Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2020/00065

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2020/00065

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00483/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Р.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ч.*******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах, тэтгэврээс шүүхийн шийдвэргүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоолгох, тэтгэврээс суутгал хийх ажиллагааг зогсоолгох тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Монгол Улсын Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ... "шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тэтгэврээс суутгал хийнэ. 29 дүгээр зүйлийн 29.4-т ... энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж заасан заалтуудыг зөрчиж шүүхийн шийдвэр биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн тэтгэврээс өөр орлогогүй миний тэтгэврээс 50 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн суутгаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын тогтоол нь Шүүхийн шийдвэрээс огт өөр ойлголт юм. ...Тус шүүхийн шийдвэр нь татан буугдаж байсан банкны ажилтнуудын луйврын ажиллагаа байсан тул би огт мэдээгүй байхад намайг оролцуулаагүй гаргасан шүүхийн шийдвэр юм. Иймээс би шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байгаа болно.Тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах, тэтгэврээс шүүхийн шийдвэргүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоолгох, тэтгэврээс суутгал хийх ажиллагааг зогсоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 195 дугаар тойргоос 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврээс 50 хувиар суутгал хийсэн гэж тайлбар гаргасан байсан. Гэтэл уг 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шүүхийн шийдвэрт иргэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна. Ч.*******ын сар бүрийн үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогын 50 хувиас хэтрүүлэхгүйгээр суутгасугай гэсэн тогтоол байгаа. ...Гэтэл Ч.******* тэтгэврээс суутгал хийх тухай ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад суутгал хийж байгаа нь буруу гэж үзэж байна. Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс хариуцагчийг солих хүсэлт гаргасан байсан. Манай тал уг хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь тэтгэврээс суутгал хийсэн байгууллага нь Нийгмийн даатгалын хэлтэс бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулахгүйгээр тэтгэврээс суутгал хийх боломжгүй. Тийм учраас л нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол ирсний дагуу манай байгууллага иргэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийх ажиллагааг хийсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2-т тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол гэж заасан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг үндэслэн суутгал хийсэн нь хуулийн дагуу гэж үзэж байна. ...Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай шийдвэрээр:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас Олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дугаар зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 784.500 төгрөг гаргуулан Ч.*******д олгож, тэтгэврээс шүүхийн шийдвэрт тусгахгүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоож, Ч.*******ын тэтгэврээс суутгал хийхгүй байхыг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ч.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1642 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 514 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын хэлтсээс 784500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын байгууллага нь дур мэдэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийгээгүй.

2.Шүүхийн шийдвэрт тусгахгүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоож гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ч.******* нь 1997 онд тэтгэвэр авагч байгаагүй ба 2018 оны 07 сарын 18-нд тэтгэвэр тогтоолгосон учир 1997 оны шүүхийн шийдвэрт тэтгэврээс суутгал хийхийг тусгах боломжгүй юм.

3.Харин тэтгэврээс суутгал хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тогтоох хэсэг зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үйлчлэх хууль биш бөгөөд энэхүү хуулийг Монгол улсын нутаг дэвсгэр дэх бүх иргэн, төрийн байгууллагууд дагах учиртай юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 11-т Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж заасан байхад шүүх хүлээн авч, шийдвэр гаргасан байгаа нь хууль зөрчсөн зүйл юм.

...Нийгмийн даатгалын хэлтэс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тогтоолын биелэлтийг хангуулах үүднээс суутгал хийсэн ба энэ нь даатгалын байгууллага бие даан шийдвэр гаргаагүй гэсэн үг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр тухайн иргэний тэтгэврээс суутгал хийгдсэн тул зөвхөн нэг талын хуулийг үндэслэн шийдвэр гаргах нь өрөөсгөл гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь уг иргэний тэтгэврээс суутгал хийж 2020 оны 05 дугаар сарын 05, 06 дугаар сарын 11, 07 дугаар сарын 03-нд тус бүр 261379 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төрийн банкны 100900198707 тоот дансанд шилжүүлсэн. Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 514 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдол бүхий үнэн бодит дүгнэж шийдвэр гаргаж чадаагүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийгмийн даатгалын байгууллага дур мэдэн Ч.*******ын тэтгэврээс суутгал хийгээгүй гэж байна. Тэгвэл Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 195 дугаар тойргоос өгсөн үйлдлийн дагуу иргэн Ч.*******ын тэтгэврээс суутгал суутгасан гэх боловч энэ нь өндөр насны тэтгэвэрт байдаг 62 настай хүнд маш харгисаар нөлөөлсөн байгаа.

...Шүүхийн шийдвэр тэтгэврээс нь ав гэсэн шийдвэр гарахаас бусад тохиолдолд суутгал хийхийг хориглосон заалт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4-д цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргавал суутгал хийхтэй холбоотой гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж заасан байгаа. Тэгвэл тэтгэврээс суутгал хийсэн тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байгаа нь тухайн шүүгч цалин хөлс бусад орлого биш юм гэж үзсэн учир хэргийг үүсгэж шийдвэрлэсэн юм. Эцэст нь шүүхийн шийдвэргүйгээр тэтгэврээс суутгал хийж болно гэсэн хуулийн заалтыг үгүйсгэсэн ямар ч хууль байхгүй юм билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж, үнэн зөв гарсан гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэдэг нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нь тэтгэвэр тэтгэмжийн хуулийг дагаж мөрдөх ёстой байсан. Шийдвэр гүйцэтгэлийн албанд таны тогтоолоор бид суутгал хийх боломжгүй байна гэж буцаасан бол Ч.*******ын эрх зөрчигдөхгүй байх байсан юм. Дараагийн гол зүйл бол анхан шатны шүүхийн шийдвэрийг олон дахин уншихад ямар нэг алдаа гараагүй байна. Жишээлбэл хариуцагч талаас тэтгэврийн суутгалыг хэдийд ямар журмаар суутгаж, хаашаа шилжүүлсэн тухай баримт байхгүй. Ийм тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээс өөр аргагүй юм. Тэгэхээр энэ байдлуудыг анхаарч үзэж өгнө үү гэж хүсье. Бид хуулийг дээдэлж хуулийг тайлбарлахгүйгээр хэрэгжүүлэх хүмүүс юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хэвээр баталж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах, тэтгэврээс шүүхийн шийдвэргүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоолгох, тэтгэврээс суутгал хийх ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 200516000227/1 тоот цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 тоот шийдвэрийг биелүүлэх зорилгоор Ч.*******ын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувиар суутгал хийхийг даалган, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлж, түүний дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг биелүүлжээ.

Энэ байдлыг нэхэмжлэгч Ч.******* үл зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ..тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах, тэтгэврээс шүүхийн шийдвэргүйгээр суутгал хийж болохгүй болохыг тогтоолгох, тэтгэврээс суутгал хийх ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах үедээ иргэн Г.*******д 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Итгэмжлэл олгожээ.

Уг итгэмжлэлийн агуулгаар нэхэмжлэгч Ч.******* итгэмжлүүлэн төлөөлүүлэх буюу ...нэхэмжлэгч миний бүх эрх, үүргийг хэрэгжүүлж, шүүх хуралдаанд оролцох.... гэх мэт эрх үүргийг шилжүүлэн өгсөн ба дээрх итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад Г.******* нь Ч.*******ыг төлөөлөн гарын үсэг зурж нэхэмжлэл гаргаж өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн байна.

Мөн нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн 3 шаардлага гаргаж, тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан байхад шүүх зөвхөн мөнгө төлүүлэхээр шаардсан шаардлагыг нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, нөгөө 2 нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн эсэх асуудлыг огт шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан байх ба шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад нэхэмжлэлийг хүлэн авахаас татгалзах байтал энэ байдлыг хянаж үзэлгүйгээр иргэний хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д ...Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно гэж, 89.2-д ...Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ гэж тус тус заасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст суутгал хийх тухай тогтоолыг хүргүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын суутгал хийх тогтоолыг хэрэгжүүлж ажилласан гүйцэтгэх ажиллагааны оролцогч байх ба тус хэргийн хариуцагч биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй бөгөөд шүүхээс хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүйгээс Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэн Ч.******* нь хууль ёсны эрх ашиг сонирхлоо шүүхэд хандаж хамгаалуулах эрхтэй боловч Иргэний шүүхэд хандах эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой журам дарааллыг баримталдаг.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д ...энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсний эцэст гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ч.*******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1642 тоот захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.378 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ