Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/01720

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 19 өдөр

   Дугаар 183/ШШ2018/01720

                 Улаанбаатар хот

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ........ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:**************/РД:,,,,,,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт  хийлгэхийг  даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Төгс-Амьдрал нар оролцов.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... миний бие 2012 оноос “........... Агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Компани ажлаас халсан үндэслэлээ албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халах тушаалаа 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Миний бие энэ сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан энэ тухайгаа компанид мэдэгдсэн байсан. Гэтэл ямар ч үндэслэл шалтаг шалтгаангүйгээр ажлаас халаад 1 сар гарангийн дараа тушаал гаргаж өгч байгаад маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар ажлаас халагдаад 4 дүгээр сар бүтэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарч 2 сар гаран ажилгүй байна. Миний цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмаар цалингийн дундажаа тооцоод 3,4,5,6, сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалин нэхэмжилж байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалингийн олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МИАТ хувьцаат компанийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст ажиллаж байсан ..........ын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тоот тушаалаар ..........ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. “МИАТ” ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төв/ авран хамгаалах сургалтанд хамрагдах сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. “МИАТ” ХК-ийн нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарын 2018 оны /сертификат авах/ давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төвд зохион байгуулахаар хуваарь гарган төлөвлөж, “Корейн Эйр” компаниас урилга авсан байсан. Тус сургалтанд хамрагдахаар  .......... нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэсдээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Нэгэнт 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. иймд Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.2 дэх заалт, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9, 8 дүгээр зүйлийн 8.11 дэх заалтыг үндэслэн  хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул ..........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч .......... нь хариуцагч .................д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт  хийлгэхийг  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч .......... нь албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан, миний бие сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй бөгөөд  сургалтанд суугаагүйн улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан компанийн дүрэм журам байхгүй, ноцтой  зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

 

             Хариуцагч...............нь бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. Тус сургалтанд хамрагдахаар  .......... нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэсдээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу албаны визээр зорчсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болж ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.

 

            Шүүх нэхэмжлэгч ..........ыг агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

   

           Нэхэмжлэгч .......... нь  “........... агаарын хөлгийн үйлчлэгчээр 2012 онд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн 043/125 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, нийгмийн даатгалын №А0745742 тоот дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Зохигч нь  2012 оноос хойшхи байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн 043/125 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн хувьд маргаагүй болно.

     

             .................ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Б/357 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дахь хэсэг, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг тус тус үндэслэн агаарын хөлгийн үйлчлэгч ..........ыг 2018 оны 3 дугаар ссарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас  чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн  тайлбар, ................ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Б/357 тоот тушаалаар тушаалаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд ажлаас халсан тухай 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Б/357 тоот тушаалыг  хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

         

           Хариуцагч...............нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримтлан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлана.

           

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах” сахилгын шийтгэлийг ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд оногдуулахаар заасан байна.

         

          Хариуцагч нь ................ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Б/357 тоот тушаалын үндэслэлд баримталсан  Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дах заалтуудад сахилгын зөрчилд тооцох хэм хэмжээг зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын Тушаах хэсэгт хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн зүйлчлэлийг баримтлалгүй зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ерөнхий зүйлчлэлийг  баримталсан нь хуульд нийцээгүй байна.

          

         Учир нь “ноцтой зөрчил” гэдгийг хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг ойлгоно.

         

          Гэхдээ “ноцтой зөрчил” нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон үйлдэл, эс үйлдэл байхыг  шаарддаг.

      

         Хариуцагч нь...............нь визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгч ..........ын хөдөлмөрийн гэрээг цуцалж буй боловч уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох нь тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ..........ыг агаарын хөлгийн үйлчлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах  нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

       

       Нэхэмжлэгч .......... нь 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ ажил олгогчид өгсөн өргөдөл, өргөдөл өгсөн гэх үйл баримт, өргөдөл өгснөөс хойш ажлаа хийгээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй, мөн нэхэмжлэгч 2018.03.19-ны өдрөөс 2018.05.04-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан талаарх баримт, ажлын цагийн бүртгэл зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

        Харин  нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын №А0745742 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 809 672 төгрөг /3 033 550 + 2 162 003 + 233 464=5 429 017 : 3=1 809 672 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 55 хоног /5 сар ажлын 23 хоног, 6 сар ажлын 20 хоног, 7 сар ажлын 12 хоног, нийт 55 хоног/ ажлын 55 хоногийн цалин нийт  4 524 190 төгрөгийг /1 809 672 : 22 хоног=82 258 төгрөг, 55 хоног х 82 258 төгрөг= 4 524 190 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

          

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

       

            Иймд “........... ..........ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч  Заанхүү овогт ..............ыг .................ийн агаарын хөлгийн  үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

     

 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар .................иас ..........д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  4 524 190  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ..........д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч ..........ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “........... даалгасугай.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч .................иас улсын тэмдэгтийн хураамжид 157 537 /70200+87 337/  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166 000 төгрөгнөөс 157 537 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 8 463 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  ........