Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2022/01883

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 12 210/МА2022/01883

 

 

 

В.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02636 дугаар шийдвэртэй, В.Р-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-т холбогдуулан гаргасан 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулах, орон сууцны ашиглалтын зардалд 263,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ч.С , В.Р нар 1977 онд гэр бүл болсныг улсын бүртгэлд бүртгэгдсэн. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Ч.С , В.Р нар хамтран өмчилсөн. Ч.С ийг нас барсны дараа С.Б ийг орон сууцны өмчлөгч болохыг мэдсэн. В.Р нь С.Б-т орон сууц хамтран өмчлөх зөвшөөрөл өгөөгүй. С.Б нь В.Р-ын төрүүлсэн, үрчилж авсан хүүхэд биш. Харин Ч.С ийн эгч болох Ч.С-ынх төрүүлсэн хүүхэд тул В.Р тай садан төрлийн холбоо байхгүй. С.Б нь талийгаач Ч.С ийг нас барсны дараа эх Ч.С ын хамт уг орон сууцанд ирж амьдарч байгаа ба нэхэмжлэгчийг хөөх, тамхи татаж, архидан согтуурч агсам тавьдаг.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Б-гийн регистрийн үсэг зөрүүтэй байдаг. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, эсхүл бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж тус тус заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцанд С.Б ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байсныг мэдээгүй, зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулж, орон сууцны ашиглалтын зардалд 263,368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.С , В.Р нар гэрлэлт бүртгүүлсэн байж болно. Ч.С нь эгч Ч.С-оос төрсөн дөрвөн хүүхдийг үрчилж авсан бөгөөд тэд Ч.С , В.Р нарыг эцэг, эх гэж дуудан хамт амьдарсаар ирсэн. 1998 онд эцэг Ч.С нь хүү С.Б ийг орон сууцны өмчлөгчөөр өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмж бүртгүүлсэн. Тухайн үед В.Р аас зөвшөөрөл авч нэмж бүртгүүлснийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Одоо С.Б нь уг орон сууцандаа амьдарч байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн ногдох хувь болох 50 хувийг авч, цаашид өөрийн гэсэн орон сууцтай болох юм. Ч.С ийг нас барснаас хойш эх В.Р-ын ааш зан өөрчлөгдөж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс С.Б-гийн нэрийг хасах үндэслэлгүй. Учир нь талийгаач Ч.С нь амьд ахуйдаа өв залгамжлуулан өгсөн орон сууцыг нас барсны дараа өөрчилж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс хасуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б оос 168,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Р д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,932 төгрөг, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Б оос 5,703 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Р д олгож тус тус шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1, 183 дугаар зүйлийн 183.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг зөв хэрэглээгүй. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Б нь бүртгүүлэх эрхгүй этгээд болно. Хариуцагч С.Б нь орон сууцны өмчлөгч В.Р аас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, тэрээр В.Р-ын төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд биш, түүнтэй садан төрлийн холбоо байхгүй. С.Б нь орон сууцны хамтран өмчлөгчөөр хууль бусаар бүртгүүлж, уг орон сууцанд дайрч орж ирж амьдрах болсон, ашиглалтын зардлаа төлдөггүй, тамхи татаж хордуулдаг, архи ууж агсам согтуу тавьдаг, архи уудаг хүмүүсийг цуглуулж нэхэмжлэгчийг элдэв хэл амаар доромжилдог, 3 өрөө орон сууцны 2 өрөө болон ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөнд орох эрхийг хааж эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгээс С.Б-гийн нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан болно. Шүүхийн шийдвэрт С.Б-гийн орон сууцнаас дундаа хэсгээр өмчлөх эрхийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: С.Б ийг насанд хүрээгүй байхад нь Ч.С үрчилж өөрийн нэрээр овоглосон. Хариуцагч нь тухайн үед хүүхэд байсан бөгөөд түүнийг үрчилж авах асуудалд тэрээр ямар ч буруугүй. Учир нь Ч.С ийн эгч Ч.С нь хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас дүү Ч.С дээ хүүхдүүдээ үрчлүүлсэн. Иргэний бүртгэлийн бүртгэгч нь үрчилсэн гэх албан ёсны баримт үйлдээгүй учир энэхүү хэрэг маргаан үүссэн. Үрчилсэн гэх бичиг баримт байхгүй боловч багаасаа хамт амьдарч байсан талаар гэрч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгчийн нөхөр Ч.С нь тус орон сууцыг хувьчлалаар авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Б ийг нэмж бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй хүн бүр тэгш эрхтэй гэж үзэж байна. Иймд тус орон сууцыг 50 хувиар буюу тэнцүү хувааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хяналаа.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч В.Р нь хариуцагч С.Б-т холбогдуулан 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулах, орон сууцны ашиглалтын зардалд 263,368 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. В.Р , Ч.С нар 1962 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1977 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн, Улаанбаатар хот, АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1983 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор С.Ц, С.Б , С.Ч, С.Х нарын овог өөрчилснийг 1983 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 89, 90, 91, 92 дугаарт Улаанбаатар хотын Найрамдал /район/-д тус тус бүртгэж гэрчилгээ олгосноор тэд Ч.С ээр овоглох болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх13-16, 26/

4. Ч.С Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байрны тоот, 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө авахаар 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг гаргахдаа хамтран өмчлөгчөөр В.Р , С.Б нарыг тодорхойлжээ. Улмаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр Ч.С , В.Р , С.Б нарыг бүртгэж өмчлөх эрхийн 11414 дугаартай гэрчилгээ олгожээ. /хх12, 59/

Иймд С.Б нь дээрх орон сууцыг Ч.С , В.Р нарын адил өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар С.Б ийг уг орон сууцыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Улмаар хариуцагч С.Б ийг орон сууцны өмчлөгч биш гэж дүгнэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэгч В.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт зааснаар С.Б нь уг орон сууцны өмчлөгч тул В.Р тухайн бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгээс С.Б-гийн нэрийг хасуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн зардалтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардлыг дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцахаар заасан тул нэхэмжлэгч уг орон сууцны зардлыг хамтран хариуцуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн тодорхойлолт, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан орон сууцыг дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөө тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон байна.

6. Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдааны явцад өмчлөлийн зүйл болон орон сууцыг хувааж авах талаар тайлбарласан бөгөөд уг асуудлаар анхан шатны шүүхэд маргаагүй тул шийдвэрлэх боломжгүй. Холбогдох нэхэмжлэлийг гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч В.Р-ын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон уг хэлцлээс С.Б-гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 83 дугаар зүйлийн 83.1, 487 дугаар зүйлийн 487.1 гэснийг 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.5 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН