Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/01721

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/01721

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б /РД:0000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 244 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Бадамсүрэнтэй танилцан тохиролцож 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч Бнь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн хүүнд 1 800 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд үндсэн зээлд 4 000 000 төгрөг, зээлийн хүүнд 600 000 төгрөг, мөн зээлийн гэрээнд заагдсан алданги болох 644 000 төгрөг, нийт 5 244 000 төгрөгийг хариуцагч М.Бадамсүрэнгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүрэгт 5 244 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 244 000 төгрөгийг татгалзаж үлдэх 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бби 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Гээс 4 000 000 төгрөг зээлсэн. Гэрээнд заасны дагуу өдрийн 1 хувийн хүүтэй 10 хоног тутам хүү төлж байсан. Гэтэл төрсөн эгч минь хүнд хагалгаанд орж мөнгөө үргэлжлүүлж төлөх боломжгүй болсон. 1 хувийн хүүг 10 хоногийн хугацаанд хувааж төлөх нь хэцүү хүнд байсан тул төлөлтийг зогсоосон. Иймд би 1 хувийн хүү, хугацааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүү, хугацааг уртасгаж, хүүг багасгаж өгвөл төлнө гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч  Г нь хариуцагч Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 244 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г зээлийн гэрээний үүрэгт  5 244 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа хүү, алданги болох  1 244 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, үндсэн төлбөр болох 4 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

                      

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Зохигч 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл өдрийн 1 хувийн хүүтэйгээр өгөхөөр харилцан тохиролцож талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулсан байна.

          Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулсан нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарах, зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

           Хариуцагч Бнь 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Гээс зээлсэн үйл баримтанд маргаагүй, зээлийн хүү өндөр, төлөх хугацааг уртасгах тухайгаа хариу тайлбараараа тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлсэн 4 00 000 төгрөгийг хүү, алдангигүйгээр нэхэмжилжээ.

         Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Бадамсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.         

             Шүүх 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан ба хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан  хариуцагч М.Бадамсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гэд олгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бадамсүрэнгээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.О