Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02217

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02217

 

 

Э.Гүнчин-Ишийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01721 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Гүнчин-Ишийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Бадамсүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 244 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Гүнчин-Иш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Гүнчин-Иш миний бие 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Бадамсүрэнтэй танилцан тохиролцож 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч М.Бадамсүрэн нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн хүүнд 1 800 000 төгрөгийг төлсөн.

Иймд үндсэн зээлд 4 000 000 төгрөг, зээлийн хүүнд 600 000 төгрөг, мөн зээлийн гэрээнд заагдсан алданги болох 644 000 төгрөг, нийт 5 244 000 төгрөгийг хариуцагч М.Бадамсүрэнгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 244 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 244 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Бадамсүрэн би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Э.Гүнчин-Ишээс 4 000 000 төгрөг зээлсэн. Гэрээнд заасны дагуу өдрийн 1 хувийн хүүтэй 10 хоног тутам хүү төлж байсан. Гэтэл төрсөн эгч минь хүнд хагалгаанд орж мөнгөө үргэлжлүүлж төлөх боломжгүй болсон. 1 хувийн хүүг 10 хоногийн хугацаанд хувааж төлөх нь хэцүү хүнд байсан тул төлөлтийг зогсоосон. Иймд би 1 хувийн хүү, хугацааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүг багасгаж, хугацааг уртасгаж өгвөл төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч М.Бадамсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гүнчин-Ишэд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бадамсүрэнгээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гүнчин-Ишэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Э.Гүнчин-Ишээс 4 000 000 төгрөгрийг 1 хувийн хүүтэй зээлж 10 хоног тутамд 400 000 төгрөг төлж байсан. Анхан шатны шүүх надаас 4 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл би нэхэмжлэгчид 1 800 000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч гэрт, ажил дээр ирж мөнгөө нэхэж дарамтлах болсноор цаашид ажиллах боломжгүй болж, дэлгүүрээ хааж, орлогогүй болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Гүнчин-Иш нь хариуцагч М.Бадамсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 244 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 4 000 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 өдрийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, бичгээр үйлдсэн зээлийн гэрээ байгуулагджээ. Уг зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар М.Бадамсүрэн маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх анхан шатны шүүх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Зээлдэгч М.Бадамсүрэнгийн төлсөн 1 800 000 төгрөгийг зээлийн хүүд авсан гэх нэхэмжлэгч Э.Гүнчин-Иш тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна. Харин зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон учраас зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 000 000 төгрөг болгон багасгасан байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч М.Бадамсүрэнгээс 4 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гүнчин-Ишэд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Талуудын хоорондын гэрээнд заасны дагуу тооцвол үндсэн зээл 4 000 000 төгрөг, 2 сарын хүү 2 440 000 төгрөг байна. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн хүүд 1 800 000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасч тооцох талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад тайлбар гаргаагүй болно. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА