Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00264

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01720 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2078 дугаар магадлалтай,

Г.Аын нэхэмжлэлтэй

МИАТ ХК-д  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос МИАТ ХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халсан тушаал үйлдсэн. Уг сургалтанд хамрагдах хугацаанд миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үүнийгээ компанид мэдэгдсэн. Одоогийн байдлаар ажлаас халагдаад 4 дүгээр сар бүтэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарч 2 сар гаруй ажилгүй байна. Миний цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмын дагуу цалингийн дунджаар тооцоход 3, 4, 5, 6 сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалин нэхэмжилж байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МИАТ хувьцаат компанийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст ажиллаж байсан Г.А нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тушаалаар Г.Аыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. МИАТ ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төв/-д авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг. Энэхүү сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрхтэй болдог бөгөөд МИАТ ХК-ийн агаарын хөлгийн нийт үйлчлэгч нарын 2018 оны сертификат авах давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-ын Корейн Эйр компанийн сургалтын төвд зохион байгуулах хуваарь гарган, төлөвлөж тус компаниас урилга авсан байсан. Сургалтанд хамрагдах Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан боловч уг сургалтанд хамрагдалгүй, хэлтэст мэдэгдэлгүй, хувийн журмаар БНСУ-ын Бусан хотод зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Нэгэнт 2018 оны хуваарьт сургалтанд хамрагдаагүй учир ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.2 дэх заалт, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9, 8 дүгээр зүйлийн 8.11 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан нь хуулинд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01720 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Аыг МИАТ ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар МИАТ ХК-иас Г.Ад урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 524 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МИАТ ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МИАТ ХК-иас 157 537 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 166 000 төгрөгөөс 157 537 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 8 463 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2078 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 168 647 төгрөг, хариуцагчийн 157 537 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна, харин ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь нэхэмжлэгчийг нисэх бүрэлдэхүүний авран хамгаалах давтан сургалтанд хамрагдаагүй, нэгдсэн журмаар авсан визийг хувийн шугамаар БНСУ-ын Бусан хотод зорчихдоо ашигласан гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан боловч хариуцагч энэ үндэслэлээ нотлоогүй байх тул анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэрийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн, зөвхөн цалин хөлсний нөхөн олговорыг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасан, шийдвэрт өөрчлөлт оруулахаар давалтын гомдол гаргасан байсан. Гэтэл давах шатны шүүх анхан шатыг нотлогдвол зохих үйл баримтыг тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Магадлалд дурдсан ажлаас халсан зөрчил болох үйл баримтыг тогтоох шаардлагын тухайд: 1. Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч 2018.02.07-ноос 2018.03.15-ны хооронд сургалтанд суугаагүй зөрчил гаргасан бол ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно буюу 2018.05.04-нд шийтгэл оногдуулж байгаа үндэслэлгүй. 2. Мөн хариуцагчийн хэлээд байгаа сургалтанд суугаагүй гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил биш, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4-т заасан ноцтой зөрчилд ийм төрлийн зөрчил тусгагдаагүй байна. 3. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан 2018.05.04-ний өдрийн Б/357 дугаартай тушаалын эрх зүйн үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн 38.1.2 буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийг цуцлахаас 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй, эрх зүйн үндэслэлгүй ямар хэлбэрээр хувирган тайлбарлах боломжтой байдлаар тушаал гаргасан. 4. Эцэст нь магадлалд дурдаад байгаа хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтаа өөрөө нотлох цуглуулах үүрэгтэй. Хариуцагч үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан учраас халагдсан гэх үндэслэлээ өөрөө нотолж чадаагүй, сургалтын хуваарь бусад баримтыг өөрийн компанийн тодорхойлсон худал үнэн нь мэдэгдэхгүй баримт гаргаж өгсөн нь хөдөлмөрийг гэрээг цуцлах хангалтай үндэслэл болж чадаагүй. Энэ үйл баримтанд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олговорт 14 130 262 төгрөгийг нэхэмжилснээс 4 524 190 төгрөгийг хангаж үндэслэлгүйгээр 9 606 072 төгрөгийг хасч шийдвэрлэсэн байсан. Ингэж цалин хөлсийг тооцоолохдоо дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон, мөн 3 сараас ажлаас халагдсан байхад 5 сараас эхлэн цалин хөлсний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. Харамсалтай нь давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлбэл зохих үүргийг биелүүл, дахин нотлох баримтыг бүрдүүл гэж нэг талыг эрх ашгийг барьж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлд орохгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан мөн хуулийн 38.6-д заасан хэргийн оролцогч өөрөө олж ирэх боломгүй нотлох баримтын хувьд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Гэтэл хариуцагч талын нотолгооны баримтууд бүгд өөрөөс нь буюу МИАТ-аас гарч байгаа, өөр газраас нотлох баримт бүрдүүлэх баримтгүй, ийм хүсэлт ч гаргаагүй байхад шүүх нотлох баримтыг цуглуулаагүй үндэслэлээр хэргийг буцааж байгаа хэт нэг талын эрх ашгийг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр болж байна. Энэхүү гомдолд дахин дахин дурдахад хариуцагчийн дурдаад байгаа зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, сургалтанд суух үед өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан, энэ зөрчил гээд байгаа сургалтанд хамрагдаагүй байдал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш, сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх хэргийн оролцогчийн эрх ашгийг хөндөж, цаг хугацаа, санхүүгээр хүндрэл учруулж байгаад маш их гомдолтой байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн цалин хөлсний олговор гаргуулах хэсэгт зөв тооцоолол хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д нийцсэн байна. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч МИАТ ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх  нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны зүйл болох ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 дугаар тушаалын үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зохигчдыг бүрэн мэтгэлцүүлж чадаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг хүлээн авсан боловч зөвтгөх арга хэмжээг аваагүй зэрэг зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна. Анхан шатны шүүх хийвэл зохих эрх зүйн ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглэх үндэслэл, хэрэглэх ёстой хэм хэмжээний талаар дүгнэлт хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2078 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА