэн. Архи уудаг, агсам согтуу тавьдаг тул айдас хүйдэст амьдардаг. С.Б нь В.Р төрүүлсэн, үрчилж авсан хүүхэд биш. В.Р нь энэ насандаа нэг ч хүүхэд төрүүлээгүй, хүүхэд үрчилж аваагүй хүн. Ч.С нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир 82 настайдаа нас барсан. Ч.С, В.Р нар 1962 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1977 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн хуучнаар Найрамдалын районы Иргэний бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгэж ... тоот гэрлэгсдийн баталгаа олгосон. Ч.С, В.Р хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй. С.Б ч төрүүлээгүй, үрчилж аваагүй. Хадам эгч болох Ч.С нь төрүүлсэн хүүхэд тул В.Р садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач Ч.С амьд ахуйдаа С.Б одоогийн амьдарч байгаа ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хуучин гэрчилгээн дээр В.Р мэдэгдэлгүй бүртгүүлсэн байсныг Ч.С нас барсны дараа олж мэдсэн. С.Б нь талийгаач Ч.С өвчтэй байхад нь 3 жил үзэгдээгүй байж байгаад нас барснаас нь хойш нэг жилийн дараа ээж Ч.С хамт байранд ирж нэг өрөөнд орж суучихаад манай ахын байр чи өөрөө зайл гээд архи их ууж, ээжтэйгээ хоёулаа тамхи татаж хордуулж, хөөж туудаг, айдаст автуулдаг, агсам согтуу тавьдаг хүн. Орон сууцыг С.Б өвлөх ч эрхгүй. Орон сууцны гэрчилгээнд бичигдсэн С.Б регистрийн үсэг зөрүүтэй мөртлөө он сар өдөр нь таардаг. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, мөн хуулийн 6.6-д энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж тус тус заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд тохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулж болно, 6.3-т энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж зааж өгсөн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж зааж өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааж өгсөн. Иймд өмчлөлийн орон сууцанд С.Б хамтран өмчлөгчөөр байгааг мэдээгүй, зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар .... орон сууцны хамтран өмчлөгч бүртгэсэн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасаж өгнө үү. Мөн С.Б нь эх Ч.С хамт талийгаач нөхрөөс маань хойш 2020 оны 08 дугаар сараас эхлэн дайран орж ирж зөвшөөрөлгүй 2 өрөөг минь эзэмшин амьдрах болсон. Байрны мөнгө буюу ус, цахилгаан, халаалт, СӨХ-ны төлбөр 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл баримттай нь нийт 726,582 төгрөгний гурав хуваасны хоёрыг буюу 484,388 төгрөгийг С.Б гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч С.Б 2021 оны 08 дугаар сараас хойшхи ашиглалтын зардалд 263,368 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон сууцны бүртгэлээс С.Б нэрийг хасах үндэслэл байхгүй. Төрсөн ч бай төрөөгүй ч бай өөр газар амьдардаг, орох оронтой хүн байсан ч тухайн өмчлөгч хүн өөрөө амьд ахуйдаа өв залгамжлаад өгсөн байрыг нас барсан хойно нь өөр хүн хүрч ирээд би энэ хүний юмыг ганцаараа авах байсан гэдэг хууль байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэдэг нь ямар учиртай юм. Цаана нь өв залгамжлах учраас улсаас өгч байгаа юм. Тийм учраас үхсэн хүний өмнөөс үхсэн хойно нь тэгж болохгүй. Ингэх байсан юм бол 30 жил хамт амьдрахдаа нөхөртэйгөө ямар ч хоорондоо харилцаагүй амьдрна гэж байхгүй биздээ. Тухайн үедээ Ч.С, В.Р хоёр гэр бүлийн баталгаа хийлгэсэн байж болно. Тэгтээ үүнийг би цааш нь судлаад Францад байгаа ах дүүгээс нь асуухад тэр хүүхдүүд өвөөгөө нас барахад Ковидын улмаас ирж оролцож чадаагүй. Тэд хэлэхдээ бид нар өвөөгөө амьд байх үед нь өөр улсаар дамжиж ирж чадаагүй учраас бид асарч халамжилж чадаагүй. Харин бидний төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд өргөж тэжээж, асарч байгаад өвөөг өөд болгосон. Гэхдээ тэр хүн амьд ахуй цагт нь бид тэр хүнийг төрсөн эцэг гэж бодож явсан. Энэ хүүхдүүд 20,000,000 төгрөгийн зарлага гаргаж орон сууцыг зассан. С.Б гадны хөндлөнгийн хүн биш, өмнөх хуралд оролцсон гэрчүүдийн хэлж байгаагаар уг байр нь адилхан дундын өмч, аль аль нь давуу эрхгүй. Нэг өрөөнд нь амьдарч байгаа. Нэг өрөөнд нь Францад байгаа дүү нар нь хөрөнгөө хийгээд цоожлоод явсан. Энэ улс хүүхэд байхаасаа амьдарч ирсэн гэж байсан. Бид жил болгон Ч.С, В.Р нарыг эцэг, эх шигээ бодож мөнгө төгрөг, эм тариа өгч явуулдаг байсан, одоо яагаад бидэнд ингэж хандаж байгаа юм бэ гэж надаар дамжуулж хэлүүлсэн шүү. Орон сууцны төлбөрийн хувьд ковидын 2 жилийн хугацаанд улсаас төлбөрийг төлж байсан. СӨХ-ийн төлбөр төл гэж байгаа бол 30 жил засвар хийгээгүй байрыг 20,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Тэр засварын мөнгийг нэхэмжлээгүй. С.Б ямар ч хөдөлмөрийн чадваргүй хүн гэж байна лээ. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Ч.С, В.Р нарын гэрлэлтийн гэрчилгээ, В.Р 4 хүүхэд төрүүлсэн тухай Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас авсан лавлагаа, Ч.С нас барсны лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ дугаар ..., овог нэг өөрчилсөн гэрчилгээ ..., нас барсны бүртгэлийн лавлагаа, С.Б төрсний гэрчилгээ, Ч.С Хадгаламж банкны дэвтэр, төрөл садангийн лавлагаа, орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн... хариу хүргүүлэх тухай албан бичиг,

4. Хариуцагчаас эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, төрсний лавлагаа,

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Д, Ш.Э нараас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгч В.Роломжавын нэхэмжлэлээс 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасах, орон сууцны ашиглалтын зардал 94,932 төгрөгний шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 168,436 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч В.Р нь С.Б төрүүлээгүй, үрчилж аваагүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд зөвшөөрөл авалгүй нэрийг нь оруулсан. Орон сууцанд амьдрач байгаа тул ашиглалтын зардлын талыг төлөх ёстой гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Ч.С нь С.Б өөрөөрөө овоглож, амьд ахуйдаа орон сууцын өмчлөлийн гэрчилгээнд нэрийг нь оруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Ч.С, В.Р нар 1977 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, Ч.С нь өөрийн төрсөн дүү Ч. хүүхдүүд С.Ц, С.Батзориг, С.Ч, С.Х нарыг өөрийн нэрээр овоглож АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 1983 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Ч.С Ц, Ч.С Б, Ч.С Ч, Ч.С Х гэж өөрчилсний бүртгэлийн 89, 90, 91, 92 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон.

Ч.С өвчний учир 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, Ч.С Х 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ч.С Ч нар нас барсан.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, овог нэр өөрчилсөн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй.

4.2. Орон сууцны Тээвэрчин хоршооллоос ... дугаартай гэрчилгээгээр ... орон сууцыг Ч.С олгож, Үл хөдлөх хөрөнгийн газарт тухайн байрны эзэмшигч Ч.С ямар нэг төлбөр тооцоогүй гэсэн Тээвэрчин хоршоололын байрны зөвлөлийн албан бичгийг үндэслэн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ч.С нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж Ч.С, В.Р, С.Б нарыг 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар ... гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч мөн тул бүртгэж гэрчилгээ олгогдсон байна.

4.3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Ч.С орон сууцанд С.Б бүртгүүлэхдээ В.Р зөвшөөрөл аваагүй, С.Б, В.Р төрүүлээгүй гэж тайлбарладаг боловч ... орон сууцыг Ч.С Тээвэрчин хоршооллоос олгож, Ч.С нь В.Р, С.Б нарыг орон сууцанд нэмж эзэмшигчээр бүртгүүлэх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж В.Р, С.Б нарыг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгогдсон тул тайлбар нь үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч В.Р нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацааны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрт 263,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж энэ хугацааны төлбөрт 336,872 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч, хариуцагч нь орон сууцны өмчлөгчийн хувьд ашиглалтын зардлыг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн төлсөн 336,872 төгрөгний 50 хувь буюу 168,436 төгрөгийг хариуцагч С.Б гаргуулах үндэслэлтэй.

5. Иймд хариуцагч С.Б ашиглалтын зардалд 168,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Р олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94.932 төгрөг, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч С.Б 168,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Р олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94.932 төгрөг, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг буюу уг хэлцлээс С.Б нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Б 5,703 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Р олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА