Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00201

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00201

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух Ембүү овогт Халзаагийн Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух Хонайгийн Камелд холбогдох гэм хорын хохирол 13.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Хосбаяр, нэхэмжлэгч Х.Бат-Амгалан, хариуцагч Х.Камел,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Бат-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 сарын 11-ны өдөр Х.Камел нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ миний эзэмшлийн 78-95 ХОА улсын дугаартай Lexus 200 маркийн машиныг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн 80%-ийг гэмтээсэн. Камелийн энэ хэргийн улмаас тухайн үед иргэд болон зорчигчид гэмтэл учраагүй болохоор зөрчлийн хэрэг гэж шийдвэрлэн 450.000 төгрөгөөр торгож нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулж хэргийг хааж шийдвэрлэсэн.

Камел нь Ховд аймгийн Булган сумын үнэлгээний комисс 23 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч 10.000.000 төгрөг төлж өгөөд санал гомдолгүй гээд хэлээд өгөөрэй би хохиролыг төлж барагдуулна гэж хэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаанд мөнгөө өгч хохиролгүй болгохгүй утсаа авахгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрч болно гэхэд эвлэрэхгүй өнөөдрийг хүрлээ. Би сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө давхар хохирч байна. Одоо машины үнэ өртөг өссөн.Одоо би машинаа ачиж хот оруулж засварт өгөх гэхэд тээврийн зардал нэмэгдсэн хэцүү байна.Машины асаалтын систем болон урд тэнхлэг нь гэмтээд засах боломжгүй болчихсон акумлятор тавиад ч асахгүй байгаа.Вендо ХХК-ны үнэлгээ үнэн зөв гарсан гэж бодож байна. Машин өөрөө Япон улсад оношлогоонд орсон гаалиар орж ирсэн машин гэдгийг нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа.

Цагдаа төрийн байгууллагад ажилладаг гэдгээрээ ийм байх ёстой юу.Иймд миний хохиролыг барагдуулж 13.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч: Х.Камель шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй танилцсан. Өнгөрсөн жилийн 9 сард анх Вендо ХХК ирж үнэлгээ гаргасан.Тухайн үед оношлогооны шинжээч дуудаж ирээд дүгнэлт гаргуулсан. Анх би уучлалт гуйсан. Нэхэмжлэгчийн дансанд 10.000.000 төгрөг орсон байгаа. Машины эвдрэлийг төлнө гэсэн хуулийн заалт байдаг машины үнийг төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Анх бид хоёр 10.000.000 төгрөг өгөөд уг машиныг зараад мөнгийг нь өгөх үлдэгдэлийг төлөх гэдэг байдлаар тохиролцсон. Машинаас хүүхэд нь ирээд эд ангиас нь тайлж аваад явна гэснээс болж бид хоёр маргаж эхлээд өнөөдрийг хүрч байна.

Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шанаа, керлан гээд нэг эд ангийг 2 болгож бичсэн байх жишээтэй.

Одоо би 10.000.000 төгрөгний хүү 1.060.000 төгрөг, тагны үнэ 45.000 төгрөг, зүүн гэрэл 800.000 төгрөг гэж бичсэн байна эдгээрийг хасаж тооцоод хохиролыг төлнө.Би Вендо ХХК-ны дүгнэлттэй танилцсан гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: хариуцагч Х.Камелээс тухайн нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бат-Амгалан нь хариуцагч Х.Камелээс өөрийн эзэмшлийн 78-95 ХОА улсын дугаартай Lexus HS 250 h маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч Х.Камел 2020 оны 05 сарын 11-ны өдөр Х.Бат-Амгалангийн эзэмшлийн 78-95 ХОА улсын дугаартай Lexus HS 250 h маркийн машиныг мөргөж осол гаргасны улмаас нийт 23.000.000 төгрөгний хохирол нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Х.Камел 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл 13.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Х.Камел нь гэм буруугийн талаар болон осол гаргасан, авто машинд учирсан эвдрэл гэмтлийн талаар маргаагүй, харин хөрөнгийн үнэлгээний үнэлсэн үнэлгээнээс зарим эд ангийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Х.Бат-Амгаланд өгсөн 10.000.000 төгрөгний хүү болох 1.060.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж маргав.

Шүүх хариуцагч Х.Камелийн хүсэлтээр 78-95 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд оношлогоо хийлгэх тухай хүсэлтийг хангаж 2020 оны 11 сарын 19-ны өдрийн №154/ШЗ2020/00985 дугаартай шүүгчийн захирамжаар уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж дүгнэлт гаргахыг шинжээчид даалгасан байна.

Шинжээч 2021 оны 06 сарын 21-ны өдрийн №1735 дугаартай дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн Lexus HS 250 h маркийн 78-95 ХОА улсын дугаартай ANF10-2030043 тоот арлын дугаартай автомашинд урд бамбай, улсын дугаарын суурь, зүүн нэмэлт гэрэл, зүүн их гэрэл, зүүн урд дохионы гэрэл, баруун их гэрлийн бэхэлгээ, урд нүүрийн хаалт,лого, капот, урд дээд, доод хөндөл төмөр, урд бамбайн ард байрлах хөндөл төмөр, хөргөлтийн радиатор, сэнс, сэнсний хүрээ, радиаторын босоо тулгуур, капотын түгжээ, дуут дохио, зүүн урд лонжерон , бэхэлгээ суурь, зүүн доод дагуу гар, хайбрид системийн болон хөдөлгүүрийн хөргөлтийн системийн цахилгаан насос, агаар шүүрийн таг, хайбрид системийн конверторын суурь төмөр, салхины шил, арын бамбай, баруун хойд гэрэл, баруун хойд нэмэлт гэрэл, зүүн хойд гэрлийн бүрхүүл, тээшний хаалга, баруун хойд далбаа, зүүн урд далбаа зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

Дээрхи гэмтлүүд нь ослын үед шууд болон дамжиж үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Хөдөлгүүр болон цахилгаан системийн эд ангиуд бүрэн бүтэн, зориулалтын багажгүй тул ажиллагааг шалгах боломжгүй гэх дүгнэлт гаргасныг нэхэмжлэгч хариуцагч нарт танилцуулахад дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт гаргаагүй нь тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлд маргаагүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс 2021 оны 06 сарын 21-ны өдрийн №1735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тухайн эвдрэл гэмтэл үүссэн эд ангиудад үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №384 дугаартай захирамжаар Вендо ХХК-ийг шинжээчээр томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэж бодит хохиролыг тооцох нь зүйтэй гэж үзсэнээр Вендо ХХК нь дээрх эд ангиудыг засварлахад 2.085.000 төгрөг, эд ангийг солиход 9.780.000 төгрөг, шууд бус зардалд 1.251.600 төгрөг нийтдээ 13.116.600 төгрөгний үнэлгээ гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаа шүүхэд ирүүлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлантай холбогдуулан хариуцагч зүүн хойд гэрэлний үнэ 800.000 төгрөгийг төлөхгүй энэ нь эвдрэл гэмтэлгүй байсан гэж маргаж байгаа нь оношлогоо тогтоох шинжээчийн дүгнэлтэд санал гомдол гаргаагүй өөрийн биеэр үзэж оношлогоог хийлгэсэн учир маргах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй шаардлага болох 10.000.000 төгрөгний хүү 1.060.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгч Х.Бат-Амгалангийн 78-95 ХОА улсын дугаартай Lexus HS 250 h маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол нь 2021 оны 06 сарын 21-ны өдрийн №1735 дугаартай шинжээчийн дүгнэлт болон үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас гэм хорын хохиролд 13.116.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагчаас Х.Камелээс гэм хорын хохиролд 13.116.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 223530 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Камелээс 13.116.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бат-Амгаланд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Камелээс 223530 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж нэхэмжлэгч Х.Бат-Амгалан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ