Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2020/00514

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 148/ШШ2020/00514

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ч.*******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийн буцаан гаруулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Цагаан Эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 179 тоотод оршин суух, тэтгэвэрт

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар:МЭ- 57042907

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 32 дугаар байрны 18 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч ажилтай

******* овгийн *******гийн *******

регистрийн дугаар:МВ- 90022204

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Монгол Улсын Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ... шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тэтгэврээс суутгал хийнэ. 29 дүгээр зүйлийн 29.4-т ... энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж заасан заалтуудыг зөрчиж шүүхийн шийдвэр биш Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын тогтоолыг үндэслэн тэтгэврээс өөр орлогогүй миний тэтгэврээс 50 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн суутгаж байна.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Газрын тогтоол нь Шүүхийн шийдвэрээс огт өөр ойлголт юм. Тиймээс миний тэтгэврээс хууль зөрчин суутгал хийж байгаа нь

-Тэтгэврийн заалттай байсан намайг тэтгэврийн үлдэгдэл нь зээлээ төлж хүрэхгүй хүнд байдалд оруулж байна.

-Хөгшин болж хөдөлмөрийн чадваргүй болсон би үлдснээр нь амьжиргаагаа арай ядан залгуулж байсан бөгөөд одоо хоол ундны нэг ч төгрөг байхгүй болж хохирч байна.

Жич: Тус шүүхийн шийдвэр нь татан буугдаж байсан банкны ажилтнуудын луйврын ажиллагаа байсан тул би огт мэдээгүй байхад намайг оролцуулаагүй гаргасан шүүхийн шийдвэр юм. Иймээс би Шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байгаа болно! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн тайлбартай танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үгүйсгэлийг гаргаж байна.

1: ...Нийслэлийн ШШГ газрын 195 дугаар тойргоос 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 50 хувиар суутгах тогтоол нь ирсэн болно гэжээ. Үгүйсгэл:

А./ Уг тогтоолд иргэн Ч.*******ын тэтгэврээс 50 хувиар суутга гэсэн үг өгүүлбэр алга байна.

Б./ Ч.*******ын сар бүрийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувь суутгасугай гэсэн тогтоол байна. / Цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого гэдэгт татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг орлогууд ордог. Харин тэтгэврээс хэзээ ч орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэл авдаггүй. Иймээс тэтгэвэр нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод хамаарахгүй. Үүнийг Шүүамйэ Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.8-д ... Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно гэж зааснаар тодорхой харагдана. Цалин хөлс түүнтэй адилтгах орлогод ямар орлого хамаарах тухай одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд тодорхой заасан байна. Хавсралтыг хавсаргав./

2: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж ШШГТХ-ийн 5.1-заасан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр нь тогтоол байна гэж ШШГТХ-ийн 12.1-д заасан тул тогтоолоор суутгал хийсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.Үгүйсгэл:

А./ Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд:

1.Тэтгэвэр,тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:

1/ Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;

21 тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол.

2.Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.

3.Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй.

4.Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж заасаар байхад:

а/ Ч.*******ын тэтгэврээс суутга гэсэн шүүхийн шийдвэргүйгээр

б/ Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тогтоолыг үндэслэн ажил олгогч биш

байж тэтгэврээс нь суутгал хийсэн нь ноцтойгоор хууль зөрчсөн явдал юм.

НДХ-ийн удирдах төв байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох НДЕГ-аас: Тэтгэвэр гэж юу вэ? гэдгийг Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ... нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Иймээс Улс өндөр настай хөдөлмөрийн чадваргүй болсон иргэнийхээ амьдралынх нь баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор Тэтгэвэр тэтгэмжийн хуулиараа тэтгэврээс нь шүүхийн шийдвэргүйгээр ямар нэгэн суутгал суутгахгүй байх заалтыг оруулсан нь иргэдээ хамгаалсан явдал юм.

3: Тэтгвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэж, ШШГ байгууллагын тогтоолоор суутгал хийх нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн заалт юм гэжээ. Үгүйсгэл:

А./ Тэтгэврээс нь суутгал суутга гэсэн шүүхийн шийдвэр байхгүй байхад тэтгэврээс нь суутга гэсэн тогтоол ч биш байхад яаж хуулиар зөвшөөрөгдсөн байх билээ. /Дээрх тайлбаруудаас тодорхой ойлгогдоно./

4: ...Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд иргэнд мэдэгдэх үүргийн дагуу мэдэгдсэн эсэхийг 195 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тодруулж өгнө үү гэжээ. Үгүйсгэл:

А./ Энэ тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймаг дахь НДХ-ээс анх мэдэж хуулбарыг авсан. Гэвч энэ асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй юм.

5: ... иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад биш, харъяалах шийдвэр гүйцэтгэгчид хандах ёстой байсан гэжээ. Үгүйсгэл:

А./ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шаардлага биш, НДХ-ийн хууль зарчсөн ажиллагаанд нэхэмжлэл гаргасан болно.

6: ШГТХ-ийн 88 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогод тэтгэврээс суутгал хийж болохгүй тухай тусгагдаагүй. Мөн 89 дүгээр зүйлд зааснаар хуулиар хүлээн зөвшөөрсөн орлогоос суутгал хийж байгаа тул тухайн тогтоолыг үндэслэн суутгал хийх нь зүйн хэрэг гэжээ. Үгүйсгэл:

А./ Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд шүүхийн шийдвэргүйгээр тэтгэврээс суутгал суутгаж болохгүй гэж заасан учраас дээрх 88 дугаар зүйлд тэтгэврийн тухай давхцуулан оруулаагүй бөгөөд 89 дүгээр зүйлд тэтгэврээс бус цалин хөлс, бусад орлогоос суутгал суутгах тухай заасан байхад тэтгэврээс суутгал суутгачихаад зүйн хэрэг гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

ШШГТХ-ийн 89 дүгээр зүйлийн 89.4-т ...Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж заасан байна.

Харин тэтгэврээс суутгал хийсэн тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн байгаа нь хууль зөрчсөн гэдгийг нь нотолж байна.

7: Шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх эрх, ШШГГ-ын үйл ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх эрх НДБ-гад байхгүй юм. Уг тогтоолыг биелүүлэхгүй бол зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах тухай анхааруулгыг уг тогтоолд дурдсан байсан болно гэжээ. Үгүйсгэл:

А./ НДХ-ийг шүүхийн шийдвэрт дүгнэлт хий, ШШГГ-ын үйл ажиллагааг зогсоо, түдгэлзүүл гэсэн нэхэмжлэл гаргаагүй. Харин зөрчлийн тухай хуулиас айж хууль зөрчин энгийн тэтгэврийн хөгшнийг хохироох эрх НДХ-т байхгүй юм. Тус тогтоолын бусад заалтыг нь ойлгохгүй шийтгэл ногдуулна гэснийг нь ойлгосон нь хачин байна.

8: ШШГГ-аас НДБ-гад суутгалыг түр зогсоох, хүчингүй болгох, өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл ирээгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хариуцагчийг сольж өгнө үү гэжээ. Үгүйсгэл:

А./ Хариуцагч нь хууль зөрчин иргэний тэтгэврээс суутгал суутгасан тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг солихыг зөвшөөрөхгүй.

ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.3-т ...Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байх тул НДХ-ийн хүсэлтийг хангах үндэслэлгүй юм. Эцэст нь дүгнэхэд:

 

НДХ нь: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д .Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

37.1.1-д ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

37.1.6-д ... Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх

Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн дөрөвдүгээр зүйлийн

4.1-д ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, тасаг, ажилтан дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

4.1.10-д ... Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл.Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална гэж тус тус заасаар байтал:

ШШГГ-ын тогтоол нь хуульд нийцэхгүй байхад хянаж үзэхгүйгээр, холбогдох гол хууль болох Тэтгэвэр тэтгэмжийн хуулиа зөрчиж тэтгэврээс нь суутгал суутгах тухай шүүхийн шийдвэр байхгүй байхад суутгал суутгаж Ч.*******ын амьжиргаагийг нь алдагдуулж хохироож байна. Иймээс нэхэмжлэлийнх нь шаардлагыг хангаж өгнө үү ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан хариу тайлбартай танилцсан. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах няцаалтыг хийж байна. Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 195 дугаар тойргоос 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврээс 50 хувиар суутгал хийсэн гэж тайлбар гаргасан байсан.

Гэтэл уг 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шүүхийн шийдвэрт иргэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна. Ч.*******ын сар бүрийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогын 50 хувиас хэтрүүлэхгүйгээр суутгасугай гэсэн тогтоол байгаа.

Цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого гэдэгт татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг орлого хамаардаг. Тэтгэврээс нийгмийн даатгалын шимтгэл авдаггүй учраас тэтгэврээс суутгал хийсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д ... тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол; 29.1.2-т ... тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол суутгал хийхийг зөвшөөрсөн байна.

Гэтэл Ч.******* тэтгэврээс суутгал хийх тухай ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад суутгал хийж байгаа нь буруу гэж үзэж байна. Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс хариуцагчийг солих хүсэлт гаргасан байсан. Манай тал уг хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь тэтгэврээс суутгал хийсэн байгууллага нь Нийгмийн даатгалын хэлтэс бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулахгүйгээр тэтгэврээс суутгал хийх боломжгүй. Тийм учраас л нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийнхээ дагуу Иргэн Ч.*******ын нэхэмжлэлд хариу тайлбарыг хүргүүлж байна.

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулдаг чиг үүрэгтэй байгууллага юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 195-р тойргоос 1997 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 8 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 50%-иар суутгах тогтоол нь ирсэн болно.

2.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж ШШГТХ-ийн 5.1-т заасан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж ШШГТХ-ийн 12.1-т заасан тул иргэн Ч. *******ын гаргасан нэхэмжлэхэд тогтоолоор суутгал хийсэн нь хууль зөрчсөн гэж дурдсан нь эрх зүйн үндэслэлгүй юм.

3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрийг үндэслэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллагын тогтоолоор суутгал хийх нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн заалт юм.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдсан нийтлэг шаардлагад заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн иргэнд мэдэгдэх үүргийн дагуу мэдэгдсэн эсэхийг 195-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тодруулж өгнө үү.

5.Иргэн Ч. ******* нь Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж44.3-т заасны дагуу тухайн иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад биш, харъяалах шийдвэр гүйцэтгэгчид хандах ёстой байсан.

6.88 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогод тэтгэврээс суутгал хийж болохгүй тухай тусгагдаагүй. Мөн 89-р зүйлд зааснаар хуулиар хүлээн зөвшөөрсөн орлогоос суутгал хийж байгаа тул тухайн тогтоолыг үндэслэн суутгал хийх нь зүйн хэрэг юм.

7.Шүүхийн шийдвэрийн үнэн бодит эсэхэд дүгнэлт хийх эрх Нийгмийн даатгалын байгууллагад байхгүй ба ШШГГазрын ажиллагааг дур мэдэн зогсоох, түдгэлзүүлэх эрхгүй юм. Уг тогтоолыг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2 , 15.27 дугаар зүйлд заасан шийтгэл ногдуулах тухай анхааруулгыг уг тогтоолд дурдсан байсан болно.

8.ШШГГазраас Нийгмийн даатгалын байгууллагад суутгалыг түр зогсоох, хүчингүй болгох, өөрчлөлт оруулах тухай амаар болон цаасаар огт мэдэгдэл ирээгүй болно. Тиймээс нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу уг нэхэмжлэхийн жинхэнэ хариуцагч нь биш болохыг тогтоож, хариуцагчийг сольж өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол ирсний дагуу манай байгууллага иргэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийх ажиллагааг хийсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2-т тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол гэж заасан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг үндэслэн суутгал хийсэн нь хуулийн дагуу гэж үзэж байна. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэгт цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж болон бусад бүх орлогыг хэлнэ гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд суутгал хийж болохгүй орлогуудыг зааж өгсөн бөгөөд уг 88 дугаар зүйлд өндөр насны тэтгэврээс суутгал хийж болохгүй гэсэн зүйл байхгүй. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ гэсэн нь тэтгэврээс суутгал хийхийг хуулиар зөвшөөрсөн гэж үзэж болохыг харуулж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэргүйгээр тэтгэврээс суутгал хийж болохгүй болохыг тогтоох, тэтгэврээс суутгал хийх ажиллагааг зогсоох, тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн үндэслэлийг Монгол Улсын Тэтгэвэр Тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ... тэтгэвэр тэтгэмжээс төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тэтгэврээс суутгал хийнэ гэсэн байдаг... Энэ зүйлийг зөрчин Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн тэтгэврээс өөр орлогогүй надаас суутгал хийснийг зөвшөөрөхгүй .... гэж тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 195 дугаар тойргоос 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 50 хувиар суутгал хийх тогтоол ирсний дагуу суутгал хийсэн нь хууль зөрчөөгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оын 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай шийдвэртэй Сэргээн босголтын банкны нэхэмжлэлтэй, Хэц Уул компаниас 14.560.000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 195 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 200516000227/1 дугаартай Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр суутгал хийж, нэхэмжлэгчийн нэхэмжилснээр 784.500 төгрөгийг суутган төлбөр авагчид шилжүүлсэн гэж талууд тайлбартаа мэдүүлсэн ба дээрхи үйл баримтаар маргаагүй, харин хариуцагч талаас тэтгэврээс хийсэн суутгалыг хэдийд, ямар журмаар суутгаж, хаашаа шилжүүлсэн талаархи баримтыг ирүүлээгүй байна.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан Төлбөр гаргуулж болохгүй орлогод өндөр насны тэтгэвэр нь хамаарахгүй, мөн 89 дүгээр зүйлийн 89.1-д Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос... шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн төлбөр суутгаж болно гэснээр суутгал хийсэн гэх тайлбарыг гаргажээ.

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адитгах орлогыг ... цалин хөлс, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлс, сайн дураараа даатгуулахаар өөрөө мэдүүлсэн орлого, аж ахуйн нэгж байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол байр,унааны зардал, түлээ нүүрсний хөнгөлөлт, түүнтэй адитгах бусад орлого... гэж тодорхойлсон байх бөгөөд энэ орлогод Нийгмийн даатгалын хуулийн дагуу иргэнд олгож байгаа даатгуулагчийг өндөр наслахад нь насан туршид нь...нийгмийн баталгааг хангах зорилгоор олгож байгаа мөнгөн хөрөнгө орохгүй байхаар заасан байна.

Тэтгэвэр, Тэтгэмжийн тухай хуулийн Тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийх гэх 29 дүгээр зүйлийн 29.2-т ... тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол гэсэн заалт нь тухайн шүүхийн шийдвэрт аливаа өр төлбөрийг тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэвэр авагчийн тэтгэврээс гаргуулахаар тусгасан заалтыг үндэслэн суутгал хийж болохыг хуульчилсан тусгайлсан зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй байх тул Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 195 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 200516000227/1 дугаартай Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь Ч.*******ын тэтгэврээс суутгал хийсэн нь дээрхи хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд Ч.*******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Тэтгэврээс шүүхийн шийдвэргүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоож өгнө үү, тэтгэвэрээс суутгал хийх ажиллагааг зогсоож өгнө үү, 2020 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн тэтгэврээс суутгасан 784.500 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 784.500 төгрөг гаргуулах, тэтгэврээс шүүхийн шийдвэрт тусгахгүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоох гэсэн шаардлагуудыг хангаж, тэтгэврээс суутгал хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тэтгэвэр олгож байгаа байгууллага шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас Олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дугаар зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 784.500 төгрөг гаргуулан Ч.*******д олгож, тэтгэврээс шүүхийн шийдвэрт тусгахгүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоож, Ч.*******ын тэтгэврээс суутгал хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ч.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1642 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд

хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ